Төрийн мөнгөөр өөрсдийгөө тэтгэсэн гишүүдийг шүүмжилсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын хамаарал бүхий төслүүдэд төрийн хайр халамж хангалттай л очиж байна.
Хамгийн сүүлд Төрийн наадмыг өөрийнх нь 13 дугаар зуун цогцолборын ойролцоо 3 тэрбум төгрөг зарцуулан хийж, Херо энтертайментаар нэвтрүүлэг бэлтгүүлнэ гэсэн мэдээлэл гарлаа.
Үүнээс өмнө Майдар хотыг нийслэлийн дагуул хот болгох Засгийн газрын тогтоол гарсан. Түүнээс өмнө Монголын үндэсний кино үйлдвэрийн шавыг энэ хотод буюу Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт тавьсныг иргэд санаж байгаа байх.
Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-ын гишүүн байхдаа санаачилсан Их майдар төслийн бүтээн байгуулалт өнгөрсөн нэг жилийн хугацаанд чамгүй урагштай яваа нь бас л төртэй холбоотой.
50 метр өндөр Цонжинболдогийн Чингисийн морьт цогцолборт Улаанбаатарт ирсэн дотоод, гадаадын жуулчдын аялалын хөтөлбөрт заавал ордог. Тэгвэл Их майдар төслийн хүрээнд хэрэгжүүлэх 108 метр өндөр суварга, 54 метр бурханы баримал бүхий Майдар цогцолбор нь түүнээс ч илүүгээр жуулчдын сонирхлыг татах нь гарцаагүй. Засгийн газрын хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх төслийг дэмжиж, Их майдар төсөл хэрэгжих 12 мянган га талбайг улсын тусгай хамгаалалтад авсан. Бүр өнгөрсөн оны есдүгээр сарын 5-нд дахин дэмжиж БНХАУ-аас 23 ажилчин оруулж ирэх зөвшөөрлийг нь өгчээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрын хүчээ нэгтгэж буй Майдар төсөлд ажиллах 23 хятадыг ажиллах хүчний татвараас хараахан чөлөөлөөгүй юм.

Legalinfo.mn сайтад байршуулсан “Ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” Засгийн газрын 279 дүгээр тогтоолоор “Их майдар сан”-гийн захиалгат 23-аас гадна Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд хайлуур жонш олборлох, баяжуулах үйл ажиллагаа эрхлэх “Монголжүюаньли” ХХК-ийн 8, Дундговь аймгийн Баянжаргалан суманд Мануултын жоншны уурхайд далд аргаар олборлолтын үйл ажиллагаа эрхлэх “Үнэн анд” ХХК-ийн 8, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай байгуулсан гэрээний дагуу ерөнхий боловсролын сургуулиудын англи хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах Америкийн Нэгдсэн Улсад төвтэй “Англи хэлний институт” төрийн бус байгууллагын 1, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Хүрэншандын нүүрсний уурхайг түшиглэн нүүрс угаах үйлдвэр ажиллуулах “Өсөх зоос” ХХК-ийн 30 гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтэнд Монгол Улсад 2018 онд хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт зөвшөөрч, эрүүл мэндийн үзлэгч хамруулахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд даалгажээ.
“Их майдар сан” ТББ нь Их майдар төсөлдөө ажиллуулахаар БНХАУ-аас ийнхүү 233 ажилтан оруулж ирэх зөвшөөрөл аваад байна.
Тухайлбал, Засгийн газрын 78 дугаар тогтоолоор 2014 онд “Төв аймгийн Сэргэлэн суманд Их майдар бурханыг бүтээх ажил гүйцэтгэх” зориулалтаар 50 ажилтан оруулж ирсэн.

Түүнээс өмнө 2013 онд Засгийн газрын 184 дүгээр тогтоолоор “Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт 54 метр өндөр Их майдар бурхныг төмөр бетон суурин дээр угсарч суурилуулах ажлыг гүйцэтгэх” зориулалтаар 60 хятад ажилтан оруулж ирж байжээ.
