24 настай аймгийн алдарт уяач, их эмч

8
2020 оны 8 сарын 62020-08-06
24 настай аймгийн алдарт уяач, их эмч

Дуламын Хорлоодой. Энэ хүн бол Монгол Улсын анхны эмэгтэй алдарт уяач. Одоог хүртэл түүний энэ амжилтыг давсан хүн байхгүй ч манай улсад аймгийн алдарт уяач хоёр эмэгтэй бий. Тэдний нэг болох Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат  Э.Ариунзаяатай бид онлайнаар холбогдож ярилцлаа. 

------------------------------------------------------------

-Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө болон гэр бүлийнхнээ танилцуулаач?  

-Сайн байна уу. Намайг Эрдэнэбилэгийн Ариунзаяа гэдэг. Аав минь Монгол Улсын алдарт уяач. Харин ээжийг минь Баатарсүхийн Нарантуяа гэдэг. Биологийн багш мэргэжилтэй. Одоо Сүхбаатар аймгийн нэгдүгээр арван жилд мэргэжлээрээ ажилладаг.  

Миний хувьд 2019 онд АШУҮИС-г их эмч мэргэжлээр төгссөн. 24 настай. Одоо сумандаа аав ээж, дүүтэйгээ хамт амьдарч байна. Энэ намраас мэргэжил дээшлүүлэн суралцаж, мэргэжлээрээ ажиллахаар төлөвлөөд байна. Мэдээж удам дамжсан морьтны өв соёлоо хадгалж, хурд таслахгүй гэж бодож байгаа.

-Удам дамжсан уяачид болохоор нутаг усныхан нь андахгүй биз? 

-Тийм ээ. Нутгийнхан маань андахгүй Ухна агсны хүүхдүүд гэж ярьцгаадаг. Бас Амбуу овгийн удам дамжсан уяачид гэдэг.  Өвөө маань Монгол Улсын манлай уяач, ээжийн маань аав аймгийн алдарт уяач, Монгол Улсын  гарамгай мэргэн.

Мөн аймгийн алдарт уяач У.Гантөмөр, У.Гансүх, Л. Энхбат, Г. Баадай , МУ-ын сайн малчин, аймгийн алдарт уяач У.Адьяа, Сүхбаатар аймгийн хамгийн залуу алдарт уяач А.Бумбаяр,  сумын алдарт уяач М. Бүрэнбаяр гээд аавын маань төрсөн ах дүү нар бүгд уяач. 

-Та тэгэхээр багаасаа л морь малтай ойр өсчээ дээ. Хэдэн настайгаасаа морь сонирхож, унаж сурав? 

-Би багаасаа л  морийг эрхэмлэн дээдэлж, аавыгаа дагаж энэ сайхан морины их соёлтой хөл нийлүүлэн алхсан даа. Аав эгч бид хоёрыг морь унуулж сургана гээд хоёр өдөр худаг руу морьтой нь хөтөлж алхсан. Морь унаснаас болсон уу, миний бөөр өвдөж хэдэн өдөр халуурснаас болоод морь унуулаагүй дээ. 

Харин аавыгаа дагаж явсаар энэ жил сумынхаа баяр наадмаар аймгийн алдарт уяач цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

-Манай улсад улсын алдарт уяач эмэгтэй нэг, аймгийн алдарт уяач эмэгтэй мөн нэг байдаг юм билээ. Харин та энэ жил аймгийн алдарт уяач цол тэмдгээр шагнагдаж, эмэгтэй алдарт уяачийн тоог нэгээр нэмлээ шүү дээ. Тэдний талаар дуулсан уу?

-Монгол Улсын  алдарт уяач Сэлэнгэ аймгийн харьяат Д.Хорлоодой гуайг мэдэхгүй хүн ховор бизээ. Мөн аймгийн алдарт уяач Д.Цэрэндорж гуайн тухай ааваасаа сонссон. 

Намайг аймгийн алдарт уяач цол авахын өмнө Монгол Улсын  тод манлай уяач, Монгол Улсын  начин Цэвээнжавын Дуламсүрэн гуай надад хандаж “Монголд Улсын алдарт уяач эмэгтэй нэг л  бий. Миний дүү хоёр дахь нь болоорой. Дараа нь Монгол Улсын  анхны манлай уяач эмэгтэй болоорой. Сайн хүний үр, сорт гүүний унага хол явах учиртай. Монгол галын бурхан эмэгтэй хүн морь уяж, уяан дээр байж болохыг түүх харуулна. Өвгөдийнхээ нэрийг өндөрт өргөж өнө мөнхөд гялалзаж яваарай” гэж хэлсэн сэн. Ийм сайхан үг сонссон хүн хичээхгүй, хөдөлмөрлөхгүй байж болохгүй шүү дээ. 

