Я.Содбаатар Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас Ти Эс Эм, Эпато Анарваан компаниараа зээл авсан гэх асуудлаараа АТГ-т шалгагдсан. Улмаар 2018 оны 12 сарын 3-нд У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгч байв.
Энэ үедээ тэрээр, “Зам тээврийн хөгжлийн сайдын хувьд ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон учраас ёс зүйн хариуцлага хүлээж, сайдаасаа чөлөөлөгдөх өргөдлөө сайн дурын үндсэн дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгсөн. Миний хамаарал бүхий компани ЖДҮХС-ийн зээлд хамрагдсан. Авсан зээлээ бүрэн төлсөн. Монголын төртэй тооцоо нийлсэн гэж ойлгож болно. Хэчнээн хууль зөрчөөгүй ч гэсэн улстөрчийн хувьд өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг үнэлж, нам бизнес дамжсан бүлэглэлтэй хийх МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тэмцэлд дэмжлэг болгон ийм алхам хийж байгаагаа хэлье. Манай хүн ЖДҮХС-аас авсан зээлээрээ 30 гаруй хүнийг ажлын байртай болгоод Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно 20 гаруй хүүхдийн ортой сувилал ажиллуулж байна. Манай гэр бүлийн хүн Банк бус санхүүгийн байгууллагын 25 хувийг эзэмшдэг /Тэнүүн капитал/ боловч өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцдоггүй гэдгийг хариуцлагатай хэлье” гэж байлаа.

Түүнийг УИХ-ын чуулганаар 2019 оны хоёрдугаар сарын 1-нд Ц.Цогзолмаатай хамт чөлөөлөгдөх үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Дараагийн сайд нараа ямар нэг гэмт хэрэг, хэл аманд холбогдоогүй хүмүүсээс томилно” гэж байв.
Харин өнөөдөр 2020 оны УИХ-ын сонгуульд ялж, Ерөнхий сайдаараа улиран томилогдсон У.Хүрэлсүх хэлсэн үгээ залгиж, ЖДҮХС-аас зээл авсан Я.Содбаатарыг Шадар сайд болгов. Я.Содбаатар саяын сонгуульд МАН-ын сонгуулийн менежерээр ажиллаж, намаа ялахад хувь нэмрээ оруулсныхаа шагналыг ийн авч байгаа бололтой.
Я.Содбаатарт Үйлдвэр худалдааны дэд сайд, МХЕГ-ын дарга, дэд дарга, МАН-ын нарийн бичгийн дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар ажилласан хийгээд хоёр ч удаа төр түшилцсэн туршлага бий. Харин ЖДҮХС-гаас хулгай хийснээ хүлээн зөвшөөрч ёс зүйн хариуцлага хүлээсэн тэрээр албан тушаалын бялуунаас амсахгүй байж даанч чадсангүй. Ардад очих зээлээс хумсалсан хүн албан тушаалын бялуу хүртэх нь ёс зүйтэй гэж үү.