Сурвалжилга: Үнстэй цемент үйлдвэрлэгчид балгасанд байрладаг

2020 оны 6 сарын 152020-06-15
Сурвалжилга: Үнстэй цемент үйлдвэрлэгчид балгасанд байрладаг


Урин дулааны цагтай зэрэгцээд барилгын оргил үе эхэлдэг. Үүнийг дагаад цементийн хомстол үүсч, үнэ нэмэгдээд буй. Тэгвэл энэхүү сиймхийгээр ашиг ологчид байна. “Гурвалжингийн гүүрний задгай талбай, гүүрний баруун талын зам дээрээс худалдаж авсан цемент хуурамч байна” гэсэн иргэний гомдлын дагуу НМХГ-ын улсын ахлах байцаагч худалдаалагдаж байсан цементээс дээж авч лабораторийн шинжилгээгээр шалгахад шаардлага хангахгүй болох нь тогтоогджээ. Энэ мэт хуурамч буюу үнстэй хольж савласан цемент худалдаанд гараад байгаа тул НМХГ-ын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Б.Жаргал иргэдийн гомдлоор урьдчилсан шалгалт хийлээ. Түүнтэй хамт явж хуурамч цементийг хэн, хэрхэн үйлдвэрлэж, худалдаалж буйг сурвалжилсан юм.

Иргэн Н: Миний тамгыг энэ хавийнхан бүгд л хэрэглэдэг

НМХГ гомдол гаргасан иргэний гомдлын дагуу Гурвалжингийн гүүр орчимд байх хуурамч цемент худалдаалсан иргэн Н-д мэдэгдэх хуудас өглөө. Харин тэрбээр “Миний тамгатай төлбөрийн баримтыг энэ хавийн худалдаа эрхлэгчид бүгд л хэрэглэдэг. Наад дээрх гарын үсэг чинь минийх биш. Ер нь та нар бид нарыг дээрэлхэж байхаа боль. Энд өрх толгойлсон эхчүүд худалдаа явуулж байна. Бид төрийн мөнгөнөөс идээгүй, хүнээс хулгай хийгээгүй” хэмээн Мэргэжлийн хяналтын байцаагч руу хэл амаар дайрч гарав.

1.jpg

Уг нь, Гурвалжингийн гүүрний хоёр тал явган хүний зам талбай. Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж буй. Мөн дээр нь хуурамч цемент худалдан борлуулсан нь батлагдчихсан...
Иргэн Н өрх толгойлсон эмэгтэй байлаа гээд бусдад хуурамч бараа худалдаалж буйг нь зөвтгөх шалтгаан биш. Барилгын сууриас эхлээд, хана, тааз гээд бүх л хэсэгт цемент орно. Хуурамч цемент худалдан авч буй иргэдийн хохирлыг зөвхөн тэр цементийг худалдан авсан мөнгөн дүнгээр тооцох аргагүй.

Иргэн Н нь Гурвалжингийн гүүрний дор буудаг вагоноос цемент худалдан авснаа хэлсэн. Гэвч ямар ч төлбөрийн баримт байхгүй, тэр бүү хэл үргэлж бэлэн мөнгөөр худалдаа хийдэг гэв.

Иргэн Х: Эгч нь хуурамч цемент хийхээ болиод замаск хийж эхлэх гэж байсан

Хуурамч цемент худалдаалагдаж байгааг нэгэнт илрүүлсэн тул хаана үйлдвэрлэгдэж буйг нь тогтоож таслан зогсоох нь дараагийн шат. НМХГ-аас урьдчилсан шалгалт хийх үеэрээ БЗД-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан хуурамч цементийн үйлдвэрийг илрүүлэн БЗД-ийн цагдаагийн хэлтсээс бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг дуудаж ажиллуулсан юм.

Хуурамч цемент үйлдвэрлэж буй газрууд ер нь нууцлаг байдалд ажилладаг аж. Энэхүү газар л гэхэд хуучин 22 дугаар баазын хашаагаар дамжсан өөр нэг хашаанд байрладаг хуучирч муудсан байшинд үйл ажиллагаагаа явуулдаг. Биднийг очиход дөрвөн залуу ачааны машинаас ууттай цемент буулгаж, байшинд хурааж байв. Тэдний өмссөн хувцасны өнгө байтугай царай нь ч танигдахгүй болтлоо цементэд дарагджээ. Ийм хүнд нөхцөлд ажиллаж байгаа ч зориулалтын хувцас, амны хаалтгүй.

