Уншигч | Халуун шоколад шиг сэтгэл

2020 оны 9 сарын 42020-09-04
Уншигч | Халуун шоколад шиг сэтгэл

Зохиолч Лаура Эскивелийн "Como agua para chocolate" буюу "Халуун шоколад шиг сэтгэл" романыг бид энэ удаагийнхаа "Уншигч" буланд онцоллоо. Уг роман нь Лаура Эскивелийн анхны роман бөгөөд орчуулагч Г.Сугиррагчаа монгол хэлнээ хөрвүүлжээ. 

-----------------------------------------------------

1.jpg
Г.Амаржаргалан

Үйл явдлыг нь дүгнээд бодвол дүрүүд нь шаналгаатай, ярвигтай амьдралыг туулж байгаа хэр нь яагаад ч юм хүнд мэдрэмж нэг их төрсөнгүй. Харин ч тархи амрааж, хоосолчих шиг санагдлаа.

Ихэд тайвнаар уншиж яваад төгсгөл хэсэг дээр л Эсперэнсагийн охин шиг  яагаад ч юм уйлмаар болж, сэтгэл хөндүүрлэх гэхээс илүү нэг тийм гашуун мэдрэмж төрөв. Амттай хэтрүүлгүүд, санаанд оромгүй гэнэтийн үйл явдууд өрнөх нь шидэт реализмыг үндэслэгч Маркесийн “Зуун жилийн ганцаардал”-ыг уншиж байхдаа хэдэнтээ гайхширч, шимтэн, төсөөлж байсныг санагдууллаа.

Уламжлалыг дагах уу, өөрчлөлт шинэчлэлт хийх үү гэдэг хүн бүхний амьдралд л жижиг, том гээд ямар нэг байдлаар тулгардаг асуудал. Харин Титагийн хувьд бүхэл бүтэн амьдралыг нь шийдэх асуудал байлаа. Элена ээжийн отгон охин учраас л нөхөрт гарч, хүүхэд гаргахгүйгээр хөгшин ээжийгээ асран насыг барах хувь тавилан түүнд аль хэдийн оногджээ. Хачин, утгагүй ч гэмээр тэр заншлаас болж дурлалт хар хүүтэйгээ гэрлэж чадалгүй, өөрийн төрсөн эгчтэйгээ гэрлэхийг нь үзэж, түүнээс цааш хөврөх олон ээдрээтэй үйл явдлыг туулах болов.

Уламжлал, эцэг эхийн захиас, бусдын хүлээлт, шаардлага гэх мэт олон гав гинжинд бид баригдаж, дотоод хүсэл эрмэлзлээ няцаадаг. Заримаас нь чөлөөлөгдөж, заримд нь бууж өгөөд баригдаж хоригдсоор үлдэх нь ч бий. Гэхдээ хүн амьдралын замаа өөрөө сонгох эрх чөлөөтэй байх, дотоод хүсэл тэмүүллээ биелүүлэх зоригтой байх, хувийн сонголт, орон зайгаа хамгаалах нь ямар чухал вэ гэдгийг өөрийн эрхгүй л бодлоо.

Уламжлалыг дагаснаараа муу болдог уу, нөгөө л нэг олон давтагдсан зүйлийг яагаад давтсаар л байна гэж, тэгснээрээ яг хэнд ашигтай вэ... Номоо уншиж байхдаа бол ээж Эленаг л ихэд гайхаж суулаа. Үнэхээр энэ бол уламжлал, тэгээд л үүнийг дагах ёстой гэдгээс цааш бодож, ойлгож чадахгүй байгаа юм гэж үү гэмээр. Тэгтэл охинд нь өөрийн гэсэн зүрх сэтгэл, оюун санаа, мэдрэмж бий. Үүнийг хамгийн сайн ойлгож, Тита түүнд амьдралаа зориулахаас илүү тэр охиныхоо төлөө бүхнийг хийх ёстой биш гэж үү гэж бодмоор.

Эцэг эх нь хүүхдийнхээ өмнөөс мэргэжлийг нь сонгох, амьдралын чухал сонголтуудыг нь хийх, сонирхлыг нь эсэргүүцэх гэх мэт үзэгдлүүд миний эргэн тойронд, нийгэмд ажиглагдсаар л байдаг. Гэхдээ энэ бүхнийг эвдэж, амьдралаа сонгох зоригтой л байх хэрэгтэй.

Тита, Педро хоёр тэр уламжлалаас л болж хорин хэдэн жилийн дараа, бүх юм өнгөрсний дараа маш богинохон хугацаанд санаа амар хамт байж чадсан. Ингээд бодохоор уламжлалыг дагаж, бусдын хүлээлтээр амьдрах, өөрийнхөө жинхэнэ хүслийг дарж, няцааж амьдралыг туулна гэдэг үнэхээр хайран.

