УНШИГЧ | БӨӨГИЙН ДОМОГ

2020 оны 6 сарын 152020-06-15
УНШИГЧ | БӨӨГИЙН ДОМОГ

Яруу найрагч, зохиолч, орчуулагч  Г.Аюурзанын “Цаг хугацаа амсхийх зуур”, “Философийн шүлгүүд”, “Non Plus Ultra”, “сэтгэл рүү шагайгч Түүнд” "Бясалгал" зэрэг яруу найргийн номууд, “Дурлалгүй ертөнцийн блюз”, “Амь тавьж буй шувууны далавч”, "Дурлал зохион бүтээгч" богино хэлбэрийн хүүрнэл зохиолуудын эмхэтгэл, “Гурамсан цадиг”, “Бөөгийн домог”, "Шүгдэн", "Цагаан Хар Улаан", "Судасны чимээ", "Сахиуст Хангайн нууц", "Сүнсний томьёо" романууд, “2х2=6 буюу Суут жаран сэтгэгч”, “Орчин цагийн аугаа их сэтгэгчид”, “Зэн-буддизм: Амьдралаас ангижрахуй” зэрэг философи-уран сайхны сэтгэлгээний 10 боть номын барааг хараагүй, уншаагүй хүн ховор биз ээ. 

Манай сайт энэ удаа түүний  буриад түмний үндэс угсаа, соёл ухамсарын сүйрлийг бөө мөргөлийн сэдвээр бэлгэдэн дүрсэлсэн "БӨӨГИЙН ДОМОГ" номыг "Уншигч" буланд онцолж, гурван уншигчийн сэтгэгдлийг бэлтгэлээ. 

_________________________________________________________

44.jpg

Б.ГАНБАТ

Бөөгийн домог нь зохиолчын хоорондоо шүтэлцээт дөрвөн роман болох “Бөөгийн домог, Шүгдэн, Цагаан Хар Улаан, Судасны чимээ” зэргийн эхнийх нь юм. Энэ дөрвөн романаараа зохиолч Монгол улс үндэстний хуваагдал, хэрчигдмэл байдал, хэрхэн хилийн чанад дахь бидний гарвал, угсаа нэгтнүүд өөр улсын харьяа болсон гээд Монголчуудын өнөөдөр төдийлөн сайн мэддэггүй, эмзэглэдэггүй болчихсон түүхэн сэдвээр дэвсгэрлэн бичсэн.

“Бүтэлгүй дурлалын гашуун дурсамжаасаа зугтаж л аврагдах юм шиг үе бий. Цаад хүнээ хэзээ ч бодохооргүй тийм ер бусын газар олж чадвал, тэгээд тэндээ бүгчихвэл, амьдрал хөнгөн болчих юм шиг битүүхэн горьдлого төрдөг. Сэтгэл эмтэлсэн ийм нэгэн дуртгалын хар шуурга Тэнгисийг төрөлх хотоос нь хөөн цөлжээ” ном ийнхүү эхэлдэг.

Тэнгис гэх залуу ахуй амьдралынхаа мэдрэмжээсээ зугтаж Байгаль далайн баруун эрэгт орших Туулайт хэмээх арал дээр ирж буйгаар өрнөж түүний энд долоон жил өнгөрүүлэх амьдрал, энэ арал дээрх хийгээд магадгүй дэлхий дээрх сүүлчийн жинхэнэ бөөгийн талаар, мөн буриад зон олны талаар бүхэлдээ өгүүлнэ. Бөө мөргөл, итгэл сүсэг бишиг, түүх, дурлал, хүний дотоод оюун санааны мэдрэмж гээд олон талын сэдвээр романыг төлөөлүүлж бичсэн тэр чинээгээр олон талаас нь задлан дүгнэж болохоор бөгөөд уншигч аль ч талаас нь уншиж, таашаах нь өөрийнх нь л сонголт гэлтэй. Молхи би ч бас өөрийнхөө мэдрэмжийг л бичиж буй тул танд хэрэггүй санагдвал тэвчиж ойлгоорой.

