Я.Жаргал: Баянгол сумын сургуулийг Г.Сэр-Одын нэрэмжит болгох гэж 20 жил хөөцөлдөөд чадсангүй

2
2020 оны 8 сарын 242020-08-24
Я.Жаргал: Баянгол сумын сургуулийг Г.Сэр-Одын нэрэмжит болгох гэж 20 жил хөөцөлдөөд чадсангүй

Монголын яруу найрагт тун цөөн хэрнээ, уянга, хийц төгс шүлгүүдээрээ тод мөр үлдээсэн яруу найрагч Гомбын Сэр-Одын гэрийн буурь руу  биднийг Я.Жаргал хэмээх эрхэм замчлан хүргэсэн юм. Тэрээр Говь-Алтайн Тонхил сумын хүн хэдий ч хар багадаа нутгаасаа гарч Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон, Баруунхараад насаараа түүх, газар зүйн багшаар ажиллаж, ИТХ-ын дарга ч хийж уугуул нутгийнхнаас ялгалгүй болсон хүн ажээ. Г.Сэр-Одын дурсгалыг мөнхжүүлэх, түүний нэрийн дор нутаг орноос нь бичиг соёлын боловсролтой хүүхэд залуусыг төрүүлэх ажилд сэтгэл чилээж яваа түүнтэй төсөрхөн ярилцлаа. 

“105 жилийнх нь ойгоор нутгийн захиргаа нь сургуулиа найрагчийнхаа нэрэмжит болгох байхаа”

-2017 онд Гомбын Сэр-Одын мэндэлсний 100 жилийн ойд зориулж Баянголын сургуулиас цогцлоосон хөшөөний дэргэд та бид сууж байна. Уг гэрэлт хөшөөг босгоход таныг идэвх зүтгэл гаргасан гэж сонслоо.

- Гомбын Сэр-Одын мэндэлсний 100 жилийн ойд зориулж олон ажил хийсний нэг нь энэ хөшөө. Түүний хүн болж, хүй цөглөсөн газар хөшөөг нь цогцлоохын тулд эхлээд чулуу хайж эхэлсэн. Тэгж яваад нэг өдөр Баянцогт уулын энгэрт ярайсан өндөр чулуу байхыг хараад давиад очлоо. Харж, харж байгаад нэг чулуунд хадаг уяад, царилаар нэлээн ухлаа. Хөшиж ч үзлээ. Дийлдэггүй ээ. Ганцаараа явсныг ч хэлэх үү. Тэгээд дийлэхгүй болохоор нь уясан хадгаа “Та одоо эндээ тайван бай даа. Таныг хөндөхөө больё” гэж хэлээд буцааж аваад  уул өөдөө гараад  доош тонгойтол,  яг л намайг ирэхийг хүлээж байсан юм шиг нэг чулуу харагдлаа. Би ч бууж очоод нэлээн ч ухаж, хөшлөө. Бас л дийлсэнгүй. Тэгээд сургуулийн захирал руу утас цохитол нэмэлт хүч ачааны машинтай багш нараа явуулж, хамтын хүчээр хөшөөнийхөө чулууг ачаад ирсэн. Харин технологийн багш н.Төртүвшинд найрагчийн хөргийг чулуун дээр сийлсэн бол түүний хүү Т.Гантулга үгийг нь нь сийлсэн.  Тухайн үед Захирал намайг хэлж ярихгүй ганцаараа явлаа, та их сонин хүн юмаа гэж зэмлэсэн санагдана. Би ганцаараа болгочих юм шиг л санасан юм. Гэсэн ч бодсон шиг амархан байгаагүй ээ.

-100 жилийн ойд зориулж олон ажил хийсэн гэлээ. Манай уншигчдад хийсэн ажлынхаа тухай сонирхуулаач?

-Таван ажил хийхээр төлөвлөж, ажлын хэсгийг би ахалсан юм. Яруу найрагчийн гэрэлт хөшөөг нь босгож, уран бүтээлийг нь  эмхтгэн “Дөмөн” нэртэйгээр хэвлүүлсэн. Мөн арван жилийн сурагчдын дунд “Дунгийн эгшиг” яруу найргийн наадам зохион байгуулсан. Уламжлал болон зохиогддог энэ наадамд Сэлэнгэ аймгийн 20 гаруй сургуулийн 40 өсвөрийн яруу найрагч ирж шүлгээ уншсан даа. Мөн Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагчдыг урьж уншигч, зохиолчдын уулзалт зохион байгуулсан. Харин хийхээр төлөвлөж байсан таван ажлын маань ганц нь л ажил болж чадаагүй.

nom (1).jpg

-Ямар ажил хийхээр төлөвлөж байсан юм бол?

-Г.Сэр-Од бол Баянгол сумын сургуулийн ууган сурагчдын нэг. Анх Бат-Аюуш гэдэг багштай арван хэдэн хүүхэд хоёр эсгий гэрт хичээллэж байсан юм билээ. Тиймдээ ч Баянгол сумын сургуулийг түүний нэрэмжит болгохоор хөөцөлдсөн ч чадсангүй.

