УИХ-д цөөнхийн бүлэг байгуулах суудал авсан АН-ын гишүүдийг хүлээн авч, хамтарч дэмжихээ илэрхийлсэн Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр парламентын анхдугаар хуралдаан дээр Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудыг огцрохыг шаардлаа.
Орон нутгийн сонгуулийн өмнө “Яллагдагч нарт нэр дэвшигчийн үнэмлэх олгож, шүүлтүүргүйгээ харуулсан СЕХ огцор” гэж шинэ гишүүдийн тангараг өргөх ёслол дээр хэлэхдээ өөрийгөө яллагдагч байхдаа нэр дэвшигчийн үнэмлэх авч Төрийн тэргүүн болсноо мартав уу.
Гэтэл 2009 оноос хойш шинэчлэгдээгүй гэж тодотгосон Сонгуулийн ерөнхий хорооны есөн гишүүний дийлэнх нь шинэ хүмүүс байх юм.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын тэргүүн дэд дарга Г.Байгальмаа, Х.Баттулгыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд байхад яамных нь газрын дарга байсан О.Амгаланбаатар (ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга), УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн нөхөр Д.Баяндүүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны газрын дарга Э.Батболд 2020 оны нэгдүгээр сард томилогдон СЕХ-ны гишүүнээр ажиллаж байна.
Мөн Цагдаагийн ерөнхий газрын дарга, бригадын генерал С.Баатаржав, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж нар 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн СЕХ-ны гишүүнээр ажиллаж байгаа юм.
Харин СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн 2009 оноос, нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан 2015 оноос, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат 2012 оноос СЕХ-ны гишүүнээр ажиллаж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, СЕХ-ны есөн гишүүний гурав нь л хуучин хүмүүс байна.
Сонгуулийн байгууллагын тухай хуульд зааснаар СЕХ-ны гишүүн нь эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бол УИХ хугацаанаас нь өмнө чөлөөлж болно. Өөр үндэслэлээр чөлөөлөхийг хуулиар хориглосон байдаг. Харин гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол огцруулсанд тооцдог хуультай. Иймээс Ч.Содномцэрэн, Ц.Болдсайхан, Б.Ганбат нар өөрсдөө л хүсэлтээ гаргахгүй бол бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй бол Ерөнхийлөгч чуулган дээр шаардаад нэмэргүй.