3.jpg

Барилгын мухрын өрөөний хэсэгт өрөөний ихэнх тал хүртэл задгай цемент нөөцөлжээ. Дунд өрөөндөө ууттай цементүүдийг хураасан бөгөөд үүдний өрөөнд холигч тоног төхөөрөмж, их хэмжээний цементийн шинэ уутнууд байв. Энэхүү барилгад байх бүтээгдэхүүн нь жинхэнэ цемент үү, үнс үү, үнс цементийн холимог уу гэдгийг лабораторийн шинжилгээгээр шалгах юм. Харин барилгын гадна талбайд төрөл бүрийн цементийн уутнуудыг овоолжээ. Овоолсон уутнуудын зарим нь үжирч, муудсан байгаагаас харахад олон удаагийн дулааны улиралд энэхүү үйл ажиллагаагаа эрхэлсэн бололтой юм.

20 мкв хэмжээтэй энэхүү барилга нь 22 дугаар бааз ХХК-ийн өмч бөгөөд иргэн Х-тэй гэрээ хийж сүүлийн хоёр жил гэрээ хийж түрээслэн эзэмшүүлжээ. Түрээсийн төлбөрт сарын 300000 мянган төгрөг, тогны мөнгөө задгайгаар тооцож, сардаа 50000 төгрөг авдаг юм байна. Тус компанийн менежер “Өвөлдөө үйл ажиллагаа явуулдаггүй, зундаа ажилладаг. Яг ямар үйл ажиллагаа явуулж байгааг нь нарийн сайн мэдэхгүй” гэв.

4.jpg

Тун удалгүй тус үйлдвэрийг эрхлэгч иргэн Х ирсэн юм. Тэрбээр “Энд 12 тонн цемент байгаа. Амгалан вокзал дээр хямд цемент бууж байхаар нь худалдаж авсан. Хар замаскны үйлдвэр ажиллуулах гээд Баянзүрхийн товчооны цаана үйлдвэрээ байгуулаад цементээ нөөцөлж байна. Урагшаа тоног төхөөрөмжөө захисан байгаа” хэмээн хэлсэн. Гэсэн ч тэрбээр удалгүй хуурамч цемент буюу цементийг үнстэй хольж уутлан зарж байснаа хүлээсэн. “Ийм аюултай зүйл хийж байгаагаа ойлгож байсан. Үргэлж хүнээс айгаад явах хэцүү санагдаад болихоор шийдээд замаск хийх гэж байгаа” гэсэн юм. Иргэн Х нь дөрвөн хүн, нэг ачааны машин хөлсөлж ажиллуулдаг юм байна.

Энэхүү хэргийг БЗД-ийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгахаар боллоо.

“Анхаар, орохыг хориглоно”-ы цаана...

“Анхаар, орохыг хориглоно. Камертай. Төрийн өмчид зөвшөөрөлгүйгээр халдвал хуулийн хариуцлага хүлээлгэнэ” гэх анхааруулга дараагийн хуурамчаар цемент үйлдвэрлэж буй гэх газрын хашаан дээр өлгөөтэй байв. Энэ бол Амгалан орчим Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн хашаа. Төрийн нэрээр айлган сүрдүүлэн, хашаан дотор байрлах тоосгон барилга дотор хуурамчаар цемент үйлдвэрлэж буйг НМХГ-ын урьдчилсан шалгалтаар илрүүллээ. Энэхүү барилга руу мөн л өөр нэг барилга барьж буй компанийн хашааг дамжиж ордог юм байна. Хайгаад олоход хэцүү газар, нууцлагдмал байдалд ийнхүү хууль бус ажиллагаа өрнөдөг байна.

Биднийг очиход тус барилгыг түгжээд явжээ. Дотор нь хүн байхгүй байсан ч мөн л өмнөхийн адил нэг өрөөнд их хэмжээний задгай цемент нөөцөлсөн байв. Цонхоор нь хоёр ч холигч техник харагдах бөгөөд үндэсний үйлдвэрийн цемент их хэмжээгээр байлаа. Эхний үйлдвэрийг бодвол “их гарынхан” үйл ажиллагаа явуулдаг бололтой. Учир нь, барилга, тоног төхөөрөмж, нөөцөлсөн цемент зэрэг нь хэмжээгээрээ их байсан юм. Барилгын хойд талын жалганд их хэмжээний архины шил хаяжээ. Хууль бус ажиллагаа, их хэмжээний мөнгийг дагаад архидалтын үүр уурхай бий болсон нь илт.

