Цавуу савандаа наалддаггүй

3
2020 оны 8 сарын 192020-08-19
Цавуу савандаа наалддаггүй

Засгийн газрын сайд нараас өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар түрүүлж бодлогоо танилцуулав. Ж.Амарсанаа, Л.Цог, Д.Одбаяр, Даш.Ганболд, Су.Батболд нарын сайд нарыг орхиж, хэвлэлүүд 1992 оны Үндсэн хуульд нийцүүлж хууль тогтоомжуудыг боловсруулснаар нь Н.Лувсанжавыг, 2002 оны Эрүүгийн болон Иргэний хуулийн шинэтгэлийг хийснээр нь Ц.Нямдоржийг, Сонирхлын зөрчлөөс сэргийлэх хууль, хүний эрхийн чиглэлд анхаарсан концепциуд дэвшүүлснээр нь Х.Тэмүүжинг, Эрүүгийн эрх зүйн шинэтгэл батлуулснаар нь Д.Дорлигжавыг, Бүртгэлийн реформ хийснээр нь С.Бямбацогтыг онцолдог. Харин Х.Нямбаатар өөрийн ажлаа эдийн засаг, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулсан дөрвөн жил байхыг тодотголоо. Тэрээр Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд 40 орчим хуулийн төсөл боловсруулж, УИХ-аар батлуулахаар төлөвлөжээ.

Хувийн хэвшлийн бизнесийг төр булааж хийдгийг хязгаарлана

Топ-100 аж ахуйн нэгжээ 40 гэр бүл, 200 гэр бүл, олигархиар нь ангилж, багагүй бизнес рүү халдсан, пионер ёсолгоотой Засгийн газрын тэргүүний “хураана, цуцална” гэх сүрт мэдэгдлээр дүүрэн дөрвөн жилд МАН-ын коммунист дүр илүү тодорсон. Ямар сайндаа үүнийг далимдуулж Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин АН-ын даргын сонгуульд өрсөлдөнө гэх вэ дээ. Хууль зүй, дотоод хэргийн яам Арилжааны тухай, Компанийн тухай, Бизнесийн гэрээний тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Оюуны өмчийн багц хууль, Банк бус байгууллага болон иргэд хоорондын мөнгөн зээлийг зохицуулах тухай хуулийн төсөл, Дампуурлын тухай зэрэг хувийн эрх зүйн хуулиудыг шинэчлэн найруулахаар ажиллаж байгаа юм байна.

Компанийн тухай хуулийг шинэчилж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх зүйн ашгийг хамгаалж, ногдол ашгаа авдаг болгох юм байна. Сүүлийн гурван жилд Ленд, Айтоолс, Монос хүнс, Мандал даатгал, Түмэншувуут, Ард санхүүгийн нэгдлийнхэн зах зээлд хувьцаагаа гаргаж, олон хүн сонирхсон. Ногдол ашгаа хугацаанд нь тараадаг АПУ-гийн жишгээр олон компани Компанийн тухай хуулиар жижиг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тарааж эхлэх нь ээ.

Х.Нямбаатар сайд, “Төр бараг бүхий л салбарт  хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж байна. 2017 оны судалгаагаар төрийн өмчит 102, орон нутгийн өмчит 348 компани бий. Манай улстөрчид захирлыг тавих, түшмэдүүд ТУЗ-д багтах сонирхолтой. Үүний цаана улс төрийн санхүүжилт, авлига, сонирхлын зөрчилтэй холбоотой. Тэнд алдагдал 10.5 их наяд төгрөг болчихоод байна. Эрүүл эдийн засагтай болъё гэвэл хувьцааг нь олон нийтэд нээлттэй болгож, улстөрчдийг тэндээс холдуулах учиртай” гэв.

