Тэйлор Свифтийн “Хоосон зай”-г Юй Лань-ийн “Зэв хийгээд толь”-оор шинжихүй буюу уран зохиол дахь үзэсгэлэнт шулмын дүр

2020 оны 8 сарын 82020-08-08

Эрэгтэйчүүд айдас эмээл ба хүсэл шуналын завсарт, далдын хүчний эзэмдэлд автахаас зүрхшээх мөртөө түүнийг ялан давахыг горилох хоёрын хооронд эргэлзэн тээнэгэлзсэн зөрчилт бодлоосоо болж эрэгтэйчүүдийг өдөөн татаж, хүсэл шуналын галыг нь буцалгадаг мөртөө гай гамшиг удирдан авчирдаг дүр – эмэгтэй шулмыг бүтээсэн юм.

Тэйлор Свифт тав дахь цомгоо 2014 оны 10 сарын 27-ны өдөр гаргажээ. Цомгийн нэр “1989”. Энэ цомогт орсон “Blank Space - Хоосон зай” хэмээх дуу гурван долоо хоногийн дотор АНУ, Австрали, Канад, Өмнөд Африк, Шотландын хит парадад тэргүүлсэн юм. Дууны видео клипийг Жозеф Кан найруулан, Нью-Йорк мужийн Хантингтон дүүрэг дэх нэгэн шилтгээнд гурав хоногийн хугацаанд бичиж дуусгасан байна. Дуунд Тэйлор Свифт “эрчүүдээр тоглодог”, эцэст нь “сүг сүнс” болгоод хаядаг хүйтэн гоо, үзэсгэлэнт шулам болон гарна. 

Улаанхад хотын Оннигууд хошуунд төрсөн Боржигин овгийн Ариунбулагийн Юй Лань хэмээх бүсгүй 2010 онд утга зохиолоор докторын зэрэг хамгаалжээ. Хамгаалсан бүтээлийнх нь нэр “Шинэ эриний монгол зохиолчдын хүйс ялгалын сэтгэц судлал”. 2012 онд эрдмийн цол хамгаалсан бүтээлийн шалгаруулалтад орны дэсийн шилдэг өгүүллээр шалгарсан уг судалгаанд утга зохиол дахь хүйс ялгалын сэтгэцийг sex ба gender гэх хоёр тусдаа ухагдахууны үүднээс авч үзээд, эрэгтэй эмэгтэй хүүрнэл дэх хурьцлын сэтгэц, хүйс ялгалын бардамнал, зүс буруулсан оор хүсэл, ганган учралыг хүсэмжлэх сэтгэц, шоовдорлогдсон янагийн дайсан зэргээр тал бүрээс нь нарийвчлан судалсан байна. Судалгаагаа ном болгон хэвлүүлэхдээ “Зэв хийгээд толь” хэмээн нэрийджээ. 

Миний бие үүнээс өмнө англи, орос хэлээрх дууны үгийг орчуулж, өөрийн санаагаар дүгнэн тайлбарласаар ирсэн билээ. Тэгвэл энэ удаад бүсгүй хүний дуулсан хүйс ялгалын нарийн сэтгэц бүхий энэ дууг орчуулахдаа тайлбарыг мөн бүсгүй хүний зэрэг хамгаалсан бүтээлийн учгаар гаргахыг оролдов. Үгүй бол янаг амраг, оор хүслийн талаарх санаа оноог дан эрэгтэйч үүднээс тайлж, өөрийн бодолд нийцүүлдэг хуучны уламжлал давтагдах биз. 

 

Ганган учрал, хээрийн цэнгэл


Nice to meet you, where you been?

I could show you incredible things

Magic, madness, heaven, sin

 

Saw you there and I thought

Oh my God, look at that face

 

Хаагуур зөрсөн залуу вэ, чамтай ингэж танилцах байж

Хачин дотно зүйлсийг үзүүлэх л байлаа, чамд би:

Гайхамшиг – солиорол,

газрын диваажин- гаслант там...