Түүнийг арал дээр анх хөл тавихад арлын эзэн савдаг гэгддэг цагаан толгойт бүргэд олон зуун жилийн дараа үзэгдэх болоод байсан үе таарсан бөгөөд арлын бөө нар ёслол үйлдэж, олон түмэн өргөл барьц барин ихэд сүсэглэн биширнэ. Энд ирсэн өдрөөс нь л ер бусын далд ертөнц угтаж, олон зүйл сонирхлыг нь татаж ганцаардлаасаа бага багаар холдох боломж олгоно. Хэнд ч хэлж яриад, ойлгуулах гээд нэмэргүй ганцаардал, гуниг гэж байдаг шүү дээ түүнд ч энэ л хүлээс байсан болхоор ярилцах, ойлгуулах гэхээс илүү бодит амьдралд л үйл явдал хайж олох гэж, өөрийгөө хуурах гэж нааш ирсэн нь зөвджээ. Туулайт арал дээр Бурхан хэмээх өвөрмөц тогтоц бүхий хад бий. Энэ хадаар дамжуулаад онгод сахиустай холбогдох нууц хаалганы тухай ярьсан Хагдай бөөгийн домогт итгэсэн Тэнгис сониуч зандаа хөтлөгдөн арал дээр тодорхойгүй хугацаагаар үлдэхээр шийднэ. Хагдай бол энэ арлын сүүлчийн жинхэнэ бөө бөгөөд түүний ярих домог, хууч яриа, амьдралынх нь талаар сонссон залуу түүний “тулмааш” буюу хэл нэвтрүүлэгч болж бөө мөргөлийн ертөнцрүү эргэлт буцалтгүй орохоор шийдсээр нэг л мэдэхнээ хэзээ ч төсөөлж яваагүй далд ертөнцийн амьдралруу орох алхам хийх нь тэр.

“Зовлонт дурсамжаасаа Тэнгис түр зуур л хөндийрөв. Нэг зовлонг мартахын тулд өөр өчнөөн зовлонд автах ёстой ч байж мэднэ. Шаналлыг эдгээх увдистай мөнхийн зүйлийн эрэлд хатах зуураа, өөрийг нь хажиглахгүй цорын ганц ертөнц бол хүссэн бүхэн өнгийж чадахааргүй, нууцлаг оюун санааны хязгааргүй уудам орон зай гэдгийг мэдэрчээ.” Дурлал нь хэдий чинээ үнэн, хүчтэй байна түүнийгээ мартахаас аргагүйд хүрсэн бол тэр хэмжээний л зовлон олж өөртөө үүрхээс аргагүй нь гарцаагүй байдаг ажээ.

Дурлал гэдэг ийм л төвөгтэй, жинхэнэ байх тусмаа жаргалтай, зовлонтой мэдрэмж нь хүчтэй болчихдог.

Амархан дурладаг, амархан мартдаг хүмүүсийн хувьд ингэтлээ цөхөрнө гэдэг инээдтэй, сул дорой санагдаж, ийм төвөгтэй байхгүй нь л мэдээж. Тэнгис арван естэйдөө анхны дурлалтай учиржээ. Өмнө нь уулзаж байгаагүй атал тэр охин бүр эртний танил шиг санагдаад, ямар нэг учир шалтгаанаар холбоотой юм шиг түүнд мэдрэгдээд өөрийнхөө нэг хэсэг болгон харж ухаангүй дурлана. Ухаангүй дурласан хүнээс л хамгийн тэнэг үг, үйлдэл гардаг ч байж магадгүй. Цагаасаа эрт хэлсэн үгээрээ дурлалаа дуусгахад хүрнэ. С.Есинений хэлсэн нэг үг байдаг даа. “Бид нэг л удаа дурладаг. Дараа нь түүнтэй төстэйг нь хайдаг” гэсэн энэ л замаар Тэнгис явсаар тэр охины инээмсэглэлийг санагдуулдаг нэг бүсгүйтэй учирна. Гэхдээ бүсгүй түүнийх байсангүй зүгээр л уулздаг байхыг илүүд үзнэ.