Оюуны өмчийн багц хуулийн төслийг үндсэндээ боловсруулж дуусчээ. Оюуны өмчийг бүтээх, хамгаалах, ашиглах эрхийг таатай болгоно. Кино бүтээгчид нь кино театрт, ном бүтээгчид номын дэлгүүрт борлуулалтын орлогоороо “шулуулдаг” явдлыг хязгаарлаж, хөдөлмөрийн үр дүнгээ илүү хүртэх явдлыг дэмжинэ. Энэ нь уран бүтээлчдийн олон жилийн яриа юм.

Мөнгө хүүлэлтийг эсрэг зохицуулалт хийж, хоногийн зээлийг хязгаарлана. Бүх ломбардыг бүртгэлтэй болгох, зээл чөлөөлөх ажил эрхэлдэг нөхдийг улсад бүртгэлтэй болгож, хариуцлагажуулна. Бүртгүүлэхгүй бол зээлийн хүүгээ шүүхийн журмаар нэхэмжлэх эрхгүй болгоно гэж сайд хэлсэн.

Мөн тэрээр бизнесийн үйлчилгээ үзүүлж иргэдтэй хэрэглэгчийн гэрээ байгуулахдаа яаж хэрэглэгчийг хохироохгүй байх вэ гэдэг суурь стандартыг нь хуулиар өөрчлөх шаардлагатай байна. Үүрэн телефоны оператор, IPTV, банк санхүүгийн байгууллага, хувийн сургуулийн зүгээс үйлчилгээгээ анх тохирсноороо хүргэх, хэрэглэгчийг төөрөлдүүлж төлбөр авдаг, үүнийгээ маркетинг гэж залруулдаг явдлыг арилгана гэсэн.

ҮАБЗ-ийн шийдвэрээр шүүгчдийг чөлөөлдөг явдлыг болиулна

 “Захиргааны хэргийн шүүгчид ханштай” болсон хэмээн телевизээр мэдэгдэж, хонгилын шүүгч нар гэж нэр цохоход нь хуульчид Х.Нямбаатарыг хуульч хүн байж попуудтай нийллээ гэж шүүмжилсэн. ҮАБЗ-ийн шийдвэрээр шүүгчдийг чөлөөлдөг болох хуулийн төсөл дээр эсрэг байгаагүйд нь дургүйлхсэн. Гэхдээ энэ алдааг Үндсэн хуульд Шүүхийн сахилгын хороо байна, Шүүхийн сахилгын хороо шүүгчид хариуцлага тооцох бөгөөд шийдвэрийг нь цэц хянана гэдэг томъёолол орсноор засагдах боломж гарсан юм.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өргөн барих гэж байгаа Шүүхийн тухай хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлийг 10 гишүүнтэй болгож, шүүгчдийг сонгон шалгаруулах үе шатыг нээлттэй, ил тод, шударга болгох зорилготой гэнэ.

Х.Нямбаатар, “Шүүхийн дөрвөн хуулийг нэгтгэн бичиж Шүүхийн тухай хууль болгоно. Аравдугаар сард эхний хэлэлцэх асуудлаар оруулна. Шүүхийн сахилгын хороо Үндсэн хуулийн байгууллага болсон. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр шүүгчдийг томилж, чөлөөлдөг явдлыг зогсоохгүй бол шүүхийн хараат бус, бие даасан байдал устана. Ийм учраас Шүүхийн хуулийг батлах шаардлагатай байна” гэв.