-Баянгол сумын сургуулийг Г.Сэр-Одын нэрэмжит болгоё гэж хэдэн оноос хойш хөөцөлдөж байгаа вэ?

-Г.Сэр-Одын мэндэлсний 80 жилийн ойгоор бид хөөцөлдөж эхэлсэн. Гэтэл гавьяат, ардын цолтон хүн биш гээд болгодоггүй юм билээ. Тухайн үед боловсролын яам, боловсролын яамны дэргэдэх соёлын хэлтэст уламжлаад Засгийн газрын шийдвэрээр нэрэмжит болгодог байсан юм. Харин одоо тухайн аймгийнх нь Иргэдийн төлөөлөгчдийн хурал нэрэмжит болгох асуудлыг шийддэг болсон юм билээ. Тэгэхээр 105 жилийнх нь ойгоор ч юм уу, тэгш ойгоор нь нутгийн захиргаа нь сургуулиа найрагчийнхаа нэрэмжит болгох байхаа. Би итгэлтэй байна.

“Сахлын хөөс гэвэл өвгөд маань, саахалтын айл гэвэл багачууд маань ойлгохгүй л болоод байна”

-Таны хувь уран бүтээлийн яриа руу оръё. Чухам хэдэн оноос шүлэг бүтээлийн дөр сууж эхлэв?

-Би хүүхэд байхдаа ном их уншдаг байсан. Багшийнхаа гэрт буй номуудыг уншиж дуусаад, сумын номын санчид тусалж, тэндээс сонирхсон номоо авч уншдаг байлаа. Хөгшин ээж минь номын цагаан солио тусна хэмээн хориглох нь олонтаа. Гэвч нэг хүн 20 мянган ном уншиж дэлхийн рекорд тогтоосон гэдгийг сонсоод 500 ном, 1000 ном уншина гээд тэмдэглэл хөтөлдөг болсон. Тэгээд оюутан болоод хөтөлж байсан тэмдэглэлийн дэвтрээ дэлгээд хартал  800 гаруй ном уншсан байсан. Тухайн үед сонголтгүй л уншдаг байсан юм билээ.

Харин их сургуульд хожмын Говь-Алтай аймгийн Утга зохиолын нэгдлийн эрхлэгч Гочоогийн Чардагтай нэг ангид орж, хамтдаа их л саваагүйтдэг  байлаа. Одоо бодох нь ээ Г.Чардаг л намайг анх уран зохиол руу хөтөлсөн юм шиг санагддаг. Бас Данзангийн Нямсүрэнгийн “Хаврын урсгал” номыг уншаад маш их биширсэн. Энэ ном надад тодорхой хэмжээнд дам нөлөөлсөн гэж боддог. Номын сангаас олж уншчихаад бадаг, бадгаар нь цээжилж байсан сан.  

Харин 1973 цэргийн алба хааж байхдаа анхны шүлгээ бичиж байлаа. Түүнээс хойш алдаг оног бичиж байгаад Сэлэнгэ аймагт ирээд 1991-2011 он хүртэл хүүхдийн яруу найргийн дугуйлан хичээллүүлсэн. Тэтгэвэрт гарснаас хойш энэ дугуйлан маань орхигдсон доо. Хүүхдүүд маань бүгд зохиолч, яруу найрагч болоогүй ч гэсэн яруу найраг ойлгодог, мэдэрдэг хүмүүс болж өсөж, төлөвшсөнд баяртай явдаг юм.

m2.jpg

-Та баруун хязгаар Говь-Алтай аймгийн хүн юм байна шүү дээ. Баруунхараагийн юу нь таныг тэгтлээ татав?

-Тиймээ. Би хуучнаар бол Говь-Алтай аймгийн Тамч сумын хүн. Манай Тамч сум 1931 онд байгуулагдаж, 1961 онд татан буугдаад Тонхил сумтай нийлсэн. Миний төрсөн Өвчүүгийн голын яг хойхон талд Хавтгайн өвөлжөөн дээр яруу найрагч Тоомойн Очирхүү найрагч төрсөн юм.