“Жинхэнээсээ гуниж үзсэн хүн л аз жаргалыг таньж мэддэг юм. Тийм чадвар суудаг юм” Амьдрал бидэнд бусдын өмнө худлаа байх орон зайг олгож болох ч харин өөрийнхөө өмнө, ганцаараа үлдэх үед үнэнээс алхам ч холдох боломж өгдөггүй. Тэнгисийн ганцаардал ч үнэнтэйгээ нүүр тулах өөрийгөө олох, дотогш өнгийх гэсэн эрэл байсан гэлтэй. Гуниг ганцаардал бол гайхамшиг.

За яриагаа товчлоё доо, хэтэрхий нуршуу болчих нь шиг байна.  Хагдай бөөгийн туулсан 16 жилийн эмчилгээ нэртэй галзуугийн эмнэлэг, хорих газрын тарчлаант амьдралаар нийт буриад зонд тохиосон амьдралыг төлүүлсэн гэж хэлж болмоор. 1730-аад оноос Байгал хавийн нутаг хүн ардынхаа хамт Монголоос таслагдан, Хаант Орост колоничлогдсон бөгөөд 1923 онд Буриад-Монголын өөртөө засах улс нэртэйгээр Зөвлөлтийн бүрэлдэхүүнд бүр мөсөн орсон ажээ. 1958 оноос Монгол хэмээх нэрийг хасч ОХУ-ын Буриад улс болон үүрд үлдсэн байна.  Бид түүх гэхээр 13-р зуунаар л хамаг бүхнээ төлөөлүүлж аугаа түүхтэй улс гэдгээ мэдэх боловч түүнийхээ хэмжээний сүйрэл, мөхөл дагуулсан хүнд хэцүү түүхэн цагаа одоо авч хэлэлцдэггүй ч юм шиг санагддаг. Өвөр Монгол, Шинжаан зүгийн Монголчуудыг Хятадууд, Халимаг, Буриадуудыг Оросууд гэж гадуурахдаг нь хэний хэзээ суулгасан үзэл суртал, аминчхан үзэл одоог хүртэл явсаар энэ бүх түүхийг мэдэхгүй, мэдэхгүй нь ч амар гэж итгүүлсээр ирсэн юм бол гэж асуумаар байдаг юм. 

_________________________________________________________

33.jpg

М.УНДРАЛ

ДОМОГ ЗҮҮДЛЭГДДЭГ АРАЛ ТИЙШ ТЭНҮҮЧИЛСЭН БОДЛУУД...

Авга эмээ минь Дорнодын Баяндунгаар нутагтай буриад. Өндөр чацархаг биетэй, хөрслөг бор арьстай, нүүрний яс нь хэтэрхий ч гэмээр урагш товойсон, эршүүд хөөрүү зантай, хар бор ажилд махруу, авир нь хөдөлвөл цөс ихтэй гээд эмэгтэй хүнтэй л хамаатуулж болох ялдам, энхрий, эмзэгхэн гэх мэт ерөнхий хэв шинжээс нэлээд гажуу. Тэр бас бөөрөнхий гэртээ найрлаж суух дуртай. Нэрмэлд халамцаад ирэхээрээ нэг л буриад дууг байн байн дуулна. Дуулахаараа уйлна. Нулимс нь зогсоо чөлөөгүй сул асгараад л дуулаад байна. Өөрөө түүнээ ер анзаарч хайхарсан шинжгүй. Би хоймрын орон дээрээ тухтайхан хэвтэж аваад найр дуусан дуустал эмээгээ дуулахыг, бас уйлахыг ажаад унталгүй хүлээнэ. “Инаг дураяа гамнаарай” гэх уулын хөлгүй дэгдэнгэ горхи шиг цолгиун хэмнэлтэй боловч сонсож дууссаны дараа удаан гэгч нь шүүрс алдмаар, гунигт автмаар дуу балчир наснаас чихэнд минь тийн хоногшжээ. 

