ШИРЭЭНИЙ НОМ | Ц.БУЯНЗАЯА

2020 оны 8 сарын 312020-08-31
ШИРЭЭНИЙ НОМ | Ц.БУЯНЗАЯА

Уншигчдын амралт, чөлөөт цагт зориулан бэлтгэдэг “Ширээний ном” буланд Нацагдоржийн шагналт зохиолч Ц.Буянзаяа оролцлоо. /ӨМНӨХИЙГ ЭНДЭЭС/

Түүний хувьд "Залуугийн бадгууд", "Цаг хугацааны далавч" зэрэг шүлгийн ном, “Улаан шувууны жиргээ”, “Морин уруул”, “Хар үхэр, алаг сүүдэр” зэрэг романаа хэвлүүлж уншигчдын хүртээл болгосон юм.

---------------------------------------------

-Таны ширээний ном юу вэ? Ширээний номоо хоёр өгүүлбэрээр тодорхойлооч?

-Хүн өдөр тутамдаа, ажлын шугамаар үе үе сөхөж хардаг номыг ширээний ном гэж хэлдэг байх. Миний хувьд их сургуульд уран зохиолын онол, туурвилзүй, урлагийн шүүмж зэрэг хичээл заадаг учир ширээн дээр минь утга зохиолын онол, түүхийн номууд байдаг.

Гэхдээ би нэг юманд гүн гүнзгий автаад байдаггүй. Энэ нь магадгүй миний сул тал ч байж мэдэх юм. Харин өдийг хүртэл уншсан номуудаас үе үе сөхөж хардаг хэд хэдэн ном бий. 

Үүний нэг бол Сервантесийн “Кихот ноён”. Бага залуу наснаас уран зохиолд дурлуулж, хүүрнэлийн гайхамшигийг таниулсан зохиол. Мөн Достоевскийн зохиолуудад татагддаг. Хүүхэд байхдаа “Цагаан шөнө” туужийг уншиж байсан. Энэ тууж надад арай л өөр уран зохиолын ертөнцийг мэдрүүлсэн. Түүний дараа “Дорд үзэгсэд” “Гэм зэм”, “Маанаг”,“Карамазовын хөвүүд” зэрэг зохиолуудыг нь уншсан л даа.. Эдгээр зохиолууд дотроос гайхалтай гэж нэрлэгддэг “Карамазовын хөвүүд”, анх уншиж байсан “Цагаан шөнө”, “Гэм зэм” гурвыг үе үе сөхөж хардаг.

-Та ширээний номтойгоо анх хэдийд, хэрхэн учирсан бэ?

-Би хүүхэд ахуй цагаасаа Достоевскийн “Цагаан шөнө” “Кихот ноён” “Нууц товчоо”-ны хоёр хувилбарыг одоог хүртэл хадгалж байгаа.

2.jpg

-Ширээний ном таньд яагаад чухал бас яагаад онцгой санагддаг вэ?

-Сайн номыг нэг уншихад хангалттай биш. Тэр тусмаа Достоевскийн зохиолуудыг хөнгөхөн гүйлгээд унших боломжгүй.  Үйл явдлыг нь дагаж уншдаг хүмүүс байдаг л байх. Достоевский их адармаатай зохиолч. Сэтгэл зүйн нарийн чанарыг маш урнаар илэрхийлдэг. Тэгсэн хэрнээ философилог. Түүнээс бол учиргүй содон үйл явдал түүнийгээ дагаад хөвөрчихсөн юм бол бага шүү дээ. Хүн ухамсрын талаасаа, сэтгэлзүйн талаасаа ямар амьтан бэ гэдгийг маш нарийн зурж гаргадаг зохиолч бол Достоевский. Тийм ч учраас би түүний зохиолуудыг эргэж хардаг байх.

-Ширээний номынхоо хамгийн дуртай хэсгээс эшлээч?

-Достоевский бол гайхамшигтай. Эшлэх юм олон бий. Би энд хамгийн анх уншиж байсан цагаан шөнийнхөө төгсгөлийн хэсгээс эшлэмээр байна.

