Коронавирус: Далай лам арга хэмжээгээ хойшлуулав, Гэтэл Монголд?

2
2020 оны 2 сарын 142020-02-14
Коронавирус: Далай лам арга хэмжээгээ хойшлуулав, Гэтэл Монголд?

 

Шинэ төрлийн коронавирусийн халдвар 26 улсад бүртгэгдэж, 64 мянга гаруй хүн өвчлөөд байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага халдварын эсрэг онцгой байдал зарлаж, олон орон Монгол шиг хилийн хязгаар тогтоосон. Энэхүү өвчин БНХАУ-аас гарсан бөгөөд тус улсын Цагаан сартай давхцаж, баяр тэмдэглэхээр олон сая хүн нутаг сэлгэсэн нь халдвар тархах үндсийг бүрдүүлсэн.

Удахгүй монголчууд цагаан сараа тэмдэглэнэ. Монголчууд үндэснийхээ хамгийн том баярууд болох Наадам, Цагаан сараар хамгийн их нутаг сэлгэн зорчдог. Өөрөөр хэлбэл, коронавирусийн халдвар орж ирвэл хамгийн хурдан тархах магадлалтай баяр удахгүй болох гэж байна. Ийм учраас Эрүүл мэндийн яам санал гаргаж ҮАБЗ-өөр хэлэлцүүлэн Ерөнхийлөгч зарлигаа гаргаж үндэсний баяраа гэр гэртээ даруухан тэмдэглэхийг уриалаад байна.

Хотын дарга захирамж гаргаж, Засгийн газар тогтоол гаргаж олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосноос гадна олон хүн цуглах боломжтой кинотеатр, цахим тоглоомын газар зэргийг хаалаа. Сургууль, цэцэрлэг, өдөр өнжүүлэх төвүүдэд хөл хорио тогтоолоо. Монголд коронавирус орж ирээгүй байхад шүү.

Энэ бол цагаа олсон, гурван сая иргэнээ, тэр дундаа хүн ам шигүү суурьшсан нийслэлийн иргэдээ бодож байгаа шийдэл. Өвлийг өнтэй давсан монголчууд төрөл садандаа очиж золгодог, бөхөө үздэг, шинийн нэгний нар угтдаг, шинийн 15-ндаа багтаж заслаа хийлгэж, даллагаа авахуулдаг. Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан учрөаас золгуут хийхээс бусдыг хорьсон гэж ойлгох хэрэгтэй.

Жишээ нь, Гандантэгчэнлин зэрэг шашны байгууллага олон түмнийг цуглуулсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч албан ёсоор мэдэгдсэн. Гэтэл өнөөдөр Төв гандангийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц, "Хүнд байдаг дөрвөн эрхийг дайн самуунтай үед ч хөндөж болдоггүй. Эдгээрийн нэг нь шашин шүтэх, эс шүтэх эрх. Бид л коммунист болчихоод байгаа болохоос хүний эрхийг дээдэлдэг, шүтлэгтэй оронд номоо унш л гэдэг шүү дээ. Бид бол номоо хурдгаараа хурна. Сүсэглээд ирсэн олныг оруулахгүй, гаргахгүй гэж болохгүй. Олны хөдөлгөөн тасрахгүй байхыг бид мэдэхгүй. Олон түмэн өөрсдөө шийднэ" гээд хэлчихлээ. Дээр нь бас "Коронавирусийн халдварийн эсрэг тусгай үрэл бүтээж байгаа. Энэ үрэлийг бүх хүнд өгөхгүй. Зөвхөн сүсэгтэй хүнд л өгнө" гэв.

Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд, төр нь шашнаа хүндэлж, шашин нь төрөө дээдэлнэ гэж бичсэн. НМХГ бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Төрийн тэргүүнээс гаргасан шийдвэрийг биелүүлэхийг шашны байгууллагуудад анхааруулсан. Гэтэл монголчуудын хүндэлдэг хамба маань төрийнхөө шийдвэрийг ойшоохгүй байгаа мэт. Харин ч сүсэглээд өөрсдөө ирвэл коронавирусээс хамгаалах үрэл өгнө шүү гэж даллаад байгаа мэт санагдав. Лам нар буян санаж номоо уншдагаараа уншиж болно, хэн ч хориогүй. Харин хашааны хаалгаа хаачихаад маань мэгзэмээ телевизээр дамжуулаад сүсэгтэн олондоо хүргэж болох асуудал шүү дээ. Монголын телевизүүд цэцэрлэг, сургуулийн хичээлийг зурагтаар дамжуулаад болж л байна. Ламын буяны сэтгэл, номын хүч, ард олны сүсэг бишрэл хэвээр байгаа бол утсаар ч, зурагтаар ч ном айлдвар тавьсан яах вэ дээ.

Цаана чинь, Далай лам хүртэл олныг хамруулсан үйл ажиллагаануудаа коронавирусийн халдвар намжтал зогсоож байгаагаа мэдэгдлээ гэж CNN мэдээлжээ. Харин Монголд яаж байна?

 

 

 

Санал болгох

Ч.Өнөрбаяр: Тэр үед энэ баримтыг задласан бол тогтолцоо нь нурах аюултай байсан

Хууль зүйн доктор, дэд профессор Чадраабалын Өнөрбаяртай ярилцлаа. Тэрээр МУИС-ийн багш, ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга, АТГ-ын Тамгын газрын дарга, Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан.

7 өдрийн өмнө
Ц.Элбэгдорж: Би хуулиас зугтаагүй, удахгүй очно

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2019 оны аравдугаар сарын 7-нд Монгол Улсын хилээр гарсан байна. Үүнээс болж зарим ажиллагаа хийгдэх боломжгүй болсон. Тиймээс 2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр АТГ-аас Ц.Элбэгдоржийн байгаа газрыг тогтоолгохоор Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчоонд хандаад байгаа юм.

9 өдрийн өмнө
Коронавирус: Далай лам арга хэмжээгээ хойшлуулав, Гэтэл Монголд?

Гэтэл монголчуудын хүндэлдэг хамба маань төрийнхөө шийдвэрийг ойшоохгүй байгаа мэт. Харин ч сүсэглээд өөрсдөө ирвэл коронавирусээс хамгаалах үрэл өгнө шүү гэж даллаад байгаа мэт санагдав. Лам нар буян санаж номоо уншдагаараа уншиж болно, хэн ч хориогүй. Харин хашааны хаалгаа хаачихаад маань мэгзэмээ телевизээр дамжуулаад сүсэгтэн олондоо хүргэж болох асуудал шүү дээ.

10 өдрийн өмнө
Ж.Амарсанаа: Би Ухань явж, коронавирусээр өвчилсөн хүмүүсийг эмчилнэ

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа коронавирусийн халдвар тархсан нутаг руу сайн дурын эмчээр явах болсон тухайгаа өөрийн фэйсбүүктээ ийн бичжээ. Тэрээр:

1 сарын өмнө