Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ажлаа авсныхаа дараагаар гурав хоногт багтаан харьяа агентлагуудынхаа ажилтай танилцсан. Өчигдөр ШШГЕГ-ын даргаар Д.Загджав, ЦЕГ-ын даргаар хурандаа Ж.Болдыг томилов. Дараагийн томилгоо Дотоод хэргийн их сургууль байх яриа ч гарчээ.
Тус сургуулийн захирал, хошууч генерал Ш.Лхачинжавын оронд яригдаж байгаа дөрвөн хүн байна.
Эхнийх нь ДХИС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хурандаа Ж.Болдбаатар. Дараагийнх нь тус сургуулийн дэд захирал, хурандаа Д.Эрдэнэбаатар. Гурав дахь нь, ШШГЕГ-ын дарга асан, бригадын генерал Ц.Амгаланбаяр. Гэхдээ тэрээр тэтгэвэр тогтоолгосон тул өрсөлдөөнөөс гарч байгаа бололтой. Дөрөв дэх нь ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай албаны дарга, хурандаа О.Зоригт. Нэр дэвшигч нарын дунд гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан ганц нэг хүн байна. Гэхдээ тэд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, эрдмийн ажил хийсэн кадрууд бол мөн.
Тус сургууль Монгол Улсын ирээдүйн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаа, дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, хилийн цэрэг, онцгой байдлын албадын шаталсан сургалтыг явуулдаг 87 жилийн баялаг түүхтэй.
Хууль сахиулах их сургууль нэртэй байхад нь Засгийн газрын 2019 оны 152 дугаар тогтоолоор “Дотоод хэргийн их сургууль” болгон өөрчлөн зохион байгуулж, дүрмийг шинэчлэн баталсан. Дотоод хэргийн их сургуулийн захирлыг 5 жил боловсролын байгууллагад ажилласан, эрдмийн зэрэг, цолтой албан хаагч байхаар заасан. Энэ нь ч уг байгууллагыг удирдаж байсан үе үеийн дарга нар эрхэлж байсан албан тушаалаасаа буухаар томилогддог байсныг өөрчлөн, Монгол Улсын ирээдүйн аюулгүй байдлыг хангах чиглэлээр суралцаж байгаа боловсролын байгууллагад хийсэн том өөрчлөлт болсон.
Шинэ томилгоо хийх гэж байгаа бол холбогдох хууль, дүрмийн хүрээнд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн нэгнийг оруулж ирэх шаардлагатай юм.