УНШИГЧ | ХӨХ ӨВСНИЙ ШҮЛЭГ

2020 оны 6 сарын 172020-06-17
УНШИГЧ | ХӨХ ӨВСНИЙ ШҮЛЭГ

Дорнын их яруу найрагч Д.Нямсүрэн он он жил аглаг дайдад сууж олон дэвтэр шүлэг бичиж, олон жил дарсан шүлгийнхээ охь дээжийг  уншигчиддаа дэлгэн “Сэтгэлийн байгал”, “Хаврын урсгал”, “Миний шүлгийн хүүхнүүд”, “Аглагхан талаасаа” зэрэг номуудаа бичсэн билээ.

Манай сайт энэ удаа түүний  "Ирж яваа цаг"  "Амитаба"  "Сарны цагаан үүлс" яруу найргийн түүврийг уншсан нэгэн залуугийн тэмдэглэлийг хүргэхээр бэлтгэлээ. Түүнийг Б.Хорвоо гэдэг. ӨМӨЗО-ы Ордос хотод төрж өссөн бөгөөд энэ жил Соёл урлагийн их сургуулийн харьяа Радио, телевиз медиа урлагийн сургуулийг төгссөн юм. 

___________________________________________


Хөх өвсний шүлэг, дарстай найрч тэнгэр болоод
Хөдөөх байгальд гүйлдэх олон гөрөөс ирж уунам 
/Д.Нямсүрэн “Номын өлгүүрийн дэргэд”/

Өвсний өнгөтэй шүлгийн ном уншиж сууна. Үг бүрээс нь өвсний үнэр ханхалнам. Өвсийг тасдаж аваад үндэснээс нь үзүүр хүртэл ханатлаа нэг үнэрлэх мэт... Тийм шинэ соргог, гэгээн тунгалаг мэдрэмжийг “Ирж буй цаг”, “Амитаба”, “Сарны цагаан үүлс” хэмээх энэ гурван сайхан номоос авч билээ. Ирж буй цаг... Ирж буй цагийн яруу найрагч... Данзангийн Нямсүрэн...

“Яруу найрагт хил дээс байхгүй. Чийг даасан өглөөгүүр захаа босгочихсон, хөлөө чирсээр арай ядан гэртээ ирэхэд чинь үүдэн дээр тэр хүлээж байна. Горхины захад, чидүн модны мөчир дээр, гэрийн чинь дээвэр дээр ч магадгүй. Юм бүхэнд нууц буй. Яруу найраг ч нууц. Зөрж өнгөрөх хүн, чиний нүдэнд туссан бүсгүй, зам хөндлөн гүйх нохой... Энэ бүхэн яруу найраг” хэмээн Испанийн агуу их яруу найрагч Федерико Гарсиа Лорка хэлсэн байдаг. Тэгвэл Данзангийн Нямсүрэнгийн хувьд өвс, дэрс, навчис... түүний яруу найраг нь байсан юм. 

“Түүний яруу найргийг тайзан дээрээс унших бус, уншигч нэгэн бээр нам гүмийн дунд шүлэгтэй хоёулхнаа үлдэн ярилцсан тохиолд ид шидээ таниулдаг уран бүтээл юм. Тэгэхдээ уншигч бүхэнд ижил сэтгэл, бодол, таашаалыг бус, хүн бүрт өөр өөрийнх нь оюуны савны хэмжээгээр хүртээдэг нь гайхамшиг юм. Ийнхүү тэр уншигчтайгаа хамтран яруу найргийг бүтээдэг уран бүтээлч байлаа” хэмээн хэл бичгийн ухааны доктор Б.Магсаржав “Данзангийн Нямсүрэн буюу яруу найрагчийг нээхүйн утга” өгүүлэлдээ бичжээ.

Зуны зургадугаар сард
Ганц шар навч модноос тасарч унадаг
Тэр бол миний шүлэг! /Д.Нямсүрэн “Цэнхэр дуу”/

Ганц шар навч модноос тасарч унахыг чагнанам... Зургадугаар сарын нам гүмийг сэтгэлээрээ мэдэрч, Данзангийн Нямсүрэнгийн шүлэгтэй, миний хайртай өдөр хоногууд өнгөрсөөр... өвсний тухай... дэрсний тухай... навчсын тухай төсөөлөл минь үргэлжилсээр...

Данзангийн Нямсүрэнг сэрүүн тунгалаг байхад, түүнтэй сэтгүүлч Ш.Сүхбаатарын 2002 онд хийсэн нэгэн ярилцлагад тэрээр: “Миний шүлэгт өвс, шувуу хоёр их. Тэр хоёр шүлгийг дэглэж онгод оруулдаг. Энэ бол шүлгийн нууц. Би өвсийг бөөгийн дуудлага шиг дуудаж шүлгээ бичдэг. Гэхдээ өвсийг яаж амьдруулахаас болдог юм. Унасан хөх өвсийг бодоод бичдэг. Тэгээд нэг юм бүтдэг. Хамгийн гол нь их ажиглалт. Байгаль бол өнгө, зураг, маяг” гэж өгүүлсэн байдаг.