Ингэж мэдээлэл хийхээс өмнө Хууль зүйн үндэсний хүрээлэнд ХЗДХЯ, Стратеги академиас хамтарсан Шүүхийн хараат бус байдлыг хөндсөн хэлэлцүүлэгт Х.Нямбаатар концепцио танилцуулсан. Хэлэлцүүлэгт Б.Мэргэн өмгөөлөгч, “Улс төр орсон хэргийн шүүхийн шийдвэрүүд shuukh.mn сайтад байршдаггүй. Уг нь нууцаас бусад бүх хэргийн шийдвэр орох ёстой. ҮАБЗ-ийн гурван улстөрч шүүгчдийг огцруулдаг явдлыг болиулъя гэж хуульчид Үндсэн хуулийн цэцэд олон удаа хандсан. Тэнд нь барьчихсан юм билээ. Харин Хууль зүйн яам энэ алдааг өөрсдөө залруулах гэж байгаа нь сайн байна. Нэмж хэлэхэд, шүүгч байсан хүмүүс өмгөөлөгч хийдэг явдал их. Үүн шиг багш нар өмгөөлөгч хийж, хуралдааны үеэр өөрийн шавь шүүгчийг “Би чамд ийм юм заагаагүй” гэж зандардаг явдал байна” гэж шүүмжилсэн.

Өмгөөлөгч Баяраа, “Монголын шүүх айсандаа ҮАБЗ-ийн өмнөөс шийдвэр гаргадаг болсон. Сонгуульд нэр дэвшсэн миний үйлчлүүлэгчийг шүүх хуралд ирэх шаардлагагүй гэж өмнөх өдөр нь шүүгч нь өөрөө залгасан. За яах вэ, гээд очоогүй. Тэгсэн чинь өөрийг нь оролцуулсангүй, хэрэг шийдвэрлэх ажилд саад боллоо гээд 3 хоногийн дотор 10 тэрбум төгрөг барьцаанд өг гэсэн. Тийм их мөнгө байхгүй, олох боломжгүй. Ингээд миний үйлчлүүлэгчийг сонгуулийн үеэр цагдан хорьсон. Нэг ёсондоо би шүүгчийг ҮАБЗ-ийн барьцаанд орсон гэж хэлнэ” гэв.

Мөн өмгөөлөгч Цогт, “Үндэслэлээ хэлдэггүй шүүхийн шийдвэр сонссоор залхаж байна. Шүүгч нар шийдвэр гаргасан үндэслэлээ тайлбарлахаа больсон. Зааланд улсын яллагч, эрх бүхий албан тушаалтан, өмгөөлөгч бүгдийг нь загнадаг. Шүүгч нар дарга гэж өөрсдийгөө боддог болсон. Нэмээд манай хуульч нар хувийн эрх зүй, эдийн засгийн ойлголт тааруу байна. Татвар, гэрээ контракт ойлгохгүй, хэвийн бизнесийг гэмт хэрэг гэж үздэг. Шулуухан хэлэхэд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн сургалтын чанартай бас холбоотой. Үүнд салбарын яам, Хуульчдын холбоо анхаарах ёстой. Арга ядаад, хэлэх үг дуусаад өмгөөлөгч бид нар хэвлэлд хандахаас аргагүй болдог” гэсэн.

Иргэний нийгмийн дэмжиж, нийтэд тустай ажил хийснийг урамшуулна

С.Бямбацогтоос Ц.Нямдорж руу, улмаар Х.Нямбаатар руу шилжсэн хуулийн төслүүд нэлээд бий. Тухайлбал, Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл буюу Төрийн бус байгууллагын хуулийг шинэчлэх ажил. Иргэний нийгмийг хөгжүүлэх, дэмжих төрийн бодлогоос гадна шантааж хийдэг, олон нийтийг хагалган бутаргадаг, мөнгө угаадаг, илт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудыг цэгцлэх бодлого юм. Монголд задраагүй, хоёр хуваагдаагүй спорт холбоод бараг байхгүй. Бөхийн холбоо ч, сагсанбөмбөг, хөлбөмбөг ч тэр хоёр хуваагдаад, эцэстээ холбооны тэмдгээ булаацалдаж, олон улсын тэмцээн уралдаанд Монголыг төлөөлж чадалгүй тамирчдаа хохироодог. Энэ байдалд цэг тавихаар төлөвлөсөн бодлого. Нөгөө талаар боловсрол, байгаль орчин, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудад төр зарим ажлаа хариуцуулж, тэдэнтэй хамтарч ажиллах, татварын хөнгөлөлтөд хамруулах, ТББ-ыг дэмжсэн аж ахуйн нэгжийг татварын бодлогоор дэмжих багц асуудлыг тусгажээ.

