GANGBAY: Бид реп мюзикл кино хийх зорилготой

2020 оны 6 сарын 302020-06-30
GANGBAY: Бид реп мюзикл кино хийх зорилготой

“Ганган цагаан" дуутай хоёр бор залуутай уулзлаа. Тэднийг Д.Ганбат, С.Баянмөнх гэдэг. Энэ хавар СУИС-ийг төгссөн бөгөөд өнгөрсөн оны арван хоёрдугаар сараас эхлэн, “Gangbay” нэртэй хамтлаг байгуулсан.  Долоон дуу цацчихаад байгаа тэднийг залуучууд андахгүй.

Хүйтэн бороонд халуун яриа өрнүүлэхээр ширээний ард суулаа. Д.Ганбатын баруун гарны шуун дээр буй тод шар өнгийн наран цэцэг, үнэгний шивээс анхаарал татав. Эрэгтэй хүний гарын шуун дээрээс цэцгэн шивээс олж харсан учир сониучхан асуултаар ярилцлага эхэллээ.

_____________________________________________________

“GANGBAY” ГЭСЭН КОФЕ ШОП НЭЭХ ГЭЖ БАЙГАА...

-Д.Ганбатын гарын шуун дээр байгаа шивээс сонирхолтой юм. Та хоёр хоёулаа шивээстэй юу?

2 (1).jpg

-Д.Ганбат: Би энэ шивээсийг саяхан хийлгэсэн. Манай ээжийг Наранцэцэг гэдэг юм аа. Ямар ч хүн ээжтэйгээ байхдаа амар амгалан байдаг шүү дээ. Хэдийгээр ээжтэйгээ хотод хамт байгаа ч гэсэн санах үе бий. Тэр болгонд ээжийгээ дэргэдээ юм шигээр бодохын тулд бичдэг гарынхаа шуун дээр наран цэцэг шивүүлсэн. Бас цээжин дээрээ хамтлагийн нэрээ шивүүлсэн. Энэ шивээсийг хийлгэхдээ би “Дэлхийн тайзан дээр гялалзах шивээс шүү” гэж шивнэсэн.  

-С.Баянмөнх: Би нэг ч шивээсгүй ээ. Гэхдээ хийлгэнэ гэж боддог.

-Анх сургуульд орохоосоо өмнө нэгнээ мэддэг байсан уу?

-Д.Ганбат: Үгүй ээ. Би “Эрдмийн ундраа цогцолбор” сургуулийг 2016 онд төгсөөд СУИС-ийн жүжигчний ангид элссэн. Есдүгээр сарын 1-нд “Оюутан театр”-т шинээр элссэн бүх оюутан сууж байсан юм. Тэгэхэд гоё өмдтэй залуу тэнд сууж байсан. Би ер нь гоёл чимэглэл сонирхдог л доо. Тэгээд өөрийн мэдэлгүй өмдийг нь  илээд “Гоё өмд байна” гээд хэлчихсэн. Тэгэхэд Баянаа аймаар харсан тэ....

С.Баянмөнх: Тийм. “Зуун билэг дунд” сургуулийг төгсөөд СУИС-ийн жүжигчний ангид ороход ээжийн гадаадаас авчирсан өмд байхгүй юу. Ганааг хүрэхэд "дураараа..." гэж бодсон. Тэгэхэд бид хоёр нэг анги гэдгээ ч мэдээгүй байж.    

-Цаашдаа мэргэжлээрээ ажиллана биз дээ?

-Ганбат: Мэдээж зүгээр суухгүй. Кинонд тоглох санал ирээд, зохиол нь таалагдвал чадахаараа тоглоно. Харин дуугаа тасралтгүй хийсээр л байна.

92509252_2440881689347076_765660255035064320_n.jpg

-Чухам хэзээ урлагийн хүн болъё гэж шийдсэн бэ?

-Баянмөнх: Хүнээс дуулах, бүжиглэх, жүжиглэх зэрэг олон авьяас шаарддаг учир жүжигчин мэргэжил бүх урлагийн дээд. Ямар ч дүрд хувирсан тухайн дүрээ амьдруулдаг шүү дээ. Тийм ч учраас жүжигчин болохоор шийдсэн. Өглөө сэрээд адал явдал хайдаг над шиг хүнд бол зохицсон мэргэжил.

-Ганбат: Багадаа зурагтаар гардаг, “од” болно доо гэж боддог байсан. Нас биед хүрээд бодол минь улам батажсан гэж болно.

