Х.Нямбаатар: Авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг өршөөхгүй

19
2020 оны 7 сарын 272020-07-27
Х.Нямбаатар: Авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг өршөөхгүй

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай ярилцлаа. Тэрээр ажлаа аваад харьяа агентлагуудаа тойрч албан хаагчдаас Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулах санал сонсчээ.

-Хууль зүйн сайдыг шүүмжлэл тойрдоггүй. Шүүмжлэл хэвлэлээс ч, олон нийтээс ч ирнэ. Бас дор ажиллаж байгаа хууль сахиулах байгууллагуудаас чинь “элдэв юмс” ирнэ. Та шүүмжлэлд тийм эмзэг хүн үү?

-Хүний нэр төр, алдар хүнд гэдэг эрхэм зүйл. Би шүүмжлэлийг хүлээн зөвшөөрнө. Харин зохион байгуулалттай гүтгэлгийг зохих ёсоор нь шалгуулна. Саяын сонгуулиар над руу олон тооны гүтгэлгээр дайрсан. Гэхдээ би гомдлуудаасаа татгалзаад, татаад авчихсан.

-Цагдаагийн удирдлагууд рапорт өгч байхад утсаар ярилаа гэсэн шүүмжлэл явсан. Энэ мэтээр л шүүмжлэх тасрахгүй шдээ?

-Тэр өдөр цагдаагийн бие бүрэлдэхүүнтэй уулзахаар ирэхэд бичлэг таслалгүй явсан шүү дээ. Арга хэмжээ эхлэхээс өмнө цаана нь машинаас буугаад танхимынхаа нэг сайдын дуудлагад хариулсан. Маргааш нь Засгийн газрын хуралдаантай байсан учраас утсаар зөвлөх зүйл гаралгүй яах вэ. Ингээд ярьж дуусаад цагдаагийн ёслол хариуцсан хоёр хүнээс зааварчилгаа аваад арга хэмжээндээ орсон. Үүнийг мэдэх хүмүүс нь шүүмжлээгүй, харин шүүмжлэе гэсэн хүмүүс шүүмжилсэн байх аа.

-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл танай яаман дээр бараг бэлэн болчихсон. Манай сэтгүүл зүйн салбарын холбоод, төрийн бус байгууллагуудын үл ойлголцлоос шалтгаалаад явахгүй байгаа. Энэ хуулийн төслийг явуулна биз дээ?

-Дэмжээд явуулна.

-Ардын хувьсгалын 100 жил, МАН-ын 100 жилийн ой ирэх 2021 онд болно. Үүнтэй холбоотойгоор Өршөөлийн хууль баталж магадгүй гэсэн таамаг байгаа. Гэмт хэрэг, зөрчил гарахаас сэргийлж Өршөөлийн хуулийг батална гэж хэлдэггүй, бас өршөөх зүйл ангийг хэлж болдоггүй. Гэхдээ асуучихъя. Өршөөлийн хуулийг гаргалаа гэхэд авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөхгүй биз дээ?

-Өршөөхгүй.

-С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял шийтгүүлсэн хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэх хэргээр Б.Хурц нарын хүмүүст анхан шатны шүүх ял оноосон. Чимгээ, Амгаланбаатар, Содномдаржаа нарт холбогдох хэргийг төрийн нууцаас гаргах асуудлыг та тавих уу?

-Ц.Нямдорж сайдын үед нууцаас гаргах асуудлыг холбогдох газарт нь тавьчихсан юм билээ. Хөөцөлдөнө гэж бодож байгаа.

-Үндсэн хуулийг нэмж өөрчилсний дараа Ерөнхий сайд өөрөө мэдэж томилсон анхны Хууль зүйн сайд болж байна. Таныг салбарын сайдаар ирэхэд өмнөх төсөөллөөс хэр зөрүүтэй байна вэ?

