Дилова хутагт гуравдагч хөршийн эрэлд: Конгрессын Номын Сангаас олдсон гурван захидал

2020 оны 2 сарын 182020-02-18

Дилова хутагт Жамсранжавын (1884-1964) БНМАУ-аас гарч явснаас хойших үйл хэрэг, аж амьдралын тухай мэдээ сэлт бүдэг бадаг, судалгаа бүтээл хангалтгүй байна. Учир нь түүний өөрийн өгүүлсэн намтар чухам Монгол улсын нутаг дэвсгэрээс гарч явснаар өндөрлөдөг билээ. УАБХЕГ-аас эрхлэн хэвлүүлсэн “Наян дөрвөн шидтэний нэг Дилова хутагт”[1] ном, судлаач Б. Эрдэнэбилэгийн “Дилав хутагт Жамсранжавыг хилийн чанадад гаргасан тагнуулын арга хэмжээ”[2] өгүүлэл хутагтыг Монгол улсын нутаг дэвсгэрээс гарч явсан нөхцөл байдал, шалтгаан даалгаврын талаар нэлээд мэдээллийг тодорхой болгож өгсөн боловч нэгэнт даалгавар үйл нь нууц, мөн хил гарснаас хойших үйл ажиллагааны тухай бичиг баримт хомс зэргээс шалтгаалан олон зүйл нууцлаг, бүдэг бадаг хэвээр байгаа юм. Үүнд, Конгрессын номын сангаас саявтархан олдсон гурван захидал зарим нэг асуултын хариуг өгөх, урьд өмнө мэдэгдээгүй шинэ соргог түүхэн баримтыг гарган тавих, Монгол-АНУ-ын харилцааны түүхэнд шинэ хуудас нэмэх бололцоог олгож байна. 

Дээр дурдсан хоёр бүтээлээс доорх баримтууд өнөөг хүртэл тодорхой болоод буй. Үүнд:

- Жамсранжавыг тухайн үед Дотоодыг Хамгаалах Газрын гадаад хэлтэсийн үүргийг хавсран эрхэлж байсан Эсэргүүцэн тагнах хэлтэсийн дарга Ц. Донров Эрэгдэндагвын хэргийн холбогдлоор нь 1930 онд нууцад элсүүлсэн.[3]

- Банчин богдын болон Гоминдааны Хятад хийгээд Өвөр Монголд нэвтэрч байсан япончуудын үйл ажиллагаа, хэтийн зорилгыг мэдэхээр 1931 оны 2 дугаар сарын 26-ны шөнө нутгаас гарч явсан.[4]

Тэгвэл Конгрессын номын сангаас олдсон гурван захидал илүү мэдээ мэдээллийг хүргэх тул сийрүүлэн толилуулъя.

Нэгдүгээр захидал. Дилова хутагтаас АНУ-ын Элчин сайдад. 1932 оны 1 сарын 15.

Өргөн мэдүүлэх нь: Манай Гадаад Монгол нэгэн мянга есөн зуун арван нэгдүгээр онд өөртөөн зогсож, тусгай улс болсноос нэгэн мянга есөн зуун арван есөн онд Думдад улсын Сүй Сү Жанг Хүрээнд очиж, Монголыг хүчирхэн эзлээд, дарлан гасалгахуйд Монголын Цэвээн тэргүүн[5] Цагаан Оросын Барон Унгерн лугаа нийлж, цэрэг элсэн Хүрээнд байлдан орж, Иргэн цэргийг хөөн гаргаж, Монгол улсыг дахин тогтоожээ[6]. Нэгэн мянга есөн зуун хорин онд Халх Монголын Засагт хан, Жалханз хутагт тэргүүлэн, хутагт, ван, гүн, түшмэл олон хүн зөвлөж[7],

Их Америк улс лугаа найрамдал байгуулан түшиглэж, Монголын өөртөө эзэрхэх эрхийг хамгаалахаар тогтоод тус Монголын

