УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хилийн цэрэг, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, тагнуулын байгууллагатай холбоотой асуудлыг хариуцдаг. БХЯ, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд ажлаа явуулах, төсвөө нэмүүлэхийн тулд АБГББХ-ны гишүүдийг Тавантолгойн цэргийн баазад урьж, ажлаа танилцуулахын ялдамд сургалтад хамруулж, бэлтгэл офицерын цол, үнэмлэх, хувцас гардуулж ирсэн.
Гишүүд "карантин"-аараа танкинд сууж, цэрэг хувцас өмсч, гар буугаар буудаж, мөрч нохойтой зургаа даруулж, дурангаар харж, нисдэг тэргэнд сууж, цэргийн тогооч хүүхнүүдтэй вальс эргэж их л зугаатай өнгөрдөг байж. Армитай танилцах зугаалга ч сайхан болдог байснаас гарцаагүй. УИХ-ын гишүүдийг цол, гангараагаар “найрдаг” энэ үзэгдэл Л.Болд, Ажнай Бат-Эрдэнийн үед хавтгайрч, Ж.Энхбаярын үед үргэлжилж, цаашлаад төгсөрсөн. Үр дүнд нь, УИХ-ын гишүүд цэргийн баяраар мэндчилгээ дэвшүүлдэг дүрэмттэй, фэйсбүүктэй нийтэлдэг зурагтай болов. Үүнийг зохицуулсан хууль, журам гээд байх зүйлгүй. Харин олон нийт үүнд шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь, УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллахдаа цэргийн хээрийн хувцсаар гангарч, пионер ёсолгоо хийж, өөрт нь рапорт өгсөн Засаг дарга нарт хугацаатай үүрэг өгдөг болов.

Цэргийн албаны тухай хуулиар цэргийн бэлтгэл алба, түүний дайчилгаат сургалт, цугларалтыг БХЯ, ЗХЖШ хариуцаж зохион байгуулахаар тусгасан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан Цэргийн цол олгох журамд зааснаар цэргийн бэлтгэл үүрэгтэн зөвхөн дайчилгаат сургууль, цугларалтад оролцох үедээ л цэргийн цолыг хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл, манай УИХ-ын гишүүд шиг орон нутагт ажиллах үедээ хээрийн хувцас болгож өмсдөггүй.
Манай улсад Дайчилгааны тухай хууль бий. Энхийн цагт Ерөнхийлөгч дайчилгаа зарладаггүй, самуун цагт дайчилгаа зарлах зарлигийг УИХ батлах эсэхийг шийддэг. Энэ хуульд яамдын Төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, Тамгын дарга нарыг дөрвөн жилд нэг удаа 7 хоногийн хугацаанд цэрэг-статегийн бэлтгэл сургалтад хамруулна гэж заасан. Мөн ийм сургалтад сум, дүүргийн Засаг дарга, Тамгын дарга нар 2 жилд нэг удаа 3 хоногийн хугацаагаар хамрагддаг. Ерөнхийлөгчийн шийдвэрээр улс төрийн албан тушаалтнуудыг ийм сургалтад хамруулж болдог. Ингээд бэлтгэл офицерын үнэмлэх өгч, хувцсаар хангана. Яагаад гэвэл, дайны цагт Дайчилгаа зарлахад цэрэг-стратегийн зайлшгүй мэдлэгтэй байх хүмүүс. Харин УИХ-ын гишүүнийг хамруулж, цол өгнө гэдэг үг, үсэг хуульд байхгүй.
Өмнө нь яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засаг дарга, Тамгын дарга байхдаа бэлтгэл офицерын цолоор шагнуулсан улстөрчид нэлээд бий. Тэд цэргийн хувцсаар гангарах бол ЗХЖШ-ын даргын тушаалаар баталдаг “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-д захирагдах ёстой. Хөдөө аж ахуйн дэд сайд бүсгүй шиг хөдөө явах бүртээ “муу хувцас” болгож өмсөөд байж болохгүй гэсэн санаа.
Энэ дүрмээр цэргийн ёслолын хувцас, албаны хувцас, хээрийн хувцас ямар байх, яаж хоршуулан өмсөх, одон тэмдгээ ямар байдлаар зүүх, хувцсыг хаана ямар зориулалтаар өмсөхөөс гадна юуг хориглох талаар нэгд нэгэнгүй бичжээ. Тухайлбал, дүрэмд заагаагүй хувцсыг цэргийн дүрэмт хувцастай хольж өмсөх нь хориотой байдаг. Гамшиг, онцгой байдлын үед дарга нар цэргийн хээрийн хувцас өмсөх нь бий. Үүнийг буруутгах аргагүй. Харин амралт зугаалга, тариалан, мал аж ахуйтай танилцах үедээ цэргийн хээрийн хувцас өмсөх нь зохисгүй харагддагийг нуух юун.

Цэргийн улстөрийн ажилтан байсан У.Хүрэлсүх гэхэд энэ зэргийг гадарлах учраас хамгаалагчийн хувцас өмсөөд пионер ёсолгоо хийгээд аргалаад байна. Эсвэл Г.Занданшатар гэхэд хүнээр загвар гаргуулаад мэргэжлийн хяналтын байцаагчархуу хөх форм өмсөөд, зохих газраа гангараад байна. Мэдрэмжгүй зарим нь, сургууль цэцэрлэгийн бэлтгэл ажилтай танилцахдаа цэргийн хээрийн хувцас өмсч олны доог болох юм даа.