-1992 оноос хойш Үндсэн хууль үйлчлэх хугацаандаа парламент Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын санал болгосноор хүн нэг бүрээр томилдог байсан. Тэгвэл энэ удаа Ерөнхий сайд парламентад танилцуулаад өөрөө томиллоо. Би томилогдмогцоо Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа 12 байгууллагаар тойрч, алба хаагчидтай уулзаж, зарим орон нутгийн алба хаагчидтай видео хурлууд хийлээ. Миний явсан эхний зорилго бол шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тухайн газар, агентлагуудаас гаргаж байгаа үнэтэй саналуудыг тусгах, хоёрдугаарт ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж байгаа төсвийн тодотголтой холбогдуулж энэ салбарыг гал алдуулахгүй байх үүднээс төсвийн тодотгол дээр байгууллагуудын саналыг тусгаж зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, гуравдугаарт, Эрх зүйн шинэтгэл-2 бодлогын баримт бичгийг боловсруулах төлөвлөгөөнд санал тусгах. Би хуульч мэргэжлийг эзэмшээд яг 20 жил болж байгаа. Энэ хугацаанд багшиллаа, өмгөөлөгчийн ажил хийлээ, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг удирдаж ажиллалаа, парламентын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллажээ. Мэдээж энэ салбарын тухайд ойлголт байлгүй яах вэ. Гэхдээ тулгамдсан олон асуудал байгааг газар дээр нь тойрч явсных олж мэдлээ.

-Тухайлбал?

-Тодорхой хэдийг хэлье. Монгол Улсад нэн яаралтай Шүүхийн шинжилгээний байгууллагыг чадавхжуулах шаардлага байна. Шүүхийн бүх шийдвэр шүүхийн шинжилгээний байгууллагын зохих дүгнэлт дээр үндэслэж гардаг. Эрүүгийн, иргэний, захиргааны аль аль нь. Тэгэхээр бид энэ байгууллагыг чадавхжуулж байж гэмээнэ шүүхийн шийдвэр илүү шударга ёсонд нийцсэн, хуулийн дагуу гарна. Шүүхийн шинжилгээний байгууллагын байгууллагдсан түүх бусад агентлагийг бодвол харьцангуй хожуу. 2005 оноос хойш энэ байгууллага төлөвших гээд явж байгаа. Дунд нь улс төрийн шуурганд өртөж өөр байгууллагын харьяанд шилжин, буцаж салж нийлсэн түүхтэй юм билээ. Цаашид бид шүүхийн шинжилгээний байгууллагыг тэргүүн эгнээнд анхаарч ажиллая, орон нутагт тоог нэмэгдүүлье, боловсон хүчнээ гадаад, дотоодод давтан сургая гэсэн шийдэлд хүрлээ. Хуульчид гэхээс илүүтэй нарийн мэргэжлийн хүмүүс цугласан газар шүү дээ. Физик, техник, программ хангамжийн эрдэмтэд, нягтлан бодох бүртгэлийн шинжээч, эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар гэсэн олон мэргэжлийн цогц нийлбэр болсон, тусгай мэдлэгээр дүгнэлт гаргасныг шүүх хэрэглэж шийдвэрээ гаргадаг байгууллага. Боловсон хүчнээ яаж тогтоон барих вэ, яаж мэргэшүүлэх вэ гэдэг дээр анхаарахаар боллоо. Сүүлийн жилүүдэд үйлдэгдэж буй хэргүүд зохион байгуулалттай шинж чанар руугаа илүү явж байна. Энэ сайн зүйл биш. Тийм учраас Монгол Улсын хэмжээнд байгаа хуруу, гарын хээний шинжилгээний папилон санг илүү баяжуулж, орон нутагтай өргөн хүрээнд явж өгөх шаардлага байна. Ядаж л жилдээ ганц удаа папилон сангийнхаа апдэйтийг албан ёсоор худалдаж авдаг болмоор байна гэх мэт.

-Цагдаагийн байгууллагын тухайд?

-Би хамгийн түрүүнд очсон. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 10 мянга орчим бие бүрэлдэхүүнтэй хамгийн том агентлаг. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийгмийн хэв журмыг сахиулах үндсэн чиг үүрэгтэй байгууллага. Энэ үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд зохион байгуулалт, орон тооны хувьд асуудал байна. Оффист суудаг оффицерууд олширч олон түмэнд хүрч ажиллах ёстой хэсгийн байцаагч нарын орон тоо цөөдөөд байгаа юм. Стандартаа баривал хэсгийн байцаагч нарын тоог 3000-аар нэмэгдүүлэх шаардлагатай. Хэсгийн байцаагч нарын орон тоог нийслэлийн төвийн зургаан дүүрэгт эхний ээлжинд нэмэгдүүлэх бодлого барина. Цаашлаад Үндэсний мөрдөх албаны эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар судалж байгаа.

