БАРУУНХАРААГИЙН ТЭМДЭГЛЭЛ

1
2020 оны 8 сарын 192020-08-19
БАРУУНХАРААГИЙН ТЭМДЭГЛЭЛ

СЭТГЭЛ ЗӨӨГЧ

Хаа нэг тийш зорих хүсэл сэтгэл дотроос холгоостой. Хаашаа ч хамаагүй галт тэргэнд суугаад явчихмаар мэдрэмж хэн хэнгүй л төрдөг. Тэр л мэдрэмж Сэлэнгийн Баруунхараа орох галт тэргэнд суулгаж орхив. Уулзахын баяр, үдэлтийн үгсээр будагдсан энэ унааг би “сэтгэл зөөгч” хэмээн нэрлэлээ. Учир гурван сарын өмнөөс л манайд ирээрэй гэж найр тавин хүлээх эгчийнх рүү зорьж явна. Дараагийн өртөөн дээрээс хэдэн хүн суух бол, хэдэн хүн буух бол хэмээн элдвийг бодон, яруу найраг амандаа хүлхэж явлаа.

Дорноговь руу галт тэрэг хөдлөхөд аав минь бодогддог

Догдолж суугаад очиход байхгүй дээ гэж санахаас нулимс гардаг

Хайр харамсал, гомдол цөхрөлөө дотогшоо залгилж

Халааснаасаа янжуур гарган асаагаад ажил руугаа би алхдаг

Хүзүүний ороолт шанхны үсийг салхины мэдэлд өгөөд

Хөлхөх олны урсгал сөрөн уйтгарын завь сэлүүрдэхэд

Богд уулын зүүн сугаар галт тэрэг

Бодлыг минь тээгээд махирлан тахирлаж оддог...

Гал тэрэг харах бүрт, галт тэрэг дуугаа хадаан орон хотын маань дундуур урсаад өнгөрөх мөчид А.Эрдэнэ-Очир гуайн энэ шүлэг аманд эвлээд байдаг юм. Унших бүрдээ л аавыгаа хачин их санаж, сэмээрхэн санаа алддаг даа. Шүлэгчийн мөрийг сэтгэлдээ өнхрүүлсээр, шүлэгчийн нутгийг зорьж явна. Дуусашгүй үргэлжлэх хос шад шиг ган замыг галт тэрэгний хүнд дугуй жигд хэмнэлээр хэмжинэ..

МОНГОЛ ЗАН, МОНГОЛ АМЬДРАЛ

Галт тэрэг хөдлөөд удаагүй байхад зорчигч нарт “Эрүүл мэндийн мэдүүлэг” гэсэн хуудас тарааж, гурван өртөө газар явсны эцэст сая нэг юм халууныг нь үзэв. Зэргэлдээ орон дээр нэгэн үл таних эмэгтэй хажуулдан хэвтэж, хүүхдээ хөхүүлнэ. Тэрээр унахаас болгоомжлон зориулалтын бүсээ хийх гэсэн боловч бүс хүрсэнгүй тул хүүхдээ унтуулчихаад өөрөө цурам ч хийлгүй, тааз ширтэж хэвтэнэ.

Доод талын орон дээр хүүхэдгүй эмэгтэйчүүд яваа ч хэн ч түүнтэй ороо солихыг хүсээгүй бололтой. Тэр хэдхэн цаг яваад Дарханд буух аж. Бүсгүйг орон дээрээ буруу харан хэвтэх зуур доод орны хоёр эгч дэвтээсэн бэлэн гоймон руугаа түүний хиамнаас болгоомжлонгүй авч хийцгээнэ. Тэр зуураа хүн хараагүй байгаа гэсэн шиг ийш тийш л харан инээмсэглэх нь ёжтой.

Он жилийн хөлс шингэсэн модон цонх, жижигхэн ширээ, хүн зоны алганы хээ, үгсийн цуурай шингэсэн энэ унаанд Монголчуудын амьдралын жинхэнэ төрх харагдана. Хуучирсан цагаан хэрэглэл, бэлэн гоймон, хөлсний үнэр нэвчсэн агааржуулалт муутай вагонууд. Уудам тал нутгийнхаа өчүүхэн хэсэгт нэг сая хүн шавааралдан, түгжрэлдэн, утаандаа хахаж цацан амьдардаг Улаанбаатарын жижгэрүүлсэн хувилбар энд байна.