“Ботаникийн цэцэрлэгийн хашаа өмнө нь торон хашаатай байхад айх аюулгүй зугаалж, салхилдаг байсан ч одоо бол барилга баригдаж, хашаалснаар хаана нь ямар үйл ажиллагаа явуулж байгаа нь ч мэдэгдэхгүй, аюултай орчин болсон” хэмээн ойр хавийн иргэд хэлсэн.

Тус барилга руу дамжиж ордог барилгын компанийн харуулуудаас тодруулахад “Энэ байшин руу ачааны машинтай цемент ороод буцаад гардаг. Яагаад оруулаад, гаргаад байгааг нь ойлгодоггүй байсан юм. Заримдаа том оворын функертэй цемент ч ирдэг” гэв.

Энэхүү хэргийг мөн л БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгахаар боллоо.

Цемент үйлдвэрлэгчид мөрдөгч биш ч...

Үнстэй хольсон хуурамч цемент гадуур худалдаалагдаж буй нь нэгэнт илэрсэн учраас баталгаатай газраас найдвартай бүтээгдэхүүн худалдаалахыг НМХГ-ын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Жаргал анхааруулаад, “Бид сарын өмнөөс иргэдийн гомдлоор тандалт шалгалт хийж байгаа. Нийслэлд хуурамч цемент үйлдвэрлэж буй долоо, найман цэг байгааг иргэд хэлж байна. Цементийн худалдаа эрхлэгчид хуурамч цемент үйлдвэрлэгчдийг ч сайн мэддэг. Тэдний заримыг нь илрүүлэн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Цаашид цемент үйлдвэрлэгчидтэй хамтран гэрээт борлуулагчдыг хаягжуулах, иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах ажлыг хийнэ. Тиймээс иргэд баталгаатай газраас цемент худалдан авах шаардлагатай байна. Хуурамч цемент худалдан аваад хохирсон тохиолдол гарсан бол яаралтай манайд хандаж, гомдлоо гаргахыг хүсье” гэсэн юм.

5.jpg

Цемент нь хуурамчаар үйлдвэрлэгдэж буй компаниудын төлөөлөл “Бид бүгд л уутаа БНХАУ-д үйлдвэрлүүлдэг. Үндэсний үйлдвэрлэгчдийн уутыг их хэмжээгээр оруулж ирээд, ийнхүү хуурамч бүтээгдэхүүн дотор нь савлаад худалдаалж байгааг таслан зогсоохын тулд бид өөрсдөө хүртэл мөрдөлт хийж байна. Цементийн уутыг багахан онгойлгоод түүгээрээ цементийг нь соруулж аваад үнстэй холиод буцаагаад савладаг үйл ажиллагаа явагдаж байсныг ч илрүүлээд байгаа. Цаашид бүтээгдэхүүнээ худалдаалах баталгаатай цэгүүдээ шинээр хаягжуулж, иргэдэд мэдээлэл түгээх ажлыг хийх болно” хэмээн хэллээ

Б.Цэдэвсүрэн

Санал болгох

Тусгай үүргийн онгоц Туркийн Истанбул хот руу хөдөллөө

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Туркийн Истанбул хотоос иргэдээ татаж авах тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

1 цагийн өмнө
Өчигдөр шөнө 13 машин мөргөлдсөн ноцтой осол гарчээ

Хайлаастын замд арван гурван машин мөргөлдсөн ноцтой осол гарч таван хүн хүнд гэмтсэн байна.

1 цагийн өмнө
Аялал зугаалгаар аядуу тайван зорчихыг “ЯАРААД ЯАХ ВЭ ДЭЭ” аян сануулж байна

Орон нутгийн замд бүртгэгддэг ослын 46 хувийг мөргөлдөх, 9.9 хувийг явган зорчигч дайрах, 28.2 хувийг онхолдох, 3.7 хувийг мал амьтан дайрах хэлбэр эзэлдэг байна. Иймд хөдөө орон нутагт зорчихдоо анхаарал болгоомжтой байж, болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

15 цагийн өмнө
ДХИС-ийн “Төв номын сан-спорт цогцолбор”-ын барилгын нээлтэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж оролцлоо

Нээлтэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж болон тус яамны харьяа агентлаг, байгууллагын удирдлагууд, ДХИС-ийн захирал, доктор, профессор, хошууч генерал Ш.Лхачинжав,  үе үеийн захирлууд, багш албан хаагч, сонсогч, оюутнууд оролцов.   

17 цагийн өмнө