Дүнгээ тавиулсан улстөрчид буюу туг тойрохгүй бөхчүүд

6
2020 оны 9 сарын 42020-09-04
Дүнгээ тавиулсан улстөрчид буюу туг тойрохгүй бөхчүүд

Орон нутгийн сонгууль аравдугаар сарын 15-нд болно. Нам, эвслүүд энэ амралтын өдрүүдэд нэр дэвших хүмүүсээ тодруулж, даваа гарагт нийтэд мэдээлнэ. Сонгуулийн сурталчилгаа эхлэхэд сар л үлдлээ. Ямархан улстөрчид аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуульд нэрээ дэвшүүлэх бол.

Соёлтой улсад тогтсон жишиг, манай улстөрд тохиолддог үзэгдлээр бол УИХ-д нэр дэвшээд ялаагүй нөхөр орон нутгийн сонгуульд нэрээ дэвшүүлдэггүй. Унасан бөх туг тойрохгүй, шороодсон өвдгөө арчихгүй гэсэн үг. Энэ ч зөв. НИТХ-ын тогтоол батлах рангтай нөхөд УИХ-д орж хууль батална гэж баахан томорчихоод, сонгуульд навс ялагдахаараа эргээд тогтоол баталдаг дарга болгоод өгөөч гэж иргэдээсээ ичиж нүүргүй гуйх нь шившиг. Тэртэй тэргүй саяын УИХ-ын сонгуулиар НИТХ-аас парламентч болох гэж үзсэн нөхдөд тойргийнх нь иргэд дүнг нь шаг хийтэл тавьчихсан.

Хан-Уул дүүрэгт Морингийн давааны айлуудын хаалга нүдэж НИТХ-ын төлөөлөгч болсон Ж.Алдаржавхлан дөрвөн жил дүүргийн Засаг дарга хийчихээд танигдаагүй байх жишээтэй. Нам нь засаглаж, өөрөө Засаг дарга хийсэн мөртлөө шинээр гарч ирсэн Т.Доржхандад ялагдаж, бүлт үсэрч байгаа юм. Энэ бол өөрөөс нь гадна дүүргийнх нь ИТХ-ын дарга “тэмцэгч” Б.Цэрэнгийн багт өгсөн л иргэдийн үнэлгээ. Дүнгээ тавиулчихсан Ж.Алдаржавхлан ахтайгаа хамт дахиад НИТХ-ын төлөөлөгч болно гэж үзвэл ёстой май л гэх болов уу.

Сонгинохайрханыхан С.Мөнхчулуундаа хайртай гэж мань эр өөрийгөө магтдаг ч хайргүй гэдгийг нь УИХ-ын сонгуулийн дүн харуулчихсан. Ц.Сандуйгийн буянаар газрын албаар явж, Сонгинохайрханд Тамгын дарга, улмаар НИТХ-ын төлөөлөгч болж үзсэн азтай залуу. С.Амарсайхан, Су.Батболдын зодооны дундуур хотын дарга болох гэж үзсэн сүйхээтэй эр. Их даналзаж байгаад намаасаа хөөгдсөн. Хөөгдсөндөө бантаад УИХ-ын гишүүн болох гэж хэрэндээ л чармайсан. Даанч сонгогдсон дүүрэг нь түүнийг дэмжээгүй. Дэмжээгүй учраас дүн нь хэвээрээ.

Лектор Ц.Баатархүүг АН-ын мундаг залуу, намынхаа ирээдүйн лидер гэж залуучууд нь магтдаг л байсан юм. Хөөрхий, ах нар нь зайгаа тавьж өгөлгүй, мань хүн ч урагшгүй юм. Тэгж байгаад л НИТХ-даа хөгширсөн дөө. Одоо түүнийг залуу ч гэж харахгүй, залуу хүн шиг цог золбоо нь ч гундаж дээ. С.Эрдэнэ сонгуулийн өмнө мань эрийг АН-ын генсек болгож “томруулж үзэв.” Үр дүн гараагүй. Намын генсек хүн байна даа, гээд цэнхэр тойрог болох Сүхбаатар дүүрэгтээ нэр дэвшүүлж үзэв. Бас барсангүй. Ингээд Ц.Баатархүү “жижиг парламент”-даа буцаад шингэв. Барьц өгвөл УИХ руу зүтгэдэг, бантсандаа НИТХ руу зүтгэдэг байж болохгүй.

