Өөрсдөө л жагсдаг, өрөөлийг дэглэмддэг

2020 оны 8 сарын 282020-08-28
Өөрсдөө л жагсдаг, өрөөлийг дэглэмддэг

“Жагсч чаддаггүй” гэж хэвлэлийнхэнд шоглуулдаг байсан МАН сөрөг хүчин байхдаа сүрхий жагсаалч болж билээ. Бүлэг байгуулах боломжоор хангасангүй гэж Төрийн ордонд буйдан дээр сууж “жагсав”. Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд улаан майхан барьж хэвтээгээрээ жагсав. Сонгуулийн автоматжуулсан системийг эсэргүүцэж “хар машин”-ыг шатааж жагсав. УИХ-ын гишүүдийг сайдаар давхар ажиллахыг эсэргүүцэж, нүүрэндээ баг зүүж жагсав.

Олон жагсаалын дараа 2016 оны УИХ, орон нутгийн сонгуульд ялсан.

Жагсаалч МАН ялснаас хойш Сүхбаатарын талбайд өөрсдөөс нь өөр хүмүүс жагсч чадахаа болив.

МАНАН бүлэглэлтэй тэмцэх ард түмний хөдөлгөөн Сүхбаатарын талбайд олон хоног жагсч, өлссөөр М.Энхболдыг зайлуулж У.Хүрэлсүхийг дарга болгов. Ц.Сандуй, Су.Батболд нарыг нийслэлийн удирдлагаас зайлуулахын тулд МАН-ынхан өөрсдөө талбайд жагсч, Р.Дагва, С.Амарсайхан нар хотыг удирдав. Жагсах эрх МАН-д л олдож, бусад нь жагсахаар “зөвшөөрөлгүй” гэж цагдаагаар хөөлгөдөг болсон.

Сонгууль дөхөхөөр Сүхбаатарын талбайд бүтэн нэг сар Засгийн газрын яамдын нээлттэй өдөрлөг зохион байгуулна. Тэр нь дөнгөж дуусахаар яамдын харьяа агентлагийн “нээлттэй хаалганы өдөрлөгтэй”. Яг дуусаад ирэнгүүт Нийслэлийн харьяа агентлаг, дүүргүүдийн өдөрлөг үргэлжилнэ. Нээлттэй өдөрлөгтэй учраас талбайд жагсаал, цуглааны зөвшөөрөл өгөхгүйгээс гадна улс төрийн эрхээ эдэлсэн хүнийг хөөнө.

2020 он гарч “Ашгүй коронавирус гарсан учраас” Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан хийх нь бүр ч хориотой болов.

Нам дотроо дарга У.Хүрэлсүх, генсек Д.Амарбаясгалан, хотын намын дарга Д.Сумъяабазарын үгнээс гарах хүнгүй учраас МАН-ынхан л жагсаал хийв гэж. АН, МАХН, ИЗНН, ХҮН-д жагсаал хийх зөвшөөрөл яг өгч харагдаач. Шалтгаан нь, “Улсын онцгой комиссоос цар тахлын аюул дуустал тогтоосон дэглэм”, шалтаг нь “Хүмүүс цуглаж өвчин авбал яана”.

Ингээд МАН засагласан жилүүдэд иргэд өөрт таалагдахгүй асуудлаараа олныг хамарсан эсэргүүцэл илэрхийлэх боломжгүй болов. Сошиалд л гоншигнодог болов. Үүнийг нь эрх баригчид “троллууд” гэж үзээд, хий хоосон гүтгэлэг гэж тоохгүй.

За яах вэ, ард биднийгээ л өвчнөөс сэргийлж байгаа юм байлгүй гэж зөвтгөж суутал хотын дарга нь Сүхбаатарын талбайн ногоон байгууламжийг усан оргилуураар солив. Үр дүнд нь өглөө, өдөр, үдэшгүй хүмүүс шавдаг болов. Өнөө уриа лоозон бариад 10-уулаа зогсохоор талбайгаас хөөж явуулдаг цагдаа нар ажлаа хийдэггүй шүү. Үнэхээр онцгой дэглэмээ сахиулах гээд байгаа бол усан оргилуур дээр цугласан хүмүүсийг хөөх ёстой биз дээ.

Амны хаалт зүүхгүй бол автобусанд суулгахгүй, бүр торгоно гэж байсан дарга нар сонгуулиар өөрсдөө иргэдээ үнсэж, тэврэлдэж баахан давхив. Амны хаалт лөөлөө болов. Коронавирус туссан хүмүүс эдгэрсэн ч дахиж тусаад байна гэнэ. Харин УИХ-ын гишүүд Төрийн ордонд амны хаалтгүй, төрийн дарга нар албан байгууллагадаа маскгүй явж байна.

Хотын даргын "орлон тоглогч" Ж.Батбаясгалан “Өглөө болгон Сүхбаатарын талбайд нийтээрээ дасгал хийж, биеэ чийрэгжүүлье” гэв. Лав л 100-аад хүн ирэх биз. Харин 10 хүн лоозон бариад  цэцэрлэгийн хүртээмж нэхвэл коронагийн дэглэмж зөрчсөн хэргээр цагдаагаар баривчлуулна.