Сэрүүлэг дуугарч, гал тэрэг ч буух ёстой өртөөн дээр ирэв. Тосож хүлээсэн эгч маань яруу найрагч хүн. Баруунхараа яруу найрагч эгчийн маань хэлсэн шиг тийм ч буйдхан газар биш юм. 1931 оны засаг захиргааны шинэчлэлээр хуучнаар Богдхан уулын аймгийн Баатар вангийн хошууны Хөлий-Баянуул сумын суурин дээр Хараа голын хөндийд Баруунхараагийн суурин байгуулагджээ. Одоо бол Сэлэнгэ аймгийн Баянгол сумын төв. Төмөр зам дагасан болохоор монголдоо томхон сууриндаа орохоор газар ажээ.

117888754_600909723925311_7122270899375152631_n.jpg

ГОМБЫН СЭР-ОДЫН БУУРИН ДЭЭР

Маргааш өдөр нь бид монголын яруу найрагт тун цөөн хэрнээ, уянга, хийц төгс шүлгүүдээрээ тод мөр үлдээсэн яруу найрагч Гомбын Сэр-Одын буурин дээр очихоор төлөвлөсөн юм. Яруу найрагч М.Ундрал биднийг Баруунхараагийн хүндтэй буурлуудын нэг Я.Жаргал багштай танилцуулав. Я.Жаргал гуай уг нь Говь-Алтайн Тонхил сумын хүн ажээ. Хар багадаа нутгаасаа гарсан тэрээр Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон, Баруунхараад насаараа түүх, газар зүйн багшаар ажиллаж, ИТХ-ын дарга ч хийж уугуул нутгийнхнаас ялгалгүй болсон хүн ажээ.

Я.Жаргал багш биднийг Хараа голын хараа бараанд Барчгарын Хөндий гэх газар буй Г.Сэр-Одын бууринд замчилж хүргэв. Цаг гаруй давхиад зорьсон газраа иртэл нээрээ л барзгар хадтай уулын харууц сайтай энгэрт Г.Сэр-Одод зориулсан гэрэлт хөшөө торойж угтав. Гэрэлт хөшөөн дээр “Нэрт яруу найрагч Гомбын Сэр-Од 1917.06.10-нд энд төржээ. 100 жилийн ойд нь Баянголын сургуулиас” хэмээн бичжээ. Төрсөн газрынхаа тухай яруу найрагч өөрийн дуртгалдаа тодорхой бичсэн учраас энэ газрыг тогтож, дурсгал босгоход төвөгтэй байгаагүй гэж Я.Жаргал багш дурсав. Бид яруу найрагчийн гэрийн буурин дээр өөрсдийн шүлэг бүтээлээс уншиж нэгэн өдрийг хугаслав.

Амралтын өдөрт хавчигдсан аяллын маань гол олз нь ганцхан Барчгарын хөндий дэх энэ дурсгал байсангүй. Г.Сэр-Одийн дурсгалыг мөнхжүүлэх, түүний нэрийн дор нутаг орноос нь бичиг соёлын боловсролтой хүүхэд залуусыг төрүүлэх ажилд сэтгэл чилээж яваа Я.Жаргал багштай ч төсөрхөн хөөрөлдлөө. Бидний хөөрөлдөөн удахгүй нийтлэгдэнэ. /Энд дарж уншаарай/

Санал болгох

“Дурсаж яваарай” киноны найруулагч Их Британийн кино наадмаас шагнал хүртлээ

"Дурсаж яваарай” киноны найруулагч Э.Ган-Очир шагнал хүртэв.

15 цагийн өмнө
“Хубилай хаан ба Монгол жанжид” үзэсгэлэнгийн нээлт боллоо

Чингис хаан түүний залгамжлагч алтан ургийн суут хаан Хубилай сэцэн хааны мэндэлсэний 805 жилийн ой энэ онд тохиож байна.

3 өдрийн өмнө
"Улаанбаатар фестиваль оркестр 2020" сонгодог урлагийн тоглолт болно

Монгол Улс дахь анхны баярын найрал хөгжим болох "UB Festival Orchestra"-ын эхний тоглолт 2020 оны есдүгээр сарын 27-ны өдөр 17:00 цагт Хүн театрт болно.

5 өдрийн өмнө
Monstar Production гар утсаар бүрэн хэмжээний дууны клип хийжээ

Энэрэл, Mrs M, FLA нар хамтран "Тансаг бүүвэй" нэртэй дууг дуулж, клипийг нь зургаан сарын турш хийсэн байна.

6 өдрийн өмнө