Тийм ч учраас, яруу найрагч Ж.Нэргүй Данзангийн Нямсүрэнгийн уран бүтээлийг бүхэлд нь “өвсний философи” хэмээн томьёолсон билээ.

Өнөө мань мэт хийгээд мөн эртний нэгэн шүлэгч
Үүднээ ургах ногоог харан бийр бэхэс нийлүүлж
Үзэгдэгч үүл, хөх тэнгэр, гүн алсын тухай
Өгүүлэмж зохиож орхиод бас л тэгээд одсон буй заа. /Д.Нямсүрэн “Өгүүлэмж”/

Эртнээс эдүгээг хүртэл өрнө дорнын олон яруу найрагчид өвснөөс шүлгийн тунгалаг мэдрэмж авч, бийр бэхсээрээ хээрийн борог өвсөнд яруу найргийн өнгө будаг дусаасаар ирсэн билээ... Манай эриний 772-846 оны хооронд амьдарч байсан Тангийн их яруу найрагч Бай Зюй И-гийн өвсний тухай сайхан шүлэг бий. Үүнээс гадна Тангийн Ду Фу, Сүнгийн Шин Чи Жи...нарын яруу найрагт өвсний тухай олон сайхан мөрт байдаг.

Өвс зундаа ногоорч, намартаа шарласаар өнөөг хүртэл урган байгаа нь яруу найраг амьд гэдгийг гэрчлэх мэт...

Эртний олон шүлэгчидтэй адил “Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч” Данзангийн Нямсүрэн ч өвсний үндсээр “бийр” хийж, өвсний үнэрээр “бэхэс” болгон яруу найргаа тэрлэдэг байжээ. Тийм ээ, тэрээр:

Эртний Хүннүгийн хиргисүүр чулуун дээр ч бичигдээгүй шүлгийг
Эрээнцавын хөх хяруутай өвсний үзүүрээр цасан дээр зохиож... /Д.Нямсүрэн “Явлаа”/

явсан нэгэн билээ. Өвс түүний хувьд бийр бэхэс төдийхнөөр зогсохгүй зөн мэдрэхүй, онгод хийморь нь байсан юм. Энэ тухайгаа Данзангийн Нямсүрэн “Мөнхийн дуулал-миний эх орон” шүлэгтээ маш тодорхой бичжээ:

Цамц нэвт цохих цагаан мөндөр чинь энхрийхэн, 
Эх орон минь! 
Цармын ногоон халгай чинь миний мэдрэхүй, 
Эх орон минь! 

Өвлийн чинь жавар намайг хайраагүй илбэсэн юм
Эх орон минь! 
Өргөст бут чинь намайг хатгаагүй сэрэхүй өгсөн юм
Эх орон минь! /Д.Нямсүрэн “Мөнхийн дуулал-миний эх орон”/

Өвс ногооноос яруу найргийн мэдрэхүй түүж, өргөст бут нь уянга шүлгийн сэрэхүй өгсөн эх орныхоо хяруу цавцайсан чулуун дээр дэрсний үзүүрээр шүлэг бичих сайхан...

Энэ хаврын ангир шувуу
Эргэн ирж буугаагүй
Элсний захад ганцаар ургасан
Эгшиг тасарсан хайлаас хөөрхий дөө... /Д.Нямсүрэн “Сэтгэл зүрх эргэхүй”/

Яруу найрагчийн сэтгэлийн аглаг ганцаардлын манангаар бүрхүүлэн буйг энэхүү шүлэг харуулах шиг. Элсний захад ганцаар ургасан эгшиг тасарсан хайлаас... Яг тэр хайлаас шиг эгэл бөгөөд эрхэмсэг Данзангийн Нямсүрэн Эрээнцавынхаа хаа нэгтээ ганцаардаж явсан он жилүүд нь нүднээ тодрох шиг... Гэхдээ түүнээс эгшиг тасраагүй, яруу найргийн гэгээн өвс ямагт хувхайраагүй...

Их ганцаардал яруу найрагчийг өвстэй “яриулахад” хүргэсэн...

Энэ голын загас юунд яаран жирвэлзэж
Тэр шувуу тэнгэрт хаашаа ниснэм бэ? 
Ээждээ л тэд очих гэж явна гэж
Эргийн суль өвс салхиар надад шивнэлээ. /Д.Нямсүрэн “Ээждээ очицгооё”
/

Ийм гэгээн мэдрэмж яруу найрагчийг “өвсний хэл” ойлгодог, “өвсний философич” болгосон биз ээ... Эргийн суль өвс салхиар шивнэсээр, Эрээнцавд Нямсүрэн шүлгээ хэлхсээр...