Драмын театрын ард "Соёлын цаг” нөлөөллийн аяны нээлт хийж, урлагийн бэсрэг үзүүлбэр, Дүүриймаатай арга хэмжээ саяхан боллоо. Дарга нар суугаад урлагийнхан урд нь бүжиглэж, дуулж байгаад тарав, хүмүүс бүчиж зогсов. Цагдаа тэднийг хөөж туусангүй. Өөр гудамж, талбайд залуучууд микрофон бариад дуулахаар “хүмүүс цуглууллаа, дэглэм зөрчлөө” гээд цагдаа ирээд хөөчих юм аа. Дэглэм заримд нь л үйлчилж байна.

Төсвийн тодотгол батлагдлаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталлаа. Янз бүрийн л хуулийн төслүүд өргөн барилаа. Цэцэрлэг, сургуулийн хүртээмж муу байна аа. Энэ болгон дээр иргэний нийгмийнхэн, нийгмийн аливаа салбарынхан үзэл бодлоо илэрхийлж, олны анхаарлыг татах замаар иргэдийн дэмжлийг авч төрийг шахаж, ажиллуулмаар байгаа байх. Тэдэнд зөвшөөрөл өгөхгүй байгаа юм билээ.

Өөрөө саяхан л Сүхбаатарын талбайд жагсч явсан Я.Содбаатар сайд үзэл бодлоо илэрхийлэхийн үнэ цэнийг мэдмээр л хүн. Шил нь татчихдаг юм байх даа. Саяхан л утаанаас болоод боож үхлээ гэж байсан аав, ээжүүдийг компанитай болтол нь дэмжиж, сонгуульд нэр дэвшүүлсэн У.Хүрэлсүх “жагсаал цуглаан” гэж байдгийг мартчихдаг юм байх даа. Мартсан байж магадгүй, талбайн тавилга болтлоо нүдлэгдсэн нөхөд мань эрийн сүүдэр болтлоо салбаганасан. МАН-ынхан манай үеийн бараг бүх "жагсаалч"-ийг худалдаж авсан. 

Санал болгох

Чуулганы сурвалжилга: Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцсэн нь

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд биечлэн танилцуулах ёстой. Ерөнхийлөгч уг эхийг Үндсэн хуульд нийцсэн гэж үзвэл ажлын 3 өдрийн дотор гарын үсэг зурж, төрийн тамга дарж хадгална. Хэрэв Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл ажлын 7 өдрийн дотор хориг тавина. Тэгэхээр Үндсэн хуулийг баталсан болохоос хараахан гараас гарчихаагүй гэсэн үг байх нь ээ. Хэрэв парламентыг хоёр танхимтай болгосон бол Ерөнхийлөгчийн хууль санаачлах, хориг тавих бүрэн эрхийг хасах өөрчлөлт дагалдаж хийгдэх байлаа. Энэ агуулгаар бодож үзвэл Ерөнхийлөгч хэрхэх бол гэдэг бас сонин.

5 цагийн дараа
Төрийн албан хаагчид олгох тусламж нь тэгш, шударга ёсны зарчимд нийцэх ёстой

Иргэн Ж нь төрийн албанд нийт 30 гаруй жил ажилласан, 2019 онд төрийн албанаас түр чөлөөлөгдөөд, 2021 онд эргэн орж, 2 жил орчим ажиллаад тэтгэвэрт гарах насанд хүрсэн тул Төрийн албаны тухай хуульд заасан нэг удаагийн буцалтгүй тусламж авах хүсэлтээ холбогдох захиргааны байгууллагад гаргажээ

10 цагийн өмнө
Үндсэн хуулийн өөрчлөлт ба Г.Занданшатар

Монгол Улсын Үндсэн хуульд сүүлийн хоёр парламент дамнаж дөрвөн жилийн хугацаанд хоёр дахь удаа нэмэлт, өөрчлөлт орж байгаа юм. Гомбожавын Занданшатар аль алинд нь УИХ-ын даргаар ажиллаж, ҮХНӨ хэмээн товчлон бичиж, юун тухай болохыг иргэд бүгдээр ойлгох болсон үйл явцад нэрээ тодоор бичүүлэх хариуцлагыг хүлээн үлдлээ. Энэ өөрчлөлтүүд Монгол Улсын хөгжлийн түүхэнд цаашид чухам ямар эргэлт болохын тухай бүрийд Г.Занданшатар хэмээх улстөрчийн нэр үргэлжид УИХ-ын даргаар, сайн, эсвэл саараар ярьж бичигдэхээр боллоо. Үүнээс хойш үүргээ хэрхэн биелүүлснээр үеийн үед хариуцлага хүлээх ҮХНӨ-үүдийн цаг ажиллаж эхэлнэ. Хөгжил дэвшлийн бодлого, хэрэгжилт чамбайрч, иргэдийн ойлголт, хүлээлт улам чангарахаар болж байна.  

10 цагийн өмнө