Эрэн сурвалжлах сэтгүүл зүй: SPOTLIGHT киноны 6 сургамж

2020 оны 3 сарын 122020-03-12
Эрэн сурвалжлах сэтгүүл зүй: SPOTLIGHT киноны 6 сургамж

 

Хэвлэлийн хүрээлэнгийн Сургалтын албаны дарга, багш Р.Оюунцэцэг

2015 онд дэлгэцнээ гарч, “Оскар”-ын шилдгээр нэрлэгдсэн найруулагч Том МакКартигийн “Spotlight” киног энэ удаад санал болгож байна. Католик сүмийн санваартнууд бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, хүчирхийлж, ул мөрөө баллаж ирсэн бодит түүхийг хэрхэн илчилсэн тухай энэ кинонд өгүүлнэ.

“Бостон Глоб” сонины эрэн сурвалжлах сэтгүүлчид, шинжээчдийн баг 2001–2002 онд тэдгээр санваартнуудын үйлдсэн гэмт хэргийг эрэн сурвалжилсан 600 орчим цуврал сурвалжилга, өгүүлэл гаргаж, 2003 онд Америкийн сэтгүүл зүйн дээд шагнал болох Пулитцерийн эзэд болсон юм.

 

Киноны тухайд товчхон:

“The Boston Globe” сонинд шинээр томилогдон ирсэн редактор эр “Spotlight” багийнхнаас нэгэн нухацтай сэдэвт анхаарал хандуулахыг хүснэ. Тэр нь өмнө хэвлэлээр зурвас хөндөгдөөд шүүх дээр хэрэгсэхгүй болгосон, санваартан Гёхн гэгчийн хэрэг байв. Өмнөх материалуудаас харахад сэжигтэн зургаан жилийн турш 30 газарт бага насны 80 гаруй хүүхдийг хүчирхийлжээ. Багийн дөрвөн сэтгүүлч энэ хавтаст хэргийг сэргээх нь сүмийг шүүхэд өгч байгаатай ялгаагүй гэж болгоомжилсон ч хэрэгт хамаарах бүхий л мэдээллийг цуглуулж, хохирогчидтой уулзаж, өмгөөлөгч, хуульчдаас мэдээлэл, тайлбар шаардаж эхэлнэ. Үр дүнд нь хэрэгт холбогдох 13 санваартны тоо 87 болж нэмэгдэв.

Асуудлын гүн рүү лавлан орох тусам эрэн сурвалжлагчид эсэргүүцэлтэй тулгарч, сүмүүд өөрсдийн санваартнуудын булай үйлдлийг жигших бус харин ч эсрэгээрээ хамгаалж ирсэн нь тодорхой болно. Тухайлбал, сэтгүүлчдийн ухаж шүүсэн Бостоны каталогийн мэдээллээр дээрх 87 номлогч, санваартан 2–3 жилийн дотор өөр өөр сүмд эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар шилжсэнийг тогтооно. Мөн Гёхнд хүчирхийлүүлсэн 80 хохирогчийн талаас илүү нь бага насны хүүхдүүд байсан тул зарга үүсгэх эрхгүй байв. Цаашлаад хамбыг буруутгасан хэргийг сүмийн хандив болох 20 мянган доллараар шийдсэнийг шүүгчээс олж мэднэ. Хамгийн аймшигтай нь хохирогч хүүхдүүдийн гомдлыг санваартнууд хүчээр дарж, айлган сүрдүүлэх аргаар шийдэж түүгээр зогсохгүй амь насанд нь хүрсэн тохиолдол ч олон гарсан нь ил болно. Кинонд энэ үйл явдлыг үзүүлэхдээ хохирогчдыг өмгөөлөх ажлыг бараг насаараа хийж байгаа Митчел Гарбидъяны “… Харин ч тэр их азтай, амьд үлдсэн…” хэмээн хэлж буйгаар харуулна. Эцэст нь 2002 оны 12 дугаар сард Бостон даяарх сүмийн санваартнууд, Хамба лам нь хүртэл “Spotlight” багийнхны илчилсэн “үнэн”-д гүйцэгддэг.

 

Зураг: “The Boston Globe” сонины баг. Кинонд гарах дүрүүд болон амьдрал дээрх баатрууд.

ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛЧДЭД ҮЛДЭХ СУРГАМЖ

1. ХҮЧТЭЙ ТААМАГЛАЛ: Хамгийн ариун гэгээн хүмүүс хэмээгдэх санваартнуудын дотор бага насны хүүхэд хүчирхийлэгчид нуугдаж байсныг илрүүлэх нь нэг хэрэг. Харин энэ асуудлыг нуун дарагдуулах бүхэл бүтэн “систем” маягийн зүйл сүмийн хүрээнд үйлчилж байсныг сэтгүүлчид илчлэх зорилго тавьсан. Таамаг дэвшүүлэхдээ асуудлыг өргөн хүрээнд, тогтолцоогоор нь хар.