Хамаг буриадын задрал мөхөл, дарлагдал доройтол, гүн цүнхээлд унагасан дусал нулимс шиг их гүрний урсгалд уусан алдарсан, улам бүр живсээр хүрэхийн эцэсгүй холдон одож буй хэл соёл... ийм гунигт түүхийн дэргэд бид жаргалтайгаар дуулалдаж, цээжээ дэлдэн омогшиж, нэгнээ дөгөөж хөөргөдөхийн аргагүй. Бушуухан согтож аваад, хоолойд торсон хур үгсийг ая дагуулан сул орхиж, цээж зангируулсан бачуурлыг нулимс асгаруулан урсгаж суух нь яагаад ч нэмэргүй болсон амьдралд тэсэж үлдэх ганц хүч болдог ч байж мэднэ. 

Эмээгийн өвгүүд хувьсгалын он жилүүдэд эсэргүү нэрээр хядагдсан, эцэг нь хэдэн хүүхдээ дагуулан мөр буруулж, нутаг сэлгэхээр энд ирж суурьшсан гэх. Хөгшчүүлийн байнга л ярьдаг, эл долд тооцогдох болсон байдаг л нэг түүх. Нийтээр нь аваад үзвэл түүхийн сурах бичигт үлдсэн хэдхэн хар мөр. Гэвч, нэг нэгээр нь мөшгөн хөөвөл хүмүүний нэг насны амьдрал ямархан ээдрээ орооцолдоонтой, бартаа саадтай байдгийг сонссон хэнбугайн ч зүрх хөндүүрлэмээр хүүрнэнэ. Гунигт түүхийн хэлтэрхий болсон хүмүүнд энэ насны нь амьдрал гунил гутралаар дүүрэн өнгөрөх тавилан тохиодог биз ээ. Магадгүй, ямагт цээж зангирч, эгнэгт нулимс ойртой явах тавиланг би ч мөн тэднээс өвлөсөн юм бил үү?

Хүүхэд насанд ойлгомжгүй зүйл олоон. Эмээгээ тэр үед архины халуунд дэмийрч байна хэмээн боддог байсандаа одоо би өөрийгөө зэмлэдэг юм. Эмээ минь бусдын нүдэнд амьдралыг чанд хатуу, шударга хичээнгүйгээр туулж өнгөрүүлсэн дайчин эмэгтэй. Харин дотроо хэрхэн эмтэрч, нурж явсаныг өөрөө хүүхэн болчихоод нэрмэлийн аагинд нүдээ исгүүлж, нулимсаа хөвүүлж суухдаа л там тум ухаарах шиг болж билээ...

Номын тэмдэглэл бичих гэж энэ хүртэл хадуурсныг минь уншигч та уучилж болгооно биз ээ. Бид бүгд нэг л ижил ном уншивч түүнээс хүртсэн, түүнээс үүдсэн, түүнээс салаалж ургасан сэрэл, мэдрэмжүүд маань хэрхэн түмэн янзаар хөвөрч ор тас мартсан, эсвээс гэнэ сэрэггүй туучаад өнгөрсөн холхи алсыг бодол санаанд минь ямархан тодоор зурж, нэхэн сануулдгийг л учирлах гэж ингэтэл нуршсан юм шүү. Нөгөөтэйгүүр тэмдэглэл бичиж буй уг ном буриадуудын уг гарвалаас эхлээд одоог хүртэлх түүхийг дэвсгэрлэсэн тул номын уур амьсгалыг мэдрэхэд тань тус болно гэж найднам.

“Бөөгийн домог”-ийг хэвлэгдсэнээс нь хойш нэлээн хожуу уншсан. Хуудас дэлгэтэл, “Арван зүүдний өр”-ийн Тэнгис бүтэлгүй дурлалын шаналлаасаа ангижрах гэсэндээ гэнэтхэн л домог зүүдлэгддэг арал тийш зорьсон нь миний ч мөн цэглээд удаагүй учралаа мартаж ядаж буй цаг үетэй минь давхцаж таарсан юм. Бүх зүйл өөрийн цаг хугацаатай гэдэг. Уншиж буй ном маань ч уншигдах ёстой тэр л цаг хугацаандаа бидний өмнө хуудсаа дэлгэдэг биз ээ. Тэнгистэй хамт өвлийн тэсгим хүйтнээр Байгалын эргээр, Ойхон арлаар, Хагдай бөөгийн ахуй амьдралаар, буриадуудын өр эмтлэм гунигт түүхээр туучихдаа би ч бас өнгөрсөн дэх гашуунаасаа хагацсан юм.

