Б.Отгонжаргал: Энгийн үрэвсэл хорт хавдар болно гэж төсөөлөөгүй

2
2020 оны 8 сарын 292020-08-29
Б.Отгонжаргал: Энгийн үрэвсэл хорт хавдар болно гэж төсөөлөөгүй

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Монгол Улс хорт хавдрын нас баралтаар тэргүүлдэг. Өнөөдрийн байдлаар 4801 иргэн хавдраар нас барсан бөгөөд цаашид Монголд хавдрын өвчлөл 50 хувь, нас баралт 60 хувь тус тус ихсэх хандлагатай гэж үзжээ. Өнгөрсөн оны тухайд нэг өдөрт 17 иргэн шинээр оношлогдон, 13 хүн нас барсан нь сэтгэл сэртхийлгэм тоо.

Манайд зонхилон тохиолдох хорт хавдруудыг урьдчилан сэргийлж, эрт илрүүлж болдог гэж тодорхойлсон байдаг. Гэвч Монголын томоохон эмнэлгүүд тоног төхөөрөмж, боловсон хүчин дутмагаасаа болж иргэдийн амь насыг аварч чадахгүй байсаар байна. Үүний тод жишээ “Үхэхэд үр харам” гэж халагласан нэгэн бүсгүйг бид онцлон сурвалжиллаа.

Түүнийг Б.Отгонжаргал гэдэг. 31 настай. Завхан аймгийн Улиастай суманд төрж өссөн. Эхээс долуулаа. Айлын бага. 2012 онд МҮИС-ийг банкны удирдлага мэргэжлээр улаан дипломтой төгссөн. Нөхөр нь уурхайд гагнуурчин хийдэг бөгөөд 20/10 ээлжээр ажилладаг. Тэд гурван настай нэг хүүтэй. Хүүгийнхээ асаргаа, хайр халамжинд өвчинтэйгөө тэмцэж яваа жирийн нэг ээж. Тэрээр 2017 оноос хойш хоёр хагалгаа, дөрвөн удаагийн химийн эмчилгээ хийлгэсэн ч эрүү, хөлөндөө хорт хавдартайгаа үлдэж, эцэстээ Монголд эмчлэгдэх боломжгүй болсон нэгэн. Түүний тэмцэж яваа өвчин бол ясны хорт хавдар.

Б.отгонжаргал3.jpg

Хүргэн ахынхаа хашаанд дөрвөн ханатай гэрт амьдрах тэрээр өвчиндөө шаналж байгаа ч, цэвэр цэмцгэр, халуун дулаан биднийг угтлаа. Түүний хүү хашаанд ороход сайн байна уу гэхийн зэрэгцээ “ээжийг минь яах ч үгүй биздээ” гэж тоомжиргүй асууж байсныг энд нуух юун. Хамгийн их хань болж, хайрлаж, “намайг үзэсгэлэнтэй хөөрхөн” гэж хэлдэг дээ гэсэн үгийг энд онцлон тэмдэглэе. Б.Отгонжаргал бүсгүйн эрүү, хөлөнд ясны хавдар ургажээ. Ярилцахаас өмнөх дүр зургаар ярихад ч хүндрэлтэй харагдаж байв.

Түүнийг төрсөн эгч Б.Цэрэнпэлжээ нь асардаг. Өөрөө гурван сартай нялх хүүхэдтэй ч, дүүгийнхээ төлөө Офицер дахь гэрээсээ нүүж, хөрш болон амьдарч байна. 2017 оноос хойш ах дүүсээрээ эрвийх дэрвийхээрээ хорт хавдартайн тэмцсэн байна. Машинтай нь машинаа зарж, малтай нь малаа хийж, ажилтай нь зээл авч ч үзсэн байна. Өдөрт Б.Отгонжаргал 120-130 мянган төгрөгийн эм тариа хэрэглэдэг. Тэр нь гэхдээ өвчин намдаахаас цаашгүй. Монголын эмнэлэг ингээд үх гэж байгаа юм шиг үүнээс цааш эмчилгээгүй гэж хэлсэн талаар эгч нь бидэнд учирлав. Мөн дээрээс нь анх “зүгээрээ наадах чинь үрэвсэл байна. Өвчин байхгүй байгаа биздээ. Наад эм, тариагаа хэрэглэ” гэж хэлсэн байгаа юм. Гэтэл одоо хорт хавдар болчихсон. Яг юунаас болж хавдар болсныг тайлбарлах нь битгий хэл, идэж болох хоол хүнсийг нь ч хэлж өгөөгүй байна.

