Б.Энхбаяр: Шүүхээс хэрэг буцаах, цагдан хорих байранд гүйцэтгэх ажил явуулахыг хязгаарлана

11
2020 оны 8 сарын 102020-08-10
Б.Энхбаяр: Шүүхээс хэрэг буцаах, цагдан хорих байранд гүйцэтгэх ажил явуулахыг хязгаарлана

Парламентын ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 17-нд товлосон. Бид цаг үеийн сэдвээр УИХ-ын УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Баттөмөрийн Энхбаяртай ярилцлаа. 

-Та саяын сонгуулиар “Хуулийн хулгайтай тэмцэнэ” гэдэг уриа дэвшүүлсэн. Яаралтай зогсоох шаардлагатай хуулийн хулгай таныхаар юу вэ?

-Хуулийн хулгай өргөн ойлголт. Товчхондоо буруу, алдаатай хууль, түүний заалтын хийдлээр хулгай хийх боломж буйг хэлж байгаа юм. Үүнтэй хуулийн нүх, сүвийг бөглөж тэмцэнэ. Тийм учраас анхдугаар чуулган дээр газрын авлигын асуудлыг хөндсөн. Газрын ил далд авлига, хулгайн асуудлыг яаралтай цэгцлэх шаардлагатай. Тэгэхийн тулд газар эзэмшигчдийн мэдээллийг ил тод болгож, олон нийтийн хяналтад оруулах ёстой. Намайг дэд сайд байхад Бүртгэлийн багц хуулиар газар эзэмшлийн мэдээллийг ил тод болгох хууль батлагдсан. Гэтэл батлагдсан хуулийг газрын албаныхан эс үйлдэл гаргаж хэрэгжүүлэхгүй байгаа. 

Газрын албаны нэг ажилтан хамаарал бүхий этгээдүүдийнхээ нэр дээр 80 орчим газар авчихаад тэрийгээ зараад сууж байдаг. Сонин дээр “Газар зарна” гээд айж ичихгүй зар тавьдаг. Мэдээлэлд ойр хэдхэн хүн газар зарж баяжаад байгааг иргэд яриад л байдаг. Тэгээд сургууль, цэцэрлэг барих мөнгө байлаа ч газар нь олддоггүй. ЖДҮ-гийн хэрэг burtgel.gov.mn гэдэг сайтад хуулийн этгээдийн бүртгэлийг ил болгосноор илэрсэн. Газрын хулгайг ийм аргаар олны хяналтад оруулах замаар зогсоох боломжтой. УИХ-аас баталсан хуулийг албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлж, эс үйлдлээр хэрэгжүүлэхгүй байгаа нь албан тушаалын гэмт хэрэг. Тийм учраас “тэр хүмүүст хэрэг үүсгэ” гэж анхдугаар чуулган дээр Х.Нямбаатар сайдад хандаж хэлдэг нь тэр. Хууль шинээр батлахаас гадна батлагдсан хуулиудыг мөрдүүлэх чухал байна.

-Гишүүн болоод амаа үдүүлээд, дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөөд байхгүй биз дээ гэж хүмүүс олон нийтийн сүлжээгээр захиж байсан. Уншсан биз дээ?

-Хууль тогтоох эрх мэдлээс илүү дээд эрх мэдэл гэж байхгүй. Ард түмэн ийм итгэл  хүлээлгэсэн байхад энэ болохгүй байна, тэр ч болохгүй байна гээд матрын нулимс унагаад гомдоллоод байх эрхгүй гэж өөрийгөө үзэж байгаа. Шүүмжлэлт байр сууриа багасгаж, шийдэл гаргаж ажиллах ёстой гэж бодож байгаа. Ямар ч байсан  өмнө ярьж байсан бодлого, шийдлүүдээ биежүүлээд, ажил хэрэг болгоод, тэрийгээ ойлгуулах, хэлэлцүүлэх ажилдаа үр дүн гаргах чиглэл рүү анхаарч байна. Хойч үедээ цагаан жим татуулсан, гишгэсэн мөртэй ажиллахыг хүсч байгаа.

