Үүргээ биелүүлээгүй төлөөлөгчийг тойргын сонгогчид нь олонхоор эргүүлэн татах боломжтой болно

2020 оны 8 сарын 122020-08-12
Үүргээ биелүүлээгүй төлөөлөгчийг тойргын сонгогчид нь олонхоор эргүүлэн татах боломжтой болно

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2020.08.12/ “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нутгийн удирдлагатай холбоотой нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог боловсронгуй болгож, төвлөрлийг сааруулж, нутгийн захиргааг бэхжүүлж, нутгийн өөрөө удирдах байгууллагын төсөв, санхүү, татвар, өмчийн эрх мэдлийг өргөжүүлж, хот, тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтоож, тэдгээрт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарим эрх хэмжээг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн гэдгийг онцолсон. 

Мөн “Өнөөдрийн бидний хэлэлцэх хуулийн төсөл Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг тусгасан, иргэдийн хүлээлтийг бүрэн хангасан хууль болох учиртай. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль энэ оны 10 дугаар сард болно. Энэхүү сонгуулийн дараа орон нутгийн удирдлага Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцсэн хуулийн дагуу бүрэлдэх нь чухал. Иймд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг удахгүй УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн батлахаар төлөвлөж байна” гэдгийг онцлон тэмдэглэв. 

Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт, Х.Нямбаатар, Ё.Баатарбилэг, Ц.Мөнх-Оргил, Д.Лүндээжанцан, Н.Амарзаяа, Д.Ганболд, Ж.Батзандан нарын 9 гишүүн санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Үүний дагуу Улсын Их Хурлын даргын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар захирамжаар хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж. Сүхбаатараар ахлуулан, С.Амарсайхан, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Г.Ганболд, Б.Энхбаяр, Т.Энхтүвшин гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулсан юм. 

Хэлэлцүүлэгт хууль санаачлагч гишүүдийн төлөөлөл, ажлын хэсгийн гишүүдээс гадна УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, С.Чинзориг, Б.Баттөмөр, А.Адьяасүрэн, Э.Бат-Амгалан, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан болон нийслэл, аймаг, сум, дүүргийн удирдах байгууллагын холбогдох албан тушаалтнууд, салбарын эрдэмтэн судлаачид, “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр”, “Швейцарын хөгжлийн агентлаг”, “Монгол Улс дахь Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь”, “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” зэрэг олон улсын төсөл, төрийн бус байгууллагын төлөөлөл болох 60 гаруй хүн оролцов.

Хэлэлцүүлэгт оролцогчдод Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн талаар Ажлын дэд хэсгийн ахлагч, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш Д.Ганзориг танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төсөл нь Үндсэн хуулийн үзэл санаа, зүйл заалт, цаашлаад хууль тогтоомж, эрх зүйн системчлэлийг  тодорхой болгож,  иргэн, орон нутгийн удирдлагад шууд оролцох боломжийг нэмэгдүүлсний зэрэгцээ орон нутгийн эрх мэдлийг тодорхой болгох, төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийн талаар Засаг дарга дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдын өмнө хариуцлага хүлээх зохицуулалтуудыг тусгаснаараа ач холбогдолтой болсныг тодотголоо. Тухайлбал, орон нутгийн хөгжилд эдийн засаг, санхүүжилт гол асуудал байдаг тул  орон нутгийн ажил, үүргийг санхүүжилттэй нь холбож өгөхийн зэрэгцээ нутгийн өөрөө удирдах ёсны ашиг сонирхлыг хамгаалах механизмыг шинээр бий болгож, Төлөөлөгчийн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр тухайн тойргийн сонгогчдын олонхын саналаар эргүүлэн татах зэрэг шинэлэг зохицуулалтыг тусгасан гэж байлаа. 