Мөн Шашин шүтэх эс шүтэх тухай хуулийн төсөл яваа. Төсөл нь бичигдэж, олон нийтээс санал авч, шашны байгууллагуудын хэлэлцүүлэгт оруулсан. Монгол дахь шашны гаж урсгалуудыг хязгаарлах, шашны асуудалд үндэсний аюулгүй байдлын өнцгөөс хандсан зохицуулалт ихтэй хууль юм билээ.

Сэтгүүлчдийг тагнасан асуудал гарсан гэж өмнөх парламентын үед Хууль зүйн байнгын хорооны дарга байхдаа дуугарсан Х.Нямбаатар энэ удаад Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулж, батлуулна гэдгээ амлав. Ингэхдээ сэтгүүлчийн мэдээллийн эх сурвалжаа нууцлах, МСНЭ, Сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэл, Хэвлэлийн ёс зүйн зөвлөлийг хуульчилж, хэвлэл мэдээллийн байгууллага редакцтай байх шаардлагыг тусгах юм. Мөн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах замаар улстөрчид өөрийг нь шүүмжилсэн асуудлаар иргэнийг цагдаад өгдөг явдлыг болиулж, эхлээд Хэвлэлийн ёс зүйн зөвлөлөөрөө шийдүүлдэг байхаар журамлана гэдгээ хэлсэн.

Эрүүгийн хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэг, хар тамхи, хүчирхийллийн гэмт хэргийн ялыг чангаруулна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулж, улсын байцаагч нар шууд торгохоосоо өмнө тухайн байгууллага дээр ажиллаж, зөвлөж тусладаг, хугацаа даалгавар өгөөд эргэж шалгадаг байдалд шилжинэ. Зөрчлийн хуулийн торгуулийг тухайн нөхцөл байдлыг улсын байцаагч нар үнэлж, дүгнээд үйлдэлд нь таарсан торгуулийг сонгож хэрэглэдэг байдлаар тусгана гэдгээ хэлэв. Ер нь Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, тэдгээрийн процессын хуулиудын хэрэгжилтийг үнэлж, дүгнэдэг, амьдралд нийцүүлдэг байнгын ажлын хэсгийг ажиллуулж байх юм. Хууль зүйн сайдын хувьд бүхий л хууль тогтоомжоо хэлэлцүүлэхээс гадна хууль боловсруулахдаа Эрдэмтдийн зөвлөлийг ажиллуулна гэдгээ танилцуулсан. Академич Нарангэрэл, Эрдэнэбулган, Болдбаатар, Гүнбилэг нарын арваад эрдэмтэн зөвлөж ажиллах юм билээ. Мөн Хууль зүйн үндэсний хүрээлэнг өргөтгөж, орон тоог нь нэмж, судалгаанд чухал ач холбогдол өгч ажиллахаа тэрээр хэлсэн.

Шүүмжлэлээс салахгүй дөрвөн жил

Сангийн сайд, Боловсролын сайд, Эрүүл мэндийн сайд, Хуулийн сайд дөрөв олны шүүмжлэлээс хол байдаггүй. Энэ ч утгаараа Х.Нямбаатарын чих ирэх дөрвөн жилд байнга л шуугих болов уу. 40 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын өмнө бүтэн цаг нуршсан мэдээллээс “Хувийн эрх зүйн шинэтгэлд анхаарсан сайд байна” гэсэн үг үлдэж байна лээ. Мөн хуулийн салбарын цахим шилжилт, шүүхийн шийдвэр гарцаагүй хэрэгждэг, иргэд хохирлоо барагдуулж чаддаг, шүүхийн шинжилгээ үндэслэлтэй, хууль сахиулах байгууллагууд оновчтой зохион байгуулалт руу шилжинэ гэж ярианаас нь ойлгосон. Ер нь бол төлгөн коммунист, утсан хүүхэлдэй гэсэн нэрүүд цаашид Х.Нямбаатартай явах эсэхийг тэр өөрөө шийднэ. Гол нь салбар бүрийн төлөөллийг сонсдог, сайн багтай хамтарч ажилладаг, эрдэмтэн, судлаачидтай нягт ажилладаг бол өнөөдрийн дэвшүүлж байгаа бодлогууд нь олны дэмжлэгийг авахаар байгаа.