Ямарваа нэг номын хуудсыг дэлгэхтэйгээ зэрэг л бид зохиолын гол баатрын дэргэд зогсоод яг нэг шугамнаас зохиогчтой хамт өөрийн түүхээ хүүрнэж эхэлдэг. Зохиолын баатар өнгөрснөө дурсан гуниглавал бид ч мөн өнгөрсөн дэх хамгийн гунигтай үеэ дурсамжаасаа уудалж гаргаад нэхэн санагалздаг. Зохиолын баатар юунд ч юм өөрийгөө яллавал бид ч бас золгүй амьдралынхаа цор ганц буруутнаар өөрийгөө зарлаж өчиггүй эрүүдэн шүүдэг. Зохиолын баатар аз жаргалтай учирвал бид ялгаагүй л өөрийгөө эвийлэн хайрлаж, би ч бас аз жаргал хүртэх эрхтэй хэмээн өмөлзөж, ирээдүй надад ямар нэгэн сайхан юм бэлдсэн мэт баяр хөөрт автдаг. Ингэж зохиолын баатруудтай хамт өөрийн оршихуйгаа чирж явсаар өөртөө дахин нэг амьдрал зохиож дуусаад номоо хаадаг билээ. 

Бидний өмнө маш олон сонголт байдаг. Хүн бүрт хэзээ нэгтээ, хэрэв би тэр үед тэгсэн бол одоо арай өөрөөр амьдрах байсан даа, хэрэв би тэр үед тэгээгүй бол амьдрал хааш эргэх байсан бол доо гэх бодол төрдөг байх. Үгүй ч байж болно л доо, ямартай ч уншигч та надтай адил ийм бодол, төсөөлөлд автаж байсан бол, нэмээд Борхесийн “Салаа замууд давхацсан цэцэрлэг”-ийг уншсан бол миний хэлэх гэж мунгинаад буй санааг төвөггүй ойлгоно. Бид туулж өнгөрүүлж болох өчнөөн олон амьдралын хувилбаруудаас нэг удаагийн сонголтоосоо болоод, эсвэл хувь тавилан цаанаас нь ингээд зурчихсанаас үүдээд зөвхөн ганц хувилбараар нь л амьдарч үздэг. Хэрэв Тэнгис тэр нэг өдөр тэр эмэгтэйд дурлаагүй бол, дурлалаа гэхэд тэр нь бүтэлтэй болсон бол, бүтэлтэй болоогүй байлаа ч тэгтлээ их шаналаагүй бол Байгалыг зорих шалтгаан ахиж ер гарахгүй байсан байж мэднэ. Энэ номд Тэнгисийн “нэг сонголт”-оос үүдсэн “нэг амьдрал”-ынх нь “нэг хувилбар” гарч байна. Нөгөө тохиолдолд тэр нэг өдөр тэр эмэгтэйд дурлаагүй Тэнгис одоо хаа нэгтээ оршиж буй, бас л олон олон сонголтуудаас цор ганцыг нь сонгоод амьдарч байж таарна.