Жавзандамба хутагт хаантнаа айлтгаж батлуулаад

Их Америк улсаас Хүрээнд очсон сайд Ибархард[8] лугаа бүрэн учрыг

Ларсангаар[9] орчуулан хэлэлцэж, тамгатай бичгээр

Их Америк улсын Засгийн ордноо өргөснийг[10] зөвшөөрөн хүлээсэн бөлгөө. Нэгэн мянга есөн зуун хорин нэгэн онд Улаан Оросын цэрэг тус Монголын хэдэн залуучуудын хамт гэнэт Хүрээнд орж ирээд сүрээр улаан намын засгийг байгуулж, бүх хэргийг Оросоос заан сургаж, Монголын хэд хэдэн залуучуудыг татан нийлүүлж хөдөлгөн, шажныг түлхэн унагах ба өмчийн хөрөнгийг үгүй болгохыг зорьж, цаазыг хатуугаар явуулж, хүний зөвлөн хэлэлцэх эрхийг тасалж, хүн галт зэвсгийг хадгалж болохгүй зэргийн аргыг хэрэглэж, Орос улс манай Монголыг залгин хамтатгах санаа байдал илрэхэд олон монголчууд жигшин гаславч арга олохгүйд адил зоригтон нар нууц зөвлөж, Оросын гараас гарах арга эрэхийн тул намайг олны төлөөлөгчид томилон явуулжээ. Эдүгээ Богд хаан, Жалханз хутагт нар үгүй боловч уг бүлгэмийн тэргүүлэгч Засагт ханы зэргийн олон хүн цөм бүрэн дээр Гадаад Монголын олон хүн их төлөв

Их Америк улсыг бишрэн хүсэхийн тул эл учрыг гаргаж, Думдад улсад суух

Их Америк улсын Элчийн сайд танаа өргөөд гуйх нь дээд газраа уламжлан нэвтрүүлж, их улсаас өршөөн үзэж, даруй түргэнээ арга тогтоон, бэрх зовлонд тохиолдсон Гадаад Монголын олон амьтныг зовлонгоос гаргаж, Монголын шажин үндсийг бататган, өөрийн эрхийг өөрт эдлүүлэн, монголчуудын хүсэл санаанд нийлүүлэн туслах ажаамуу хэмээн үүн тул өргөв.

Гадаад Монголын төлөөлөгч Дилова хутагт.

Монгол улсын хорин хоёрдугаар он, тэргүүн сарын 15

Энэхүү захидлын зарим түүхэн холбогдлыг тусгайлан авч үзвээс:

1.Америк улсаас шууд тусламж хүсэн бичсэн нь хоёр улсын харилцааны түүхэнд өмнө мэдэгдээгүй баримт болно.

2.Дилова хутагт 1931 оны 2 сард тусгай даалгавраар нутгаас гарсан, 1932 оны 1 сард буюу гарснаас жилийн дотор энэ захиаг бичсэн нь сонирхол татаж байна.

3.Ялангуяа өөрийн гарсан хэрэг зоригийг шуудаар “адил зоригтон нар нууц зөвлөж, Оросын гараас гарах арга эрэхийн тул намайг олны төлөөлөгчид томилон явуулжээ...” хэмээн өгүүлсэн нь Жамсранжавыг халхавч намтраас гадна халхавч даалгавартай, өөрөөр хэлбэл Банчин богдыг тагнах гэсэн нэгэн даалгавраас гадна Оросоос нууцалсан чинад нууц “жинхэнэ” даалгавар байсан юм биш биз хэмээн эргэцүүлэхэд хүргэж байна. 

4.Гэвч энэ нь нөгөө талаас Монголын засаг төрөөс өгсөн гэхээсээ илүүтэй хутагтын өөрийн, мөн улс төрийн бүлэглэлийнх нь зорилт байж болох юм. Адил зоригтон нарын өгсөн тэр даалгавар нь 1931 оных биш тэртээ 1923 оны хэрэг явдал байж болохыг 2-р захидалд өгүүлж буй.

Тухайн үед Засагт хан байгаагүй, Дилова хутагт захидлыг илчлэгдэхэд хүрвэл хүний амь нас буснихаас сэргийлэн Засагт хан хэмээн бичсэн бололтой.