2. АСУУДЛАА ЗӨВ СОНГОХ НЬ: Ихэнх тохиолдолд эрэн сурвалжлах сэтгүүлчид маш том асуудлаас эхэлж, судалгааны явцад сэдэвт хамаарах баримт, мэдээллийг нэг нэгээр нь хальсалж, яваандаа асуудлын мөн чанар, хүрээ хумигдаж ирдэг (үүнийг эрэн сурвалжлагчдын дунд “сонгино арилгахын эсрэг үйл явц” хэмээн томьёолдог). Харин Католик сүмийн дээрх жишээнд сонгиныг арилгах тусам асуудлын цар хүрээ томорч байсан нь онц ноцтой асуудлыг “барьж авсан”, мөн судалгааны үйл явц нягт нямбай, зөв явж байсантай холбоотой. Жишээ нь, номлогч, санваартнуудын бусармаг үйлдлийг зөвхөн сүмийн дотоод механизмаар хамгаалаад зогсохгүй, шүүх засаглал, улс төрийн хүрээнд хамгаалах сүлжээ үүсгэснийг тодорхой харуулсан. Шашны байгууллагын хандив нэрээр зарим хавтаст хэргийг хаадаг, энэ байгууллагатай холбоотой хэргийг нэр заасан шүүгч нар гардан хариуцдаг гэх мэт.

3. ҮНЭ ЦЭНТЭЙ ЭХ СУРВАЛЖ: Ихэнх эрэн сурвалжилсан бүтээлийн цөм мэдээллийг нууц эх сурвалжуудаас авсан байдаг. “Spotlight” багийн хувьд ийм мэдээллийн эх сурвалж нь олон жил сүмүүдэд ажилласан сэтгэл судлаач Ричард байв. Түүнтэй хийсэн ярилцлагын явцад зөвхөн Бостонд 1500 орчим санваартан байдгийн дор хаяж 6 хувь нь бэлгийн хүчирхийлэл үйлдэж буй тухай баримт дэлгэгддэг. Тэдгээр 90 санваартны 87-гийн гэмт үйлдлийг сэтгүүлчид баримтаар нотолж баталгаажуулдаг.

4. ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООГ ИЛ БОЛГО: Сонины шинэ редактор Марти Барон “Санваартнуудын тодорхой нэг үйлдлээс илүү энэ бүхэн сүмүүдэд ердийн үзэгдэл болсон эсэх, ямар системээр ажилладаг, хэн хариуцлага хүлээх учиртайг цогцоор нь гаргаж ирэх нь чухал” гэж сурвалжлагчдадаа сануулдаг. Угаас энэ нь эрэн сурвалжлагын сонгомол зорилго.

5. БАРИМТЫН СУДАЛГАА: Мэдээлэл цуглуулах, уул овоо шиг бичиг баримтын судалгаа хийх, ярилцлагаар нягтлах, нотлох зэрэг уламжлалт сэтгүүл зүйн бүхий л аргыг “Spotlight” багийнхан хийдэг. Үүний зэрэгцээ эрэн сурвалжлах явцад цуглуулсан баримт, мэдээллээ ашиглаж, өөрийн цахим мэдээллийн бааз үүсгэж байгаа нь өнөөгийн сэтгүүлчдэд өгч буй чухал туршлага юм.

6. УДИРДАГЧ БА БАГИЙН АЖИЛЛАГАА: Сонины халуун тогоонд өрнөдөг зөрчил, маргаан “Spotlight” багийг тойрсонгүй. Шүүгч Эрик Маклиш, хохирогч Фил Савиано нар санваартнуудтай холбоотой мэдээлэл, хавтаст хэргийг өмнө нь “Бостон Глоб” сонинд өгч байсан ч чимээгүй өнгөрсөн туахй сануулж буруутгана. Багийн ахлагч Волтер Робинсон үүнийг мэдэж байснаа хүлээн зөвшөөрч, өмгөөлөгчтэй тулж ажилласан сурважлагч Майкл Зендэс мөн ээлжит мэдээллээ бүрэн нотлогдоогүй байхад яарч ахлагчтайгаа муудалцана. Гэвч энэхүү эрэн сурвалжлах бүтээл хэрхэн амжилтад хүрснийг эргэцүүлбэл, дор хаяж хоёр зүйлийг дурдах хэрэгтэй. Нэгд, эрэн сурвалжлах багийг “үнэрч”, туршлагатай эрхлэгч удирдан чиглүүлж байсан. Хоёрт, багийн гишүүд цагийн механизм шиг нэг баг болж ажилласнаар Бостоны хүчирхэг институци болох католик сүмийн системийг ялсан.

Эх сурвалж: Хэвлэлийн хүрээлэн

Санал болгох

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

“Хан талст”  ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримталаагүй,  үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй  зэрэг үндэслэлээр  Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулийг  үүрэг ажлаас нь чөлөөллөө.

1 сарын өмнө
Синдикат ярилцлага–Эрсдэлийг давах хүч

Синдикат ярилцлага – Эксклюсив найм дахь дугаараа бид “Эрсдэлийг давах хүч” гэж нэрлэлээ. Санхүүгийн салбарын нэг чухал багана болсон даатгалын салбарт амжилттай ажиллаж буй нэгэн  залуу удирдагчийг та бүхэнд танилцуулж байна.

1 сарын өмнө
“Хуульчид" аа хуульч шиг байцгаая!

Энэ оны тавдугаар сарын 25-нд У.Хүрэлсүхийн засаг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор огцрох эсэх асуудал маргаан дагуулав. Маргааныг их марзан аргаар “таслав”, түүнд оролцон тоглогчид нь бүр марзан санагдав.

2 сарын өмнө
Бие даагчдын парламент 2020-2024

Хэрэв бие даагчид УИХ-ыг бүрдүүлбэл юу болохыг төсөөлж үзье.

2 сарын өмнө