НИТХ гэж ямар мааз гаруудын цуглаан байдгийг мэднэ. Олонхи нь цөөнхөө шоглож инээсэн, дэг муутай, хэлэлцэх асуудлаа ойлгоогүй компанийн захирлуудын цуглаан. Хэдэн хэдэн туршлагатай төлөөлөгч нар бий. Бас сонгуульд нэр дэвшихдээ ярьснаа мартсан бүлх залгигчид ч бий. Тэдний нэг нь Худалдаа хөгжлийн банк, Эрэл банкинд ажиллаж байсан эдийн засагч Б.Түвшин. Саяын УИХ-ын сонгуульд Хан-Уулд хүний оронд нэр дэвшсэн, тэгээд гараагүй. Яармагийн газар шинэ хотхонуудын ширэнгэ болж, төлөвлөлтөө алдаж, түгжирч байхад мань эрийн дуу нь ч гараагүй дээ. Дүүргийн иргэддээ дөрвөн жилийн дараа УИХ-д нэр дэвшиж царайгаа харуулсан мань эр дахиад дөрвөн жил сүүдрээ ч харуулахгүйг хэн мэдлээ.

Наркозноос гэнэт сэрсэн юм шиг нөхөр Баянзүрхээс гэнэт гарч ирсэн. Тэр нь Баянзүрхийн орлогч байсан Т.Батцогт. УИХ-д нэр дэвшихээрээ дүүргийн иргэддээ, “Энэ улс орон, энэ Улаанбаатарыг хэн ийм болгочихов оо” гээд удирдаж байсан дүүрэг рүүгээ заана. Өөрөө дүүргийнхээ ИТХ-д хэдэн жил, НИТХ-д Баянзүрхээ төлөөлөөд хэдэн жил суусан. Тэгээд юм хийгээгүй, дүүргээ удирдаж явснаа мартаад дүүргийнхээ хөгжлийн мууг гайхна. Өөрөө тэгээд Баянзүрхийн асуудлаа шийдүүлнэ гэж НИТХ дээр хичээхгүй. Тэгээд намтайгаа ч муудна, хотын хэдтэйгээ ч муудна. Залуу хүн байж шийдэл байхгүй, улстөржихөө бодно. Өөрийнх нь Засаг байсан Д.Пүрэвдаваа хотын АН-ын дарга болсон. Дэвшүүлэх эсэх нь даргынх нь шийдэл байх. Дэмийрээд дүүрэг рүүгээ дайрчихгүй бол шийртэй л залуу байна лээ.

Намуудын цаг агаар

Саяын УИХ-ын сонгуулиар Хөдөлмөрийн үндэсний намынхан Б.Батбаяр, Ц.Элбэгдорж, С.Баяр гурвын хамтран байгуулсан Электорат хөдөлгөөнтэй нэгдэж “Зөв хүн-Электорат” эвсэл гээчээр оролцсон. ХҮН дээр нэмээд АН, МАН-аас жийгдэж гомдсон залуус нулимсаа арчаад Зөв хүн-Электоратаас нэр дэвшсэн. Одоогоор тодорхой нь гэвэл, Хөдөлмөрийн намынхан НИТХ-д олонхийг бүрдүүлбэл Шинэ Монгол сургуулийн захирал байсан П.Наранбаярыг хотын дарга болгоно гэдгээ зарлачихлаа.

МАН маргаантай байгаа. Хотын сонгуульд ямар багаар орох вэ гэдгээ уг нь хотын МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар мэддэг номтой. НИТХ-ын даргаас Ц.Сандуйг чөлөөлье гэхэд эсэргүүцсэн санал өгсөн НИТХ-ын төлөөлөгч нарыг орон нутгийн сонгуульд дэвшүүлэхгүй гэх. Парламентад МАН 32, 33 гэж хуваагддаг шиг НИТХ-д МАН-ын 33-ын талд нь л боломж олдож магадгүй. Магадгүй гэдгийн учир нь НИТХ-ын хуралдаа суудаггүй МАН-ын генсек Д.Амарбаясгалан, намын дарга У.Хүрэлсүх нарын зүгээс нэр дэвшүүлэлтэд оролцож 1-3 дүүргийг АН-д өгнө гэж шахсан бололтой юм. АН-д зарим дүүргээ өгнө гэдэг нь У.Хүрэлсүхийн аятайхан шиг дөрвөн жил засаглах гэсэн л оролдлого. Намынх нь 100 жилийн ой болох гэж байхад Д.Сумъяабазарт Нийслэлийн МАН-ын даргын хувиар ялалт авчрах амбиц байгаа нь мэдээж. Үүнээс болж түр тархийсэн, намын даргаа шанаадаж авсан гэх хов гарч. Хотын даргын орлон тоглогч Ж.Батбаясгалан орон нутгийн сонгууль дуустал хотоо удирдаж, Сонгинохайрхан дүүргийн фракциас Р.Дагва нам нь ялвал хотын дарга болох тухай яриатай.

