Ерөнхий сайд У.Хүрэлсүх зургаан аймгийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болжээ. Нийслэлийн Засаг дарга чөлөөлөгдөхөөсөө өмнө Баянгол, Багануур дүүргийн Засаг дарга нарыг ажлаас нь чөлөөлөх юм байна.
Учир нь, шинээр сонгогдсон парламентын гишүүд тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлэхээсээ өмнө УИХ-ын тухай хуулиар хавсран гүйцэтгэхийг зөвшөөрөөгүй ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх шийдвэр гаргуулсан байх ёстой.
Тодруулбал:
- Дорноговь аймгийн Засаг дарга Төмөртогоогийн Энхтүвшин
- Сүхбаатар аймгийн Засаг дарга Жамбын Батсуурь
- Өвөрхангай аймгийн Засаг дарга Гочоогийн Ганболд
- Өмнөговь аймгийн Засаг дарга Нанзадын Наранбаатар
- Төв аймгийн Засаг дарга Жигжидийн Батжаргал
- Орхон аймгийн Засаг дарга Дамбын Батлут
- Нийслэлийн Засаг дарга Сайнбуянгийн Амарсайхан
- Багануур дүүргийн Засаг дарга Цэндийн Сандаг-Очир
- Баянгол дүүргийн Засаг дарга Салдангийн Одонтуяа нар нь УИХ-ын 2020 оны парламентын анхдугаар чуулганыг нээхээс урьтаж, Ерөнхий сайд, хотын даргын шийдвэрээр ажлаасаа чөлөөлөгдөх ёстой юм.
Олны яриагаар өнөөдөр УИХ-ын гишүүний үнэмлэхийг шинээр сонгогдсон гишүүдэд олгосон тул тангаргийг энэ долоо хоногт өргүүлэх магадлалтай байгаа юм. Тэгэхээр дээрх есөн Засаг даргаас гадна НИТХ-ын төлөөлөгч Энхтайваны Бат-Амгалан УИХ-ын гишүүн болсон тул уг албан тушаалаа бас өгөх нь ээ.