А.Ариунзаяа: Муу сурдаг учраас МСҮТ-д суралцдаг гэсэн буруу ойлголт байна

2020 оны 8 сарын 52020-08-05
А.Ариунзаяа: Муу сурдаг учраас МСҮТ-д суралцдаг гэсэн буруу ойлголт байна

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааг тодорхойлох хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тодруулбал, Мэргэжлийн боловсрол, сургалтын төвийн нэр хүндийг өсгөх, чадавхжуулах, олон улсын стандартын түвшинд хүргэх, Засгийн газрын болоод манай улсын хөгжлийн бодлоготой уялдаа холбоотой чадвартай боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх зэрэг олон асуудлаар хэлэлцэв.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, дэд сайд С.Зулпхар, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, ЮНЕСКО, МСҮТ, Политехник коллежийн удирдлага болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын асуудал маш чухал учраас үүнийг онцлон уулзалтаа энэ салбараас эхлүүлж байна. Цаашид та бүхний хэлсэн саналыг тусгаж ажил хэрэг болгох тал дээр яамтай хамтарч ажиллана. Төр, хувийн хэвшил гэж ялгахгүйгээр чанар, стандартыг чухалчилна. Судалгаанд үндэслээд хүний нөөцийн боловсон хүчин бий болгоход МСҮТ-ийн оролцоо маш чухал” гэв.

Хуралдаанаар төсөв, санхүү, хөрөнгийн асуудлаас гадна сургалтын чанарыг сайжруулах, багшийн тогтвортой ажлын байр бий болгохоос эхлээд малчид болон тэтгэвэрт гарсан ч ажиллах хүсэлтэй иргэдийг давтан сургалтад хамруулж улс эх орныхоо бүтээн байгуулалтад оролцох боломж нөхцөлийг бий болгох зэрэг саналуудыг хэлэлцэв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын бодлого зөвхөн манай яамны асуудал биш. Улсын хэмжээнд томоор яригдаж байгаа хөгжлийн хүлээлт үүсгэсэн салбар. Нэг бол боловсролын яам, нэг бол хөдөлмөрийн яаманд харьяалагдаад байгаа нь энэ салбар жигдэрч, голдиролдоо орохгүй байгаагийн шинж. Тиймээс одоо энэ салбар хаана харьяалагдах нь чухал биш, харин Салбар дундын зохицуулалтаар, төр, хувийн хэвшил, ААН байгууллагуудын хамтын зүтгэлээр хөгжинө. Германд Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 20-30 хувь нь л Их дээд сургуульд элсдэг бол дийлэнх буюу хүүхдүүдийн 70-80 хувь нь мэргэжил эзэмшиж улс орныхоо ажиллах мэргэшсэн боловсон хүчнийг бий болгодог. Манай улсад эсрэгээрээ. Муу сурдаг эсвэл Их дээд сургуульд орж чадаагүй учраас МСҮТ-ийг сонгон суралцдаг гэсэн буруу ойлголттой. Тиймээс энэ салбарыг зөв чиглэлд нь оруулахын тулд хамтдаа бодлогоо боловсруулж, хамтдаа хөгжинө. Мэргэжлийн боловсрол, сургалтын салбартай холбоотой маш олон санал санаачилга, тулгамдаж буй асуудал бий. Цаашдаа ярих биш нэг талаас нь барьж аваад ажлаа шуурхай эхлүүлэх нь чухал. Халамжаас хөдөлмөр лүү шилжих зарчим баримтлан ажиллаж байгаагийн хувьд та бүхэнтэй ойр хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай” гэсэн юм. Манай улсад 81 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 37 мянга гаруй суралцагчтай үйл ажиллагаагаа явуулж байна.

Эх сурвалж: Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам

Санал болгох

"Нүүрсийг хүн тээвэрлэдэг гэдгийг яагаад ойлгохгүй байгаа юм"

Таван толгой-Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги-Мандал зэрэг боомтын чиглэлд 10.000 гаруй нүүрс тээвэрчин 90-120 хоног кабиндаа тусгаарлагдаж, зарим нь амиа алдаж буй асуудлаар тээвэрчдийн ар гэрийн төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

1 цагийн өмнө
Уран зургийн галерейг зориулалтын байртай болоход дэмжлэг үзүүлнэ

Уран зургийн галерейг Үндэсний уран зургийн галерей болгон өөрчлөх, Уран зургийн галерей, Хүүхэлдэйн театрын орон тоо, төсвийг нэмэх ажлыг даалгав.

4 цагийн өмнө
Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдаан хойшлогдлоо

Оролцогчийн хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт товлов.

4 цагийн өмнө
Г.Загдаа нарт холбогдох хэргийг ирэх сарын 8-нд хэлэлцэнэ

2020 оны есдүгээр сарын 24-ний өдөр хэлэлцэгдсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны аравдугаар сарын 08-ны өдрийн 10.00 цагт товлож шийдвэрлэлээ.

5 цагийн өмнө