-Орон сууцны доорх газрыг оршин суугчдад нь эзэмшүүлэх шаардлагатай гэж хэдэн жилийн өмнөөс ярьж байсан. Одоо хуулийн төсөл болгоод УИХ-д өргөн барина биз дээ?

-Засгийн газраас Газрын багц хуулийн төслийг боловсруулж байгаа гэж холбогдох сайд нар мэдээлсэн. Миний тухайд Газрын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг санаачилж боловсруулаад дуусгачихлаа. Нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүдтэйгээ хамтраад УИХ-д өргөн барина. Есдүгээр сардаа багтаагаад Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөө УИХ-д өргөн барина. Гол өөрчлөлт нь, таны асуудаг нийтийн зориулалттай орон сууцын орчны газрыг, орон сууцны суурь газартай нь хамт оршин суугчдад нь хувь ногдуулж хязгаартайгаар эзэмшүүлэх асуудал. Тангараг өргөж гишүүн болсноос хойш энэ төслийг нэлээд нухлаа. Төсөлтэй холбоотой гурван судалгаа хийж байна. Удахгүй дуусна.

6.jpg

-Хууль зүй, Ёс зүйн байнгын хороодоос гадна Эдийн засгийн байнгын хорооны гишүүн болсон байна лээ. Эдийн засгийн ямар хууль барьж авах вэ?

-Төрийн өмчийн багц хуулийн реформ хийгдэх ёстой. Үүнийг би эрх зүйн гурав дахь реформ болно гэж итгэж байгаа. Төрийн өмч тухайн үед дарга болсон хүмүүсийн хувийн өмч мэт 30-аад жил явж ирлээ. Үүний гороор асар их хэмжээний баялгийн тэгш бус хуваарилалт, авлига нүүрлэлээ. АТГ-ын мэдээлснээр 11 их наяд төгрөгийн авлигын 90 хувь нь төрийн өмчит компаниудад байгаа юм. Төрийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлд хэн нь мэдэгдэхгүй баахан дарга нар сууж байдаг. Тэнд олон нийтийн хяналт, ил тод байдал, тайлагнал алга. Тэнд нь хамгийн их авлига, шахаа нуугдсан байдалтай байгаа. Реформыг хийх шаардлагатай гэдэг үүднээс хамгийн анхны асуултаа яг энэ асуудлаар Засгийн газарт явуулж байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг УИХ удахгүй хэлэлцэж эхэлнэ. Энэ дотроо хулгай, авлига, тансаглал, ил тод бус байдал нүүрлэсэн Төрийн өмчийн компанийн засаглалыг сайжруулах чиглэлээр хууль эрх зүйн цогц реформ хийх ёстой гэдэг дээр анхаарч байна.

-УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга болжээ. Яаж ажиллуулна гэж бодож байна?

-Хүний Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөө баталгаатай хангагдаж чадаж байна уу гэдэг дээр УИХ-ын зүгээс дагнаж тайлагнал, хяналт, мөн бодлого боловсруулах ёстой мэргэжлийн дэд хороо байдаг. Энэ дэд хорооны ажлыг амилуулах талаар дэд хороо болон Хууль зүйн байнгын хорооны гишүүдтэйгээ илүү нягтарч ажиллана гэсэн бодолтой байгаа. Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль шинээр батлагдсан. Энэ хуулиар ХЭҮК шинэ бүтэц, удирдлагатайгаар ажиллах учиртай. УИХ-ын сонгуулийн мөчлөг таарч чуулган хаасан учраас шинэ гишүүд нь томилогдож амжаагүй байгаа. Одоо ээлжит бус, намрын чуулганаар удирдлага нь томилогдоно. Үүнд анхаарал хандуулж байгаа. Шинэ хуулийн дагуу бол ХЭҮК нь таван хүний бүрэлдэхүүнтэй. Нэмээд Эрүүдэн шүүхийн асуудлаар тусгайлан хяналт тавих бүрэн эрхт нэг гишүүнтэй, нийтдээ зургаан гишүүний удирдлага дор ажиллах юм.

-Шинэ хуулиар ХЭҮК-ын эрх хэмжээг нэмснээс гадна комиссын гишүүдэд тавигдах шаардлагыг бас өндөрсгөсөн байсан?