Хоёрдугаар захидал. Дилова хутагтаас Оуэн Латтиморт. 1942 оны 1 сарын 11

Эрхэм итгэлт мэргэн нөхөр Латэимор[11] танаа шууд илтгэх нь: Миний бие 1923 он бөгөөд Монгол улсын Арван хоёрдугаар онд Ар Монголын анхны адил зоригтны хурлаас төлөөлөгчдөд томилогдсон нь 1931 онд арай сая гарч, Дундад улсын газар ирснээс дэмий ноцтой явуулсан хэрэггүй бөгөөд байцааваас 1919 онд Ар Монголын өөртөө эзэрхэх эрхийг Хятадын цэргийн түшмэл, харгис Сүи Сү Жан хуурмаг цэргийн сүрээр булаан эзэлсэнд Ар Монголын Жавзандамба хаан тэргүүлэн, монголчууд бүгдээр зөвлөж, эрхээ эгүүлэн авахыг хэлэлцэх, нэгдүгээр төлөөлөгч Жалханз хутагтыг томилж, Бээжинд илгээсэнд, төлөөлөгч Хутагт бээр Бээжинд хүрч,

Эрхмийн их улсын Бээжинд суух Элчийн сайдад бараалхан[12], Ар Монголын өөртөө эзэрхэх эрхээ эгүүлэн авч бататгах хэрэгт

Эрхэм их Амерхай улсаас тусламж гуйсан бөгөөд 1920 онд эрхмийн их улсын сайд Ибархарадын зэргийн гурван сайдууд удаа дараагаар Нийслэл Хүрээнээ очсонд[13] тухай бүр аливаа учрыг хэлмэрч Ларсанаар дамжуулан илтгэн зөвдөж, бас Монголын хааны тамгатай бичгийг очсон сайдад тушаан барьж, эрхмийн их улсын Засгийн ордноо өргүүлсэн бөлгөө. 1921 онд мөн эрхмийн улсаас нэгэн сайд бас очсонд[14] улаан Оросын Хүрээнээ суух төлөөлөгч Эринчинов[15] “Энэ хүмүүн болбоос Хятадын газар хэмээн ирсэн бөгөөд Монголын газар хэмээн ирсэн бус тул үүн лугаа хэлэлцэж болохгүй” хэмээн хориглон огт хэлэлцүүлсэнгүйгээр буцаажээ. Эдүгээ баруунаа Германи, Итали зэргийн улс харгислан үймүүлж, зүүнээс Ёпон улс самуун дэгдээж, бүхүй ертөнц дээр их байлдаан болж, олон улсын хэрэг нэгэнтээ хөдөлгөөнтэй болон эцэст ямар учир болохыг мэдэх бэрх мэт. Үүнд төлөөлөгч би хичээн санаваас урьдын тэр Монголын хаан ба олон ихэс нөхөд бараг үгүй боловч миний бие тэр цагаас Монголын эл хүнд явдлыг үүрсээр суун, эдүгээ олон Монгол овогтон буурьд зогсож, гашуун зовлонд дарагдан, сарнин бүрлэхэд тулгарч бүхүйг үзэж төвдөхгүй боловч хэрхвээс болох зүгээ олохгүйд эрхмийн их улсын жунтан Лүүзэбүүгийн[16] мэргэн гэгээн ану бүхүй бүхүй ертөнцөд түгээмэл алдаршин, гэрэлтэж бүхүйг сонсон, туйлаас бишрэн хүсэж санаваас, урьдын эл хэргийг

Их жунтанд сонсгож шийтгэвээс хэрэв цаг тухай тохиолдож эрхмийн их улсын тус гавьяаг олоход өчүүхэн дөхөм болох ч юун магад хэмээмүй. Тийн бөгөөд, эл хэргийн аливаа учрыг эрхэм нөхөр та урьдаас нарийн мэдэх тул олныг хэмнэж, зөвхөн санаж бүхүй хүслээ товчхон гаргаж гуйх ану:

Эрхэм нөхөр та улстаа хүрсэн цагт нарийвчлан хянаж, болох ёс зүй байваас Их Жунтан Лу танаа Монголын эл учрыг сонсгон, Монгол угсаатны хожмын явдалд тустай замыг нээгдүүлэх ажаамуу хэмээн хэдэн үсгийн захидал бичиж, ёслон барив.

