Сурвалжилга: Шинээр баригдсан барилгад улсын комисс ажиллахын цаад учир...

1
2020 оны 7 сарын 12020-07-01
Сурвалжилга: Шинээр баригдсан барилгад улсын комисс ажиллахын цаад учир...

Улаанбаатар хотын барилга байгууламжийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр л байна. Өнгө үзэмж, хэлбэр дүрс, хийц маягаараа орчин үеийн том хотуудын адил барилгууд ч баригдсаар. Гэр хорооллоо үгүй хийж, нийслэл хотоо барилгажуулж байгаа нь сайн. Гэвч сайны хажуугаар саар зүйлс бий. Одоогоор Нийслэлд ажлын таван өдөртөө дунджаар 15-20 барилга байгууламж шинээр ашиглалтад орж, Улсын комисс ажиллаж байна. Гэтэл эдгээр барилгаас хайгаад олох зөрчилгүй, комисс бүрэн дүүрэн хүлээгээд авах барилга даанч нэг алга. Барилгын ажил дутуу, норм стандартад нь нийцүүлээгүй, батлагдсан зураг төслөөс зөрүүтэй гүйцэтгэсэн хууль дүрэм зөрчсөн, бичиг баримт дутуу гэх олон шалтгаанаар шалгалтад бүдрэх нь их. 

Улсын комиссын гишүүд өнөөх дутууг нь олж илрүүлж, үүрэг даалгавар өгнө. Өгсөн үүрэг даалгаварыг бүрэн хэрэгжүүлж комиссын гишүүдийн гарын үсгийг зуруулснаар Улсын комиссын дүгнэлт баталгаажиж, барилга байгууламжийн ашиглалтын ногоон гэрчилгээ авснаар цаашид ашиглах эрх үүсдэг аж. 

Одоогоор барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах Улсын комиссын үйл ажиллагааг явуулах эрх Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Хот байгуулалтын хөгжлийн газарт байдаг. Комиссыг тус газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга ахалдаг бөгөөд НМХГ-ын байцаагч нар болон хангагч байгууллагуудын төлөөлөл, барилга бариулсан захиалагч ААН, иргэн, ерөнхий болон туслан гүйцэтгэгч компаниуд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл бүрэлдэхүүнд нь оролцдог юм байна. Ингээд Улсын комисс хэрхэн ажилладаг талаар сурвалжиллаа. 

Барилгаа ашиглалтад өгөхөөр захиалагч талаас хүсэлт гаргасны дагуу Улсын комисс ажиллах хуваарь гардаг бөгөөд Хот байгуулалт хөгжлийн газрын сайтад байрлуулдаг. Энэ дагуу Нийслэлийн төсвөөр барьсан хорооны өргөтгөл, сүсэгтэн олны хандиваар сүндэрлэсэн дацан, хувь хүний хөрөнгөөр хийгдсэн Худалдааны төв, дахин төлөвлөлтөөр баригдсан орон сууц, гадаад, дотоодын хамтарсан хөрөнгө оруулалтаар баригдсан оффисын барилга гээд цөөнгүй комисст ажиллаж үзэв. Мэргэжлийн хяналтын байцаагч нар “энэ барилга жижиг” гээд дутуу шалгаж, хайхрамжгүй зан гаргах эрхгүй аж. Ажил нь дутуу, зарим ажил нь батлагдсан зураг төслөөсөө өөрөөр хийгдсэн, стандарт норм хангахгүй нэг үгээр хэлэхэд, барихдаа сэтгэл гаргаагүй барилгууд байцаагч нарын шүүмжлэлд өртдөг бол нэг ширхэг тоосгыг нь ч норм дүрмийн дагуу өрж барьсан барилга харин магтах шалтгаан болдог гэдгийг дэргэдээс нь харсан юм.

Улсын комисс хүлээж аваагүй удсан барилгын хоёр дахь эзэн нь хохирдог...