Мөн бид хоёр уран бүтээл хийхийн хажуугаар гарааны бизнес эхлэхээр болсон. Есдүгээр сард “Gangbay” гэсэн кофе шоп нээх гэж байгаа.

-Бусад кофе шопоос юугаараа онцлог байх вэ?

-Ганбат: Хүмүүс өглөө ажилдаа явахаасаа өмнө кофе авдаг болоод дадчихлаа. Манай кофе шоп өглөө  6 цагт онгойсон байна. Мөн манай хамтлагийн дуунууд явна. Хүмүүсийн онцлогт нь тааруулж тусгай өрөөнүүд хийж, салбар бүрийг өөр өөрийн онцлогтой байлгана.

Image may contain: 2 people, outdoor

-Кинонд тоглох санал ирж байна уу?

-Баянмөнх: Би өнгөрсөн зун Оросын нэг кинонд дүр бүтээсэн. Одоо болтол зураг авалт нь дуусаагүй байгаа юм билээ. Мөн өнгөрсөн онд “Галт шувуу” МУСК-нд дүр, “37-р Точка” киноны хоёр сцена дээр тоглосон. Миний хувьд дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн дүр болох Ромеогийн дүрд тоглохыг хүсдэг.

-Ганбат: Киноны саналууд ирвэл анги удирдсан багштайгаа зөвшилцөөд сонголтоо хийдэг. Зохиол нь маш их таалагдвал асуухгүй тоглосон ч болно л доо. Сүүлд “Түүх мартахгүй” баримтат уран сайхны кинонд туслах дүр бүтээсэн.

Сөрөг дүрийн жүжигчний гаргаж байгаа сэтгэл хөдлөл, араншин  нь хурц байдаг төдийгүй залуус жигшиж, хүмүүст сургамж болдог учраас сөрөг дүр бүтээхийг хүсдэг.

“БИД ХОЁР "BELUCCIRECORDS"-ООС ДУУГАА ЦАЦУУЛАХЫГ ХҮСДЭГ БАЙСАН”

-Vandebo хамтлагийн талаар ямар бодолтой байдаг вэ?

-Баянмөнх: Мундаг залуус. Хүмүүс  "BelucciRecords"-оос "Vandebo",  "Gangbay"  гээд хоёр хамтлаг уран бүтээлээ цацчихлаа. Gangbay бол Vandebo хамтлагийн хуулбар гэж ярьцгааж байсан. Уг нь бид хоёр Монголдоо төдийгүй дэлхийд үнэлэгдсэн реп мюзикл кино хийнэ гэсэн өөр зорилготой  уран бүтээл хийж байгаа. 

-Ганбат: "Vandebo-гийн анх уран бүтээлээ цацаж байсан газраас нь уран бүтээлээ цацуулж байгаа хоёр гишүүнтэй гэдгээрээ л жаахан төстэй байж мэдэх юм.

Клипийн зохиол, дууныхаа үгийг өөрсдөө бичдэг. Их сургуульд сурсан, мэдсэн зүйлээ хийж байгаа уран бүтээлдээ аль болох шингээхийг хичээдэг. Жишээ нь: “Могжоохон хүү” дууныхаа клипийг дээр үеийнх болон орчин үеийн хоёр янзаар хийсэн. Гурав дахь хувилбарыг нь долоон цагиййн дотор бүтээж цацсан. 

-Реппер Г.Энэрэлтэй хамтарч ажиллахдаа юу суралцаж байна?

-Баянмөнх: Мэдээж маш их зүйл сурч байгаа. Юмыг халтуурдаж болохгүй, дуу хөгжим бол бид хоёрын амьдрал. Амьдралаараа тоглож болохгүй. Бүх сэтгэл, хөлсөө уран бүтээлдээ зориулсан бол үр дүн тийм л байна гэдгийг ойлгосон. Хүмүүс олон алдаж, олон онож байж ойлгодог юмыг нэг дууны бичлэг хийж байхдаа ойлгож, ухаарч байна гэдэг том аз завшаан юм. Бид одоо дараагийн дуунуудаа дүрсжүүлээд л явж байна. Шинэ дуу удахгүй цацагдана.

Одоо дуу хийж байгаа залуучууд "BelucciRecords"-оос дуугаа цацуулахыг хүсдэг Гэхдээ үгүй ч байж магадгүй л юм. Бид хоёр ч гэсэн тийм л хүсэлтэй байсан. Гол нь Г.Энэрэл ахын хийж байгаа, "BelucciRecords"-оос цацагдаж байгаа дуунууд шүүлтүүртэй  байдаг

-Хамгийн сүүлд цацагдсан "Ганган цагаан" дуу бүтсэн түүхээс хуваалцаач?