Бид эхний алхмаа хийхэд “тийм”, “үгүй” гэсэн хоёр сонголт тулгарна. “Тийм”-ийг сонголоо гэхэд ахиад “тийм”, “үгүй” гэсэн сонголт гарч ирнэ. Алийг нь ч сонгосон бай дахиад л “тийм”, “үгүй” гэсэн сонголтууд геометр прогрессоор тасралтгүй хөвөрнө. Хөврөх хөврөхдөө бүр магадлалуудтайгаа хамт хөвөрнө. Тэгэхээр энэ цаг хугацаанд би үүнийг бичээд сууж байвч мянга түмэн өөр нэгэн би өөр өөрсдийн сонголтоороо ямар нэгэн үйл хийж байгаа. Хамгаас сонирхолтой нь, хязгааргүй олон “би” өөр хоорондоо таарахгүйгээр, огтлолцохгүйгээр зэрэгцээд амьдраад байгаа нь, тэр бүх хязгааргүй олон “би”-г багтаагаад, дааж оршоод байгаа энэ огторгуй, энэ бүх хязгааргүй огторгуйг ч өөр хооронд нь мөргөлдүүлэхгүйгээр тогтоон бариад байгаа тэр “зүйл” юм. Байгалаас буцахдаа Тэнгис “тэр зүйл”-ийг таньж мэдээд, ойлгож ухаараад буцсан. Та ч мөн уг номын турш Тэнгисийн хамтаар хэрэн сажлахдаа “тэр зүйл”-ийг ойлгоно гэж найдна. Мөн бидний ойлгосон “тэр зүйл” өөр хоорондоо нийцэж байх албагүй тул өөр өөрийнхөөрөө тунгаана биз ээ...

Аюурзанын зохиолуудыг нэг эхлүүлсэн бол дундаас нь орхино гэж байхгүй. Маш амттай, салахын аргагүй амттай бичдэг зохиолч. “Бөөгийн домог” уншихад амттайгаас гадна ямагт асуулт дагуулж байдаг, нэг асуултын хариуг баримжааллаа ч дахиад л асуулт ургаад гараад ирэх, тэр хэрээрээ бодол, төсөөллийг улам бүр баяжуулаад л байх зохиол.

Тиймдээ ч хязгааргүй уудамд тэнүүчилсэн олон салаа бодлуудаа нэг дор эмхэлж буулгах гэж би хэрдээ л зүдлээ. Тэнгис бүтэлгүй дурлалын шаналлаа л эдгээх гэж Ойхон арлыг зорьсон бол буцахдаа бүхий л ертөнцөөс ангижраад, магадгүй бүхий л ертөнцийг ойлгоод ирдэг. Тэнгистэй хамт ингэж хэрж амьдрах хугацаандаа би ч бас өөрт тохсон буулга дөнгөнөөсөө ангижирсан шиг нэг их амар амгаланг мэдэрч, тайвшралыг олж билээ. 

Уран зохиол уншигчийн өмнө хүлээсэн ямар нэг үүрэггүй гэдэг. Бид ч номоос ухаарал авах гэж уншдаггүй байж болно, ном ч бидэнд ухаарал өгөх гэж бичигдээгүй байж болно. Гэхдээ л уншсан ном бүрийнхээ дараагаар бид өмнөхөөсөө өөр болсон байх ёстой. Өмнөхөөсөө арай энэрэнгүй, арай ууч, арай илүү хүнлэг, ахуйн аахар шаахарт буртаглагдаад байхааргүй хаттай болсон байх ёстой. Мөн тийн өөрчлөх номыг л бид унших ёстой!

_________________________________________________________

22.jpg

Д.МӨНХ-ОЮУН 

Хэн ч байхгүй өрөөнд гав ганцаар мөртлөө хэн нэгний хүнд амьсгаа чихний хажууханд мэт сонсогдох тэр мэдрэмж… Танд тийм мэдрэмж төрдөг үү? Айж сандрахаас гадна андуурсан байх боломжтой аваас амьсгалаа даран байж сонсох төдийд л өнөөх үл мэдэгдэх амьсгал улам бүр ойртон яг хажууханд тань сонсогдох мэт тэр мэдрэмж… Үүнийгээ би айдас гэж нэрлэдэг юм. Айдас. Харин миний мухар сүсэг олон жилээр үргэлжилсэн сүнслэг /Би ингэж нэрлэх дуртай- Сүнслэг мэдрэмж/ энэ мэдрэмжээ тэнгэр шүтлэгт бөө мөргөлтэй холбон ойлгож бас түүнд итгэх гэж хичээн байж уншсан зохиол маань энэ байсан юм.