Дилова хутагт

Нэг мянга есөн зуун дөчин хоёр он. Анхан сарын арван нэгэн.

Энэхүү захидалд дурдаж буй нэг чухал мэдээлэл нь “адил зоригтон” нар буюу Монголын Америкийн талыг баримтлагч ихэс ноёд 1923 онд хуралдаж, Дилова хутагтыг төлөөлөгчид томилсон нь 1931 онд сая гарсан гэжээ. Дилова хутагт 1923 оны тэр даалгаврыг биелүүлэх гол зорилгоо нууцаар хадгалсаар, 1931 оны даалгавартай хамтатган хил гарсан байж болох юм. 

Гуравдугаар захидал. Дилова хутагтаас Оуэн Латтиморт. 1944 оны 10 сарын 16

Үнэн итгэлт мэргэн нөхөр Латтимор, мэргэн хатан[17], хөвгүүн Батбилэг[18] нар танаа бүгдийн амгаланг эрэн бариулав. Энэ үе санаваас

Эрхэм биес амар тунгалаг бөгөөд аливаа үйлс сэтгэлчлэн эевэргүү буй заа. Энд хөгшин бие хэвээр сайн буй. Арван сарын арван нэгэнд Ланжиүгаас буцаж, Чүнчиньд ирээд, Нан вун чуаньд харьж ирэхэд Гий нөхөр Дари а бээр хүргэв ирэв. Ланжиугийн шороо, ус, амьсгал, идэш, ууш цөм зохилдож, болхи бие нэлээд тэнхэрч, таргалав. Өдгөө Шинэ хязгаарын шинэ дарга Эү Жүнг Шинг урьд 1941 онд, надад тэр Хязгаарын алт зэргийн баялаг гаралтыг маш бахархан шүлс залгих үг хэлж байсан нь харин түүний хүсэлд тавтайяа нийлж, тус бүлгэмийг авч, тушаалд одох замд Лан жиү дээр би бүгдэд учрав. Цөм баяртайгаар явцгааж байна. Бараг тэндэх албаны хэрэг урьдын Монгол-Төвөдийн хурал мэт амар тавиад болмуй за. Шинэ тушаалын Монгол Төвөдийн хурлын дарга өдгөө хэр эрдэм чадал нь мэдэгдээгүй, гагцхүү мөнөө зун намайг Лан жиүд хүргэж очсон Лаи Вэй хэмээхийн зааврыг дагаж яваа мэт. Алшаагийн Дэ ван есөн сард Лан жиүгаас нутагтаа буцсан. Харин ойроос Зүүн Хойд Монголчууд сэмээр хорин түмэн цэрэг байгуулж, түүний Зүн Сэлингийг Дэ вангаар тавьж хэмээх цуу үг Лан Жиү дээр гарч байсан. Санаваас Дэ нутагтаа сууж чадахгүй болохын шалтгаан болж магадгүйгээс үнэндээ тийм хэрэггүй буй за хэмээн санагдмуй. Харин нэг шинэ сонин үг, өнөө хавар цаг хэдэн хүн Гань суугийн Фин Лангаас Ниншаад хүрэхээр явж байтал замд чиичүү нь эвдэрч хонох газрыг асууваас мөн энэ Лиү фан шаны (уул) энгэрт нэгэн сүм буй, түүнээс өөр даян мэтийн буудал үгүй хэмээснээр эрэн явж, бараг гучин хэдний газар явж сүмд хүрвээс сайхан барьсан байхад ямар сүмийг асууваас Чингис хаан баруун зүг байлдаанаас буцах замд энд нас барсан, түүний шарилыг тээж бүхүй сүм хэмээн хэлжээ. Тангадыг ... байлдаанаас буцаж яван хөдөөд эцэслэсэн нь үнэнээр бичигт байгаа боловч чухам газрыг тодорхой бичсэнийг үзсэнгүй болой.

