Улаанбаатар намайг олон сайхан хүнтэй танилцуулсан даа. Тэр тусмаа Р.Чойномын нэрэмжит "Залуу нас" дугуйлангийн ширээний араас амьдралынхаа хэдэн сайхан нөхөдтэй танилцаж, гэрэлт хүмүүсийг олж харсан юм. Дугуйлангийн ширээний араас л Ц.Доржсэмбэ хэмээх эрхэм хүмүүнийг анх харж, шүлэг бүтээлийг нь сонсож байлаа. Түүнтэй их сургуулийн гудам, яруу найргийн найргийн дугуйлан дээр үе үе таардаг байлаа. Тааралдах бүрдээ л мэнд мэддэг сэн. Хэдий бид гар барин танилцаагүй ч, нэг өдөр " Сайн уу Булгаан" гэж билээ. Заримдаа дугуйлан хичээллэх өдөр хамгийн түрүүнд ирчихсэн сууж байдаг сан. Гэтэл одоо тэр бидний дунд үгүй.
"Аниргүйд би муухан инээмсэглээд
Алиман сарнаар явлаа, баяртай" гэж биччихээд, бурханд хацраа үнсүүлэхээр явчихлаа. Дугуйлангаа тараад бид түүний "Цас бороо", "Өлзийтийн суурин минь" шүлгийг хоолой нийлүүлэн уншчихаад, гэрийн зүг алхацгаадаг сан...
....................................................
ХЭНД БИ ТААЛАГДАХ ЁСТОЙ ВЭ?
Хэнхдэг цээжний минь цаанаас
Хэмжээлшгүй гоёор нахиалсан модыг
Хүн бүгд л зөөлхөнийг нь гайхаж
Хуруу гараа сунгацгаадаг сан
Хамаг амьдралын хуудсуудын
Хагасыг нь эргүүлчихээд хартал
Хайр татсан модны минь мөчирт
Хурц өргөс л жадлан ургажээ
Хүрэх гэж сарвалзсан хуруунуудын
Хэнд нь ч цаашдаа таалагдахыг би хүссэнгүй…
....................................................
ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
Халуун галын хажууд
Халж суунам
Гаднаас авчирсан жавараа
Гаргаж суунам
Гадаа танилцсан хүүхний
Гар хэчнээн хүйтэн ч
Гоё сайхан санагдсан сан
Халуун галын хажууд
Халж суунам
Гаднаас авчирсан жавараа
Гаргаж суунам
Гарсан тэр жавартай хамт
Гараад явчихаагүй л байгаасай
Чиний сайхан гарын хүйтэн...
....................................................
ӨЛЗИЙТИЙН СУУРИН МИНЬ
Дотно нандин бүхэн минь шаналгаат самуурлаар дуусч байхад
Шөнийн гийчин болж харанхуйд чинь би ирлээ
Нохдынхоо дуу шиг элэгсэг дотноор угт даа
Шуурган цастай нэгэн сарын Өлзийт минь
Хулгайч нь хүртэл ийм шуургаа зүхдэггүй
Хувь заяаны чинь нэгэн шөнөөр аяны үүргэвчтэй
Хашааны нөмөрт гэмтэн мэт зогсох надаас
Халуун сэтгэл хайх мэт салхи нь исгэрэн заам ярна.
Ай тэр гэрийн минь тооноор гэрэл үзэгдээд
Алиахан ээжийн энгэрт дүү минь үнэгчлэн байгаа
Атгасан гарт нь ч хайр шингэсэн аав минь
Амбаарынхаа дээврийг босгоод л амжжээ ганцаараа
Асаасан янжуурын улаан цог улалзуулан алхахыг минь
Араас дагах нохдын чинь дуу л бүхэнд илчилнээ, суурин минь
....................................................
ЦАС БОРОО
Чамтай л харсан цас
Жинхэнэ цас байсан
Жигүүртэй цас байсан
Түүнээс хойш
Тийм цас ороогүй
Ороогүй гэж бодсон
Ой дурдатгалын минь тойрон
Одоо ч цас орсоор л байна.
Чамтай л норсон бороо
Жинхэнэ бороо байсан
Жигүүртэй бороо байсан
Түүнээс хойш
Тийм бороо ороогүй
Ороогүй гэж бодсон
Ой дурдатгалын минь тойрон
Одоо ч бороо орсоор л байна...
....................................................
НАМАЙГ ХАРСАН НҮД
Намайг харсан нүдээрээ
Өвгөн хэрээ
Хоёр зуун жилийн дараах
Намрыг харна
Доржсэмбийн шүлэглэсэн
Намар цаг
Домог болон
Үлдэнээ хөөрхий....