шигтгээ.JPG

370 м.кв газарт 330 м.кв орон сууцны барилга барьжээ. 84 дүгээр сургуулийн урд 64 айлын “Шигтгээ” хотхон гэх орон сууцны барилга баригдаж дуусаад, айл амьдраад 5 жил болж байгаа ч Улсын комисс ажиллуулж байнгын ашиглалтад хүлээлгэж өгөөгүй байна. Хэн ч харсан ногоон байгууламж, машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай барих зайгүй газарт орон сууц барих зөвшөөрөл олгогджээ. Барилгын зарим хэсэг явган хүний зам дээр баригдсан байх бөгөөд машины грааш руу орох гарц, авто замын урсгал хоёр эсрэгцэх тул аваар осол гарах нөхцөл бүрдсэн байна. Тус орон сууцны захиалагч болох “Назу проперти” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Наранцацралт “Барилгаа барихдаа иргэдээс урьдчилсан захиалга аваад, төлбөрөө авсан байсан. Гэтэл барилга баригдаж дуусангуут л захиалагчид маань орон сууцандаа нүүж ормоор байна. Түрээсийн орон сууцаар олон жил явж чадахгүй” гэсээр байрандаа нүүж орсон” хэмээсэн юм. Барилгад айл амьдраад таван жил болоход зоорийн давхрын ихэнх талаар үерийн ус орж, цахилгаан хуваарилах самбар нь шатаж байжээ. Мөн энэ онд 120 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, гадна тохижилтын ажлыг хийсэн гэнэ. Гэвч гаднаа машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж байхгүй. Дахиад тохижилтын ажил хийгдэх ёстой ч Улсын комисс ажиллуулахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэнийг бодит байдлаас харж болохоор...

Тухайлбал, Орон сууцны барилгыг Улсын комисс хүлээж авснаар ус, дулаан, цахилгааныг нь орон сууцны контор хариуцаж авдаг байна. Түүнээс наана хэрэглээний төлбөр нь аж ахуйн нэгж дээр хийгдсэн гэрээний дагуу м.куб-ээр тооцогддог аж. “Шигтгээ” хотхоны хувьд захиалагч байгууллага нь айлуудаасаа хэрэглээний төлбөрийг нь хураан авч төлбөрийн зөрүүг нь нэмж төлж байсан ч өр нь нэлээдгүй хуримтлагджээ. Тиймээс компани хэрэглээний төлбөрөө дийлэхээ больжээ. 

шигтгээ 1.JPG

Мөн Улсын комисс ажиллаагүй барилгыг байнгын ашиглах гэрчилгээ, зөвшөөрөл гараагүйгээс энд амьдарч буй 54 өрх байраа худалдан борлуулах, зээлийн барьцаанд тавих, оршин байгаа дүүрэг хорооныхоо харьяалалд орж, төрийн үйлчилгээ хүртэж чадахгүй байгаа юм. 

Эдгээр шалтгаанаас үүдэн тус барилгыг заавал Улсын комисст хүлээлгэн өгөх хэрэгцээ шаардлага бий. Гэвч зөрчилтэй... Тус барилгад амьдарч байгаа иргэд “Энэ байрандаа 5 жил амьдарлаа, санал хүсэлт байхгүй. Дутуу бүхнийг гүйцээ гэхгүй. Төгс зүйл хаана ч байдаггүй тул бидний хүсэлтийг хүлээн авч байрыг маань хүлээн авна уу” хэмээн Улсын комисс ажиллах үеэр учирласан. Гэвч тус барилгын гүйцэтгэлийн зураг, бичиг баримтууд нь галд автсан гэх шалтгаанаар байхгүй болжээ. Иргэдийн үгээр болж комисс хүлээн авч, байрны гэрчилгээ гарвал одоо байгаа иргэд байраа худалдахгүй гэх баталгаагүй. Худалдлаа гэхэд худалдан авсан иргэн нь хохирдог байна... Учир нь тус барилга ашиглагдаад 5 жил болж байгаа ч Улсын комисс хүлээн аваагүй тул баригдаж буй барилга гэсэн статустай. Байрны гэрчилгээ гарсан өдрөөс л ашиглалтад орсон хугацаа тооцогдоно. Гэтэл шугам сүлжээг дахин солих хугацаа бараг болсон тул удахгүй ус, дулаантай холбоотой асуудал дэгдэнэ... энэ мэтээр асуудал нэг нэгнээсээ урган хөврөх тул энэ барилга дээр ажилласан Улсын комисс тарж, зөрчлөө арилгасны дараа дахин ажиллахаар болов.

