Д.Нямхүү: Ухань хотоос ирсэн оюутнуудыг маргааш эмнэлгээс гаргана

2020 оны 2 сарын 142020-02-14
Д.Нямхүү: Ухань хотоос ирсэн оюутнуудыг маргааш эмнэлгээс гаргана

 

Эрүүл мэндийн яамнаас дэлхийн зарим улс оронд тархаад буй шинэ коронавирусийн талаарх нөхцөл байдал болон манай улсад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх ээлжит мэдээллийг хийлээ.


Хурлын эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнгөрсөн 24 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тоо 3,977, нас баралт 120, эдгэрэлт 1,194 тохиолдлоор тус тус нэмэгдсэн" гэдгийг тодрууллаа.

Монгол Улсын Засгийн газраас шинэ коронавирусийн халдварт өвчинтэй холбоотойгоор “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” /хэсэгчлэн/ шилжүүлсэн. Тэгвэл эл байдалд холбогдох албаныхан хэрхэн ажиллаж буй талаарх мэдээллийг хүргэж байна.

Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Мягмардорж "Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар 63 дугаар тогтоолыг баталж, БНХАУ-тай хиллэж байгаа автозам, агаарын зам, төмөр замын боомтын зорчигч тээврийг 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зогсоосон" гэлээ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу БНХАУ-д байгаа Монгол Улсын иргэдийг авчрах асуудлыг ГХЯ-нд хариуцуулсан. Тиймээс ЭСЯ, Консулын газруудаар дамжуулан иргэдээ дахин бүртгэлжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 400 орчим монгол иргэн БНХАУ-д байгаа. Гэхдээ энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд, эдгээр иргэд маань өөрөө эх орондоо ирэх хүсэлт гаргавал ЭСЯ, Консулын газруудаар дамжуулаад зохион байгуулалттайгаар авчирна. Үүнтэй холбоотой нарийвчилсан зохион байгуулалтуудыг яг одоо хийж байна.
Мөн өнөөдрийн байдлаар Эрээн болон Хөх хот орчимд эх орондоо буцахаар төлөвлөж байсан, галт тэрэгний тасалбар захиалсан 50 орчим иргэний асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэхээр ажиллаж байна.
Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу БНХАУ-аас ирэх монгол иргэдийг хилээр нэвтэрсэн даруйд 14 хоног тусгаарлах арга хэмжээ авна" гэв.

ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлогын зохицуулалтын газрын дарга Т.Гантогтох "Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газраас гарсан тогтоол, шийдвэрийн дагуу ХХААХҮЯ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Хил хааснаар бараа бүтээгдэхүүний импортыг хориглоогүй.
Харин урд хөршид гарсан шувууны ханиадны улмаас өндөг, шувууны мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлтэд түр хязгаарлалт хийгээд байна.
Гол нэрийн бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа тул хомсдол үүсэхгүй. Тиймээс иргэд хүнсээ бөөнөөр нь худалдан авч нөөцлөх шаардлагагүй.
Харин иргэддээ хандан хэлэхэд, та бүхэн өдөр тутамдаа шинэ, шимтэй хүнс, тэр дундаа адууны мах, аарц хэрэглэж дархлаагаа дэмжихийг зөвлөж байна" хэмээв.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Дорнод аймагт тусгаарлагдаад байсан хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Мөн Бээжингээс Улаанбаатарын чиглэлд ниссэн буюу Хятадад сурч байсан зургаан оюутныг тусгаарлан хянаж байна.

Түүнчлэн коронавирусийн халдварын голомт болсон Ухань хотод суралцаж байсан 31 иргэнийг Засгийн газраас авчран, ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа. Тэд ирээд 15 хонож байгаа бөгөөд хоёр удаа шинжилгээнд хамрагдсан. Ингэхэд шинжилгээний хариунууд нь сөрөг гарсан тул маргааш эмнэлгээс гаргахаар болсон” гэв.

Шинэ коронавирусийн талаар зөвлөгөө, мэдээллийг 24 цагаар өгч буй утсууд:
 Эрүүл мэндийн яам-323002
 Халдварт өвчин судлалын үндэсний төв-100, 80086829
 Зоонозын өвчин судлалын үндэсний төв-70284393
 Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв-18002000

Санал болгох

Хулгана жилд эрүүл мэндийн хувьд хүйтэн, бадгана өвчин гарах магадлалтай

Гандантэгчэнлин хийдийн хувраг зурхайч Д.Цогтбаатараас “Цагаан хулгана” жилийн ерөнхий төлөвийн тухай ярилцлаа.

5 цагийн өмнө
Теле хичээлийн энэ долоо хоногийн хуваарь

Монголын уламжлалт цагаан сар тохиох тул бүх хичээлийг монгол хэл, өв соёл, уламжлал, зан заншил, ахуй амьдралтай холбоотой хичээлүүд орно.

1 өдрийн өмнө
СУУДЛЫН ЗАСАЛ болон ЗҮГ МӨР гаргах

XVII жарны "Хотол төгс" хэмээх "Төмөр хулгана" жилийн шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах талаар мэдээллийг хүргэж байна.

1 өдрийн өмнө