“Өвс, шувуу, бүсгүй хүн бол түүний яруу найргийн гэрэлт дүр нь юм. Талд гялалзах ганц алтан харгана, бутны ёроолд хунгарласан алтан хазаар өвс, Хөх нуурын хөвөөгөөр тонголзох хөх лонхон тогоруу, талын тэнгэр дэх улаан хэлтгий сар нь түүний яруу найргийн байгальлаг ахуйг тодотгох агаад усны долгионд хөвөх адууны шар хомоол, хэцэн дээр угаасан юм тохож буй бүсгүйн өврөөс хоёр шувуу нисэх, түмпэн дотроос хэлхээтэй хоёр юм гаргаж өлгөх, түрүүчийн ниссэн шувууны үүр тэр байх, эгэл бүхнийг энгийн бус, дээд ярууслын мэлмийгээр харах билиг авьяас нь тал нутгийн эрчимлэг байгаль, Данзангийн Нямсүрэнгийн “сэтгэлийн байгаль” хоёр нэгэн биед нэгдэн найрссаны үр шим буй заа” хэмээн зохиолч Г.Мэнд-Ооёо Данзангийн Нямсүрэнгийн яруу найргийн тухай өгүүлсэн байдаг. 

Үнэхээр ч, түүний бүтээлд тал нутгийн эрчимлэг байгаль, өөрийнх нь “сэтгэлийн байгаль” нэгдэн багтаж, уянга шүлгийн уран ярууг харуулсан жишээ маш олон бий.

Өмнийн ногоон толгодын хөх униар амсаж
Өртөө замын хажууд
Хайлаас сэрвэлзэнээ... /Д.Нямсүрэн “Хайлаас мод”/
 

Ийм төгс гоо зохицол Эрээнцавд л харагддаг байх, ийм гэгээн тунгалаг мэдрэмж Д.Нямсүрэнгийн “сэтгэлийн байгаль” -ийг чимдэг байх...

Намайг эзгүйд нөхөд минь ирээд явжээ
Намрын навчис, өвлийн цас хашааг минь даржээ
Ахиад хавар ирээд зун болоход
Алтан тэрлэгтэй охид шиг ногоо ургажээ. /Д.Нямсүрэн нэргүй шүлэг/

Ганц шар навч аягатай цайнд унах нь
Ганга нуурын галуу ганганаж явах шиг.../Д.Нямсүрэн “Төгсчимэгт"/

Зүс майхан сараар чамд би гэр барьж өгнө
Зүсрэх шөнийн гэгээ чамайг тэгэхэд хучна
Зөөлөн шинэ өвсөн дээр хөлөө дураараа жийгээрэй
Зүүдний ийм ертөнцөд ирж байсан уу? урьд... /Д.Нямсүрэн “Улаанбаатарын тэр нэгэн охин зүүдэнд орж”/

Очиж байгаагүй дээ, өмнө нь. Орчлон дээр ийм сайхан орон байдаггүй учраас. Харин одоо очиж явна. Нямсүрэнгийн зохиосон зүүдний гэмээр тэр зүлэг ногоон орон зай руу очиж явна.

“Түүний шүлгүүдийг манай яруу найраг дахь үзэгдэл гэвээс зохилтой. Тэр бол Д.Равжаа, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн зиндааны найрагч гэдгийг хүссэн ч, эс хүссэн ч зөвшөөрөх цаг айсуй” хэмээн О.Дашбалбар бичиж байжээ. Айсуй тэр цагийн зүг алхсаар... Агуу Нямсүрэнгийн шүлгийн дундуур туучсаар...

Хөлийн тань хурууны салаагаар
Хөх ногоо ганц нэг хавчуулагдсан нь юутай яруу. 
Хөхөмдөг цэнхэр өглөөний шүүдэрт өвсөн дотор
Хөл нүцгэн зогсох хүүхэн чи юутай үзэсгэлэн. /Д. Нямсүрэн нэргүй шүлэг/ 

Гоо үзэсгэлэн тань алга болж
Гол ус адил энгийн болоход чинь
Би чамдаа
Дурлаж явсан үеийнхээ
Бичээгүй, хэлээгүй үгээ
Өвсөнд орхино... /Д.Нямсүрэн нэргүй шүлэг/

Өвсөнд орхисон янагийн шүлгийн ялдамхан мөрүүдийг нь түүж уншаад, хамт дурлаж, хамт гуньж... Хөхөмдөг цэнхэр өглөөний шүүдэрт өвсөн дунд хөл нүцгэн зогсох хүүхний гоо сайханд хамт бахархах юутай сайхан бэ.