Хашаа нь нурж, автомашинуудыг гэмтээсэн “Алтан сан” цогцолбор хороолол барилгаа Улсын комисст өгөлгүйгээр ашигласан зөрчилтэй 

БЗД-ийн тавдугаар хорооны нутагт байх “Алтан сан” цогцолбор хорооллын хашаа нурж, долоон автомашинд гэмтэл учруулсан хэрэг өнгөрсөн сарын 15-нд гарсан. Энэхүү дуудлага НМХГ-ын шуурхай утсанд ирснээр байцаагч нар газар дээр нь ажиллаж, үзлэг шалгалт хийжээ. Тухайн үед “Алтан сан” цогцолбор хорооллын эзэд болох “Их сүндэр конштракшн” ХХК 10 хоногийн дотор автомашины эздийн хохирлыг барагдуулж өгнө хэмээн мэдэгдсэн. Гэтэл үүнээс даруй сар гаруй хугацаа өнгөрөөд байхад иргэд хохирлоо барагдуулж чадаагүй байна. Тиймээс хашаа нь нурсан “Алтан сан” хорооллыг зорин очлоо. 
Хашааны нурангид Prius 30, 41, Toyota mark X, Toyota brevis, Toyota Vanguard, Grand mark II, Mitsubishi Colt маркын машинууд дарагдаж эвдэрчээ. Машинуудыг бүтээсэн боловч бүтээлэг нь салхинд хийсч, эвдэрхий машинууд хашааны нурангид даруулсан тэр хэвээрээ байв. Хашааны зарим хэсэг нурсан ч тал хэсэг нь нураагүй үлджээ. Үүн дээр улаан будгаар “Машин тавихыг хориглоно”, “Хашаа нурах аюултай” хэмээн бичжээ.

алтан сан.JPG

Тус хороололд гадна тохижилтын ажил хийгдээгүй бөгөөд машины зогсоол нь шороо чигээрээ, хашаанд нь эргэн тойронд барилгын хог хаягдал, цахилгааны утас замбараагүй хөглөрөх аж. Хэдийгээр байрны гадна багахан талбайг бетондож, саад хийсэн ч бусад блокийн барилгын ажил явагдаж байгаад түр зогссон, хаалт хамгаалалт хийгээгүй тул хүүхдээ тоглуулахад аюулгүй гэх баталгаагүй харагдана. 
Ингээд автомашин нь хашааны нурангид дарагдсан хоёр ч иргэнтэй уулзлаа. Иргэн Н нь Prius 30 маркийн машины эзэн. Тэрбээр “Би багшаар ажилладаг. Ковид гараад ажилгүй байгаа тул дүүгийнхээ хүүхдийг харж өгөхөөр Сэлэнгээс ирээд байхад маань ийм зүйл болчихлоо. “Их сүндэр конштракшн” ХХК-ийн зүгээс баталгаа болгож машины хохирлыг барагдуулахаа мэдэгдсэн албан бичиг өгсөн ч одоо сураггүй л байна” хэмээн мэдэгдсэн. 

алтан сан 1.JPG

Харин Prius 41 маркийн автомашины эзэн П машинаа худалдаж аваад 6 сар болж байжээ. Тэрбээр “Манайх энэ хорооллыг баригдахаас нь өмнө захиалгаа өгчхөөд баригдаж дуустал нь нийтийн байранд амьдарч байсан. Компанийн зүгээс байр баригдаад дууссан орвол ор гэхээр нь нүүж орсон. Энд амьдраад гурван жил болж байна. Байрны гэрчилгээ байхгүй. Хятад эзэнтэй компани учраас Ковид гараад эзэд нь Монголд ирж чадахгүй байгаа. Хөл хорио цуцлагдаад эзэд нь ирвэл байрны гэрчилгээг гаргаж өгнө гэсэн” хэмээсэн юм. 

Тус цогцолбор хороолол нь найман блок баригдах бөгөөд эхний хоёр блок нь 2016 онд ашиглалтад оржээ. Гэвч өдийг хүртэл Улсын комисс оруулж, байнгын ашиглалтад хүлээлгэж өгөөгүй байна. 

