Time.mn сайтаас хөтлөн явуулдаг “Тэд яагаад” буландаа бид содон сонирхолтой этгээд хэв маягтай хүмүүсийг сонгон урьж оролцуулдаг. Энэ удаагийн зочин бол шивээс сонирхогч С.Тэмүүжин.
Түүнийг найз нөхөд нь Diwokr гэж хочилдог. Diwokr гэдэг нь түүний хүндэлдэг реппэр Don Dior, өөрийнх нь хайртай охины нэрийн товчлолын нийлбэр. С.Тэмүүжинг эхлээд харвал Don Dior-той андуурам. Учир нь сонсдог дуучныхаа шивээстэй төстэй шивээс хийлгэж, нүдэндээ линз хийжээ. Анх 15 настайгаасаа эхлэн шивээс сонирхож эхэлсэн тэрээр өөрийн бие дээр болон бусдад шивээс хийдэг.
Хүнсний технологич мэргэжлээр суралцаж байгаа С.Тэмүүжин анх зүүн гаран дээрээ “зүүд манагч” хэмээх нэртэй шивээс хийлгүүлж байжээ. Үүний дараа шивээсэнд дурлаж нүүр, нуруу , хоёр гарын шуу, хүзүү гээд биеийнхээ 50 хувьд нь шивээс хийлгүүлсэн байна. Яваандаа тэрээр цээжнээс дээш хэсгээрээ бүтэн шивээстэй болж шивээс модель болох зорилготой аж.

Түүний шивээс бүр утга учиртай
Одоогоор том жижиг нийлсэн 70 гаруй шивээстэй. Тэдгээр нь бүгд утга учиртай гэнэ. Анхны хийлгэж байсан зүүд манагч хэмээх шивээс нь хүүхэд залуусын тоглох дуртай “mobile legend” тоглоомтой холбоотой аж.
Харин зүүн нүдэн доорх нулимсны зурагтай шивээс нь гунигтай гэсэн утгатай. Гэр бүлд нь удаан хугацаагаар муу юм тохиолдож аав, эмээ, ахых нь бие өвдсөний дараа сэтгэл санаагаар унаж, өөрийнхөө гаран дээр нулимс шивжээ. Аавдаа зориулан хүзүүн дээрээ мөн таван хөзөр шивсэн байна . Түүнийг бага байхад аав нь мөрийтэй тоглоомонд байнга хождог байсныг нь бэлэгшээн шивүүлжээ.
Дуу хөгжимд сонирхолтой тэрээр баруун гарны шуун дээрээ өөрийн шүтэн биширдэг байсан алдарт реппер XXXTentacion нас барсны жил гарны дараа духан дээрх шивээсийг нь дуурайлган шивүүлсэн байна. Мөн европын алдарт 6iх9ine дуучны дууны үгийг гаран дээрээ шивүүлсэн нь ихэд сонирхолтой санагдлаа.
Харин түүний өөрийнх нь духан дээр хайртай охиных нь нэр байдаг. Найз охинтойгоо муудах бүртээ гарныхаа шуун дээр sad буюу уйтгар гуниг гэсэн утгатай үг шивдэг аж. Одоогоор түүний шуун дээр 10 гаруй sad мөн олон жижиг шивээс хятад ханзаар найз, нөхөрлөл гэсэн утгатай үг шивээстэй байдаг.
Don dior-ийн үнэнч фэн Diwokr
Түүний шивээснүүдээс хамгийн анхаарал татахуйц нь Монголын залуу реппер Don dior-ийн хүзүү, уруулан дээрх шивээсийг өөр дээрээ дурайлган шивүүлсэн нь байсан юм. Охид залуусын дунд Don dior нэрээрээ алдартай репперийг анх хараад шивээс хийлгэхэхээр шийдсэн гэнэ. Түүний бүх дуунуудыг нь сонсдогоос гадна шивээсийг нь өөр дээрээ шивүүлж үнэнч фэн гэдгээ баталсан. Don dior-ийг хүндэлж явдагаа хэлэхийн хажуугаар түүний тухай ийн хэлсэн юм. Хийж бүтээх ястой юмаа хийгээд явж байгаа, урлагт өөрийгөө зориулаад урлагийг хөгжүүлж яваа нэгэн гэж тодорхойлсон юм. Don dior –г дэмждэггүй муулдаг хүмүүст хандан өөрсдөө юу ч хийж чадахгүй байж хүнийг муулах онцгүй гэдгийг бас хэллээ.

Шивээс модель болох мөрөөдөлтэй
Түүнийг олон шивээс хийлгэхэд гэр бүл нь дургүйцдэггүй бөгөөд түүний аав олон шивээстэй хүн гэнэ. “Дургүй байлаа ч гэсэн өөрийнх нь хүсэл сонирхол учраас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нэг л амьдрах хорвоод юу хүссэнээ хийнэ авсанд орох биеийг яаж ч эдэлсэн миний дур” гэж тэрээр хэлсэн юм.
Шивээсэнд дурлах болсноор өөртөө илүү их анхаарч харахад урамтай гоё байдаг хэмээн хэлсэн юм. “Шивээс хийлгүүлээгүй Тэмүүжин шивээстэй Тэмүүжин хоорондоо өөр харагддаг. Шивээстэй өөрийгөө өглөө бүр толинд харах сайхан байдаг. Цаашлаад шивээс модель болох хүсэлтэй” гэлээ.
Гэвч шивээс модель болход тодорхой хэмжээний шалгуур царайны зөв дүр төрх, маш сайн хийсэн шивээстэй байх хэрэгтэй гэнэ. Багаасаа шивээс хийлгүүлсэн болохоор шивээс моделийн хэмжээнд нийцэхгүй муу болсон шивээсээ дарж, арилгаж байгаад энэ бодлоо үргэлжлүүлнэ гэв. Шивээсний модель болсноор олон сэтүүл сайтын хэвлэлд гарч тэр хэмжээгээрээ мөнгө олох боломжтой байдаг гэв.
Мөн тэрээр шивээс шинээр сонирхож байгаа залууст хандан зөвлөгөө өгсөн юм. Тэрээр “Хийлгэсэн шивээсээ маш цэвэр байлгах хэрэгтэй. Хүйтэн бүлээн усаар угааж бактерийн эсрэг зөөлөн саван хэрэглэх хэрэгтэй. Угааж цэвэрлэсний дараа зориулалтын тос түрхэж боолтыг нь түр хугацаанд авч агаар амьсгалуулдаг. Шивээс хийлгэсний дараа нарны шууд тусгалаас хол байх хэрэгтэй. Тавыг нь оролдохгүй байх шивээсний тав нь хийлгэсний дараа өөрөө 7-10 хоногийн дараа унадаг” гэж зөвлөсөн юм.


М.Ачиймаа