-Мөрдөх албаны тухай хуулийн төслийг Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа боловсруулж байсан. Тэгэхээр улс төрийн хувьд сөрөг хүчнээс концепцийн шүүмж гарахгүй юм байна.

-Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, хүн худалдаалах, цахим гэмт хэрэг, хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэргүүдтэй тэмцэх чиглэлээр бид үйл ажиллагаагаа сайжруулах, бүс нутаг дахь хамтын ажиллагаандаа ахиц гаргах зайлшгүй шаардлагатай болсон. Томоохон хэргүүд дээр цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх байгууллагаас хамтарсан ажлын хэсэг байгуулдаг боловч тэдгээр байгууллага хаана харьяалагддагаасаа улбаалж ажлаа хийдэг юм байна.

Уг нь гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг төрийн чиг үүрэг Засгийн газарт бий. Гэтэл гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага УИХ-д ч, Ерөнхийлөгчид ч, Засгийн газарт ч бий. Ийм учраас нэг талаас үр дүн гаргах, нөгөө талаас зардал хэмнэх үүднээс Үндэсний мөрдөх албатай болох шаардлагатай гэж үздэг. Нэг гарт хэт их эрх мэдэл төвлөрөх бас эрсдэлтэй. Хяналт тэнцвэр зайлшгүй шаардлагатай. Энэ ч үүднээс тусгай субъектуудын үйлдсэн гэмт хэргийг мөрдөх шалгадаг байгууллагыг хараат бус, бие даасан байдлаар байгуулах ч шаардлагатай.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар Д.Загджавыг томилсон нь олны шүүмжлэлийг дагуулсан. Энгийн хүн яагаад энэ албанд томилогдов оо?

-ШШГЕГ-ын даргын томилгоо Засгийн газар буюу танхимын шийдвэр байсан. НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийг төгссөн, цагдаа, шүүхэд ажиллаж байсан, улс төрийн болон төрийн албаны удирдах ажлын туршлагатай хүн байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бол Монгол Улсын шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьдаг чухал үүрэгтэй газар. Гэтэл шүүхийн шийдвэр биелэгдэхгүй, иргэн, төрд учирсан хохирол барагдахгүй байгаа зэрэг шүүмжлэл гарсаар ирсэн. Иймээс энэ байгууллагад зохих шинэтгэл шаардлагатай. Тухайлбал, иргэн, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлд шилжүүлэх асуудлыг судалж байгаа.

115829612_728631947712746_6795154322232643777_n.jpg

-Та өмнөх парламентын үед захиргааны хэргийн шүүхийн шүүгчид авлига авдаг, өөрсдөдөө ханш тогтоосон гэх асуудлаар байр сууриа илэрхийлж байсан. Бүр нэр цохож, тэмцэл өрнүүлэхээ зарлаж байсан. Энэ чиглэлээр ямар нэг алхам хийх үү?

-Сайдын ажилд томилогдсоных хийх ёстойгоо хуулийн хүрээнд зоригтой хийнэ. Би хүн солих гэж сайд болоогүй. Хуульчийн хувьд зорьж ирсэн, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт суусан ажлыг урагшлуулахын тулд явна. Шүүхийн хуулиуд бичигдсэн. Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын хуулиуд өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу хууль бус үйлдлийг хуулиар нь засаад явна.

-Эрүүгийн, Зөрчлийн хуулиуд, тэдгээрийн процессын хуулиудад ямар өөрчлөлт оруулах вэ?

-Хуулийн шинэтгэлээс өмнө хувь хүний ухамсарт нөлөөлөх шаардлага их байна. Гэмт хэрэг, зөрчил, түүнээс урган гардаг хор хохирлыг таниулах тухайд ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн хөтөлбөрт тусгая гэдэг дээр Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайдтай ярилцсан. Лекц, яриа байдлаар оромдсон юм хийхгүй. Ухамсар сэтгэхүйд нь нөлөөлж, ёс суртахуунд нь суулгах шаардлагатай.