Монголд дээрх шиг эмч нь хайхардаггүй, оношоо зөв тогтоодоггүй, хоёр гурван хагалгаа хийлгэсэн ч хавдартайгаа үлдэж, үхэхээс өөр сонголтгүй болсон олон жишээ бий. Ар гэр, ахан дүүс байхгүй л бол нэг ч хонолгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлэх нь ойлгомжтой. Азаар дүү минь амьд байна, бидэнд гарц байна гэж хэлсэн эгч нүдэндээ нулимстай өвчний түүхийг ярилаа.

Б.Цэрэнпэлжээ: Эмч нар ингээд "ҮХ" гэж байгаа юм шиг Монголд эмчилгээгүй гэж хэлсэн

б.цэрэнпэлжээ.jpg

Б.Цэрэнпэлжээ: Анх 2017 онд дүүгийн минь баруун эрүүний гадна талд ямар ч өвчингүй бондгор зүйл гарсан байсан. Түүнийг нь Хавдар судлалын үндэсний төвд үзүүлэхэд зүгээрээ наадах чинь үрэвсэл байна, нэгдүгээр эмнэлэгт очиж үзүүл гэж зөвлөсөн. Тухайн үед очер дараалал гэж аймшигтай. Өглөө эртлэн босч шинжилгээ өгөхөөр өчнөөн олон хоног оочирлосон.  Нэгдүгээр эмнэлэг эм бичиж өгөөд зүгээр болно гэсэн. Гэтэл хэлснээр нь болоогүй бөгөөд 2017 оны аравдугаар сард дотор талаас нь хусаж авах хагалгаанд орсон. Тэгээд гайгүй болчих юм байх гэсэн дахиад 2018 оны тавдугаар сард гарчихсан. Буцаад нэгдүгээр эмнэлэг дээрээ очиж үзүүлтэл “дутуу үлдчихсэн байсан байна. Тэрнээсээ ахиад халдварлачихлаа” гэж хэлсэн. Тэгээд зүүн хөлний шилбэний яснаас авч суулгах мэс засал хийнэ гэсэн. Энэ хагалгааг ХСҮТ, Нэгдүгээр эмнэлэг аль аль нь хийх боломжтой юм билээ. Тэгээд 2018 оны аравдугаар сард Хавдар судлалын үндэсний төвд очиж зүүн шилбэнээс 10 орчим см яс тайруулж, эрүүндээ суулгуулах нөхөн сэргээх мэс засалд орсон. Зүүн эрүүний бүх яс буюу чихний доороос эрүү хүртэлх ясыг авч хөлний яснаас суулган шилжүүлсэн. Энэ хагалгаанаас болж дүү минь бүтэн нэг сар эмнэлэгт хэвтэж гуурсаар хооллосон. Тэгээд 2018 оны арванхоёрдугаар сард эмнэлгээс гарч, 2019 оны дөрөвдүгээр сард шинжилгээ өгсөн. Залуу хүний яс удаан ургадаг болохоор шинжилгээний хариу гарах гэж хоёр, гурван сар болсон. Нэг юм хариу гарлаа гэсэн ахиад эрүүний ясны хортой хавдар араасаа гарч байна гэсэн. Тэгээд хими эмчилгээ, туяа эмчилгээ хийнэ гэсэн. Хими эмчилгээнд дөрвөн удаа ороод, давтан үзлэгээ хийлгэхэд хэмжээнээсээ нэлээн томорчихсон байна. Химийн эмчилгээ хийлгэсэн ч нөлөөлөхгүй байна, эсрэгээрээ энэ эмчилгээ таны дүүгийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэж эмч хэлсэн. Тэгээд эцэстээ Монголд эмчлэгдэх боломжгүй гэсэн. Эрүүнээс гадна одоо баруун хөлөндөө ясны хорт хавдартай болсон.