Он он жилийн дараа 
Одод хэвээрээ гялалзана 
Он он жилийн хойно 
Харин би байхгүй байна. 
Чиний нулимсыг алган дээрээ дусааж 
Чийгтэй гараар хацрыг чинь энхрийлж
Яаж шүү тануусыг хайрлалаа даа 
Хонгор охид минь. 
Яг л тэр байдлаараа 
Өвсний үзүүрт шүүдэр болж 
Өлмийг чинь угааж аргадъя би! 
Он он жилийн дараа... /Д. Нямсүрэн “Он он жилийн дараа”/

Он он жилийн дараа олон юм устаж алга болно. Хайрын захиа, хайртай хосууд, хамгаас нандин өнгөгүй зураг... Харин зөвхөн ургаж буй өвс, унтраагүй мөрөөдөл хоёр л мөнх үлдэнэ. “Өвсний үзүүрт шүүдэр болж Өлмийг чинь угааж аргадъя би! Он он жилийн дараа...” Яасан гэгээн тунгалаг мөрөөдөл, ямар урт үргэлжлэх хайр вэ... Хайрын шүлэгтэй нь хамт хайрлаж уншмаар хүн дээ...

Шүлэг шиг, дуу шиг, шүүдрийн дусал шиг гэгээн тунгалаг оршихуй болсон дорнын их яруу найрагч Данзангийн Нямсүрэн 2002 онд шүлэг шигээ, дуу шигээ, шүүдрийн тунгалаг дусал шигээ борог өвсний үндсэнд бодол мэт нам гүм шингэсэн билээ.

Өвс адил, норсон би
Өвс адил, ноцсон би
Өвс адил, согтсон би
Өвс адил, одоо дуугүй.../Д.Нямсүрэн нэргүй шүлэг/

Магадгүй “өвсний философи” гэж үүнийг л хэлдэг байх... Өвс мэт норох үедээ норж, ноцох үедээ ноцож, согтох үедээ согтож, дуугаа хураах үедээ хурааж байх нь хүнд байх ёстой хамгийн энгийн бөгөөд эрхэмсэг чанар гэлтэй. Тийм ээ. Найрагч маань одоо өвс адил дуугаа хураасан... Харин уншигчид түүний бүтээсэн энэ агуу их “нам гүмийн” дундаас яруу найргийн гүн утга хайсаар...

Өдөр болгон би
Өвсөн дээр гишгэнэ билээ
Өнө хожмоо тэд
Над дээр ургана билээ! (Д. Нямсүрэн нэргүй шүлэг)

Хүссэн ч, хүсээгүй ч энэ бол хүн бүхний хүрэх эцсийн өртөө байсан юм. Данзангийн Нямсүрэн амьд ахуйдаа хөх өвсний үнэрээр шүлэг хэлхэж, хөл дороо сүүдрийг нь гишгэж явсан... Харин одоо хээрийн хөх өвс түүний дээр хэн ч мэдэхгүй хэлээр шүлэг уншсаар... Хэн ч мэдэхгүй хэлээр...
 

Санал болгох

Монгол жүжигчдийн тоглосон кино ирэх сард нээлтээ хийнэ

Энэхүү киноны гол дүрд монгол жүжигчин Б.Ганчимэг тоглосон юм. Мөн Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Б.Гүрсэд , Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тоглосон юм.

7 өдрийн өмнө
Долдугаар сард аялвал зохих долоон газар | Хөвсгөл нуур

Дэлхий нийтэд коронавирусийн халдвар тархаад байгаа энэ үед дотоодын жуулчид л аялал жуулчлалаа аврах боломжтой юм. Тиймээс бид гадаад дотоодын хэнбугай ч хөл тавихыг хүсдэг Хөвсгөл нуур руу аялахаар зорьж буй аялагчдад амралтын газрын үнэ ханш, хэрхэн очих тухай мэдээллийг хүргэж байна.

7 өдрийн өмнө
Дуучин УКА аавдаа зориулж дуу бүтээжээ

"The VOICE Of Mongolia" шоуны шүүгчээр ажиллаж байх үед аав нь бурхан болсон юм. Гэсэн ч тэрбээр шоугаа амжилттай өндөрлүүлсэн билээ.

9 өдрийн өмнө
"Д.Нямхүү эмчийг зураад урам авсан, одоо цагдаа, онцгойгийнхноо алдаршуулна"

Энэ цагийн эгэл баатруудад зориулж үлэмж хэмжээний ханын зураг зурж талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн ах дүү зураачдаас ярилцлага авлаа. Тэднийг Б.Даваажаргал. Б.Бямбажаргал гэдэг. Төрсөн ах дүү хоёр. Аав ээжийнх нь аль аль нь зурах авьяастай учраас багаасаа зураг зурах хоббитой байжээ. Ах дүү хоёр хамтарч ажиллаад найман жилийн нүүрийг үзэж байна.

9 өдрийн өмнө