Эрүүгийн хуулийн тухайд, авлига, албан тушаалын гэмт хэрэг, бага насны хүүхдийг хүчирхийлэх, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт оноох ялыг чангалах асуудал яригдаж байгаа. Зорчих эрх хязгаарлах ялыг ирэх 2021 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлнэ. Цахилгаан гав, удирдлагын төвтэй холбоотой зардал өндрөөс гадна төсөв нь шийдэгдээгүй гэсэн үндэслэлээр энэ ялыг хэрэгжүүлэхээ хойшлуулаад байсан. Хямд бөгөөд үр дүнтэй арга олсон гэж болно. Хүнийг заавал хорьж шийтгэхээс илүүтэйгээр гэм бурууд нь тохирсон ялын бодлоготой, бусдад учруулсан хохирлоо барагдуулах боломжтой байдлаар шийдэх чухал байгаа.

Зөрчлийн хуулийн тухайд сонгох интервальтай болгох асуудлыг судалж байна. Иргэдийн халаасыг хоосолж, торгуулиар төсвөө бүрдүүллээ гэдэг шүүмж бийг та бүхэн мэднэ. Амьдрал баян учраас тухайн зөрчил гарах шалтгаан нөхцөл бас байдаг. Зөрчлийн үйлдэлд нь, гэм хорд нь тохирсон сонгох санкцтай байх асуудлыг хуулийн байгууллагын зүгээс сөхөж тавьж байгаа юм. Нөгөө талаас зөрчилд хандах хууль сахиулагчдын өгөө аваа, үзэмжийн асуудал бас сөхөгдөнө. Зөрчил гаргахгүй бол Зөрчлийн хууль танд үйлчлэхгүй ч гэдэг. Үр дүн, нөлөөг нь судалж, олон удаагийн хэлэлцүүлэг явуулж байж шийдлээ гаргахаар байгаа.

Нөгөөтэйгүүр, баялаг бүтээж байгаа хэсгийнхээ үйл ажиллагааг гэнэт дайрч ороод торгож, хааж боодог арга хэлбэрийг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа. Улсын байцаагч нар эхлээд үйл ажиллагааг нь хянаад зөвлөгөө өгдөг, тусладаг. Дараагийн удаад шалгахад нь зөрчил дутагдлаа арилгаагүй бол хуулийн арга хэмжээгээ авдаг баймаар. Үүнийг нь хуульчилж, зөвлөн туслах, сануулах арга хэмжээг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд тусгая гэсэн саналууд ирсэн.

-Баярлалаа.

Санал болгох

Г.Пүрэвдорж: Эрчим хүчний тогтвортой, найдвартай ажиллагаанд мэргэжлийн удирдлага шаардлагатай

Монголын эрчим хүчний ассоциацын ерөнхий нарийн бичгийн дарга, техникийн ухааны доктор Г.Пүрэвдоржтой эрчим хүчний салбарын хөгжлийн бодлогын талаар ярилцлаа. 

6 өдрийн өмнө
Хөдөлмөрийн баатар Д.Ганбаатар: Самар түүж зардаг, вагоноор гэр хийж ганзагын наймаа хийж байсан үе саяхан юм шиг санагдаж байна

Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан “Макс” группийн ерөнхийлөгч Дагвадоржийн Ганбаатартай ярилцлаа.

22 өдрийн өмнө
С.Бадрал: Технологийн салбарт монгол хэлийг хөгжүүлж, өвлүүлэхийг зорьсон

Хиймэл оюун ухаанаар яриаг бичвэр, бичвэрийг яриа болгох Монголын “Чимэгэ” технологийг үүсгэн байгуулагч С.Бадралтай ярилцлаа. Тэрээр 2008 оноос хойш судалгаа хийж, өнөөдөр ийнхүү дэлхийд танигдах технологийн салбарын шинэчлэлийг хийсэн юм. Өнөөдрийн байдлаар зөвхөн Монгол Улсад үйл ажиллагаагаа нээсэн бөгөөд алсдаа дэлхийд гаргах зорилготой юм. Та бүхний мэдэхээр болор толь, болор дуранг тэд санаачлан бүтээж байсан юм.

1 сарын өмнө
Н.Баярмаа: Баярмаа давтагдахгүй. Баярмаагийн бүтээсэн Анна ч давтагдахгүй

Монголын анхны Анна Каренина болох жүжигчин Нэргүйн Баярмаатай та бүхнийг уулзуулж байна.

1 сарын өмнө