Миний бие Лан жиүд байхад Ар Монголын засгийн газраас нэгэн түшмэлийг маш нууцаар илгээж, надад амаар захиулсан нь: Өдгөө бүх ертөнцийн хоёрдугаар их байлдаан тоорних нь ойр болжээ. Үүнд манай Монгол улс сүүлийн өдрийн зогсолтыг бодохгүй зүг сууж, цаг тухайг алдваас энэ мэтийн сайн тохиол дахин олдох нь бэрх бөгөөд мөн манай улсын ойр тойронд цөм залгих эзлэх чөлөөг ширтэн үзэгчид буй. Иймд одоохон алс дахь хэдэн их улсуудад танигдан нэвтрэлцэх нь чухал болоход тус улсын дотроос тусгайлан төлөөлөгчийг томилон гаргахад боогдол маш их тул дөхөм зохисыг бодвоос Дилова гэгээн чиний бие болбоос угаас тус Монголын дотор алдар гавьяа бүхүй, бат итгэмжит хүн бөгөөд уужимд сууж байх тул чухам төлөөлөгчид тавтайяа зохих тул нууцаар төлөөлөгчид томилон сануулах нь:

  1. Тус Монголын байгуулан бүтсэн улсыг батлан тогтоох
  2. Бусад этгээд тус Монголын газар нутгийг хүчирхэн эзэрхэхийг хязгаарлах
  3. Монголын нутгийн дотор аль ч улсын цэрэг буюу цэргийн туслагч нарыг суулгахгүй болгох.

Энэ гурван зүйлийг голчлон, жич, ард түмний эрх ашгийг батлан хамгаалах явдлыг яахин хэлэлцэхийг чамд бүрнээ эрх олгох бөгөөд эл учир Мэй[19], Инг[20] хоёр их улс лугаа яахин нэвтрэлцэх зам олохыг маш нарийн болгоомжлон үйлдэхэд ер мятран залхуурахгүйгээр үнэн хүчийг гаргаж, гавьяа бүтээхийг шууд итгэн тушаав. Яавч бие зайлж, угсааны ард түмний гол их хэргийг бүү саатуул хэмээв хэмээмүй. Түүнд миний хэлсэн нь: Надад өчүүхэн үнэн халуун сэтгэл байвч гадаад улсын хэл бичиг мэдэхгүй, эрдэм чадал мөхсийн дээр өтөлж мунхарсан хүн, өдий их хэргийг үйлдэж чадахгүй тул өөр бүрэн чадвартайг томилбоос зохимуй хэмээхэд тэр түшмэлийн үг: Хэрвээ чамайг хүлээхгүй үг хэлбээс эл маш их чухал хэргийг саатуулах эсэхийг чи мэд. Бид чамаас бусдыг олж чадахгүй хэмээн хэлж өг хэмээн хурлаас захисан тул надад чиний үгийг хэлж өгөх газар үгүй хэмээн хэлж буцав. Үүнд зүг орхиё хэмээвээс тэвчиж чадахгүй, үйлдсүгэй хэмээвээс зүгийг олохгүй, энд зөвлөх итгэмжтэй хүн ховор тул арга мохож, гагцхүү мэргэн итгэлт нөхөр тандаа илтгэн гуйх нь: Яаваас зохих гэгээн тодорхой зааврыг нэн даруй хариу ирүүлэн, харанхуйг гийгүүлэхийг ширтэн хүлээж бүхүйг илтгэн, эндээс зүгт хандаж, ёслон бариулав.

Дилова бээр.

1944 оны 10 сарын 26-аас.

Энэ явдал түгшүүртэй учир мөн тул бусад хэнд ч огт мэдэгдэж болохгүй, маш болгоомжлон хичээж буумуй. Хэрвээ энэ чимээг Хойт Орос сонсвоос тэдгээр нөхөд амьдарч чадахгүй болох бөгөөд миний биед ч түгшүүртэй болж болмуй. Бас бодвоос нэгээхэн хүн, баримттай бичиг тамга үгүй тул үүнийг чухам үнэнчлэл үйлдэх хэмээх нь бараг дэмий явдал мэт санагдмуй. Та бид хоёр болбоос нэгэн бие мэт бат итгэмжтэй тул хамаагүй илтгэхээс бусдад болбоос ичих мэт явдал болой.

