Шинэхэн төгсөгчид есдүгээр сарын 1-нийг хэрхэн санагалзав

2020 оны 9 сарын 22020-09-02
Шинэхэн төгсөгчид есдүгээр сарын 1-нийг хэрхэн санагалзав

Өчигдөр цахим сүлжээнд "Хүүхэдгүй, өөрөө хүүхэд биш, явах сургууль ч алга. Сонин өдөр вэ" гэсэн сэтгэгдэл хөвөрч байлаа. Уг сэтгэгдлийг ихэвчлэн өнгөрсөн хавар их сургуулиа төгссөн залуус бичиж, хуваалцсан байв. Тэдний төлөөлөл болсон таван залуусын сэтгэгдлийг хүргэхээр бэлтгэлээ. Өчигдөр тэдний хувьд ямар өдөр байв...

----------------------------------------------------------

12.jpg
Т.Азжаргал

Намайг Т.Азжаргал гэдэг. 22 настай. Өнгөрсөн хавар СУИС-ийн РТМУС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд хэдийнэ гурван сар болжээ. Дөрвөн жилийн өмнө буцаад сурагч болмоор санагдаж байлаа. Харин өнөөдөр буцаад оюутан болмоор санагдаж байна. Цаг хугацаа яг л харвасан сум шиг  өнгөрөх юм. Нэг л мэдэхэд оюутны дөрвөн намар дөрвөн хаврыг ардаа үдэж.

Есдүгээр сарын 1-нд сургууль дээрээ найзуудтайгаа хөгжилддөг байсан сан. Тэр өдрүүд өчигдөр мэт л санагдаж байна. Харин өчигдөр хичээлээ тараад гэрэл цацруулчихсан орж ирсэн дүүгээ хараад сэтгэлд хөнгөн гуниг төрсөн дөө. Одооноос насанд хүрсэн биеэ даасан эмэгтэй болно гэж бодохоор гунигтай л байна. Ингээд л ажил хийдэг том аниа болчихлоо. Намар бүр сайн сураарай гээд мөнгө өгдөг хамаатнууд ажилчин ангид тавтай морил гээд мөрөн дээр цохиод л... Том болсон гэдгээ одоо л мэдэрч байна. Ээждээ үнсүүлээд л эрдмийн аянд мордсон охин одоо их сургуулиа төгссөн том охин болсныг энэ оны есдүгээр сарын 1 ухааруулж байна. Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол хүн бүхэн сууна даа гээд хааяа би боддог юм гээд дуу байдаг шиг хүн бүхэн том болохыг хүсдэггүй бололтой. Би ч бас буцаад хүүхэд насандаа очоод есөн сарын нэгнийг догдлон догдлон хүлээмээр л байна.

----------------------------------------------------------

10.jpg
Х.Бямбасүрэн

Сумын төв рүү аавыг дагаад унаанд дайгдаж очсон үе их л тодхон. Яах гэж яваагаа сайн мэдэхгүй ч хөдлөхийн өмнө ээж хацар дээр үнсээд “миний хүү томоотой, сайн сураарай” гээд гар даллаж хоцроход л саахалтын ахын дурсан суудаг өнөөх сургуульд явж байгаагаа гадарласан юм шиг санагддаг юм. Элбэгдүү хар хөх дүрэмт хувцастай, ногоон брезентэн цүнхтэй би гэдэг хүн цэцэрлэгийг алгасаад нэгдүгээр ангид дэвшин есдүгээр сарын нэгнийг угтаж билээ. Ямар ч гэсэн л тэр цагаас хойш есдүгээр сарын нэгэн бол хичээл эхлэх цаг мөч болж өдийг хүргэжээ. Намар хичээл орох бүрт л анги танхим эргээд шинэ болсон юм шиг, бүх зүйл шинээр эхэлж байгаа аятай л сэтгэл дүүрэн байдаг сан. Ямар ч гэсэн л есдүгээр сарын нэгэн бол хүүхэд бүхэн л харандаагаа үзүүрлэсэн, гаатай бохь зажилсан, ангийн хөвгүүдийн бүгдийнх нь үсийг хэн нэгэн яг ижилхэн засчихсан юм шиг санагддаг тийм л шинэхэн өглөө болж өнгөрдөг байж билээ. Зургийн багш “намар” гэсэн сэдэвт зураг зуруулж, монгол хэлний багш “зуны амралт” гэсэн сэдвээр зохион бичлэг бичүүлдэг дотнохон гарчигтай номын хуудас шиг өдөр сөн. Намар болгоны энэ өдөр хуучин пянзаа эргэн эргэн сонсож буй юм шиг ч сонсох бүр л шинэ ая эгшиг, хөөр баясал, сайхан бүхэн ундарч байх шиг дахин дахин сонсмоор өдөр аж. 

Нас хэвийчхээгүй ч энэ жилийн есдүгээр сарын нэгэн бол өмнө өмнийн есдүгээр саруудыг дурсаж, дотроо инээж, ширээн доор наасан бохио очоод авчихмаар... Одоо бол дурсах өдөр болжээ. “Сайн, Та сайн байна уу” гэж нирхийтэл инээлддэг арван жилийн дурамжит өдрүүдийг нэхэн санаж, маргааш ажилтайгаа бодон эрт унтахыг хичээвч оюутан байхдаа хамт сурч байсан нөхөд, үргэлж л сэтгэлд ойр байдаг “нөгөө хэн”-ийгээ бодож, тэгэн тэгсээр  лавширч аав ээж, нутаг тэгээд хөдөө хоцорсон дүүгээ санагалзаад  унтах тухай бодлоо гээж орхиод хөрвөөн хөрвөөсөөр унтчихдаг “өөр есдүгээр сарын нэгэн” болжээ.