алтан сан 2.JPG

Энэ хэргийн талаар НМХГ-ын ДБХХ-ийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.Вандандэмидээс тодрууллаа. Тэрбээр “”Алтан сан” цогцолбор хорооллын хашаа автомашинууд дээр нурж уналаа гэсэн дуудлагын дагуу шалгалт явуулахад тус хорооллын барилга байгууламжуудыг байнгын ашиглалтад оруулахгүйгээр ашигласан, баригдаж буй барилгуудыг орчны аюулгүй байдлыг хангуулахгүйгээр зогсоосон, гадна тохижилт, ногоон байгууламж, авто зогсоол хийгдээгүй, хуучин байсан барилгыг дутуу буулгаж орхисноос барилгын хана нурсан зэрэг зөрчлийг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид зааснаар Зөрчлийн хэрэг нээн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж Нийслэлийн прокурорын газрын үйл ажиллагаа ашиглалтыг зогсоох тухай тогтоол гаргуулж, тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байна” гэсэн юм. 

Нийслэлийн прокурорын газраас гаргасан үйл ажиллагаа ашиглалтыг зогсоох тухай тогтоол нь барилгыг Улсын комисс оруулж, байнгын ашиглалтад хүлээлгэж өгөөгүй ашигласныг үндэслэн гарчээ. Хуулийн дагуу уг тогтоолоор эхний ээлжид барилгын ус, тог, дулааныг хязгаарлах ёстой аж. Ингэвэл байранд амьдарч буй иргэдийн эрх зөрчигдөнө. Тиймээс захиалагч нарт байраа байнгын ашиглалтад оруулж Улсын комисс ажиллуулах хугацаатай үүрэг даалгавар өгөх юм байна. 

Хот байгуулалтын хөгжлийн газар барилгын зөвшөөрлийг олгодог. Гарсан зөрчлийг НМХГ хариуцдаг...

Цахимаар ирсэн нэгэн иргэний гомдолд “Манай барилга 2016 онд ашиглалтад орж, Улсын комисс хүлээн авсан. Гэтэл одоо хүртэл граашийн шал шороогоороо, гадна тохижилт хийгдээгүй. Ийм барилгыг яагаад Улсын комисс хүлээж авсан юм бэ” хэмээсэн байв. 

Уг нь, анх 2003-2008 он хүртэл Улсын комисс ажиллуулж, зөвшөөрөл олгох эрх НМХГ-т байсан ч 2008-2009 онд Барилга хот байгуулалт нийтийн аж ахуйн төвд шилжсэн байна. 2009 онд Засгийн газраас тогтоол гаргаж Мэргэжлийн хяналтын байгууллагад ирсэн ч 2012 онд дахин Засгийн шийдвэрээр Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөний газар шилжиж, мэргэжлийн хяналтын байцаагч нар гишүүнээр ажиллах болжээ. 

дахин төлөвлөлт.JPG

Гэтэл 2014 онд НИТХ-аас журам батлан мэргэжлийн хяналтын байцаагч нарыг Улсын комиссоос хасжээ. Энэ байдал 2019 оны нэгдүгээр сарын 1 хүртэл үргэлжилсэн байна. Өөрөөр хэлбэл, таван жилийн хугацаанд ажилласан Улсын комиссын шийдвэрт НМХГ ямар ч хамааралгүй. Энэ хугацаанд ашиглалтад орсон барилгуудад “Мэргэжлийн хяналт” хийгдээгүй гэсэн үг.

Тийм ч учраас тухайн цаг хугацаанд гарсан гомдол дуудлага огцом нэмэгдэж, зөрчилтэй барилгуудыг шалгахад 80 хувь нь Нийслэлийн хот төлөвлөлтийн ерөнхий газраас /одоогийн Хот байгуулалтын хөгжлийн газар/ барилгын ажлын ерөнхий төлөвлөгөөний зургийг баталж, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон. Мөн Хот байгуулалтын хөгжлийн газрын инженерүүд нь барилгад гарсан зөрчлийг арилгуулах эрх зүйн чадамжгүй, барилгын материал, авто зам, хэмжил зүйн чиглэлийн инженерүүд ажилладаггүйгээс чанаргүй барилгын материал ашиглах, стандартад нийцэхгүй авто зам барьсан ч байнгын ашиглалтад хүлээн авдаг нөхцөл байдал бүрдсэн байжээ.  