 


Хуулийн төсөлтэй холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг  орон нутгийн удирдлагын эрх мэдлийн хуваарилалтыг тодорхой, оновчтой болгох асуудалд Ажлын хэсэг анхаарч, эргэн харах шаардлагатай  байна гэсэн байр суурийг илэрхийлэхийн сацуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлж оролцуулахгүйгээр зохицуулсан нь хэр зөв шийдэл болохыг тодруулав.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж. Сүхбаатар хариултдаа 2016 оны сонгуулиас хойш хуулийн төслийн талаар улс орон даяар үе шаттайгаар хэлэлцүүлэг хийж, бүх шатны байгууллагын саналыг авч, үндэсний чуулган зохион байгуулсан талаарх мэдээллийг хүргээд, иргэдийн зүгээс орон нутагт улстөржилтийг зогсоох хүсэлтийг багагүй тавьсаар ирснийг тодотгов. Иймд суманд  улс төрийн намаар нэр дэвшүүлэх асуудлыг зогсоох зохицуулалтыг тусгасан гэж байлаа. 

Мөн энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил “Хуулийн төсөлд сум, дүүрэг нь иргэдэд үйлчлэх үндсэн нэгж байна гэсэн агуулгыг тодорхой тусгахад онцгойлон ач холбогдол өгч, анхаарах шаардлагатай байна” гэсэн бол Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва “Хуулийн төсөлд нийслэлийн статус, чиг үүргийг тодорхой болгох, нийслэлийн төсөв, өмчийн асуудлыг хуулийн хүрээнд хэрхэн яаж зохицуулах вэ гэдэгт анхаарах нь зүйтэй” гэсэн саналыг хэлээд хуулийн төслийн зүйл, заалттай холбоотой бусад саналуудаа Ажлын хэсэгт бичгээр хүргэхээ мэдэгдэв.

Түүнчлэн Монголын Нутгийн удирдлагын холбооны тэргүүн С.Батболд хуулийн төсөлд Засгийн газар хурлын бүтэц, орон тоог нэг бүрчлэн батлахаар зохицуулсныг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хуулийн төслийн 80 дугаар зүйлд төлөөллийн байгууллага гэснийг Монголын Нутгийн удирдлагын холбоо гэж нэр зааж оруулах санал гаргалаа.

Хэлэлцүүлгийг хааж Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хэлсэн үгэндээ, Энэ хуулийн төсөл нь орон нутгийн иргэдэд үйлчлэх учиртай. Монгол Улсын  хүн ам нутаг дэвсгэрээ яаж засаглах вэ гэсэн асуудалд амин сүнс нь байгаа. Уг хуулийн төсөлд анх удаа орон нутгийн чиг үүргийг нэгж тус бүрээр тодорхойлох, төрөөс орон нутгийн удирдлагад шилжүүлэх, шилжүүлж үл болох эрх мэдлийн жагсаалтыг шинээр тусгаж, чиг үүргийг аль болох иргэдэд ойр нэгжид хуваарилан, санхүүжилтийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх зарчмыг баримталснаараа үнэ цэнэ нь оршиж байгаа гэдгийг онцоллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Санал болгох

"Нүүрсийг хүн тээвэрлэдэг гэдгийг яагаад ойлгохгүй байгаа юм"

Таван толгой-Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги-Мандал зэрэг боомтын чиглэлд 10.000 гаруй нүүрс тээвэрчин 90-120 хоног кабиндаа тусгаарлагдаж, зарим нь амиа алдаж буй асуудлаар тээвэрчдийн ар гэрийн төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

1 цагийн өмнө
Уран зургийн галерейг зориулалтын байртай болоход дэмжлэг үзүүлнэ

Уран зургийн галерейг Үндэсний уран зургийн галерей болгон өөрчлөх, Уран зургийн галерей, Хүүхэлдэйн театрын орон тоо, төсвийг нэмэх ажлыг даалгав.

3 цагийн өмнө
Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдаан хойшлогдлоо

Оролцогчийн хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт товлов.

4 цагийн өмнө
Г.Загдаа нарт холбогдох хэргийг ирэх сарын 8-нд хэлэлцэнэ

2020 оны есдүгээр сарын 24-ний өдөр хэлэлцэгдсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны аравдугаар сарын 08-ны өдрийн 10.00 цагт товлож шийдвэрлэлээ.

4 цагийн өмнө