Энэ сүүлийн захидал маш чухал баримт болох юм. Учир нь 1944 онд БНМАУ-аас нууц төлөөлөгч ирж Дилова хутагтад даалгавар өгсөн нь тэр болтол хутагтыг манай улс өөрийн хүн хэмээн харсаар байсныг, бас ЗХУ-аас тусдаа, өөрийн гэсэн бодлого үйл ажиллагаа явуулахаар хичээж байсныг, Дэлхийн II дайн дуусахад маш чухал өөрчлөлт, шийдвэр гарна гэдгийг мэдэж байсныг баталж байна.

“...манай улсын ойр тойронд цөм залгих эзлэх чөлөөг ширтэн үзэгчид буй. Иймд одоохон алс дахь хэдэн их улсуудад танигдан нэвтрэлцэх нь чухал...”хэмээх нь сүүлийн хориод жилд ярьж буй гуравдагч хөршийн бодлоготой зарчим чухам адил байна. 

“Монголын нутгийн дотор аль ч улсын цэрэг буюу цэргийн туслагч нарыг суулгахгүй болгох...” гэсэн даалгавар төвөөс өгч байсан нь төвийг сахих бодлого хэмээн саяхнаас монголчуудын ярьж эхэлсэн гадаад бодлогыг тэртээ 1944 онд БНМАУ хэрэгжүүлэхийг оролдоод үзсэнийг баталж байна. 

Энэ бүхнээс дүгнэхэд БНМАУ, БНМАУ-ын төлөөлөгч Дилова хутагт гуравдагч хөршийг хорь, гуч, дөчөөд оны үеэс эрэлхийлэн хайж байжээ.


Ном зүй

Г. Дүйнхэржав, “Наян дөрвөн шидтэний нэг Дилова хутагт”, УАБХЕГ-ийн төв архив.

Б. Эрдэнэбилэг “Дилав хутагт Жамсранжавыг хилийн чанадад гаргасан тагнуулын арга хэмжээ”, “Өнөөдөр” сонин, 2012

Alicia Campi, The Impact of China and Russia on United States-Mongolian Political Relations in the Twentieth Century, 2009.

Р. Болд, “Монголын тусгаар тогтнол ба Америкийн Нэгдсэн Улс”, Улаанбаатар, 2008

Б. Жамсранжав, “Ариун сэтгэл авралын үндэс”, Улаанбаатар, 2000 


Хавсралт

1-р захидал. Дилова хутагтаас АНУ-ын Элчин сайдад. 1932 оны 1 сарын 15.

 

2-р захидал. Дилова хутагтаас Оуэн Латтиморт. 1942 оны 1 сарын 11 

3-р захидал. Дилова хутагтаас Оуэн Латтиморт. 1944 оны 10 сарын 16 

 

 

Зүүлт:

[1]Г. Дүйнхэржав, “Наян дөрвөн шидтэний нэг Дилова хутагт”, УАБХЕГ-ийн төв архив.

[2]Б. Эрдэнэбилэг “Дилав хутагт Жамсранжавыг хилийн чанадад гаргасан тагнуулын арга хэмжээ”, “Өнөөдөр” сонин, 2012

[3]Б.Эрдэнэбилэг

[4]Г. Дүйнхэржав

[5]Чин ван өргөмжлөлт Гомбожавын Лувсанцэвээн. 1869 онд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу одоогийн Төв аймгийн нутагт төрсөн. Бодоогийн хэрэгт холбогдуулан Засгийн газрын 1922 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 38 дугаар хурлын тогтоолын дагуу цаазаар хороожээ.

[6]Богд хаант Монгол улсыг дахин тогтоосон энэ үйлийг нь сайшааж, Цэвээн тэргүүнд чин вангийн хэргэм, шар хүрэм, хүрэн жолоо, бат ерөөлт цол олгож, Сангийн хамаг хэргийг эрхлэх яамны тэргүүн сайдаар томилжээ.

[7]Орос, Хятад, Америк, Японы алийг түших тухай Монголын түшмэд санал зөрөлдөж байх үед Жалханз хутагт, Дилова хутагт хоёул Америкийн талыг баримталж байжээ. 

