УИХ-ын ээлжит бус чуулган маргааш хаана. Энэ хугацаанд Улсын төсвийн тодотгол, 2019 оны гүйцэтгэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлийн төслийг батлах шаардлагатай. Мөн Ерөнхий сайдаас ирүүлсэн саналаар Шүүхийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг төсөл орж ирсэн. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүд уг төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжилгүй хууль санаачлагч буюу Засгийн газарт буцаав. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд юу ярьсныг хүргэе.
------------___________------------
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Ерөнхий шүүгчийг хонгилын шинэ “хаан”-аар зарлах гэж байна
-Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид танхимын бүрэлдэхүүнийг батлах, хооронд нь сэлгэх эрх өгөх гэж байна. Шүүх хараат бус байна гэдэгт шүүгч шүүгчээсээ хараат бус байх ч ордог. Шүүгч нараас авсан судалгаагаар шүүгчид хамгийн их нөлөөлөл үзүүлдэг хүмүүс нь шүүгчид өөрсдөө гэж гарсан. Одоо бид үүнийг баталгаажуулах гэж байна. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг шинэ хонгилын хаанаар зарлах гэж байна. Дуртай хэрэг дээрээ, дуртай шүүгчээ оруулах эрхийг өгөх гэж байна. Таалагдахгүй байгаа шүүгчийг тоглоомын гадна үлдээх гэж байна. Тухайн хэргийг хэн гэдэг шүүгч шүүх гэж байгааг ерөнхий шүүгч мэдэхгүй байх зарчмыг бид өмнөх хуулиудад суулгаж ирсэн. Цахимаар, сугалаа байдлаар хэргийг хуваарилдаг. Энэ бол тухайн хэрэг дэх шүүгчийн нөлөөллийг хараат байдалд оруулахаас сэргийлдэг зарчим. Энэ юунд бэлтгээд байгаа юм бэ. Ямар хүмүүсийн асуудал Дээд шүүх дээр удахгүй очих гээд тэнд хонгил үүсгээд байгаа юм. Тиймээс би хэний захиалгатай хууль вэ гэж асууж байгаа юм.
Улсын дээд шүүхийн Иргэний танхим яг одоо хуралдаж байгаа юу. Хууль санаачлагч ирц хүрэхгүй хуралдаж чадахгүй байгаа гэж хуулийн төслөө оруулж ирсэн. Миний ойлгож байгаагаар Улсын дээд шүүхийн Иргэний танхим найман шүүгчтэй. Үүнээс таван шүүгчийг Ерөнхийлөгч түдгэлзүүлээд хоёрыг нь буцаагаад сэргээсэн. Сүүлд Ерөнхийлөгч найман шүүгчийг түдгэлзүүлчихээд буцаагаад сэргээсэн. Ажилгүй байсан хугацааны цалин 220 сая төгрөг болчихоод байгаа. Энэ их үүсвэрийг шийдэх хууль ч байхгүй. Одоо Улсын дээд шүүхийн Иргэний танхим таван шүүгчтэй болсон. Хэргээ хянан шийдвэрлэх хангалттай бүрэлдэхүүнтэй. Хангалттай бүрэлдэхүүнтэй байхад яагаад ирц хүрэхгүй байгаа, хуралдаж чадахгүй байгаа гэдэг худлаа мэдээллээр УИХ-д хууль санаачилж оруулж ирж байгаа юм бэ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Шүүгчээс татгалзсан тохиолдолд шүүх бүрэлдэхүүнгүй болж, олон хэрэг гацаад байна
-Энэ гэнэт орж ирээгүй 2019 оны арванхоёрдугаар сарын 26-нд Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн. Үүнийг өмнөх парламент хэлэлцэх гэж байтал шинэ Шүүхийн тухай хуулийг өргөн мэдүүлсэн. Тиймээс ЗГХЭГ-аас бичиг явуулаад төслөө буцааж татсан. Тиймээс агуулга, үзэл баримтлалаар хуулийн төслийг оруулж ирээгүй. Маш олон иргэний эд хөрөнгийн маргааны асуудал эцэслэгдэхгүй байгаа бодит хэрэгцээ шаардлагад үндэслэж байгаа.
Таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй Хяналтын шатны шүүх хуралддаг. Хэргийн оролцогчид хэн нэг шүүгчээс татгалзсан тохиолдолд өөр шүүгч болон бүрэлдэхүүний нөөц байхгүй. Хоёр бүрэлдэхүүн зэрэг ажиллаж 2400 хэргийг хэлэлцэж дуусгах агуулгаар нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна. Өдөрт 20 хэрэг шийдвэрлэж байгаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Хуулийг хуульчийн биш улстөрчийн нүдээр харах буруу
-Х.Нямбаатар гишүүн ээ, таны хуульд гараа дүрдэг явдал чинь хэрээс хэтэрч байна. Та 2015 онд хөөн хэлэлцэх хугацааг таван жил болгож бууруулсан. Үүнээс болоод 800 гаруй гэмт хэрэг хэрэгсэхгүй болж, 1500 гаруй гэмт хэрэгтэн ял завшсан. Хөөн хэлэлцэх заслаа гэж шоудсан гэтэл сэргээсэн хэргээс ял авсан хүн нэг ч байхгүй. Та 2017 онд Зөрчлийн хууль өөрчилсөн. Үүгээр 1.6 сая иргэн 550 тэрбум орчим төгрөгөөр торгуульчихаад байгаа. Та өнөөдөр энэ хуулиа засна гээд шоудаад явж байгаа. Хууль өөрчилчихөөд өөрөө түүнийгээ засна гэж улс төрийн оноо авдгаа болих хэрэгтэй.
Та ҮАБЗ-өөр шүүгч нарыг солих хуулийн төсөл оруулж ирсэн. Одоо үүнийгээ болъ, ҮАБЗ-өөр сольдог нь буруу юм байна гэж яриад явж байна. Та хууль өөрчлөх ажлаа хуульчийн нүдээр биш цэвэр улстөрчийн нүдээр хардаг юм байна. Битгий шүүх, хуулийн байгууллагын тогтолцоог эвдээд бай.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Шүүхийн хуулиа хэзээ шинэчлэх вэ
-Шүүхийн хуулиа хэзээ шинэчлэх вэ. Дээд шүүхийн иргэн, эрүү, захиргааны танхим гээд орон гарсан шүүгч хэд байна вэ. Зайлшгүй нөхөн томилох шаардлагатай хэдэн шүүгч байна вэ. Зайлшгүй бүрдүүлэх ёстой юм биш үү. Гуравт, танхим хооронд сэлгэн ажиллуулах талаар гишүүдийн ярьж байгаа шүүмж бодитой ч байж магадгүй. Энэ болгоомжлолыг би ч үгүйсгэхгүй. Мэргэшиж, төрөлжиж ажиллах талаар цаашид анхаарах уу.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Иргэний танхимын шүүгч нарын тоог нэмэх шаардлага бий
-Энэ хуулийн Засгийн газрын үед, өмнөх Ерөнхий шүүгч, өмнөх Хууль зүйн сайдын үед өргөн баригдсан хуулийн төсөл. Бид Шүүхийн тухай хууль дээр бүтэн суухаар төлөвлөөд байна. Захиргааны хэргийн шүүхийн нэг шүүгч Засгийн газрын хамтын шийдвэрийг алх цохиод хүчингүй болгож байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн зарим заалтыг Засгийн газраас өргөн барьсан төсөл дээр нэмэх тухай ярьж байгаа. Дээд шүүхийн 25 шүүгчээс 19 нь ажиллаж байгаа. Одоо бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хүнийг Ерөнхийлөгч томилж байгаа. Ерөнхий зөвлөл сонгон шалгаруулалт зохион байгуулж байгаа байх. Ерөнхий шүүгч танхимын бүрэлдэхүүнийг батлах гэдэг бол одоо байгаа болон шинээр томилогдсон шүүгч нарыг томилж, танхим бүрдүүлэх талаар ярьж байгаа юм. Дээд шүүхийн ерөнхий шүүгчтэй уулзсан, “Бидний баримтлах зарчим танхимын зарчмыг зөрчихгүй” гэдэг дээр ярьсан. Цаашид харин Иргэний танхимын шүүгч нарын тоог нэмэх үү, үгүй юу гэдгийг анхаарах шаардлагатай.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Ерөнхийлөгч шүүгч нарыг түдгэлзүүлснээр өнөөдрийн ачаалал үүсээгүй
-Энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа. Ерөнхий шүүгчид хэрэг өгөөд танхимыг шүүгч нарыг нь сэлгүүлэх тухай ойлголт биш. Иргэний хэргийн танхимд 2400 хэрэг шийдэгдэлгүй хуримтлагдаад байгаа. Иргэний шүүхийн шүүгчийн тоог нэмэх ёстой. Маш их ачаалалтай ажиллаж байгаа. Ерөнхийлөгч олон шүүгчийг түдгэлзүүлснээс үүдэж ийм ачаалал үүссэн гэж бодохгүй байгааг хэлье гэж байгаа юм.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан: Монголоор дүүрэн хуульч байхад гуравхан шүүгч олдохгүй байна уу
-Танхимын шүүгч хүрэлцэхгүй байгаа учраас энэ хуулийг өөрчлөх гэж байгаа гэж ойлгож байна. Захиргааны шүүгч иргэн, эрүүгийн хэргийн бүрэлдэхүүнд орох тохиолдолд хууль буруу хэрэглэх, хүний хувь заяаг хохироох нөхцөл байдал үүснэ. Бид энэ практикаас 10 жилийн өмнө ухарсан. Шүүхийн шинэтгэл, хараат бус байдлыг бэхжүүлнэ гэчихээд ийм заалт оруулж ирж байгаа юм уу. Хуульч, эрх зүйчээр баян оронд гуравхан шүүгчийн орон тоонд ажиллах хүн олдохгүй байгаа учраас ийм хууль оруулж ирж байгаа юм уу. Эсвэл эрээвэр, хураавар парламент бүрдсэн гээд ийм хууль оруулж ирээд батлуулчихъя гэж байгаа юм уу. Ингэх юм бол иргэн, эрүү, захиргааны хэргийн шүүхүүдээ нэгтгэчихээд аль ч шүүгч нь ямар ч хэрэг дээр ордог болчихъё л доо.
Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв: 700 шүүгч байх ёстой байтал 500 гаруй шүүгч л ажиллаж байна
-Шүүгчдийн зөвлөлгөөн жилд 2 удаа хуралддаг. Хэрэг хүлээж авахаас эхлээд захиргааны ажилтан, ерөнхий шүүгчийн оролцоогүйгээр хэрэг цахим программаар шүүгчид хуваарилагддаг. Ерөнхий шүүгч танхимын бүрэлдэхүүнийг баталдаг уламжлал бол өмнө нь байсан. Гурван шүүгч дутсанаас болоод энэ хуулийг өөрчлөх гэж байна гэвэл учир дутагдалтай. 700 шүүгч байх ёстой байтал улсын хэмжээнд 500 гаруй шүүгч ажиллаж байгаа. Үүнээс болоод ачаалал жил бүр 10-15 хувиар өсч байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Намрын чуулган хүртэл хойшлуулж, тэр хүртэл судалъя
-Төсвийн тодотгол, мөрийн хөтөлбөр батлах ёстой ээлжит бус чуулганы үеэр Шүүхийн тухай хууль ороод ирж байна. Ийм учраас хойшлуулъя гэж бодож байна. Өмнөх сайдын үед өргөн барьсан бол татаж авах эрх нь байдаг. Буруу гэж үзсэн бол татаж авах боломжтой байдаг. Гишүүдийн ярьж байгаатай санал нэг байна. Намрын чуулганаар цаг гаргаад, судалгаатай, ажлын хэсэг гаргаад хэлэлцэх боломжтой.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:Гурван шүүгчээс болоод шүүхийн тогтолцоог нурааж болохгүй
-Би бас дэмжихгүй байгаа. Саяын Даваасүрэнгийн хэлдэг шиг Шүүхийн хуулийг морин дэл дээгүүр оруулж ирэх шаардлагагүй. Гурван шүүгчээс болоод нуухыг нь аваад нүдийг нь сохолж болохгүй. Буруу юмыг зүтгүүлбэл буруу юм болно. Засгийн газар татаад авчихаач. Үгэнд ордоггүй Алтанхуягийг эрүүгийн танхимаас иргэний танхим руу шилжүүлсүгэй. Ийм л юм болно. Гурван шүүгчээс болж шүүхийнхээ тогтолцоог нураав аа.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Шударга бусын шинэ хонгил угсрах гээд байгаа бол буруу
-Дээд шүүхийн Тамгын газрын дарга залуу оролцож байна. Ерөнхий шүүгчийн барааг хармаар байна. Ямар байр суурьтай байгааг асуумаар байгаа юм. Наранпүрэв бол үнэнээ хэлж байна. С.Амарсайхан шүүгч бол яг л зөв хэлж байна. Дагнасан шүүх бол яг л Үндсэн хуулийн концепц. Шүүгчийг мэргэшүүлэхийн тулд л танхим гэж байгаа. Шүүгчийн ачаалал ихэдсэн бол ингэж шийдэхгүй. Ээлжит бус чуулганаар хэлэлцдэг асуудлаа л хэлэлцэе. Шүүхийн багц хууль намрын чуулганаар орно. Тэр хүртэл хүлээх нь зөв байх. Тийм чухал юм бол яагаад Шударга бусын шинэ хонгил угсрах гээд байгаа бол буруу.