-Өмнө нь улс төрийн ажил, албан тушаал хашиж байсан хүмүүсийн ажлаасаа буухаар очдог газар мэт ойлголт байсан бол энэ ойлголтыг илүү засч залруулж, илүү мэргэшсэн, мэргэжлийн, хүний эрхийн мэдрэмжтэй, ам хэл нь улс төрийн ямар нэг баглаа, шахалт, хүлээсэнд орохооргүй, жинхэнэ утгаараа Засгийн газар, хууль хяналтын байгууллага хүний эрхийг хангаж байгаа эсэхэд, эрүүдэн шүүж байгаа эсэхэд, хэнд ч барьцаалагдахгүйгээр УИХ-ын өмнөөс буюу ард түмний өмнөөс хууль зүйн үндэслэлтэй, нотолгоотой, шударга байр суурь илэрхийлж ажиллах, хүний эрхийн талд мэдэгдэхүйц үр дүн гаргаж чадах, манлайлал үзүүлж чадах шинэ бүрэлдэхүүн томилогдоосой гэж хүсч байгаа. 

Шуудхан хэлэхэд улс төрийн сонгуульт алба хашиж байсан хүмүүс тэтгэвэртээ гарах гэж ХЭҮК-т очих шаардлагагүй. Хоёрдугаарт, хүний эрхийг хамгийн их зөрчдөг гэж нэр холбогддог хэрэг бүртгэх, мөрдөн шалгах, түүнд хяналт тавих прокурорын, эсхүл гүйцэтгэх ажлын байгууллагад ажиллаж байсан хүмүүсийн төлөөлөл ороод хэрэггүй. Илүү хараат бус, эсрэгээрээ тэдгээр байгууллагын үйл ажиллагааг хянах гэж байгаа учраас сонирхлын зөрчилгүй, хууль хяналтын байгууллагад олон ажил ажилласан гэдгээрээ танил тал, найз нөхөд, ах дүүгийн холбоо сүлбээнээс гадна байсан мэргэжлийн удирдлага ХЭҮК-т ажиллаасай гэсэн хүсэлтэй байгаа. Ийм бүрэлдэхүүн томилуулахын төлөө УИХ-ын удирдлагад, гишүүддээ санал бодлоо танилцуулж ажиллана. 

7.jpg

-Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, гүйцэтгэх ажил хийж байсан хүмүүс ХЭҮК-ын гишүүнээр томилогдвол ямар байдал үүсэх юм бэ?

-ХЭҮК бол цагдаа, шийдвэр гүйцэтгэл, тагнуул, АТГ, прокурор гээд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажлыг дагнан хийдэг, гүйцэтгэх ажил хийдэг хүмүүсийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Наад зах нь өөрсдөө хүний эрх зөрчдөггүй, зөрчдөг байгууллагад ажиллаж байгаагүй хүмүүс суух бүтэц. УИХ-ыг төлөөлж, олон нийтийн өмнөөс Засгийн газраас хараат бус, бие даасан байдлаар хянаж, шалгаж, үнэлэлт дүгнэлт өгч, хууль зөрчүүлэхгүй байх талаас нь ажилладаг инститиц. Тийм учраас Засгийн газраас хараат бус байлгая гэж ХЭҮК-ыг УИХ-ын дэргэд байгуулдаг. Ийм учраас Засгийн газрын харьяаны байгууллагын төлөөлөл тэнд ажиллаж байсан ажлын туршлагаараа бамбайлж суудаг газар биш гэж би хэлж байгаа юм.

-Түрүүн Эрүүдэн шүүх асуудал хариуцсан гишүүнтэй болно гэсэн. Тэр хүний үүрэг нь юү вэ?