Цавуу савандаа наалддаггүй. Х.Нямбаатар одоо микрофон дээр хашгирдаг улстөрч биш. Амьдралыг хуульд наах зорилготой эвийн цавуу. Олон хүний амьдралд нөлөөлөх төрийн хариуцлагатай албан тушаалтан. Улстөрийн албан тушаалын саванд байгаа хэдий ч МАН-ын бүлгийн шийдвэрт л захирагдаад савандаа эргэж наалдсан хэвээр байвал хэрэг алга. Хууль зүйн сайд хуульт ёсноосоо гажих, хуульчийн ёс зүйгээ зөрчиж улстөржиж эхэлбэл хамгийн түрүүнд хуульчдынх нь, цаашлаад иргэдийнх нь үнэлэмж буурдаг. Нөгөө талаар дотоод хэргийн салбар нь хуулийн сайдаа бусгаж унагаах амархан.

Өмнөх парламентад 23 эрх зүйч байсан гэж Сонгуулийн ерөнхий хороо мэдээлж байсан. Энэ парламентад энэ тоонд хараахан хүрэхгүй ч Д.Ганбат, Н.Учрал, Л.Мөнхбаатар, С.Бямбацогт, Б.Энхбаяр, Ц.Мөнх-Оргил, Ж.Сүхбаатар гээд боловсруулсан хуулийн төслүүдийг нь ахлаад явах, батлуулж чадах хуульч нар олон байгаа юм байна. Байшин барьдаг, хэрэг ярьдаг сайд байх уу, эрх зүйн хөгжилд хувь нэмрээ оруулсан сайд байх уу гэдэг эцсийн дүнд өөрөөс нь, бас хамт олноос нь шалтгаална.

 

 

Санал болгох

Зуун арван жилийн өмнө “Монголын сонин бичиг”-ээс сануулсан  “зөөлнөөр улируулах арга”

1909 оноос хэвлэгдсэн “Монголын сонин бичиг” дөрөвдэх засаглалын үүргээ амжилттай гүйцэтгэж, Сандоо амбаны үйл хэрэг, үг хэл, гаргасан тушаал сэлтийг нэгд нэгэнгүй сурвалжлан шүүмжилж, олонд таниулж байсан тухай миний бие өмнө нэг өгүүлэл бичсэн билээ.

1 сарын өмнө
Ухамсрын төвшинд тэнэг үйлдэл

Си Зиньпингийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. Та бүхэн уншиж үзээд нэгийг бодож хоёрыг санана буй за.

1 сарын өмнө
Өвөр Монголоос мэдээлж байна

Үүнээс өмнө хэзээ ч сошал дээр ийм олон цэвэр монголоор бичсэн бөгөөд ярьсан постуудыг нэгэн зэрэг харж байгаагүй...

1 сарын өмнө
Замын эвдрэлээс болж хагарсан дугуйгаа улсаар төлүүлсэн цадиг

Нэг дугуй хагарлаа. За яахав гээд запасаа тавив. Хэсэг явж байгаад дахиад нэг дугуй. Нэг бүрийг нь 500 мянгаар авсан юмсан. Хоёр дугуй хажуу бөөрөөрөө язарсан байгаа юм.

1 сарын өмнө