Шинэ коронавирусийн голомт болсон БНХАУ-тай манай улс 13 боомтоор хиллэдэг. Өдгөө дэлхийн 27 улсад коронавирусын 42 мянган тохиолдол бүртгэгдэж, 1017 хүн нас бараад байгаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд занал учруулах асуудал мөнөөсөө мөн болж байна. Хамгийн сүүлд Замын-Үүдтэй хил залгаа Эрээнд нэг, Гашуунсухайт боомттой хиллэдэг БНХАУ-ын Халиут хотод буюу Гашуунсухайтаас 120 километрийн зайтай нутаг дэвсгэрт коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдсэн нь үүний баталгаа.
Энэ ч үүднээс салбарын сайд Д.Сарангэрэл цагаан сарыг тэмдэглэхгүй байх санал гаргаж үүнийг нь Улсын онцгой комисс дэмжсэн. Учир нь Хятад улсад Цагаан сарын баярын үеэр хөл хөдөлгөөнийг хорьж чадаагүйгээс шинэ коронавирусын тархалт маш хурдацтай явагдсан гэж үзэж байгаа. Улсын онцгой комисс шийдвэр эцсийнх биш бөгөөд ҮАБЗ-ийн хуралд танилцуулж, Ерөнхийлөгчид хүргэхээ мэдэгдсэн.
Одоо ҮАБЗ-өөс зөвлөмж гаргах эсхүл Ерөнхийлөгч зарлиг гаргах хоёр сонголт үлдэж байна.
Эхний сонголтын хувьд ҮАБЗ-ийн шийдвэр нь “зөвлөмж” хэлбэрээр гардаг. Өөрөөр хэлбэл, ҮАБЗ-өөс Цагаан сарыг хориглох тухай зөвлөмж гаргалаа ч шууд биелүүлэх албагүй гэсэн үг. Энэ тохиолдолд муугийн ёс биш Монголын ёс гээд золголт хийх монгол айл өч төчнөөн байх болов уу. Нөгөө талаараа баяр тэмдэглэх, ах дүүтэйгээ уулзаж золгох нь хүний эрх. Хүний эрхийг хуулийн дагуу хязгаарлаж болохоос биш зөвлөмж мэтхэнээр аргалаад, уламжлалт баяр ёслолыг зогсоох нь юу л бол. Ерөөсөө бид Улсын онцгой комиссын шийдвэр, ҮАБЗ-ийн зөвлөмж эсхүл иргэдийн ухамсарт найдаад өнгөрвөл цагаан сар болдгоороо л болно.
Харин хоёр дахь сонголт буюу Ерөнхийлөгч зарлиг гаргаж, түр хугацаанд ОНЦ БАЙДАЛ зарлавал Цагаан сарыг хуулийн дагуу хориглох боломжтой. Үндсэн хуулийн 25.2-т зааснаар хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц аюул тохиолдсон үед ОНЦ БАЙДАЛ зарлаж болно хэмээн заасан байдаг. Онц байдлыг Ерөнхийлөгчийн зарлигаар зарлаж болох бөгөөд Улсын Их Хурал уул зарлигийг гарсан өдрөөс хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгодог.