Хамба лам Д.Нацагдорж: Ямар ч халдварт өвчний үед уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ хэрэгтэй

1
2020 оны 2 сарын 202020-02-20
Хамба лам Д.Нацагдорж: Ямар ч халдварт өвчний үед уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ хэрэгтэй

Манба Дацан МУЭСТ-ийн Тэргүүн, Хүний гавъяат эмч, Хамба лам Д.Нацагдоржтой ирж буй жилийн өнгө, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.

-Ирж буй Хулгана жилийн өнгө ямар байна вэ, юуг анхаарч,  хичээж явах вэ?

-17 дугаар жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жил гарч байна. Би олон газрын зурхайчидтай холбоотой ажиллаж, зурхайн номнуудыг харж байхад энэ хулгана жилд халдварт өвчин гарна гээд хэлчихсэн байна. Энэ Коронавирус үүний илрэл болов уу гэж бодож байна. Гэхдээ төмөр хулгана жил муу жил биш. Энэ жил хур бороо, цэцэг, ногоо зарим газраар алаг цоог, зарим газартаа боломжийн байх төлөв гарсан. Энэ хавар шуургатай, сүүл сард хуурайшилт үүсч мэднэ. Зун үер усны аюулаас болгоомжил. Мөн дээдэс түшмэдүүдэд хатуу жил, хямрал тэмцэл ихтэй. Үүнийг их анхаарч, хямрах нөхцлийг үүсгэхгүй байвал сайн. Ингээд жилийн өнгийг мэдээд авчихсан бол хүн бүр дотроо хямрал тэмцэл хийхгүй байхын тухайд бодож санаж явах хэрэгтэй.

Энэ жил “Тэтгэх хэрэгцээтэй” гэсэн өнгө бууж байгаа. Орчин цагаар бол ард түмэн рүүгээ харсан бодлогоо сайн явуулаач ээ гэж байгаа хэрэг. Ингэвэл дараагийн он жилүүдэд сайн сайхан болох талаар зурлага гарчээ. Шийдвэр гаргагчдаас гадна байгууллага удирдаж байгаа хүмүүс ч гэсэн ажилтан руугаа хандсан сайн зүйлсийг эхлүүлэх хэрэгтэй. Энэ жил тариа будааны ургацад анхаарай гэсэн байна. Мөн лус савдгийг хилэгнүүлэхгүй байх, лам хуврагууд ном сайн уншиж, лус савдагт балин тахил өргөж, засал хийх нь чухал.

Эрүүл мэндийн талаас үзвэл зүрх судас, даралт, толгой, бөөр, эмэгтэйчүүдийн талын өвчтэй хүмүүс анхаараарай. Түүнчлэн, уушигны өвчлөл, ханиад зэргээс сэргийлж, нэлээн анхаармаар жил байна. Үр хүүхдүүдээ чийрэгжүүлж, эм тангаа уулгаад дээрх төрлийн өвчлөлд өртөхгүй байх хэрэгтэй.

-Зайлшгүй анхаарч засал ном хийлгэх жилтнүүдийн тухайд ямар засал ном хийлгэх талаар зөвлөхгүй юу? 

-Энэ жил 9, 21, 33, 45, 57, 69, 81 настай, луу жилтэй хүмүүст гүймиг таарч байгаа. Гүймигийн заслыг сэтгэл гаргаад сайн хийлгэмээр байна. Би олон хүнтэй уулзаж, зовлон бэрхшээлийг нь сонсож, эмчилж эдгээсэн хүн. Засал номоо хийлгээгүйгээс болж асуудалд орж, зовж, шаналж яваа хүн олон байна. Тухайлбал, хэдэн жилийн өмнө яг 21 настай гүймиг таарсан таван залуу үрэгдсэн. Нэг нь бүр гадаадын хүн байсан. Тавуулаа усанд үйсэн. Тавуулаа заслаа хийлгээгүй байсан. Ийм нарийн юмыг ихэс дээдсүүд гэгээрлийн түвшинд олж мэдээд, нотолчихоод байхад бид худлаа гээд үгүйсгээд, хэнэггүй байдаг. Орчлонгийн жамыг л дагах хэрэгтэй. Тийм учраас засал номоо сайн хийлгээрэй гэж хүсье. Би жил бүр сануулж хэлдэг ч хийлгэдэггүй тохиолдол элбэг байна.

Морь жилтэй хүмүүст долоогийн их гаршиж таарч байгаа. Энэ хүмүүс заслаа сайн хийлгээрэй. Мэнгэ голлож байгаа нь мэнгэний заслаа хийлгэнэ. Жил орж байгаа хүмүүс жилийн засал номууд хийлгэхээс гадна “Говийн лха”-гаа тахиулах ёстой юм билээ. Бид төрөхөөс эхлээд бурхны хутгийг олох хүртэл нь хардаг сахиуснуудаа жил бүр тахиулж чаддаггүй юм гэхэд жил орж байгаа үедээ тахиулчихмаар байна. Төмөр суудал дээр сууж байгаа хүмүүс энэ жил засал номондоо сайн анхаараарай. Төмөр суудал осол аваарь дандаа дууддаг. Өөрөө зүгээр байх ч өрөөл бусад нөлөөлөл ороод ирнэ. Эсвэл унаж гэмтэх, хагалгаанд орох, хэл аманд өртөх зэргээр эрсдэлтэй. Ер нь төмөр суудал заавал нэг хэл ам дууддаг. Тиймээс засал номоо сайн болгоогоорой.

-Залуусын хувьд засал ном хийлгэх тал дээр ихээхэн хойрго, итгэл үнэмшил ч багатай байдаг. Энэ талаар юу гэж боддог вэ?

Үгүйсгээд байх юм. Бүр зарим шашны нөхөд ном уншуулах хэрэггүй гэж ярьж байна. Нэг хэсэг гадны шашинтай нийлсэн хүмүүс Монголын соёлыг устгах гэж их ярьсан. Тэд хүн ардыг “Чи тэр зовлонгоо эдэл” гэж байгаатай адил. Нэгэнт баталгаатай бодитой зүйлсийг үгүйсгэж, иргэдийг мунхруулах хэрэггүй. Засал номоо хийлгэж аливаа барцад, гай зовлонгоос сэргийлэх боломж байхад хийлгэх л ёстой. Тэгээд амар амгалантай урт насалж, өвчин зовлонгүй жаргаж, баяр баяслаар дүүрэн байх болтугай.

-Коронавирусын халдвараас сэргийлэх зорилгоор хөл хорио тогтоогоод байгаа. Олон нийтийн үйл ажиллагааг зогсоож, цагаан сарыг ч мөн хязгаарлах шийдвэр гаргалаа. Сар шинийн өдрүүдэд сүм хийдүүдээр заслаа хийлгэх гэсэн хүмүүс олноороо цуглах эрсдэлтэй гэж үзэж байгаа юм билээ. Ер нь хүмүүс шинийн 15-ны дотор засал номоо хийлгэнэ гээд бужигнадаг. Тэдгээр хүмүүст та хандаж юу хэлэх вэ?

-Хийдүүд хурлаа таслахгүй хурна гэж ойлгож байгаа. Хурал номоо уншдагаараа уншиж, ирсэн хүмүүст нь засал номоо хийж өгөөд явах байх. Заавал хөл хориотой үед засал хийлгэнэ гэж гүйх шаардлагагүй. Дараа ирээд хийлгэх бололцоотой. Хувь хүн амьдрал, эрүүл мэнд, гадна дотны шалтгаант нөхцөлд өртөхгүйн тулд хичээгээд засал номоо хийлгэх нь зөв. Гэхдээ үүнд яарах хэрэггүй. Аажуу уужуухан хийлгэхэд болно. Хувь хүмүүс өөрсдөө одоо үүсч буй нөхцөл байдлыг ойлгож ухамсарлан, олон хүн цугласан олон нийтийн газраар явахгүй байвал зохино.

-Дэлхий нийт Коронавирусийн халдварын талаар ярьж байна. Уламжлалт анагаах ухаанд вирусийн халдварыг хэрхэн судалдаг вэ. Ер нь үүсээд буй нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ?       

-Халдварт өвчний талаар Монголын уламжлалт анагаах ухаан болоод бурхны номонд олон талаар айлдсан. Манла бурханы Доджажаба их, бага Манла номонд айлдсанаар ирээдүйн цөвүүн цагт халдварт өвчин ихсэнэ гэж ихээхэн онцолсон. Долоон Манла бурхан, Бурхан багштай хамтад нь найман оточ Манла хэмээдэг. Эдгээр долоон Манлын анхны Цанлэг бар яндог балжи Жалбу бурхан хүн төрөлхтөнд туслах адис жанлав номоо айлдахдаа хамгийн түрүүнд “халдварт өвчин” гэж эхэлдэг. Энэ нь ирээдүйд хүн төрөлхтөнд ямар асуудал үүсэх вэ гэдгийг бурхад болгоож байсан учир түүнээс хамгаалах талаас нь ном айлджээ. Цагаан шүхэртэд мөн энэ тухай бий. Дарь-Эх, Лонжанма гээд судар номонд ч байгаа. Эдгээрт халдварт өвчин олон төрөлхтнийг газар нутаг, улс үндэстэн ялгахгүй хорлоно, тиймээс хамгаална, аврана хэмээсэн айлдвартай.

Уламжлалт анагаах ухаанд халдварт өвчний шалтгаан, нөхцөл, ангилал, хэрхэн урьдчилан сэргийлэх, өвдвөл яаж оношилж эмчлэх, халдварын тархалт хэдий хугацаагаар үргэлжлэх вэ гэх зэргээр маш нарийн дэлгэрэнгүй бий. Энэ бүхнийг үзээд, судалж байхад цөвүүн цагийн амьтдын буян доройтно гэсэн нь үнэн болох нь харагдаж байна. Хүмүүс буяны төрөл авчихаад буян хийхгүй орчлонгийн өдөр тутмын үйл явдалтай зууралдаад таарч байна. Дээрээс нь бие, хэл, сэтгэлийн муу үйлийг ихээр хийдэг. Энэ нь эргээд бусдад, өөрт ч хорлолтой. Үүнийг бид бодох ёстой. Түүнчлэн, хүмүүсийн мунхагийн сэтгэл арвидаж байна. Энэ нь халдварт өвчнөөр өвдөхийн бас нэг шалтгаан. Мөн байгаль ертөнцийн унаган төрх байдлыг алдагдуулах, лус найман аймгийг хямруулдаг. Хүмүүсийн идэж, ууж байгаа хоол хүнс органик, байгалийн биш болжээ. Энэ нь эргээд хүний бие махбодод халдварт өвчин үүсгэх нөхцөл байдлыг үүсгэж байна. Хэрхэн зөв ёсзүйтэй ажиллаж, амьдрах, байгальтай хэрхэн зөв харьцах, хамгаалах, хоол ундны буруу хэрэглээ, бидний нүгэл хилэнц ихдэн, хэрэглээнээс хэтэрсэн химийн элементүүдтэй хэрхэн харьцах зэргээ бодох учиртай. Яг үнэн чанартаа вирус объектоо олдог гэж боддог. Вирус бас амьтай. Хийморь лундаа дорой, нүгэл хилэнц ихтэй, бие, хэл, сэтгэлийн буруу үйл давамгайлсан объектыг хамгийн түрүүн сонгох магадлалтай.

-Дархлаагаа хэрхэн дэмжих вэ. Ер нь өвөл, хаврын цагт биеээ хэрхэн энхрийлж, эрүүл мэнддээ анхаарах талаар уламжлалт анагаах ухаанд юу гэж заасан байдаг юм бол? 

-Манай Манба Дацан Нэгдсэн эмнэлэг H1N1-ыг гарахад Эрүүл мэндийн сайдын тушаалаар Халдвартын эмнэлэгт очиж ажиллаж байсан. Бид халдвар авсан болон сэхээнд байсан хамгийн хүнд хүмүүсийг авч эдгээж байлаа. Онолын түвшинд уламжлалт анагаах ухааны эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлээд амжилт гаргасан. Тэр үед “Сэрэлт” киноны үйл явдал эсрэгээрээ болж байна хэмээн ярьж байсан. Гэсэн ч хэн ч түүнийг судалж мэдэхийг хүсэхгүй орхигдуулсан. Тэгэхээр Монгол Улсад өрнийн анагаах ухааны тусламж үйлчилгээнээс гадна уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ ямар ч халдварт өвчин гарсан үед байгаа шүү гэдгийг Засгийн газар анхааралдаа авах ёстой. Нөгөө талаас Манба Дацан хийдэд бурхдын айлдсан халдварт өвчнөөс сэргийлэх тарни номыг уншиж, өдөр тутмын хурал номын үеэр рашаан утлагыг хүмүүст түгээдэг.

Уламжлалт анагаах ухаанд “Норов-7”, “Банзи-12”, “Мана-4” зэрэг танг ууж байхад биеийг тэтгэж, элдэв халдварт өвчин, ханиад зэргээс урдьчилан сэргийлж чадна. Дархлаа бол үнэн чанартаа биеийн эрүүл тэнцвэртэй байдал. Гэтэл олон жил янз бүрийн өвчин туссанаар биеийн хэвийн байх ёстой үзүүлэлтүүд өөрчлөгдөж, тэнцвэр алдагддаг. Ингэснээр дархлааны асуудал үүсч байна. Дархлааг сайжруулъя гэвэл биеийг цогцоор нь эрүүл болгохыг зорих хэрэгтэй. Хүүхдүүдэд шим тэжээлтэй хоол хүнсийг нь өгч, цаг, улиралдаа тохируулан хооллож, хувцаслаж, дархлаагаа сайжруулах, урьдчилан сэргийлэх эм, эмчилгээг хэрэглэж байх нь чухал.

Миний хувьд 70 орчим жилийн турш муулж, ард түмний ой ухаанаас уламжлалт анагаах ухааныг салгаж хаяад байсан уг салбарыг сэргээн босгож, дахин хөгжүүлэн дэлгэрүүлж байна. Үүнээс харж байхад ямар нэг ханиад томуу, үрэвсэлт өвчин зэргээс сэргийлж, хүүхдүүдээ эрүүл байлгах олон боломж байна. Гэхдээ манайхан эрүүл мэндийн мэдлэг муу юм. Тухайлбал, хүүхдээ толгой нүцгэн явуулаад байна. Мөн хүүхдүүдийн өмсөж байгаа хувцас эрүүл мэндэд халтай байна. Дээр үеийн торго, даавуу амьсгалдаг байлаа. Одоогийн нийллэг материалтай хувцаснуудыг өмсөхөөр хүүхэд их, бага хэмжээгээр хөлөрдөг. Ингээд жаахан салхи авахад ханиад хүрэх нөхцөл бүрддэг. Нөгөө талаар хүүхдийг аливаа өвчнөөс сэргийлж дээр дурдсан тангуудыг өгч байх хэрэгтэй. Хавар, намарт болон хэрэгцээтэй үед нь өгөхөд болно. Уламжлалт анагаах ухаан ханиаднаас сэргийлж, илааршуулдаг гэсэн ойлголт мэдлэггүй учир олон төрлийн антибиотик өгөөд хүүхдээ сульдаанд оруулж, мөнхийн өвчлөх хүрдэнд эргэлдээд байна. Уламжлалт анагаах ухаанд баталгаатай эм тан, эмнэлгийн тусламж үйлчилгээ нь байж байна шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

М.Ариунсувд

“Уламжлалт анагаах ухаан” сонин 

Санал болгох

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

“Хан талст”  ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримталаагүй,  үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй  зэрэг үндэслэлээр  Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулийг  үүрэг ажлаас нь чөлөөллөө.

1 сарын өмнө
Синдикат ярилцлага–Эрсдэлийг давах хүч

Синдикат ярилцлага – Эксклюсив найм дахь дугаараа бид “Эрсдэлийг давах хүч” гэж нэрлэлээ. Санхүүгийн салбарын нэг чухал багана болсон даатгалын салбарт амжилттай ажиллаж буй нэгэн  залуу удирдагчийг та бүхэнд танилцуулж байна.

1 сарын өмнө
“Хуульчид" аа хуульч шиг байцгаая!

Энэ оны тавдугаар сарын 25-нд У.Хүрэлсүхийн засаг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор огцрох эсэх асуудал маргаан дагуулав. Маргааныг их марзан аргаар “таслав”, түүнд оролцон тоглогчид нь бүр марзан санагдав.

2 сарын өмнө
Бие даагчдын парламент 2020-2024

Хэрэв бие даагчид УИХ-ыг бүрдүүлбэл юу болохыг төсөөлж үзье.

2 сарын өмнө