[8] Charles Christopher Eberhardt (1871-1965). Тухайн үед Хятадад консулаар ажиллаж байсан. Хожим Никарагуа, Коста-Рика улсуудад Элчин сайдаар суужээ. Дилова хутагтын өгүүлж буй энэ явдал нь 1920 оны Дөрөвдүгээр сард болсон юм. Чарльз Эбэрхардт Монголд тав хоногийн хугацаатай айлчилсан, гол зорилго нь буй байдалтай биеэр очиж танилцахад оршиж байсан бололтой. Айлчлалынхаа дараа Сүй Шү Жаны үйл хэргийг буруутган бичиж, Төрийн Департаментад тайлан ирүүлж байжээ. Alicia Campi, The Impact of China and Russia on United States-Mongolian Political Relations in the Twentieth Century, 2009. 

[9]Богд хаанаас гүн цол хүртсэн Франс Август Ларсон (1870-1957) нь Эбэрхардтын орчуулагчаар ирсэн байна. 

[10]Энэхүү бичгийг англи хэлээр орчуулаагүй хадгалж байсныг судлаач Алисиа Кампи 1982 онд АНУ-ын Үндэсний Архиваас олж, судалгааны эргэлтэд оруулсан буй. 

[11] Owen Lattimore (1900-1987) АНУ-ын Монгол судлаач. Дилова хутагтыг АНУ-тай холбож байсан гол хүн.

[12]Эбэрхардтыг Монголд ирэхээс 6 сарын өмнө буюу 1919 оны 11 сард Жалханз хутагт Бээжинд айлчилж, АНУ-ын Бээжин дэх Хэргийг түр хамаарагч Чарльз Д. Тэннэйтэй нууцаар уулзаж, тусламж хүссэн байна. 

[13]Эбэрхардтын дараа Филлоун, түүний дараа Сокобин Хүрээнд очсон тухай өгүүлж байна. 

[14] Samuel Sokobin (1893-1986)-ий айлчлалын тухайд өгүүлж байна. Сокобины айлчлалын талаар Р. Болд, “Монголын тусгаар тогтнол ба Америкийн Нэгдсэн Улс”, 2008 номоос дэлгэрүүлэн үзнэ үү. 

[15]Элбэгдорж Ринчино (1888-1937)

[16]АНУ-ын ерөнхийлөгч Рузвельтийн нэрийг ийн буулгажээ. Франклин Дэлано Рузвельт нь 1933-1945 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байв. 

[17]Латтиморын гэргий Элэанор Холгэйт Латтиморыг хэлж байна. 

[18]Латтиморын хүү Давид Латтиморын монгол нэр. Дилова хутагт Батбилэг гэж нэрийг өгчээ. Хутагт нэр өгсөн хүүхдээ их хайртай, амьдралынхаа сүүлийн жилүүдэд Давидынд аж төрж байлаа.

[19]Америк

[20]Англи

Нийтлэлч: М.Саруул

Санал болгох

Зуун арван жилийн өмнө “Монголын сонин бичиг”-ээс сануулсан  “зөөлнөөр улируулах арга”

1909 оноос хэвлэгдсэн “Монголын сонин бичиг” дөрөвдэх засаглалын үүргээ амжилттай гүйцэтгэж, Сандоо амбаны үйл хэрэг, үг хэл, гаргасан тушаал сэлтийг нэгд нэгэнгүй сурвалжлан шүүмжилж, олонд таниулж байсан тухай миний бие өмнө нэг өгүүлэл бичсэн билээ.

25 өдрийн өмнө
Ухамсрын төвшинд тэнэг үйлдэл

Си Зиньпингийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. Та бүхэн уншиж үзээд нэгийг бодож хоёрыг санана буй за.

1 сарын өмнө
Өвөр Монголоос мэдээлж байна

Үүнээс өмнө хэзээ ч сошал дээр ийм олон цэвэр монголоор бичсэн бөгөөд ярьсан постуудыг нэгэн зэрэг харж байгаагүй...

1 сарын өмнө
Замын эвдрэлээс болж хагарсан дугуйгаа улсаар төлүүлсэн цадиг

Нэг дугуй хагарлаа. За яахав гээд запасаа тавив. Хэсэг явж байгаад дахиад нэг дугуй. Нэг бүрийг нь 500 мянгаар авсан юмсан. Хоёр дугуй хажуу бөөрөөрөө язарсан байгаа юм.

1 сарын өмнө