Этгээд дүртэй сахиуснууд, сэгсгэнэж сагсагнасан тоног, хэнгэргийн нүсэр нүргээн, Хан тэнгэрийг харгитал, Хатан дэлхийг доргитол дуудна гэхээс л хамаг бие дагжин чичирч, урд хойд төрөл гэж байдаг бол тэндээ хийсэн гэм нүглийн минь төлөөс энэ амьдралынхтай минь нийлж айдас хүйдсээр намайг энэ зүгт хөтөлсөн байж ч мэдэх юм. Илүүг мэдэх тусам тэнгэрийн гэсгээл хүртэнэ гэхээс улам бүр эмээнэ. Чухам үгүй ч байж мэднэ. Хэн мэдлээ. Бага багаар зүрх үхнэ….

Хүмүүний дээд заяа, өвөг эцгийн минь ариун сүнс онгод тэнгэрийн өмнө бараалхана, тэдний төрхийг үзнэ гэхээр л ухаан алдах шахам айдаг надад зөв ойлголт зөв мэдлэг өгсөн хэдэн сайн зохиолын нэг нь нэрт зохиолчын Бөөгийн домог байсан юм.

Ядмагхан юм бичихээс эмээж байсан ч бүтээлээс авсан өөрийн мэдрэмжийг айдас гэгч том дайсантайгаа нүүр тулан байж таньтай хуваалцах нь зөв гэж үзлээ. Ном бүхэлдээ Тэнгис хэмээх жирийн нэгэн залуугийн Туулайт арал дээр өнгөрүүлсэн долоон жилийн амьдралын богинохон боловч ер бусийн хэмээж болох түүхийг төдийгүй жил ирэх тусам бага багаар мөн чанараа алдаж буй Бөө мөргөл, тэр дундаа бурайд зон олны талаар өгүүлнэ.

Бүлэг бүрт, уран тансаг үг хэллэг онгод тэнгэрийн дуудлага, онц сонирхолтой үлгэр домог, хууч яриа бичигддэг нь яг л бидний багад эмээ өвөөгийндөө очоод сүү хөөрөх зуур илч галын гэрэлд үлгэр домог яриулсаар түмэн зүйлийн зүүд үзсээр тайван нойрсдог байсан үеийг минь санагдуулж билээ.

Зохиолч энэхүү номондоо бөө мөргөл хийгээд шарын шашны онцлог адил төстэй талуудыг чадахынхаа хэрээр дурдсан бөгөөд бусад энэ төрлийн номууд хэт нэг талыг барьсан, аль нэг талыг тэнгэрт тултал нь магтсан байдаг бол Бөөгийн домог роман эсрэгээрээ үнэн худлын дэнсэн дээр дэнслэгдсэн, он цаг түүхийг хувьд багагүй хийсэн судалгаа шинжилгээн дээр тулгуурлан бичигдсэн нь уншиж эхэлсэн хэн бүхний нүдэнд илхэн буй заа. 

Бөө хүний жинхэнэ унаа, аргамжит хүлэг төдийгүй дээд тэнгэрт саадгүй зорчиход нь зайлшгүй байх хэрэгсэл нь тэдний хэнгэрэг юм гэнэ. Хэнгэргийг юугаар бүрнэ түүгээрээ дээд тэнгэрт зорчиж, онгод тэнгэрүүдэд бараалхах жам болой. Иймээс л эдгээр нь элдэв амьтны арьсаар бүтэж, нууцлаг ид шидийн гэмээр этгээд амьтад сийлж дүрсэлдэг ажээ. Юм бүхэн утга учиртай. .... Гуниг бол хүний хамгийн эрхэм чанар. Бид өөрсдөөсөө болоод л гуньдаг юм биш. Бид бол хаа нэгтээх хэрээ, дорго, нохойны л, хүний биеийн хэвэнд цутгасан дүрс төдий амьтад. Хүн бол ертөнцийн төв бус, ертөнцийн төвд ургаж буй модны ердийн нэгэн залтас нь. Үүнийгээ далдханаа мэдрэхэд бидний сэтгэлд гуниг төрдөг... 