Титагийн Педрог гэх хайр бүдгэрсэнгүй явсаар үнэндээ өөрт нь амар амгаланг өгч чадах Жоны гэрлэх саналыг татгалзаж, Педротой л хамт байх замыг сонгосон. Үнэндээ уншиж байхдаа Жонтой л суучхаасай гэж бодсоон. Педро хувиа хичээгч, хулчгар, түүнээс болж Титагийн сэтгэлийг шаналгах зүйл ч олон. Тэр хүнд хэцүү үед нь ч аварч, тусалж чадаагүй. Тэгтэл Тита Педрогоо л сонгоод дууслаа.

Сэтгэл гэдэг сэтгэл. Хэнийг хайрлахаа, эсвэл хайрлачихаад хэзээ хайрлахаа болихоо шийдэж болдог гэж үү.

Сэтгэлийг нь салгаж, холдуулах олон зүйл тохиолдсон ч, тэр ч байтугай өөр нэгэнтэй байж хоёрдлоо ч, эцэстээ хайр л бол хайр.

Нэгэнт бий болсон хайрыг унтрааж, устгах боломжгүй гэдгийг дахин мэдрэх шиг. Жинхэнэ хайр амьдралд ганц л тохиодог гэх хайр дурлалын тухай хуучинсаг ойлголтыг минь энэ ном дахиад л батлах шиг.

Хүний сэтгэл зүйд тодорхой үйл явдлууд болон хүмүүс бие биетэйгээ харилцах байдал  яаж нөлөөлдөг вэ, тэр нь амьдралынх нь сонголт шийдвэрүүдэд яаж тусдаг вэ гэдгийг олон тохиолоор харуулж, хөндсөн байна гэж харлаа. Жишээ нь, Тита үхсэн эхийнхээ сүнснээс дахин дахин айж, хий харж байгаа нь бидний хэлж заншсанаар траума гэмээр. Удаан хугацаанд хамт байж, дарангуйлж байсан эхийнх нь сүрдүүлэг Титагийн оюун санаанд гүн хадагдаж, ээж нь үхчихвэл энэ бүхэн арилчих юм шиг байсан атал түүнийг дагаж зовоосоор л байсан. Тита эхийнхээ сүнстэй тэрсэлдэж, зоригтой дуугарч байгаа нь хүн ямар нэг зүйлийг удаан тэвчиж, хүлцлээ ч тэсэрдэг гэдгийг харуулж байх шиг. Тита сэтгэлийн шаналлаа гал тогооны ажлаар намдааж, хоол хийх явцдаа өөртэйгөө ярилцаж, бодож, шийдвэр гаргаж байгаа нь сурсан дадсан, таашаадаг зүйлээрээ дамжуулж оюун санаагаа цэгцэлж, ноцтой үеүдийг давж байна уу гэмээр. Педрогийн хүүг асарч, дасаад түүнийг нас барахад хэрхэн гутралд орсон, түүнийг хүнд хэцүү байдлаас Жон хэрхэн халамжилж гаргасан гээд хүн хоорондын харилцаа сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдгийг ч бас дүрсэлжээ...

Зохиолын бүлгүүдийг 12 сард хувааж, өөр өөр хоолны нэрээр гарчиглаж, жорыг нь жагсаасан бөгөөд гол дүр болох Титагийн сэтгэл хөдлөл, бодол дурсамжийг хоол хийх үйл явцтай холбосон нь зохиолыг ихэд сонирхолтой болгожээ. Жоруудыг нь туршиж үзмээр болж, хийж байгаа хоолнууд нь бараг л үнэртэж байлаа...

-----------------------------------------------------

2.jpg
Н.Даваасүрэн

“Цөхрөл шаналант энэ л өдрүүдэд түүний хамгийн сайн жорууд мэндэлсэн юм”

Мексикийн шинэ үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч, зохиолч Лаура Эскивелийн “Халуун шоколад шиг сэтгэл” роман монгол хэлнээ хөрвүүлэгдээд удаагүй байна. Юун түрүүнд таныг хөнгөн гунигт хөвүүлж, гүн санаашралд автуулах уг зохиолыг яг л ийм намар цагт уншихад нэн тохиромжтой гэдгийг цохон тэмдэглэмээр санагдлаа.

Зохиолч Лаура Эксивиль нь манай уншигчдад хараахан танигдаагүй болов уу. Ер нь л бид латин америк, Мексик хэлт уран зохиолын ертөнцөөс нобелийн шагналт зохиолч, алдарт шидэт хүүрнэгч Габриел Гарсиа Маркесаас илүүг тийм ч их мэдэхгүй. Тиймээс ч “Халуун шоколад шиг сэтгэл” роман эх хэлнээ буусан нь Монголын орчуулгын уран зохиолын эгнээг нэгээр ахиулсан сайшаалтай явдал гэж үзэх нь зүй ёсны хэрэг.