Харлаа чамайг, тэгээд шүүрс алдлаа

Хан тэнгэр минь, хараач түүнийг

Видео клипийн энэ хэсэгт өөлөхийн аргагүй сайхан залуу цайзнаа орж ирж буй дүр зураг гарна. Эрэгтэй супер модел Шон ОПрай гэж булчин шөрмөс нь зангирсан, нүд хөмсөг болсон залуу тэр дүрд тоглосон аж. Эм хүйстний таалалд яагаад заавал ийм эр нийцдэг талаар Юй Лань ийн тайлбарлажээ:

“...Биологи зүйгээс үзвэл хүчирхэг дайчин эр хүйстэн нь хамгийн сайн генийг хангагч байж, бүлэг цогцын үржил төлжил, оршил тогтнолд нэн ашигтай байдаг болохоор эм хүйстний тааллыг илүү олдог. Хүн төрөлхтний гоо зүйн үзэлтийг иймэрхүү цул байгалилаг шинжээс олж таних нь зохисгүй явдал боловч хүдэр чийрэг бие махбод ерөөс эр хүйстний сүрлэг гоогийн шинж тэмдэг болсоор ирсэн нь маргашгүй үнэн. Иймээс ид хүчийг бэлгэдсэн булчин шөрмөс нь эр хүний гоо сайхны хувьд эмэгтэйчүүдийн анхаарлыг татах чухал элемент болж байдаг. (Юй Лань, “Зэв хийгээд толь”, 2015, Улаанбаатарын их сургууль, 198-р тал, цаашид номыг дурдахгүй зөвхөн хуудсыг бичнэ) 


You look like my next mistake

Love's a game, wanna play? Ayy

 

Дугаар алдаа минь чи байна шүү дээ

Дурлал гэж тоглоом, үзээд алдах уу хоёулаа?


Алдаа гэж мэдсээр байж ахин тоглох дуршлыг юу гэж тайлбарлах вэ? Ганц удаад учраад өнгөрөх харилцааг Өвөр Монголын аялгуунд “ганган учрал” гэж нэрийддэг аж. Тэйлор Свифт, Шон хоёр яагаад ийм ганган учралыг хүсэмжлэв? 


Юй Ланьийм учралыг “хээрийн цэнгэл” хэмээн нэрийдээд “Танилцахгүй байсан хоёр хүн гэнэтийн тохиолдлоор адилхан цаг орон зайд тохируулагдсанаас нэг зүйлийн хялбарчилсан янаг дурлал-зуурын янаг үүсдэг. Энэ бол даруй ердийн хэлдэг ганган учрал (Ордос аялгуунд “ганган явдал” ч гэдэг) хэмээгч болно. Жаргал цэнгэлийг хөөцөлдөхөөр зорилго болгосон болохоор хоёр этгээд бие биедээ ямар ч үүрэг хариуцлага үүрэглэхгүй байх нь түүний товойсон онцлог байж, яг үүгээрээ сексийн хамтрагчаа олшруулах хүсэл бүхий хүмүүсийн санаанд нэн нийцэж, аяндаа олон хүний хүрээллийг олжээ...” хэмээсэн аж.

Гадуурчлагдсан бүсгүй , цуу яриа

New money, suit and tie

I can read you like a magazine

Ain't it funny, rumors fly

And I know you heard about me

 

Олоод удаагүй мөнгө, үнэтэй зангиа хослол

Ойлгомжтой шүү дээ, чамайг унших дэндүү хялбар

Олны яриа, дэл сул үгс намайг харин юу гэсэн бол

Сонорт чинь мэдээж энэ тухай

Сонсогдсон л байх учиртай


Энд Тэйлор Свифт нэг эмзэг сонин асуудлыг хөндөн тавьжээ. “Rumors fly... I know you heard about me” гэж. Дуучин бүсгүй өөлөхийн аргагүй сайхан эмэгтэй, клипний залуу гэж төгс хүн, аль аль нь хээнцэр ганган учралд умбасаар ирж. Гэтэл өрнө дорнын аль ч ертөнц, нийгмийн бүхий л давхаргад эрэгтэйн ийм явдлыг сайшаадаггүй юм аа гэхэд үл муулах, харин эмэгтэй бол буруушаан гадуурхах, элдэв цуу үгээр доромжлох хандлага байдаг нь нууц биш билээ. 