Парламентын хоёр дараалсан сонгуульд ялагдсан АН нам гэхэд хэцүү болж. С.Эрдэнэ дарга нь Х.Баттулга Ерөнхийлөгчид “төмсөгдүүлсэн” байсан уу, үгүй юу мэдэхгүй. Намын даргын манлайлал харуулах байтугай нам дотроо мөнгөний хэрүүлтэй сонгуульд оролцсон. Телевиз, сайтуудтай байгуулсан гэрээний мөнгөө хүртэл өгөхгүй луу унжсан. УИХ-д нэр дэвшсэн нөхөд нь С.Эрдэнэ, Р.Амаржаргалын зургаар биш Х.Баттулга Ерөнхийлөгчөөс үүрэг авч байгаа маягаар зургаараа сэтгүүлээ чимцгээсэн. АН-ын даргад нэрээ дэвшүүлсэн нөхөд “Х.Баттулгатай ойрхон, ойлголцдог” гэдэг пиар нам дотроо хийж байгаа жишээтэй. Нэг үгээр хэлбэл АН өөрөө Х.Баттулгынх, орон нутгийн сонгууль мань хүний хувьд их чухал цаг үе. Ирэх 2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль улс даяар болно. Энэ тохиолдолд 21 аймаг, хотод өөрийн сүлжээгээ байгуулах чухал бөгөөд энэ сүлжээний дэд бүтэц нь өөрөө орон нутгийн сонгууль юм. Энэ тал дээр ч анхаарч байгаа бололтой, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа МАХН, ИЗНН-д бадар барьж очоод, орон нутгийн сонгуульд нэгнийхээ саналаас хуваалцахгүйгээр хамтран оролцож, биенээ дэмжинэ гэдэг “Тунхаг бичиг”-т гарын үсэг зурчихлаа.

 

Санал болгох

ХҮН-аар мэдэгдэл хийлгэж, МАХН-ын ганц төлөөлөгчийг МАН-д урвуулсан учир

Өнөөдөр 21 дэх кнопоо болгож МАН-ынхан буюу УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар МАХН-аас сонгогдсон Э.Магнайбаярыг “худалдаж авчээ”. Эрдэнэбаатарын Магнайбаяр гэдэг залуу Хөвсгөл аймагт МАХН-ын 39 дүгээр мянгатын даргаар ажиллаж байгаад саяын сонгуулиар Баянголд нэр дэвшиж сонгогдсон. “Залуудаа” МАН-ын дэргэдэх НАМЗХ-д ажиллаж байсан, дүүргийнхээ 23 дугаар хорооныхоо оршин суугчдын ирээдүйг бодож ийм сонголт хийлээ гэж өөрөө тайлбарласан байна.

3 сарын өмнө
Хан-Уул дүүргийн ИТХ-д нэр дэвшигчид

Хан-Уул дүүргийн ИТХ-ын сонгууль 15 тойрогтой. Сонгуулийн санал хураалт 07.00 цагт эхэлж, 20.00 цагт дуусна. 

3 сарын өмнө
Баянзүрх дүүргийн ИТХ-д нэр дэвшигчид

Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгууль 15 тойрогтой. Сонгуулийн санал хураалт 07.00 цагт эхэлж, 20.00 цагт дуусна. 

3 сарын өмнө
Танилц: НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид дүүргээр

Нийслэл, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр буюу аравдугаар сарын 15-ны 07:00 цагт эхэлж, оройн 20.00 цагт дуусна. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчдийг танилцуулж байна.

3 сарын өмнө