-Би Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын нэгдсэн орсон Олон улсын иргэний болон улс төрийн эрхийн пакт, Эрүүдэн шүүхийн эсрэг конвенциудын хэрэгжилтийг олон улсад, НҮБ-д тайлагнах, Засгийн газрын өмнөөс тайланг хамгаалах ажлыг гардаж байсан. Олон улсын зүгээс манай улсад хүний эрх, эрүүдэн шүүхтэй холбоотой асуудалд хасах үнэлгээ өгдөг гол асуудал бол “Танай улс эрүүдэн шүүхийн эсрэг бие даасан тогтолцоо үүсгэхгүй байна. Энэ дээрээ хойрго, удаан, сэтгэлгүй байна. Зөрчил, дутагдлууд багасахгүй байна” гэдэг асуудлыг их тавьдаг байсан. Тэр ч утгаараа Хүний эрхийн комиссын тухай хуульд Эрүүдэн шүүхийн эсрэг тусгай хянагч-комиссар бий болгосон. Энэ хүн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй. Харин энэ үйл ажиллагаа явах явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчигдөж байгаа эсэх, нотлох баримтыг хүний эрхийг зөрчиж бүрдүүлж байна уу гэх мэт асуудалд бие даасан, мэргэжлийн дүгнэлт өгч ажиллана. Хууль шүүхийн байгууллагад явж байгаа олон асуудалд УИХ-ын гишүүд, УИХ өөрөө шууд дотор хэрэг рүү нь явж орох, оролцох нь Үндсэн хуулиар хориотой. Хүний хувь заяаг ингэж шийд, тэгш шийд гэх нь өөрөө хориотой. Үүнийг мэргэжлийн үүднээс нь албан ёсоор эрх бүхий байгууллагаас үнэлж, дүгнэх нь дутагдаж байсан. Ийм учраас хариуцлагатай, нэлээд мэргэжил, мэдлэг шаардсан, улс төр, хууль хяналтынхнаас хараат бус ажиллаж чадах мэргэжлийн хүнийг томилж оруулах асуудал бол их чухал. ХЭҮК-ийн шинэ томилгоо нь шинэ УИХ-ын өөрийн бүтцийн байгууллагаа бүрдүүлэх анхны хариуцлагатай томилгоо учраас шинэ үе, шинэ салхи мэдрүүлсэн мэдрэмжтэй томилгоо байна гэж итгэж байгаа. Шинэ сонгогдсон УИХ-ын гишүүдийн маань цаашдаа хүний эрхийн асуудалд, шударга ёсны асуудалд ямар байр суурьтай, нүдтэй байх вэ гэдгийг нотолсон томилгоо болно. Тийм учраас гишүүд маань хариуцлагатай хандана гэдэгт итгэж байгаа.

-ХЭҮК жил бүр Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын тайланг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлдэг. Гэхдээ УИХ анзааргагүй, тоомжиргүй ханддаг. Чимгээ, Содномдаржаа нарыг эрүүдсэн хэрэг сөхөгдөхөөс өмнө ХЭҮК-ийн тайланг анзаарч, анхаарч харсан бол эрүүдэн шүүлт байна, таслан зогсоох шаардлагатай байна, хуулийн зохицуулалт хэрэгтэй байна гэдгийг ХЭҮК тайландаа бичсээр л байжээ. Тэгэхээр Хүний эрхийн дэд хороо шоронгоор явж хүн эргэдэг биш илүү бодлого боловсруулах ажил руу анхаарах шаардлагатайг харуулж байх шиг.

-Комиссоос гаргаж байгаа тайлан илтгэлийг эхлээд Хүний эрхийн дэд хороо, дараа нь Хууль зүйн байнгын хороо, улмаар УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал хэлэлцэж сонсдог байлгана гэж бодож байгаа. ХЭҮК-оос гаргаж байгаа зөвлөмж, илтгэлүүдийг заавал ажил хэрэг болгодог байх тал дээр санаачилгатай ажиллана. Зүгээр нэг сонсоод өнгөрөх биш тэнд яригдаж байгаа асуудлуудын шалтгаан нөхцөл, хууль зүйн учир холбогдлыг засч залруулахаас эхлэх ёстой. 

