"Ядарч байвал зогсоод ганцхан цаг ч болов унтчих, зам чамаас зугтаахгүй"

2020 оны 7 сарын 92020-07-09
"Ядарч байвал зогсоод ганцхан цаг ч болов унтчих, зам чамаас зугтаахгүй"

Аялал зугаалга, найр наадмын цаг болж байна. Та бүхэнд сэрэмжлүүлэг болгож нэгэн нийтлэлийг хүргэе.

..................................................

Нээх гоё бэлдээд л. Майхан, хийлдэг гудас, ширээ сандал, загасны уурга, сайн хутга, сүх, олс гээд хэрэгтэй бүх зүйлээ бэлдлээ. Хоёр гэр бүлээрээ нийлж Өвөрхангай аймгийн Улаан цутгалан, Хүйсийн найман нуур гээд зэргэлдээх сумдаар нь амарч тойрч явахаар ярилцсан юм. Хүсэн хүлээсэн өдөр ирлээ. Хүнсээ цуглуулангаа ангалзаж, чихэр жимс, хоолны материал гээд хүн бүрийн дуртай зүйлсийг авч бэлдлээ.

Монгол хүн жилдээ нэг удаа би Монгол хүн шүү гэх вакциныг хийдэг. Яагаад ч юм хүн болгон энэ вакциныг наадмаар  хийлгэдэг шүү дээ. Хүн бүхний нүдэнд инээмсэглэл, харцанд аз жаргал тодорч за одоо л амрах нь гэж бүгдээрээ баярлав.  Хурдхан шиг л очих газраа очиж сайхан амрахын түүс болов. Ингээд гурван машинтай гэр бүлээрээ гараад явлаа.  Төв аймгийн Лүн сум арай ороогүй байсан байх. Нэг даваа давсан чинь зам дээр гурав дөрвөн хүн уйлаад сууж байна. Хурдаа жаахан хасаад хажуу тийшээ анхаараад харсан чинь хоёр том хүн бололтой, гэхдээ юмаар хуччихсан байсан л даа.

Цоо шинэ шошго нь хуулраагүй мишокоор цогцосуудыг бүтээсэн байв. Цаашаа 500м яваад л starex машин дээшээ харчихсан, гурван хүнийг мөн л хөнжлөөр нь бүтээчихсэн, гурван залуу, нэг хүүхэн уйлаад сууж байсан. Дахиад 1км яваад мөн л хажуу тийшээгээ хоёр машин уначихсан. Нөгөө нэг баяр хөөр, нэг тийм огшиж байсан баяр гэнэт л байхгүй болчихсон. Бүгдээрээ нэг нэгэнтэйгээ юм дугарч чадаагүй.

Ард явсан нэг эмэгтэй найз маань гэнэт уйллаа. Бүгд түүнийг яагаад уйлсныг нь ойлгож байсан учир арын эгнээд байсан бүх хүмүүс бүсээ зүүлээ. Би ч далчганаад 120км/цагийн хурдтай явж байснаа болиод 70км/цаг болгов. Өвөрхангайд очин очтолоо бид нар олигтой ч юм яриагүй. Арын машинууд ч мөн хурдаа хассаар бүгд чив чимээгүй Өвөрхангайд ирж билээ.

Хүний баяр хөөр, баярлах гэсэн хүслийг чинь зам тээврийн аюулгүй байдал хэзээ ч ойлгохгүй. За яах вэ дээ гэсэн болгон чинь таныг хэзээ нэгэн өдөр таагүй зүйлд хүргэнэ.

Хэдхэн секундын өмнө хажууд чинь инээгээд сууж байсан хүн чинь хөсөр шидэгдэж хэвтэж байна гэж бодохоор аюултай. Бид нар чинь ямар улсад амьдарч байгаа билээ. Ямар зам дээр явж байгаа билээ? Бодох л хэрэгтэй байх. Та нар хэрэв санаж байгаа бол түрүү жилийн наадмаар 11 хүн нас барсан, аймшигт Лүнгийн ослыг сайтуудаас хайгаад үзээрэй. Зүгээр л битгий яар. Битгий анхаарлаа сарниул. Өөртөө итгэлтэй, хянамгай, самбаатай машинаа барих хэрэгтэй.

Ядарч байвал зогсоод ганцхан цаг ч болов унтчих. Зам чамаас зугтаахгүй. Харин амьдрал чамаас, чиний анхаарал болгоомжгүй байдлаас чинь зугтаах болно. Битгий яараарай!!!!

Санал болгох

Хоёр сайдын өргөдлийн үнэтэй УОК-ын фактууд

УОК-ын гаргасан шийдвэрүүд том толгойтой албан тушуултнуудыг тойрч, жирийн иргэдийн эрхийг ноцтой зөрчсөн. Тиймээс эдгээр иргэд өөрсдийнхөө төлөө бус бусдын төлөө жагсч байна.

4 өдрийн өмнө
Соёлын сайд С.Чулуундаа соёл заах нь

Соёлын сайдын ажил ковидын хөл хорио зөрчиж зурагтаар мөнгө цуглуулах ажил ерөөсөө биш ажээ

21 өдрийн өмнө
Амьдрах, өвдөх, бас үхэх эрх чөлөө

Энэ тэмдэглэлийг уншсаны дараа хөл хорионы тухай нухацтай тунгааж, Засгийн газар, Улсын Онцгой Комисст дуу хоолойгоо хүргээрэй. Монгол Улс сайнаар хэлбэл ардчилсан, муугаар хэлбэл популист төртэй учраас иргэдийн хүсэл, төрийн бодлого хоёр өндөг тахианы үлгэр шиг уялдаатай. Миний хувьд хөл хориог зөөллөх, хэсэгчлэн чөлөөлөх саналтай байна. Учрыг өгүүлэх нь:

2 сарын өмнө
Монголын хотуудад зэрэглэл, статус тогтоох асуудал

ХӨГЖЛИЙН ОРОН ЗАЙН АНАЛИЗ-СУДАЛГААНЫ ҮР ДҮНД ТУЛГУУРЛАСАН БОДЛОГЫН САНАЛ, ЗӨВЛӨМЖ

3 сарын өмнө