-Ганбат: С.Баянмөнх манайд хонох гээд ирчихсэн байсан юм. Бид хоёр Б.Ринчен гуайн тухай нэвтрүүлэг үзчихээд унтахаар хэвтэх гэж байлаа. Б.Ринчен гуай дөрвөн ханатай монгол гэрийнхээ өрхийг бүтээж, өрхнийхөө завсраар туссан нарны туяанд шүлгээ бичиж байсан нь маш сайхан санагдсан юм. Унтахынхаа өмнө бид хэсэг лаа асаасан юм. Гэтэл лааны гэрэл цаасан дээр тусаад өнөөх түүх нүдэнд харагдаад тайван суулгаагүй л дээ. Тэгээд бид тэр лааны гэрэлд дууныхаа шүлгийг бичсэн.

-"Ганган цагаан" дууныхаа клипийн зураг авалтыг хаана хийсэн бэ?

-Баянмөнх: Бид хоёр эхлээд Багахангай дүүрэг орж хэд хэдэн объект үзсэн. Тэгээд Шувуун фабрикт бичлэгийнхээ зураг авалтыг хийсэн.

-Ер нь магтаал, шүүмжлэл хэр ирдэг вэ. Хэрхэн хүлээж авдаг вэ?

-Баянмөнх: Бид хоёр магтаал, шүүмжлэлд ер нь шүүлтүүртэй ханддаг. Сонсогчид магтлаа гэхэд бид хоёр тийм биш. Гэхдээ урам авдаг. Шүүмжлэлээ гээд бид хоёр тийм биш, гэхдээ шүүмлэл заримдаа маш чанга ташуур болдог.

-В.Шекспирын Отелла жүжигт “Харын хар бэхээр янхан гэж бичүүлэх гэж чи цаснаас цагаан төрсөн юм уу...” гэсэн хэсэг байдаг. Та хоёр энэ хэсгийг яагаад дуундаа ашигласан юм бэ?

-Ганбат: Бид “Отелло” жүжгийн хэсгээс хуулбарласан. Энэ өгүүлбэрийг залуучууд тэр болгон мэддэггүй учир эмэгтэй хүнийг ингэж гоёор хэлж болдог шүү, ийм үг байдаг шүү гэж залууст таниулах гэж л эш татсан. Тэрнээс бол хуулсан. Тэрнээсээ санаа зовсон юм байхгүй.

-Баянмөнх: В.Шекспирын бүтээлүүд оюуны өмчгүй. Жүжиг нь хүртэл Монголд тавигдаж байна. Бид түүний бүтээлийг мэддэггүй залууст дуугаараа дамжуулж хүргэх гэж л эш татсан.

Санал болгох

Монгол жүжигчдийн тоглосон кино ирэх сард нээлтээ хийнэ

Энэхүү киноны гол дүрд монгол жүжигчин Б.Ганчимэг тоглосон юм. Мөн Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Б.Гүрсэд , Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тоглосон юм.

3 өдрийн өмнө
Долдугаар сард аялвал зохих долоон газар | Хөвсгөл нуур

Дэлхий нийтэд коронавирусийн халдвар тархаад байгаа энэ үед дотоодын жуулчид л аялал жуулчлалаа аврах боломжтой юм. Тиймээс бид гадаад дотоодын хэнбугай ч хөл тавихыг хүсдэг Хөвсгөл нуур руу аялахаар зорьж буй аялагчдад амралтын газрын үнэ ханш, хэрхэн очих тухай мэдээллийг хүргэж байна.

3 өдрийн өмнө
Дуучин УКА аавдаа зориулж дуу бүтээжээ

"The VOICE Of Mongolia" шоуны шүүгчээр ажиллаж байх үед аав нь бурхан болсон юм. Гэсэн ч тэрбээр шоугаа амжилттай өндөрлүүлсэн билээ.

5 өдрийн өмнө
"Д.Нямхүү эмчийг зураад урам авсан, одоо цагдаа, онцгойгийнхноо алдаршуулна"

Энэ цагийн эгэл баатруудад зориулж үлэмж хэмжээний ханын зураг зурж талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн ах дүү зураачдаас ярилцлага авлаа. Тэднийг Б.Даваажаргал. Б.Бямбажаргал гэдэг. Төрсөн ах дүү хоёр. Аав ээжийнх нь аль аль нь зурах авьяастай учраас багаасаа зураг зурах хоббитой байжээ. Ах дүү хоёр хамтарч ажиллаад найман жилийн нүүрийг үзэж байна.

5 өдрийн өмнө