Энэ тэгш бус хандлагын талаар Юй Лань бүтэн бүлэг бичсэнээ “Гадуурчлагдсан бүсгүй: “Осолдогч” эмэгтэйг яллах хүсэл” хэмээн нэрийдээд “Эрэгтэйн эрхт нийгмийн эш ёсонд “цэвэр ариун” гэдэг нь голдуу эмэгтэйчүүдэд хандуулсан ёс суртахууны баримжаа болно... Цэвэр ариунаа хамгаалж чадсангүй эмэгтэй хүн нь нэгэнт хиртэж бузартсан “бодис”, уучлагдашгүй осол эндүүтэй ялтан болоод, бусдын харцанд сүлбүүлэн, хараалаар ташуурдуулж, толгой өндийж чадахгүй амьдарч байгааг эл газрын эмэгтэйчүүдийн эрх ашгийн тухай мэдүүлэлт байн дахин мэдээлж буй... Нийгмийн яриа хэлэлцээ ерөөс хорлогч этгээд болох эрэгтэйчүүдийг ёс суртахууны тэгнүүр дээр тавьж цэгнэдэггүй, харин эмэгтэйчүүдийг л гадуурчилж, дорд үздэг” хэмээжээ. 

Эмнэг залуусыг сургах догшин эмэгтэй

So hey, let's be friends

I'm dyin' to see how this one ends

Grab your passport and my hand

I can make the bad guys good for a weekend

 

Гэлээ ч энэ тоглоом хэрхэн дуусахыг тэсэн ядан хүлээнэ

Эхлээд чи гараас минь хөтөл, гадагш зугаалъя

Эмнэг залуусыг би сайн өдрүүдээр л сургачихдаг юм.

Энд эрчүүдийн учирдаг жирийн эмэгтэй бус, огт өөр дүр, түрэмгий догшин - шулам эмэгтэй гарч ирж байна. Эмнэг залуусыг сайн өдрүүдээр л сургачихдаг эзэрхэг бүсгүй. Яагаад энгийн даруу, хүний ертөнцийн бүсгүйг биш, ийм хүйтэн гоо, шулам эмэгтэйг залуус таашаадаг вэ?

 

Юй Ланийн үзэхээр: “Шулам эмэгтэйн өнгө зүс зан ааль нь эрэгтэйчүүдэд баяр цэнгэл олгодгоос гадна биеийн гарал нь ч тэдний сэтгэцэд нийцнэ. Шулам бол нөгөө ертөнцийн “юм” болохоор хүний ертөнцийн ямарваа ёс дэглэмд баригдахгүй байдаг. Адилаар түүнтэй үүссэн хурьцлын ажиллагаа ч хүн нийгмийн ёс суртахууны зэмлэлийг олохгүй юм. Мөн ч шулам эмэгтэй нь эрэгтэйн эрхт нийгмийн “эхнэрийн суртал”-ыг сахих чухалгүй болохоор нэн хөдлөнгүй, нэн байгалилаг, нэн тачаангуй, нэн өдөөн татах хүчин бүхий дүрээр илэрнэ. Хүүрнэлийг үндэслэвэл, шулам нь зөвхөн оор хүслээ хангахын төлөө эрчүүдийг эрдэг бөгөөд хүний ертөнцийн бүсгүй шиг айл гэр болох хүсэмжлэл, хүүхэдтэй болох бололцоогүй болохоор хурьцлын ажиллагаанаас төрөгдөх үүрэг хариуцлага гэмээр зүйл эрэгтэй баатрын мөрөн дээр тулгарах аюулгүй юм. Үүгээр барахгүй эрэгтэйчүүдийн амьдралд гэнэт төрөн орж ирдэг шулам эмэгтэй үлэмжийн нууцгай шинжтэй байдаг. Ийнхүү шулам эмэгтэйтэй нөхцөх үлгэр нэг ёсондоо эрэгтэйчүүдийн ганган учралыг хүсэмжлэх сэтгэцийнх нь гарах зам болж, бодит амьдралын дунд биелэгдэхэд хэцүү, хий хүслийг нь хангажээ. Энэ утгаас үзвэл эмэгтэй шулам бол үнэндээ эрэгтэйчүүдийн дарж тэвчиж дийлшгүй оргилж байдаг оор хүслийнх нь хувилбар болно...” 