Учир нь уг роман 1989 онд хэвлэгдэн гармагцаа уншигчдын анхаарлыг ихэд татаж, төд удалгүй Мексикийн шинэ үеийн уран зохиолын хамгийн амжилттай зохиолуудын нэг болж чаджээ. Улмаар 1992 онд Мексик найруулагч Альфонсо Арау зохиолоос сэдэвлэн ижил нэрт кино бүтээсэн нь зохиолч Эксивелийг гадаад ертөнцөд танигдахад түлхэц болсон хэмээн үздэг. Өдгөө “Халуун сэтгэл шиг шоколад” роман нь 32 хэлээр хэвлэгдээд байна.                                

Улс үндэстний соёл, сэтгэлгээ, ахуй, аж амьдралын онцлог, ялгааг хамгийн ойрхноор урлаг, уран зохиолоор нь дамжуулж бид хүртдэг. Номхон далай, Карибын тэнгисээр залгаа орших Мексик улс нь хүмүүсийн дунд уран зохиолоосоо илүү хоолны соёлоороо алдартай. Үүнийг ч эрхэм зохиолч анзаарч зохиолдоо шигтгэсэн байлаа.

Чухамдаа зохиолыг нэр шигээ амттай болгосон гол зүйл бол хэлбэрээс тодрон гарах агуулга нь байв.

Зохиолыг унших явцад Мексик орны уламжлалт зоогуудыг хэрхэн бэлтгэдэг тухай мэдэж авах нь нэн сонирхолтой. Үүнээс гадна тухайн улс орны ёс уламжлал ард иргэдийн сэтгэлгээг хэрхэн бүтээж, сэтгэлзүйд нь яаж нөлөөлж байгааг ч анзаарна. Ёс уламжлал гэдэг нэг талаар ямар хахир, харгис болохыг эргэцүүлэхэд хүрнэ. Дэлхийн хаа ч бай хүн төрөлхтөн тэдний дотор орших тусгаар ертөнц, зүрх сэтгэлүүд үргэлж л ямар нэгэн ёс дэгт хавчигдан, тарчилж байх ажээ...

Бидний амьдралын хамгийн амьд халуун, романтик хөврөл бол маргахын аргагүй хайр дурлал билээ. Тэрхүү хайрын сэтгэл нь яг л амтат шоколад адил хүмүүний дүр хүслийг үргэлж булааж, өдөөн хатгаж байх авай.

Тийм л оргилсон хайраар зохиолын гол дүр болох Тита түүний дурлалт залуу Педро нар учирдаг. Тэдний зүрх сэтгэлийн холбоо амьдралыг нь хэрхэн ээдрээтэй болгохыг зохиолч романдаа арванхоёр сар бүхий арванхоёр бүлгээрээ өгүүлнэ.

Яг л “Цөхрөл шаналант энэ л өдрүүдэд түүний хамгийн сайн жорууд мэндэлсэн юм” хэмээх энэхүү өгүүлбэр шиг магадгүй зохиолчийн мэдэрч, тэмтэрч чадсан цөхрөл шаналал л энэ зохиолыг хамгийн амттай болгожээ.

Ер нь ч магтан биширмээр, гайхалтай зохиол бүрийн амин сүнс хайр сэтгэлээс үүдэн төрсөн цөхрөл шаналан байдаг шүү дээ.

Санал болгох

"Болор цом" наадмын тэргүүн шүлэг "Уучлалын шүлэг"

"Болор цом 41" яруу найргийн наадам өчигдөр (2023.11.26) СТӨ-нд болж, яруу найрагч С.Начин "Болор цомын эзэн"-ээр шалгарлаа

2 өдрийн өмнө
Жүжигчин, дуучин Жэйми Фокс бэлгийн дарамтын хэрэгт нэр холбогджээ

Оскарын шагналт жүжигчин, дуучин Жэйми Фокс бэлгийн хүчирхийллийн хэрэгт нэр холбогдож хуулийн байгууллагууд хэргийг шалгах үйл явц эхэлжээ

6 өдрийн өмнө
Реппер Пафф Дэдди хүчингийн хэрэгт нэр холбогджээ

Алдарт реппер Пафф Дэдди (Puff Daddy) буюу Шон Комбстой өмнө нь үерхэж байсан дуучин Кассандра Вентура Пафф Дэддиг бэлгийн боолчлол, хүчирхийлэл, хүчингийн гэмт хэрэг үйлдэж байсан гэж мэдэгдэж шүүхэд ханджаа.

12 өдрийн өмнө
Хонины ноосоор агаар цэвэршүүлэгч бүтээж, дэлхийн анхдагч технологийн эзэд болжээ

Монгол залуус хонины ноосоор агаар цэвэршүүлэгч зохион бүтээж зах зээлд нэвтрүүлсэн нь дэлхийд анхдагч технологи болоод байна, Энэ технологи нь өнгөрсөн сард болсон Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас зохион байгуулсан "Agripreneurship Challenge" тэмцээнд 100 гаруй багаас шалгарч нэгдүгээр байр эзэлсэн байна

12 өдрийн өмнө