Энэ бүхнийг харгалзан үзээд НМХГ-ын ДБХХ-ээс Шадар сайд, Нийслэлийн Засаг даргад санал хүргүүлж 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс шинэ баригдсан барилгыг байнгын ашиглалтад оруулах Улсын комисст мэргэжлийн хяналтын байцаагч нар ажиллах болжээ. 

Энэ талаар НМХГ-ын ДБХХ-ын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Б.Жаргал “Барилга байгууламж барихад барилгын материал чухал. 2013-2019 онд ашиглалтад орсон барилгуудын хувьд ямар барилгын материал ашигласан эсэх нь тодорхойгүй байдаг. Чанарын баталгааг хангасан сертификат зэргийг нь шалгадаггүй байсантай холбоотой. 2019 оноос эхэлж Улсын комисст мэргэжлийн хяналтын байцаагч нар ажиллаад бүх зүйлээ норм, стандартын дагуу шалгаад эхлэхээр нөгөө өмнө гарч байсан зөрчлүүд нь бага багаар арилж байна. Тэр хэрээр иргэдийн гомдол багасна гэсэн үг” хэмээсэн юм. 

Энэ бүхнээс эргээд дүгнэхэд, Хот байгуулалт хөгжлийн газарт Улсын комисс ажиллуулж, зөвшөөрөл олгох эрх мэдэл байгаа ч эргээд хариуцлага тооцох эрхзүйн чадамжгүй байна. Нөгөө талаар анх барилга барих зөвшөөрөл олгочхоод, баригдаад дууссаны дараа нь очиж газар болон төлөвлөлт чинь зөрчилтэй, хот байгуулалттайгаа уялдаагүй гэх зэргээр шүүмжлэх нь өөрсдийгөө шүүмжлэхтэй агаар нэг юм. Өнөөх “Шүдгүй арслан” гэгч болж байна. Харин хариуцлага нь НМХГ ирж байгааг дээрх сурвалжилагаас ойлгогдож буй биз ээ. Тэгвэл хариуцлага тооцож, “Мэргэжлийн хяналт” явуулах эрхтэй газарт нь шийдвэр гаргах эрх мэдлийг нь төвлөрүүлэх нь холбогдох хууль, дүрмийг зөрчихгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Энэ бол байхгүй зүйлийг бий болгох бус байсан зүйлийг буцаагаад байранд нь тавих л асуудал. 

Сэтгүүлч Б.Цэдэвсүрэн

Санал болгох

Тусгай үүргийн онгоц Туркийн Истанбул хот руу хөдөллөө

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Туркийн Истанбул хотоос иргэдээ татаж авах тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

1 цагийн өмнө
Өчигдөр шөнө 13 машин мөргөлдсөн ноцтой осол гарчээ

Хайлаастын замд арван гурван машин мөргөлдсөн ноцтой осол гарч таван хүн хүнд гэмтсэн байна.

1 цагийн өмнө
Аялал зугаалгаар аядуу тайван зорчихыг “ЯАРААД ЯАХ ВЭ ДЭЭ” аян сануулж байна

Орон нутгийн замд бүртгэгддэг ослын 46 хувийг мөргөлдөх, 9.9 хувийг явган зорчигч дайрах, 28.2 хувийг онхолдох, 3.7 хувийг мал амьтан дайрах хэлбэр эзэлдэг байна. Иймд хөдөө орон нутагт зорчихдоо анхаарал болгоомжтой байж, болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

15 цагийн өмнө
ДХИС-ийн “Төв номын сан-спорт цогцолбор”-ын барилгын нээлтэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж оролцлоо

Нээлтэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж болон тус яамны харьяа агентлаг, байгууллагын удирдлагууд, ДХИС-ийн захирал, доктор, профессор, хошууч генерал Ш.Лхачинжав,  үе үеийн захирлууд, багш албан хаагч, сонсогч, оюутнууд оролцов.   

17 цагийн өмнө