Ийм ч учраас Шон ОПрай хэмээх эр Тэйлор Свифтийг даган паспортоо аваад гадаад улсад зуурын жаргал эдлэхээр гарч одно. Энд миний бие яагаад дуучин, модель хоёрыг жинхэнэ нэрээр нь дуудаад байна гэхээр видео клипэндээ өөрсдөө үнэн нэрээ ашиглаж, нэгэн модон дээр зүрх зураад дотор нь “Шон + Тэйлор” гэж бичдэг кадр гардгийн тул билээ.

Ганган учралыг хүсэмжлэх мөртөө зүрхшээх сэтгэц


So it's gonna be forever

Or it's gonna go down in flames

You can tell me when it's over, mm

If the high was worth the pain

 

Үүрд ингэж явах уу

Үнс болон хийсэх үү

Өвдөхөд харамсахааргүй байсан уу

Өнгөрсөн хойно нь хэлээрэй

Өвдөхөд харамсахааргүй байсан уу? хэмээн бүсгүй тавлан асууж буйгаараа эрчүүдийн ганган учралыг хүсэмжлэх мөртөө зүрхшээх сэтгэцийнх нь утсыг хөндөж өгчээ. Энэ талаар судлаач бүсгүй: 

“...Эрэгтэйчүүд хэдийгээр эмэгтэй хүний нийгмийн өртгийг үгүйсгэж, тэднүүсийг сонирхогдогч, эрхшээгдэгч, тоглоомын эд гэж үздэг боловч нөгөө талаар тэднийг бас “Эрэгтэйчүүдийн ухамсрын гүн дэх чөтгөрийг гаргах ид шидтэй” гэж гайхширдаг. Энэ утга агуулга дээр эмэгтэй хүн нь эрэгтэйчүүдийн өөрийгөө эзэмдэх чадварыг сүрдүүлэгч, аугаа сүрлэг дүр байдлыг цуцлагч, дорой буурай шинжийг торойлгогч болж танигдана. Танилтын иймэрхүү хоёрдмол шинжээс болж эрэгтэйчүүдийн өөрсдийг нь бие сэтгэлийн гойд санамшралд дагуулан аваачдаг эмэгтэйчүүдийг бахдан таашаахын хамт айн зүрхшээх зөрчилт сэтгэц бүрджээ...” хэмээн дүгнэжээ.

Ардын үлгэр: Эцэст нь чи сүг сүнс болно


Got a long list of ex-lovers

They'll tell you I'm insane

'Cause you know I love the players

And you love the game

 

'Cause we're young and we're reckless

We'll take this way too far

It'll leave you breathless, mm

Or with a nasty scar

 

Уулзаж учирсан залуу олон

Бүгд намайг солиотой гэнэ

Учир нь та нар тоглоомд донтой

Би харин тоглогчид нь дуртай

 

Зоргоор гэнэн болохоороо хоёул

Зогсохоо мэдэхгүй удаан явна

Эцэст нь чи сүг сүнс болно

Эсвэл гүн шархтай хоцорно

Энэ дүрслэл бол шинэ зүйл ч биш, Монгол ардын үлгэрт үзэсгэлэн гоо шулмын талаар хэрхэн өгүүлдэг талаар Юй Лань: “...Эмэгтэй шулам хүний ертөнцийн эгэл бор залуутай золгож, ертөнцөд тасархай өнгө зүсээрээ сүнсийг нь татаж, ханашгүй их шунал тачаалаараа эр биеийг нь мохоон, хамаг эцэст нь доройтуулан хаях ардын аман зохиолын үлгэрийн хэвшил...(263-р тал)” гэжээ.