Аав биднийг орхиж яваад, ээж минь 1960 онд 30 насандаа бурхан болсон. Би гэдэг хөгшин ээжтэйгээ хоцорсон юм. Хөгшин ээж бид хоёр Төв аймгийн Баянцогт сум руу нүүж, би тэнд долдугаар анги төгсчихөөд 1968-1971 он хүртэл Улаанбаатар хотын багшийн сургуулийг бага ангийн багш мэргэжлээр дүүргэсэн. Сургуулиа төгсөөд хөгшин ээж дээрээ очих гэсэн боловч намайг Хэнтий аймаг руу хувиарлачихсан. Тэгтэл хөгшин ээж маань  Боловсролын яамны үүдэнд олон хоног зогсож хувиарыг минь өөрчлүүлэх гэж хөөцөлдсөн. Нэг өдөр өөрчлүүлчихлээ гээд бөөн баяр болсон хүн ирдэг юм. Би ч Баянцогт суманд эмээтэйгээ байх нь гээд баярлаж байтал намайг Дундговь аймаг руу хувиарлачихсан байсан. Ялгаагүй л хөгшин ээжээсээ хол суух болчихоод байсан тул би Дундговь руу ч яваагүй. Тэгээд 1974 он хүртэл цэргийн алба хаасан даа. Цэргээс халагдаж ирээд Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд бага ангийн багшаар найман жил ажилласан. Тэгээд багшийн дээдэд дахин сурж төгсөөд Сэлэнгэ аймгийн боловсролын хэлтэст хоёр жил ажиллаад 1984 онд Баянгол суманд ирж, багш, хичээлийн эрхлэгч, захирлаар, тэтгэвэрт гараад Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар бас ажилласан.

-Хөдөө уран зохиолд элэгтэй хүүхдүүд хэр олон байна. Уран зохиолд элэгтэй хүүхдүүд улам л цөөрөөд эх хэлний чадвар улам муудаад байх шиг ээ...

-Хэлний чадвар муудаж байгаа нь анзаарагдаж л байна. Сахлын хөөс гэвэл өвгөд маань, саахалтын айл гэвэл багачууд маань ойлгохгүй л болоод байна. Энэ юутай холбоотой вэ гэвэл нэгдүгээрт, ном уншихгүй байгаатай холбоотой. Хоёрдугаарт, ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт уран зохиолын цаг бага байгаатай холбоотой. Гуравдугаарт сургуулийн, сумын номын сангуудыг идэвхжүүлмээр байгаа юм. Суманд бол номын сан нь түгжээтэй л байж байдаг. Сургуулийн номын сан гэхээр бас л түгжээтэй, номын сангийн эрхлэгч нь бичээч хийгээд сууж байдаг. Тэгэхээр тийшээ хэчнээн хүссэн ч хүүхдүүд орж чадахгүй л байгаа юм. Тэнд баахан ном түгжээтэй байж л байдаг. Энэ бол тодорхой хэмжээнд нөлөөлж л байгаа. Гэхдээ тухайн сургууль нь бодлогоор хэлний боловсролыг дээгүүрт тавих хэрэгтэй. Тэгж байж л хүүхдүүд сайжирна. Ингэхийн тулд орон нутаг бүр өөрийн соёлын онцлог өвөө эхлээд хүүхдүүддээ зааж, мэдүүлэх хэрэгтэй байгаа юм. Хүүхэд гэдэг өөртөө хамгийн ойр зүйлээс эхэлж нүд нь нээгдэж, юм сурч эхэлдэг онцлогтой. Эх хэлний боловсролд энэ нь маш чухал ач холбогдолтой. Мишигийн Цэдэндоржийн яруу найраг, алтайг даган нутагласан үндэстнүүдийн их туульс Говь-Алтайн хүүхдүүдийн нүдийг нээх бол, Хараа голоо даган нутагласан, Баатар вангийн үр хойчид өвөг дээдсийнх нь түүх, Гомбын Сэр-Од тэргүүтэй яруу найрагч, зохиолчдынх нь бүтээл эх хэлний эхний хичээл нь болно шүү дээ.

Я.Жаргал багш бидний яриа энэ хүрээд өндөрлөсөнгүй. Тэр Гомбын Сэр-Одын нэрэмжит “Дунгийн эгшиг” яруу найргийн наадмын агуулгыг өргөтгөж, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагчдын цугларалт, уншлага хийх санаа өвөрлөж яваагаа биднээр дамжуулан уран бүтээлчдийн сонорт хүргэхийг хүссэн юм.
 

Санал болгох

“Дурсаж яваарай” киноны найруулагч Их Британийн кино наадмаас шагнал хүртлээ

"Дурсаж яваарай” киноны найруулагч Э.Ган-Очир шагнал хүртэв.

14 цагийн өмнө
“Хубилай хаан ба Монгол жанжид” үзэсгэлэнгийн нээлт боллоо

Чингис хаан түүний залгамжлагч алтан ургийн суут хаан Хубилай сэцэн хааны мэндэлсэний 805 жилийн ой энэ онд тохиож байна.

3 өдрийн өмнө
"Улаанбаатар фестиваль оркестр 2020" сонгодог урлагийн тоглолт болно

Монгол Улс дахь анхны баярын найрал хөгжим болох "UB Festival Orchestra"-ын эхний тоглолт 2020 оны есдүгээр сарын 27-ны өдөр 17:00 цагт Хүн театрт болно.

5 өдрийн өмнө
Monstar Production гар утсаар бүрэн хэмжээний дууны клип хийжээ

Энэрэл, Mrs M, FLA нар хамтран "Тансаг бүүвэй" нэртэй дууг дуулж, клипийг нь зургаан сарын турш хийсэн байна.

5 өдрийн өмнө