Хязгаар нь үгүй түнэр харанхуй дунд таг гацчихаад хаашаа явахаа мэдэхгүй төөрч бүдчин явна гээд өөрийгөө төсөөлөөд үз дээ. Тэндээ удвал үхэж ч мэдэх тийм түнэр харанхуй. Тэгвэл хаа нэгтэйгээс ирсэн хэн нэгний зөөлхөн гар чимээгүйхэн танийг гэрэл үзэгдэх тэр газар луу хөтлөн алхаж байна гээд бас төсөөлөөд үз дээ. Булбарай гараас хөтлөн алхах хэнбгуайн ч сэтгэлд амьд үлдэхсэн, амь аварсан ачтанг харах гэсэн итгэл төрнөө дөө. Харамсалтайгаар нь төгссөн Хагдай бөөгийн хажуудаа авч үлдэж чадаагүй хайрын түүхийг энд өгүүлнэ. Сэтгэл гэгч зүйлийг өгөх хүнтэй учирсан л бол урваж шарвах боломжгүй болдог ажээ. Ай хүмүүн гэгч уг нь ийм л сайхан эрдэнэ байгалиас бэлэг болгон авчээ.

Тэнгэр шүтлэгт монгол түмэн бид тэртээд өнгөрсөн он жилүүдийн эхнээс л хувь заяагаа өвөг дээдэс, хөх тэнгэртээ даатган ирсэн. Гэсэн авч засаг төр солигдох, зам мөрийн өөрчлөлтөөс болоод Бөө мөргөл нэр хүндээ ихээхэн алдсан билээ. Үүх түүх, үндэс угсаа, хэл язгуураа бид бага багаар алдаж байгаа нь үнэнээс үнэн. Хүүхэд багачууд шинэ үеийнхэндээ угсаатан зүйн онцлог, үндэс язгуураа ямагт сануулан сургах нь хойшид үлдэх үр хойчийн төлөө хийж чадах хамгийн том үйл билээ. Хэн ч болсон бай, хэн ч байсан бай үүх түүх үндэс угсаа, хэл соёлоо гээж үл болно. Энэхүү зохиол нь танийг хэсэг хугацаанд ч болов үүх түүхийг үнэн мөрөөр алхахад тань тус болно гэж найдаж байна...

Угаагдаж цэлмэсэн сэтгэл минь

уснаас гүн, шүүдрээс нам

Хуурай мөчрийг тань амилуулахаар

Худгаас тэр айсуй

Ууж хайрла мод эжий минь

Санал болгох

Монгол жүжигчдийн тоглосон кино ирэх сард нээлтээ хийнэ

Энэхүү киноны гол дүрд монгол жүжигчин Б.Ганчимэг тоглосон юм. Мөн Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Б.Гүрсэд , Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тоглосон юм.

7 өдрийн өмнө
Долдугаар сард аялвал зохих долоон газар | Хөвсгөл нуур

Дэлхий нийтэд коронавирусийн халдвар тархаад байгаа энэ үед дотоодын жуулчид л аялал жуулчлалаа аврах боломжтой юм. Тиймээс бид гадаад дотоодын хэнбугай ч хөл тавихыг хүсдэг Хөвсгөл нуур руу аялахаар зорьж буй аялагчдад амралтын газрын үнэ ханш, хэрхэн очих тухай мэдээллийг хүргэж байна.

7 өдрийн өмнө
Дуучин УКА аавдаа зориулж дуу бүтээжээ

"The VOICE Of Mongolia" шоуны шүүгчээр ажиллаж байх үед аав нь бурхан болсон юм. Гэсэн ч тэрбээр шоугаа амжилттай өндөрлүүлсэн билээ.

9 өдрийн өмнө
"Д.Нямхүү эмчийг зураад урам авсан, одоо цагдаа, онцгойгийнхноо алдаршуулна"

Энэ цагийн эгэл баатруудад зориулж үлэмж хэмжээний ханын зураг зурж талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн ах дүү зураачдаас ярилцлага авлаа. Тэднийг Б.Даваажаргал. Б.Бямбажаргал гэдэг. Төрсөн ах дүү хоёр. Аав ээжийнх нь аль аль нь зурах авьяастай учраас багаасаа зураг зурах хоббитой байжээ. Ах дүү хоёр хамтарч ажиллаад найман жилийн нүүрийг үзэж байна.

9 өдрийн өмнө