Г.Отгонсүрэн: Дүү маань “нохой хав хав” гээд унтаж чадахаа больсон

2020 оны 8 сарын 202020-08-20
Г.Отгонсүрэн: Дүү маань “нохой хав хав” гээд унтаж чадахаа больсон

Урд айлынхаа хашаанд тоглож байсан хоёр настай охиныг дундад ази үүлдрийн ноход гаднаас орж ирж урсан явдал Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт долдугаар сарын 28-ны болсон.

Охины гэмтлийг шүүх эмнэлгийнхэн “хөнгөн” гэж дүгнэсэн төдийгүй бяруу шиг биетэй нохдоо хошуувчгүй, сул орхисон эзнийг 100 мянган төгрөгөөр хэсгийн байцаагч торгох хүртэл олон нийт ийм зүйл болсныг мэдээгүй. Бид нөхцөл байдлыг бодитоор хүргэх үүднээс хэрэг болсон газарт очиж, охины аав, эгчтэй уулзлаа.

Тэд шүүхийн шинжилгээний дүгнэлттэй санал нийлээгүй тул өмгөөлөгч авч, дахин шинжээч томилуулахаар гэрээсээ гарч байхад нь таарсан юм. Охин Гэмтэл согог судлалын үндэсний төвд долоо хоног хэвтэн эмчлүүлж, үргэлжлүүлэн 15 хоног дүүргийнхээ эмнэлэгт хэвтжээ. Сүүлийн оёогоо авахуулсны дараа гэрээр эмчлүүлж байв.

хүүхэд1.jpg

Охины аав Г.Пүрэвсүрэн, “Тухайн өдөр хөдөө ажилтай байсан учраас охиноо авга эгч, өвөө, эмээтэй нь үлдээсэн. Хэрэг болсон газар нь манай урд айлын хашаа. Тэр өдөр авга эгчтэйгээ хамт урд айлд байсан. Тэднийх нохойгүй. Их гайгүй зан харилцаатай, элэгсэг улсууд байдаг. Эгч нь бие засахаар түр орхисон хойгуур хашааны завсраар хоёр нохой орж ирж зуугаад чирсэн юм билээ. Эгч нь дүүгээ уйлах чимээнээр гүйж иртэл нөгөө ноход урдаас нь ярдагласан. Эгч нь хүмүүсээс тусламж дуудахад гарч ирсэн хүмүүсийн чимээнээр нохойнууд зугтсан байгаа юм. Болсон явдал бол энэ. Миний охиныг урсан ноход 2-3 айлын цаана байдаг айлынх. Хэрэг гарсны дараа нохдыг буудуулах гэсэн боловч эзэн нь уурлан нэгийг нь авч үлдсэн. Биднийг эмнэлэгт байх хугацаанд нохойны эзэн нэг удаа ирж эргэсэн. Гэхдээ эмчилгээний зардал, нөхөн төлбөр өгөөгүй. Тэгээд хоёр хоногийн өмнө хэвлэлүүд мэдээд эхлэнгүүт үлдсэн нохойгоо аваад хаашаа ч юм нүүсэн. Охин маань шөнө их уйлдаг болсон” гэлээ.

Г.Пүрэвсүрэн багцаагаар 30 хүрч яваа залуу бололтой. Худаг руу дөт учраас урд айлаараа дамжихын тулд хашааны хоёр банзыг сугалсан, тэр зайгаар хүүхэд нь орж тоглодог юм байна. Хэрэг гарах үед дүүгээ харж үлдсэн Г.Отгонсүрэн 17 настай. Бид түүнээс болсон явдлыг мөн тодруулсан.

хүүхэд2.jpg

Авга эгч Г.Отгонсүрэн, “Нандин-Эрдэнэ маань бараг хэлд орчихсон, зургаа даруулах дуртай, сэргэлэн хүүхэд. Харин одоо “нохой хав хав, аниа ёо ёо” гэж шөнөдөө уйлдаг болсон. Дүүд минь нохойны 10 гаруй шүдний сорви байна. Биед нь 8-9 оёдол тавьсан. Зарим хүн эцэг эх, ар гэрийнхэн нь хоёр ойтой хүүхдээ харахгүй яасан юм гэж цахим орчинд шүүмжилсэн байна билээ. Би хариуцлагаас зугтаад байгаа юм биш, тэрхэн мөчид хажуунаас нь түр холдсон миний буруу. Бие засах хойгуур гаднаас нохой орж ирээд дүүг минь зуучихна гэж санасангүй” гэв.

Бид мэдээллийг тэнцвэржүүлэх үүднээс ЦЕГ-ын холбогдох эх сурвалжаас тодруулахад, “Мэдээллийг авсан. Бас хэргийн материалтай танилцсан. Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлт дээр үндэслэн хэргийг шалгадаг. Тухайн хэргийн шүүхийн шинжилгээний хариу хөнгөн гэж гарсан учраас Зөрчлийн тухай хуулийн 5.19-д зааснаар хэргийг шийдвэрлэсэн” гэж хэлэв.

Зөрчлийн хуулийн 5.19.1-д “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж бичжээ.

хашаа1.jpg

П.Нандин-Эрдэнэ охины эмчилгээний төлбөр, нөхөн төлбөрийг ноходын эзэн төлөөгүй байгаа тухай ар гэрийнхэн нь хэлсэн. Нэг удаа эргэж ирэхдээ уучлал гуйгаагүйд гомдолтой байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2020 оны эхний долоон сарын байдлаар 1810 хүн нохойд хазуулж эмчилгээ хийлгэжээ. Тэдний 799 нь хүүхэд байна. Энэ хүүхдүүдийн нэг болж хоёрхон настай П.Нандин-Эрдэнэ хохирчээ.

Охины аав өмнө нь хороо, дүүрэгтээ золбин нохойн устгал хийж өгөх хүсэлт гаргаж байсан гэнэ. Учир нь, тэдний амьдардаг Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо золбин нохой ихтэйгээс гадна айлууд нохойгоо гинжилдэггүй, хошуувч зүүдэггүй. Энэ жил цэцэрлэгт хамрагдаж чадаагүй олон хүүхэд хашааны цаана үлдэх магадлалтай. Иймд нэг талаас эцэг эх, нөгөө талаас хороо, дүүрэг хамтран хүүхдийн аюулгүй байдалд анхаарах шаардлагатайг сануулж байна.

 

Санал болгох

ЭМЯ: ТҮК-ийн гурван ажилтнаас коронавирус илэрлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд 9 тохиолдол шинээр нэмэгдсэн. Бүгд Улаанбаатарт илэрсэн. Бусад аймгуудад халдвар илрээгүй байна. Ийнхүү дотоодын халдварын тоо 1025 боллоо. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 20 эдгэрч дараагийн шатны эмчилгээнд шилжлээ.

3 цагийн өмнө
Өчигдөр 237 хүн эрүүлжүүлэгджээ

Мөн тус хугацаанд улсын хэмжээнд 237 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар машин жолоодсон 45 зөрчлийг илрүүлжээ.

4 цагийн өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд өнөөдөр дөрвөн удаагийн газар хөдлөлт болжээ

01.18-ны өдрийн 01:39 цагт 3.8 магнитуд, 02:54 цагт 4.0 магнитуд, 05:52 цагт 4.7 магнитуд, 4.4 магнитудын хүчтэй хөдлөлт тус тус болсон тул тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.  

5 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Шөнөдөө үүл багасна. Өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй.

5 цагийн өмнө