Зайсангийн эцэст байрлах хорих 401, 411-р ангийн газар дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдийн орон сууц барьж байна. Өмнө нь дээрх хоёр хорих ангийн газрыг гурван ч удаа дуудлага худалдаанд оруулж 9.7 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж түүгээрээ сургууль цэцэрлэг барих гэж байсан. Тодруулбал хотын А зэрэглэл "баячуудын хороолол" гэгддэг уг газрыг Засгийн газрын 2014, Төрийн өмчийн хорооны 2015 оны тогтоолоор дуудлага худалдаанд оруулж 9.75 тэрбум төгрөгөөр тогтоосон байдаг ч хэн ч аваагүй юм. Ингээд дахин хоёр дуудлага худалдаа зарлаж 9.75 тэрбум төгрөгийг 7.8 тэрбум болгон бууруулсан. Гэсэн ч мөн адил хэн ч сонирхоогүй байна.
Тиймээс ШШГЕГ нийтдээ 5.3 га талбай бүхий 29 объектыг өөрийн мэдэлд авч 2019 оны есдүгээр сараас 640 айлын орон сууцыг барьж байна. Үүний 240 айлын орон сууц ашиглалтад ороход бэлэн болсон бол ирэх оны нэгдүгээр улиралд 120 айлынх ашиглалтад орох юм байна.
ХЗДХ-ийн яамны мэдэлд байгаа уг газарт хэний ямар зөвшөөрлөөр орон сууц барьж байгааг ХЗДХЯ-ны Санхүүгийн хэлтсийн дарга Н.Цэвэлмаагаас тодруулахад албан хаагчдаас урьдчилгаа 30 хувийг авсан гэдгээс өөр тайлбар хэлсэнгүй. Угтаа бол ХЗДХ-ийн сайдын 2019 оны тайланд улсын төсвийн хөрөнгөөр нэг ч барилга бариагүй гэсэн байсан юм. Мөн ХЗДХЯ барилга байшин барих биш, хууль санаачилж, мөрдүүлж, сахиулах үүрэгтэй байгууллага юм.
Богд Хан-Уулын дархан цаазат газар, хотын хамгийн цэвэр агаартай А зэрэглэлийн бүсэд байрлах уг газар яагаад дуудлага худалдаагаар зарагдаагүй нь их хачирхалтай. Мөн хамгийн үнэтэй гэгддэг байршил дуудлага худалдаагаар ороод зарагдаагүйгээсээ болж үнэлгээ нь тэрбум тэрбумаар буурдаг байсан нь сонирхолтой. Харин одоо санхүүгийн эх үүсвэр нь ч тодорхойгүйгээр эхний блокууд нь баригдаад ашиглалтад орж байна. Тиймээс бид энэхүү асуудлыг эргэн сурвалжлах болно.