-Энэ жил сумын наадамд хэчнээн насны хурд сойв?

-Асгат Сумын 95 жилийн ойгоор манай “Мөнх манлайн хурд” гал уяа сайхан наадсан. Нийт гурван түрүү, хоёр аман хүзүү хүртсэн. 

Энэ жил аймаг сум, улсын наадам давхацсан учир улсын наадамд морьдоо сойгоогүй. Ирэх жилийн улсын наадамд л бэлтгэнэ дээ. 

-Уясан хүлэг тань түрүүлж, айрагдах мөчид баярын нулимс унагана биз?

-Морь хүүхэд эсэн мэнд ирэх шиг л сайхан зүйл байхгүй дээ. Миний морь уях аавын минь хөдөлмөр зүтгэлийн хажууд юу ч биш . Ааваараа л маш их омогшиж бахархдаг даа.

-Наадам дөхөөд ирэхээр уяач, унаач хүүхдүүд хэрэндээ л догдолж нойр нь ч хүрэлгүй хөрвөөж хонодог шүү дээ?

-Нойр  хүрэхгүй үе зөндөө бий. Нойр хүрсэн ч үүрэг хариуцлага хөдөлмөрөө үнэлүүлэхийн тулд морьдынхоо хоолыг сайхан тааруулах ёстой учир наадмын урьд өдөр аавтайгаа цуг морьдоо манаж хонодог. 

-Танайх бүх насны морьд уядаг уу?

-Манайх бүх насны морь уядаг. Миний хувьд аавынхаа нэгээхэн хэсэг туслах нь болж гар хөлийн үзүүр дэх жижиг ажлуудыг хийдэг. Нойргүй хонох бол ердөө л наад захын асуудал. Морь уяна гэдэг унаач, уяач төдийгүй олон хүний хүч хөдөлмөр багийн ажил байдаг. Аав бид хоёрт Аймгийн Алдарт уяач А.Бумбаяр, А.Бум-Эрдэнэ , Сумын алдарт уяач М.Бүрэнбаяр, М. Бүрэнбаатар нар нөмөр түшиг болдог. Тэднээсээ байнга суралцдаг даа.

Хурдан морийг уяхад юуны түрүүнд тэр адуунд байгалиасаа төрмөл хурдан чанар заяасан байх хэрэгтэй. Тэрнээс хурд суулгана гэж байдаггүй. Аливаа зүйлийн уг суурь хамгийн чухал. Харин үүнийг цааш нь уяач яаж уяхаас л бүх зүйл шалтгаална. Уяач хүн адуугаа хайрлаж, алсаас зөв зөөлөн ажил хийж байх хэрэгтэй.
Морь сайн уяж суръя гэвэл эхлээд мориныхоо бартагийг арилгаж сурах хэрэгтэй гэж аав минь байнга захидаг юм.

 

Санал болгох

ОУХБХ-ны шүүгч Д.Түмэнбаяр зодог тайллаа

Д.Түмэнбаяр 17 жилийн турш нийт 1242 шүүн явуулсанаас 277 нь дээд лигийнх, 170 нь футзалын дээд лигийн тоглолт байв. Хүн бүрийн сонгож хийгээд байдаггүй шүүгчийн ажиллыг хийхдээ 2014 онд Монгол улсын шүүгч, 2018 оны "Алтан шүгэл" шагналыг хүртэж, хоёр удаа дээд лигийн шилдэг шүүгчээр шалгарсан юм.

1 өдрийн өмнө
Футзалын дээд лигийн 2020 оны улирал амжилттай явагдаж өндөрлөлөө

Футзалын дээд лигийн энэ улирал 01-р сарын 25-нд эхэлсэн ч цар тахлын улмаас 07-р сарын 19-ийг хүртэл завсарласан юм. Лиг багагүй хугацаанд завсарласан ч тэрхүү хугацаанд олон улсын стандартад нийцсэн футзалын шалтай болж, тамирчид илүү эрч хүчтэй, футзалын ордон шинэ өнгө төрхтэйгөөр эргэн ирсэн билээ.

1 өдрийн өмнө
Н.Төгсцогт өрсөлдөгчөө ялж, WBC холбооны аваргын бүсийн төлөө тоглохоор боллоо

Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт дэлхийн ринг дээрх замналын 13 дахь тулаанаа өнөөдөр хийж Барбадос улсын тамирчин Кобиа Брийдигээр ялалт байгууллаа.

10 өдрийн өмнө
Р.Пүрэвдагва: Хөлөө эмчлүүлэхдээ мэдэхгүй эм тариа хэрэглэсэн бололтой, надаас хориотой бодис илэрчээ

Монгол улсын арслан Р.Пүрэвдагва Допингийн эсрэг үндэсний төвөөс энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан сэргээшийн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, уучлал гуйлаа.

15 өдрийн өмнө