С.Зоригийг хөнөөсөн хүмүүсийг эрүүдсэн гэх асуудлын шалтгаан нөхцөлийг аваад үзвэл цагдан хорих байранд гүйцэтгэх ажил хийхийг хуулиар зөвшөөрсөнтэй холбоотой. Хүний гэм буруугийн асуудал эцэслэгдэн шийдэгдээгүй, сэрдэгдэж, сэжиглэгдэж байгаа шатанд нь цагдаж, хорьж байгаад нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулж гэмт хэргийг илрүүлдэг Вышийнскийн арга барилаас өнөөдрийг хүртэл манай хуулийн байгууллагынхан салахгүй байгаа. 2016 онд миний бие дэд сайдаар ажиллаж байхдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэн найруулахдаа цагдан хорих байранд нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг хязгаарлаж байсан. Харамсалтай нь, мөрдөж тагнадаг байгууллагууд УИХ дээр лобби хийж, гишүүдэд нөлөөлж байгаад дурын хэрэгтээ цагдан хорих байранд нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулна гээд өргөжүүлчихсэн. Миний хувьд үүнийг 2-3 төрлийн хэрэг дээр байх ёстой гэж үздэг.

-Тухайлбал, ямар хэргүүд дээр цагдан хорьж байхдаа гүйцэтгэх ажил явуулж болох вэ?

-Эхнийх нь төрийн эсрэг гэмт хэрэг. Тодруулбал, тагнуулын байгууллагын харьяалан шалгадаг эх орноосоо урвах, улсын нууц задлах, гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажиллах, элсэх, цаашлаад үй олноор нь хөнөөх буюу терроризм. Хоёрдугаарт, бусдыг алах хэргийн тухайтад зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулж, онц ноцтой буюу жигшүүртэйгээр, олноор нь бусдыг алсан хэрэг дээр байж болох юм. Гурав дахь нь, бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг дээр цагдан хорих байранд нууц мөрдөн шалгах ажил явуулж болно. Бага насны хүүхдийг хүчиндэнэ гэдэг бол манъяак гаж донтой хэвийн биш хүмүүсээс л гарах үйлдэл. Ийм донтой хүн цуврал буюу олон удаагийн давтамжтайгаар ийм хэрэг үйлдсэн байх магадлалтай байдаг учраас бусад тэр үйлдлийг нь илрүүлэх зорилгоор цагдан хорих байранд гүйцэтгэх ажил явуулах шаардлагатай гэж үздэг. Гэтэл бараг бүх хэрэг дээр гүйцэтгэх ажил явуулахыг зөвшөөрчихсөн учраас хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорууд сэжигтнийг бушуухан хорьж аваад тэнд нь янз бүрийн ажиллагаа явуулж өөрсдөөр нь хэрэг нотлуулах, өөр хэрэг хүлээлгэх хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн шүүмж явдаг. Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа юм бол. Хэрвээ энэ чиглэлд санаачилга гаргахгүй бол би УИХ-ын гишүүнийхээ хувьд энэ чиглэлийн хэд хэдэн хуулийг өөрчлөх хуулийн төсөл санаачилж, өөрчлөлт оруулна гэсэн бодолтой байгаа.

5.jpg

-Тухайлбал, Эрүү, Эрүүгийн процесс, Зөрчил, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өргөн барих уу?

-Ийм том хуулиуд дээр Засгийн газрын манлайллыг юун түрүүн сонсох ёстой. Би Эрүү болон Зөрчил, тэдгээрийн процессын хуулиудыг УИХ-ын гишүүд өм цөм мэрж өөрчлөлт оруулахын эсрэг байр суурьтай байдаг. Яагаад гэвэл нэг заалт хөндөгдөхөд бусад суурь асуудал руугаа гинжин урвалаар хөндөгддөг том хуулиуд. Том зургаар нь харж мониторинг хийж, өөрчлөх эсэхийг шийддэг учраас Засгийн газраас цогцоор нь харж, боловсруулж байж батлуулах ёстой хуулиуд гэж боддог. Яг Эрүүгийн хууль дээр тодорхой санаачилга гаргах хэдэн саналаа хэлье. 

Намрын чуулган эхлэхээс өмнө буюу 2-3 заалтан дээр УИХ-ын гишүүдтэй хамтарч хуулийн төсөл санаачилна гэсэн бодолтой байгаа.

