Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан давж заалдах шатны шүүхийн шийдвэрт прокурор эсэргүүцэл бичсэн тул Дээд шүүх хянан хэлэлцэхээр болжээ.
Дуучин Б.Амархүүг Эрүүгийн цагдаагийн газрынхан өнгөрсөн оны есдүгээр сард баривчилсан. Түүнийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх аравдугаар сарын 29-нд шүүж хар тамхи мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан хэмээн буруутгаж, хоёр жилийн ял оноосон.
Харин давж заалдах шатны шүүх хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаах магадлал гаргаж, түүнийг сулласан юм.
Учир нь, Б.Амархүүд холбогдох эрүүгийн хэргийг хуульд заасан хугацаанд хянаж үзэхэд:
Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нь дутуу хийгдсэн
Хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоогоогүй
Нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, шалгаагүй
Хэрэгт авагдсан зарим нэг баримтуудад гарын үсэг зурагдаагүй, бичилт дутуу зэрэг үндэслэлүүд тогтоогдсон байна.
Гэвч дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шийдвэрт прокурор эсэргүүцэл бичжээ. Мөн түүний өмгөөлөгч Л.Данзанноров гомдол гаргасан байна. Иймд Улсын дээд шүүх хэргийг энэ сарын 25-нд хэлэлцэхээр болжээ.