 

Амтат уруул, асуугаагүй үнсэлт

Got a long list of ex-lovers

They'll tell you I'm insane

But I've got a blank space, baby

And I'll write your name

 

Cherry lips, crystal skies

I could show you incredible things

Stolen kisses, pretty lies

You're the king, baby, I'm your queen

 

Уулзаж учирсан залуусын минь нэрс

Урт жагсаалт болдог юм

Хонгор минь чиний нэрийг бичих

Хоосон зай тэнд бий, бүү зов

 

Амтат уруул, амрагийн тэнгэр

Гайхамшгийг чамд би үзүүлж чадна

Асуугаагүй үнсэлт, өчөөгүй үнэн

Хаан нь чи мөн бол Хатан нь би.

Аюулт хорт үнэгэн шулам гэж мэдсээр байтал яагаад эрчүүд “амтат уруул, асуугаагүй үнсэлт” зэрэгт хууртсаар, утга уран зохиол, кино жүжиг сэлтэд хамгийн хорон эмэгтэйн дүрд хамгийн гоо бүсгүй дүрслэгдсээр ирсэн бэ? Ийм дүр дүрслэлийг эрчүүд өөрсдөө буй болгосон хэмээн Юй Лань тайлбарлажээ:

“...Эрт эдүгээ дотоод гадаадын үлгэр зохиолд эрэгтэйчүүдтэй нөхөцдөг эмэгтэй шулам бүгдээр гоё сайхан залуу бүсгүйн дүрээр илэрдэг. Сексийн гоо зүйн үзэлтээс үзвэл эмэгтэй хүний залуу нас, гоё хээнцэр өнгө зүс, уяхан гоо бие галбир бол эрэгтэйчүүдийн өнөдийн хүсэмжлэл болно. Гэтэл бодит амьдралын дунд энэ бүх нөхцөлийг дутаалгүй бүрэлдүүлж чадах эмэгтэйчүүд цөөн байдгаас болж олонх эрэгтэйчүүдэд гоё эмэгтэй гэдэг бол хүршгүй холын хий хүсэл төдий. Эрэгтэйн хүүрнэл яг энэхүү хий хүслийг илрүүлэх буюу хангахын төлөө үлэмжийн гоё бүсгүйчүүдийг төсөөлөн гаргасан бөгөөд тохиолдомжийн шинжийг байнгын шинжтэй болгон хэн хаана ч гэсэн харгаж мэдэх бололцоотой болгосон байна. (265-р тал)” 

Хүйтэн шулам, хүсэл шуналын гал


Find out what you want

Be that girl for a month

Wait, the worst is yet to come, oh no

Screaming, crying, perfect storms

I can make all the tables turn

 

Rose garden filled with thorns

Keep you second guessing like

"Oh my God, who is she?"

I get drunk on jealousy

But you'll come back each time you leave

'Cause darling, I'm a nightmare dressed like a daydream

 

Ямар бүсгүйг мөрөөддөгөө хэл

Яг нэг сар би тийм байж чадна

Янаг минь, гамшиг харин араас нь нөмөрнө өө

Орилж хашгиран, уйлан дуулж

Орвонгоор нь бүхнийг эргүүлж чадна би

 

Сарнай цэцэг өргөстэйг мэдэхүй

Санаа алдан, нүдэндээ ч чи итгэхгүй

Хардалт, тачаалдаа хөлчүүрхэн, хөөнө би чамайг

Харамсалтай нь чи эргээд л ирнэ, учир нь

Үлгэр мөрөөдлийн дагина мэт харагдах

Үзэсгэлэнт хүйтэн шулам юм аа би.