Нэгдүгээрт, шүүхээс гэм буруугийн хэлэлцүүлгийн шатанд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, ингэснээрээ хэрэгтэнд ял завшуулдаг, хугацаа авдаг, хуулийн байгууллагынхны хариуцлагыг сулруулдаг, бүр цаашилбал хэрэг цавчиж авлига авдаг, хонгил үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг. Ийм учраас шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлгийн шатнаас хэрэг буцаадаг явдлыг халах ёстой гэж бодож байгаа. Үүнийгээ санаачилна. Хуулийн байгууллага гэмт хэрэг болсныг нотлох ёстой. Энэ бол цэвэр төрийн буюу хууль хяналтын байгууллагын үүрэг. Хүнээр өөрөөр нь гэмт хэрэг нотлуулах ёсгүй. Нотло, нотолж чадахгүй бол цагаатга гэдэг зарчим л үйлчлэх ёстой. Хүн нь байхад хэрэг нь олдоно гэдэг зарчмаар нотлох баримт нь бүрдэхгүй байхад нь яаж ийж байгаад олон дахин мөрдөн байцаалтад буцааж байгаад ямар нэгэн юм тохдог асуудлыг халах ёстой. Шүүх бол мөрдөх болон прокурорын байгууллагад чиглэл, даалгавар өгдөг байгууллага биш. Өмгөөлөх болон яллах, цагаатгах болон яллах талын аль ч талд орохгүйгээр цугларсан нотлох баримтын хүрээнд хэнээс ч хараат бусаар гагцхүү хуулийн хүрээнд чин шударгаар хэрэг, маргааныг шийдвэрлэдэг бүтэц. Тэгэхгүйгээр дахиад мөрд, энийг нь дутуу хийж, энийг нь асуугаад ир гээд чиглэл даалгавар өгөөд байвал шүүх өөрөө шүүх биш прокурор болоод байна. Өнөөдрийн манай эрүүгийн шүүх прокурорын байгууллага шиг болчихож болохгүй. Өмгөөлөх тал гэдэг чинь бас байгаа. Жингийн туухайн аль нэг талд орох биш шударга ёсны баталгаа болох учиртай учраас шүүхээс хэрэг буцаадгийг болиулах ёстой.

-Нотолж чадахгүй нь гээд цагаатгаад баахан албан тушаалын хэрэгтнүүд, авлигачдыг хэлтрүүлчих юм биш биз дээ?

-Тухайн этгээдийг гэмт хэрэгтэн гэдгийг шүүх л тогтооно. Харин шүүх олон нийтийн сэтгэл зүйгээр дүгнэлтээ гаргаж болдоггүй. Буцаадаг тогтолцоо хуульд байгаа учраас шүүх баримтаас гадна олон нийтийн сэтгэл зүйд тааруулж шийдвэрээ гаргадаг болчихоод байна. Ингээд ирэхээр улс төрийн шийдвэр гаргаж эхэлнэ гэсэн үг. Урьдчилаад энэ хүн бол алуурчин гээд хэвлэлээр ойлгуулаад ирэхээр шүүх “Энэ хүнийг буруутай гээд үзчихсэн. Цаасан баримт нь хангалтгүй байна. Суллаад явуулчихаар намайг олон нийт алуурчинг тавиад явуулчихлаа гэж шүүмжилнэ. Ингээд дарга нар намайг халах өөрчлөх асуудал руу орно” гэж айгаад хангалттай нотлогдоогүй баримтаар нүдээ аниад алх тогшоод эхэлбэл яах вэ. Энэ бол илүү том аюул. Шүүхэд хуулиас өөр дарга байх ёсгүй. Шүүхэд олон нийтийн сэтгэл зүй үндсэндээ падгүй байх ёстой. Хуулиа бариад жинхэнэ нотлох баримтаар шийдэж байгаа шүүхийн шийдвэр олон нийтэд таалагдах, эс таалагдах эсэхээс үл хамаараад гардаг байх нь л түүнийг шударга ёсны илэрхийлэл болгож байдаг үндсэн амин сүнс нь.

-Эрүүгийн хуульд “Илт худал мэдээлэл тараах” гэсэн заалт бий. Олон хүн цагдаад дуудагдсан байх шүү? 