Б.Отгонжаргал 5.jpg

Б.Отгонжаргал: Хорт хавдартай хүн хэрэглэж болох хоол хүнсийг эмч нар зөвлөөгүй

Эрүүнд үүссэн ясны хорт хавдар маань өдөр ирэх тусам томорч, баруун тийшээ харахад хэцүү болсон. Мөн тархи толгой руу хатгачих, нүд улайх, хоолой тээглэх, хэл амандаа багтахаа байсан. Хавдартай болсноос хойш хэдхэн шүдтэй үлдсэн. Одоо харин хэлгүй болохоо шахаж байна. Хоол цай идэж уух нь битгий хэл шүлсээ залгихад ч хүндрэлтэй болсон. Хорт хавдар учраас амттай юм идэх хориотой байдаг юм билээ. Мэддэггүй байхдаа өмнө нь зөөлхөн гэж бодоод кекс, торт иддэг байсан. Гэтэл энэ нь хавдраа тэжээж улам бүр томруулж байсан юм билээ. Ингээд бодохоор эмчилгээгүй болсон ч бидэнд ядаж эмч нар хооллолт дээр зөвлөгөө өгөх хэрэгтэй байгаа юм. Одоо бол өвчин намдаах эм тариа, ногооны зутан, дан хар шөл л идэж байгаа. Хоёр хагалгааны дараа хортой хавдар гэдгээ мэдсэн болохоор эмнэлгийн коридорт баахан уйлсан. Хамгийн түрүүнд хүүхэд минь л нүдэнд харагддаг юм билээ. Одоо болтол нөхрөө харахаар өрөвдөөд байдаг юм. Ядартлаа явж явж ирээд хамаг мөнгөө миний эмчилгээнд зарцуулдаг болохоор заримдаа ч салаад явчих гэж гуйдаг юм. Даанч нөхөр минь дэндүү сайн хүн болохоор эрүүл байхад нь ханилчихаад, өвчтэй зовлонтой байхад нь хаяж чадахгүй гэж хэлдэг....

Б.Отгонжаргал 4.jpg

Эмнэлгийн байгууллагаар гурван жил уйгагүй явахад үрэвслийг хавдар болтол нь хүндрүүлсэн байна. Хүн өвчнөөсөө салах гэж эмнэлгийн байгууллагыг зорьдог байтал, Монголд эсрэгээрээ өвчиндөө ялагдан гардаг дээрх шиг жишээ олон байна. Б.Отгонжаргалыг Монголд эмчлэх боломжгүй ч, гадны оронд хагалгаа хийхгүйгээр химийн эмчилгээгээр шимүүлэн эмчилж болдог байна. Гагцхүү хэн бүхний өмнө тулгардаг мөнгө төсвийн асуудал л хүнд байгаа аж. Түүнийг БНСУ-ын “SUN MEDICAL” эмнэлэг эмчлэх боломжтой яаралтай ир гэсэн хариуг ирүүлжээ. Эхний ээлжинд 120 сая төгрөг хэрэгтэй байгаа аж. Бидний энэхүү сурвалжлагыг уншсан та түүнд туслахыг хүсвэл 9595-7585, 8899-1169, 9968-9819 дугаарын утсанд холбогдоорой.

 

 

 

 

Санал болгох

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа маргааш эхэлнэ

Орон нутгийн ИТХ-ын хурлын сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс буюу 2020.9.30-ны өдрөөс 2020.10.13-ныг дуустал хугацаанд явагдана.

12 цагийн өмнө
Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын анхааралд

Аравдугаар сарын 1-нээс эхлэн бүх эмнэлгүүдийн эмч нар хөнгөлөлттэй эмийн жор бичиж, бүх эмийн сангуудад олгохоор болсон билээ.

13 цагийн өмнө
Алтай Таван богдод аялж яваад цасанд боогдсон иргэдийг уулнаас эсэн мэнд буулгажээ

Мөн унаж авсан тээврийн хэрэгслийнх нь  шатахуун дууссан байжээ. 

13 цагийн өмнө
“Атлетик 220” клуб анх удаа Үндэсний Дээд Лигийн аварга боллоо

Монголын хөл бөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох "Үндэсний Дээд Лиг" 07-р сарын 01-ээс 09-р сарын 27-ны хооронд үргэлжлэхэд “Атлетик 220” клуб аваргын цомыг анх удаа өргөлөө.

15 цагийн өмнө