“Тэнгэр минь! Бүхэл бүтэн минутын жаргал гэдэг үү! Энэхэн ч гэсэн нэг хүний насанд багадна гэж байхгүй биз дээ..?"  Энэ хэсэг надад гайхалтай бодол төрүүлсэн. Бид амьдралынхаа агшин бүрийг хэлж чаддаггүй юм байна л даа. Бидний амьдралд ямарваа нэгэн баяр баясгалантай, аз жаргалтай зүйл тохиолдоход тэрийгээ мэдрээд бодол сэтгэлдээ тээж явж чадна гэдэг сайхан. Мөн “Карамазовын хөвүүд” дотор Достоевскийг илэрхийлэх эшлэл байдаг.

“Мань өвгөн бүр хэнгэнүүлж гарав. Тэр уярамхай л даа. Уярамхай бас хорон санаатай”  Энэ л Достоевскийн бичлэгийн нэг гайхалтай онцлог нь. Ер нь амьдрал дээр тайван, дуугуй хүнийг сайн хүн гэдэг. Гэвч тэдгээр хүмүүс дотроо янз бүрийн өөр шинжийг агуулж байдаг. Би бол уярамхай хүмүүс хөгийн чанар агуулж байдгийг мэдэрдэг. Хашхирч, загнаад байгаа нөхөд харгис хэрцгий биш. Тэдэнд ч бас хүнлэг чанарууд байдаг л байхгүй юу. Хүний энэ мөн чанарыг, сэтгэлзүйд байдаг ийм орооцолдсон юмыг нээж гаргаж тавьдгаараа Достоевский гайхамшигтай.

-Энэ булан өртөөчлөн үргэлжлэх юм. Та дараагийн зочныг урина уу?

-Хамгийн сүүлд би “Алдуул цагийн эрэлд” гэдэг номыг хоёр дахиа уншаад сууж байна. Энэ бүх цаг үеийн гайхалтай роман монгол хэлнээ орчуулагдаж байна. Энэ роман Достоевскийн зохиолуудаас ч хэцүү. Барин тавьж унших ёстой гайхалтай сэтгэлзүйн зохиол. Гайхалтай ч орчуулж. Тиймээс би эргэлзэх юмгүйгээр “Алдуул цагийн эрэлд” номын орчуулагч Л.Алтангэрэлийн урьж байна. Өөрийн бүтээлийг бичиж, монголын утга зохиол соёлын ертөнцөд гайхалтай олон сайхан бүтээл орчуулах байх гэж найдаж байна. Энэ хүн номын ертөнцийн тухай нийтлэг биш зүйл ярих болов уу гэж бодож байна. Бүх хүмүүс адилхан ном уншаад, адилхан юм яриад байхаар би лав хувьдаа залхаж байна.
 

Санал болгох

“Дурсаж яваарай” киноны найруулагч Их Британийн кино наадмаас шагнал хүртлээ

"Дурсаж яваарай” киноны найруулагч Э.Ган-Очир шагнал хүртэв.

15 цагийн өмнө
“Хубилай хаан ба Монгол жанжид” үзэсгэлэнгийн нээлт боллоо

Чингис хаан түүний залгамжлагч алтан ургийн суут хаан Хубилай сэцэн хааны мэндэлсэний 805 жилийн ой энэ онд тохиож байна.

3 өдрийн өмнө
"Улаанбаатар фестиваль оркестр 2020" сонгодог урлагийн тоглолт болно

Монгол Улс дахь анхны баярын найрал хөгжим болох "UB Festival Orchestra"-ын эхний тоглолт 2020 оны есдүгээр сарын 27-ны өдөр 17:00 цагт Хүн театрт болно.

5 өдрийн өмнө
Monstar Production гар утсаар бүрэн хэмжээний дууны клип хийжээ

Энэрэл, Mrs M, FLA нар хамтран "Тансаг бүүвэй" нэртэй дууг дуулж, клипийг нь зургаан сарын турш хийсэн байна.

6 өдрийн өмнө