-Ер нь улс төрд нөлөө бүхий этгээдүүд нэгэнт ард түмний итгэлийг авсан учраас өөрсдийгөө гүтгэлээ гэж эрүүгийн журмаар иргэд болон сэтгүүлчдийг өгч гомдол гаргадаг явдлыг болиулах ёстой. Улс төрийн албан тушаалтан олон нийтэд гомдсон бол иргэний журмаараа явдаг байх ёстой. Тэгэхгүй бол сүүлийн үед Төрийн тэргүүнээсээ эхлээд иргэндээ гомдоод цагдаад өгч шалгуулдаг, мөрдөгчийн үүдэнд өнжүүлж, шүүхээр айлгаж эх сурвалжийг нь хэлүүлэх гэдэг байдал хавтгайрах шинжтэй. Энэ нь эргээд иргэд, сэтгүүлч гэхээсээ илүүтэй олон нийтийн мэдэх эрх, иргэдийн хардах эрх, төрийн өөрийнх нь ил тод, нээлттэй байх суурь үнэт зүйлийг хөндөөд байна. Ийм учраас улс төрд нөлөө бүхий этгээдүүд өөрсдийнх нь талаар илт худал мэдээлэл гаргалаа гэж иргэдээ, сэтгүүлчдээ цагдаа, хууль хяналтын байгууллагаар шалгуулдгийг хязгаарлах өөрчлөлтийг оруулна гэж бодож байгаа. Дэд сайд байхдаа ийм агуулгаар хуулийн төсөл өргөн барьсан байхад УИХ дээр Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн өөрийнх нь саналаар тайлбар нь хасагдсан. Үүнээс улбаалж сэтгүүлчид, иргэд маш ихээр хуулийн байгууллагын үүд сахьдаг болсон.

Баярлалаа.
 

Санал болгох

А.Туяа: Эрчүүдийг хүлээх хэрэггүй, түрүүлж хайраа илчил

"Single ladies-4" уран сайхны кино хэдхэн хоногийн дараа нээлтээ хийнэ. Бид киноны гол дүрийн жүжигчин А.Туяатай цөөн хором ярилцлаа. Тэрээр 30 насны ганц бие эмэгтэйн дүрийг гаргаж байгаа бөгөөд энэ удаагийн цувралд эсрэг дүрд тоглосон байна. 

4 өдрийн өмнө
Жули: Гэр хороололд англи хэлний сургууль байгуулна

Улаанчулуутын хогийн цэгт амьдардаг хүүхдүүдийг сурган хүмүүжүүлж буй Вэлүү сангийн тэргүүн Жулитай ярилцлаа. Тэрээр Англи хэлний багш мэргэжилтэй, Канад улсын иргэн бөгөөд анх 2010 онд оюутолгойд ажилладаг нөхрөө даган Монголд ирж байжээ. Үүсгэн байгуулсан “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийнхээ санхүүжилтийг олохын тулд хамгийн урт морин аяллыг жил бүр зохион байгуулдаг. Энэ жил Коронавирусийн улмаас ганцаараа аялахаар болсон байна. Мөн Монгол хүүхдүүдээ бодон бодон иржээ. Монголд ирж тусгаарлалтаас гараад удаагүй байх үед нь бид ярилцсан юм.

5 өдрийн өмнө
Д.Халтархүү: Жолооны ард суухаар насаа мартчихдаг

Арван найман настайгаасаа 50 гаруй жил жолоо барьж яваа ануухан буурай Д.Халтархүүтэй ярилцлаа. Тэрээр тээврийн жолооч мэргэжилтэй бөгөөд тэтгэвэрт гарсан ч жолооноосоо гар салгалгүй автомашин унаж, хүүхдүүдээсээ гуйхгүй ажлаа амжуулж яваа сүйхээтэй эмээ юм. Өдгөө 75 насыг зооглож байгаа бөгөөд таван хүү хоёр охинтой. Тэдгээрээс нь 17 ач зээ гарсан байна. Түүний нөхөр мөн тээврийн жолооч байсан бөгөөд хамтдаа холын тээвэрт явдаг байжээ.

6 өдрийн өмнө
Ж.Баянмөнх: Толинд хараад өөртөө таалагдахгүй байгаа бол юу идэж байгаадаа л анхаар

Би анх 60 кг байсан. 115 кг болж үзсэн. Одоо миний хэвийн хэмжээ 95кг. Би 55кг-аар хэлбэлзэж үзсэн. Энэ бүгд ерөөсөө л хооллолттой холбоотой юм.

13 өдрийн өмнө