 

But you'll come back each time you leave – Яагаад хөөгдөж явах бүрийдээ эргэж хурган буцаж ирээд байх билээ? Энэ эрчүүд чинь яасан улс болоод ингээд байна? Эмэгтэйн тайлбарыг сонсъё:

“...Хүний хэвийн сэтгэцэд өөрийн зориг санаагаар дийлэхгүй зүйлээс айн зүрхшээх тогтоц буй. Тэгэхлээр уламжлалт гол урсгалын соёлд“оор хүсэл нь хүн төрөлхтний ёс суртахууны хамгийн их дайсан, хүн нийгмийг сүрдүүлэгчийн дүрээр илрэн” сөхөөгдөж гадуурчлагдсаар ирсэн юм. Үүнээс гадна биологийн мэдлэгийн дутмагаас болж хурьцлын ажиллагаа нь биеийг тэжээх буюу хохируулах ид шид бүхий ажиллагаа болж танигдсан байв. Энэ нь секст улам эчнээ нууцгай, гэнэн түгшүүртэй өнгө будаг халдааж, хурьцлын ажиллагаа нь аяндаа хоёр хүйстний олж алдах дайны талбарын шинжтэй болжээ. Иймэрхүү будлиант ойлгогдохуунаас болж, секс хийгээд эмэгтэй хүн хоёр нь түүний онц их татах хүч, цочоон хэлмэгдүүлэх шинжээрээ хоёр нүүрт жигтэй амьтан болж хувирсан байна. Эрэгтэйчүүд айдас эмээл ба хүсэл шуналын завсарт, далдын хүчний эзэмдэлд автахаас зүрхшээх мөртөө түүнийг ялан давахыг горилох хоёрын хооронд эргэлзэн тээнэгэлзсэн зөрчилт бодлоосоо болж эрэгтэйчүүдийг өдөөн татаж, хүсэл шуналын галыг нь буцалгадаг мөртөө гай гамшиг удирдан авчирдаг дүр – эмэгтэй шулмыг бүтээсэн юм. Иймээс эрэгтэйн хүүрнэл дэх шулам бол эрэгтэйчүүдийн оор хүслийг багтаасан хүсэл шуналын бэлгэдэл болно...”

Дүгнэлт


Boys only want love if it's torture

Don't say I didn't, say I didn't warn ya

 

Энэлэх л гэж дурладаг атлаа хөвгүүд та нар

Эхэнд нь хэлсэнгүй гэж битгий л гомдолло.

 

Би дүгнэх хэрэггүй, Тэйлор Свифт өөрөө дүгнэчихжээ. 

Санал болгох

Зуун арван жилийн өмнө “Монголын сонин бичиг”-ээс сануулсан  “зөөлнөөр улируулах арга”

1909 оноос хэвлэгдсэн “Монголын сонин бичиг” дөрөвдэх засаглалын үүргээ амжилттай гүйцэтгэж, Сандоо амбаны үйл хэрэг, үг хэл, гаргасан тушаал сэлтийг нэгд нэгэнгүй сурвалжлан шүүмжилж, олонд таниулж байсан тухай миний бие өмнө нэг өгүүлэл бичсэн билээ.

25 өдрийн өмнө
Ухамсрын төвшинд тэнэг үйлдэл

Си Зиньпингийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. Та бүхэн уншиж үзээд нэгийг бодож хоёрыг санана буй за.

25 өдрийн өмнө
Өвөр Монголоос мэдээлж байна

Үүнээс өмнө хэзээ ч сошал дээр ийм олон цэвэр монголоор бичсэн бөгөөд ярьсан постуудыг нэгэн зэрэг харж байгаагүй...

1 сарын өмнө
Замын эвдрэлээс болж хагарсан дугуйгаа улсаар төлүүлсэн цадиг

Нэг дугуй хагарлаа. За яахав гээд запасаа тавив. Хэсэг явж байгаад дахиад нэг дугуй. Нэг бүрийг нь 500 мянгаар авсан юмсан. Хоёр дугуй хажуу бөөрөөрөө язарсан байгаа юм.

1 сарын өмнө