----------------------------------------------------------

9.jpg
Б.Бадамцэцэг

Жил болгон л энэ өдрийг хүлээдэг сэн... Намайг Монгол овогт Батбаатарын Бадамцэцэг гэдэг. 22настай. Монгол улсын Боловсролын их сургуулийн Нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн. Энэ жилийн есдүгээр сарын 1 нэг тийм гонсгор, гунигламаар яагаад ч юм хоосон мэдрэмж нь давамгайлаад байв. Маргааш хичээлдээ явна, онц сурна, ангийнхантайгаа уулзана гээд догдолж, урд орой нь хувцсаа индүүдэж, жимбийтэл нь эвхээд сандал дээр тавьдаг байсан сан. Энэ үе минь саяхан мэт санагдана.

Яагаад ч юм есдүгээр сарын 1 гэхээр бүх юм цоо шинэ байх ёстой юм шиг боддог байж билээ. Хичээлдээ заавал шинэ хувцас, шинэ гутал өмсөж, шинэ цүнх үүрнэ гээд л үүрэхгүй бол болохгүй мэт аашилдаг байж дээ. Энэ жилийн хувьд коронавирусийн халдвараас болоод сүртэй нээлт хийж хүүхдүүдийг олноор нь цуглуулсангүй гэхдээ л хоёр сараас хойш гэрийн хорионд байсан хүүхдүүд хичээл нь орно гэхээр бөөн догдлол, баяр хөөр болж сургууль руугаа гүйлдэж байв. Дүү маань хичээлээсээ ирээд масктай байсан учир ангийнхаа хүүхдийг таниагүй тухайгаа бидэнд хуучлав. 

Энэ жилийн хувьд хичээл сургууль гэж яваагүй ч цаанаасаа л нэг ямар ч хамаагүй сургуулийн үүдэнд очоод зогсмоор санагдаад байв.

Есдүгээр сарын 1 гэхээр л аав ээж, өвөө эмээ нарын минь захидаг захиас хамгийн түрүүнд бодогддог билээ. Аав минь анх намайг оюутны ширээний ард суухаар хотод ирсэн хойно утас цохиж, "заа охиндоо хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе миний охин тэгээд гэр лүүгээ харихдаа төөрөх гээд байвал такси бариад хариарай яг гэрт нь хүргээд өгнө" гэж билээ. Хүмүүс чинь хүүхдээ онц сураарай хичээгээрэй гэдэг байхад аав маань л тэгж хэлсэн юм даа. Сүүлд бодоход тэр нь их сайхан санагддаг бүүр жил бүрийн энэ өдөр заавал таксинд суугаад гэрлүүгээ явдаг даа.

----------------------------------------------------------

11.jpg
Х.Умаахан

Намайг Х.Умаахан гэдэг. Би 2020 оны хавар Монгол Улсын Их сургуулийг утга зохиол судлаач мэргэжлээр суралцаж төгссөн. Их сургууль төгсөх жилийн хавар Коронавирусийн халдвар дэгдэж хөл хорио тогтоосноор хичээлдээ ч явж чадалгүй аав ээждээ тусалж өнгөрөөсөн дөө. Бага дунд ахлах сургуулийн 11-н жил дурсамж, мөрөөдөл дүүрэн өнгөрсөн. Харин их сургуулийн дөрвөн жил нүд ирмэхийн зуур л өнгөрлөө. Дээрээс нь төгсөх жил өвчний улмаас хөл хорионд байсан учир анги хамт олон найз нөхдөө их үгүйлж байсан шүү.

Нээрээ нэг юм мартаж орхиж би хаана ажилд орсноо хэлээгүй юм байна. Их сургуулиа төгсөөд олон ч газар анкет бөглөж олон ч газрын үүд татаж танайх ажилд авах уу?  гэж асуусандаа.  Бүгд л танд дор хаяж 2,3 жилийн туршлага байгаа юу гэж асууж байлаа. Ажилласан туршлага багатай би олон ч байгууллагын хаалганы цаанаас буцсан даа. Гэхдээ одоо би MNBC гийн дэргэдэх News channel телевизэд сэтгүүлчээр ажиллаж байгаа. Ажил мэргэжилтэй холбоотойгоор хичээлийн шинэ жилийн сурвалжилга хийхээр сургуулиудаар явахдаа цүнх үүрсэн, найз нөхөдтэйгөө инээлдсэн, аз жаргалтай яваа сурагч дүү нараа хараад яг л тэр насаа дурсаж буцаад очмоор санагдсанаа нуух юун. Ямар нэгэн зүйлд санаа зовохгүй зөвхөн хүсэл мөрөөдөл, ирээдүйнхээ төлөө гэрэлтсээр яваа цагаан цаас шиг тэднийг хараад би ч гэсэн өөртөө нэг цүнх, дэвтэр бал худалдаж аваад хичээлд суумаар, ангийнхаа хэн нэгэн найз руугаа залгаж элдэв бусыг хөөрөлдмөөр болсон.

----------------------------------------------------------

13.jpg
Э.Учрал

Намайг Эрдэнэсайханы Учрал гэдэг. Одоо 22 настай. Энэ оны зургадугаар сард АШУҮИС-ийн салбар сургууль болох Дорноговь аймгийн Анагаах ухааны сургуулийг Их эмчийн ангиар төгссөн. Одоо өөрийн өсөж төрсөн хүн болсон нутаг болох Дорнод аймгийн Гурванзагал сумын Эрүүл мэндийн төвд мэргэжлээрээ ажиллаж байна.  

Өнөөдөр /өчигдөр/ шинэ сар эхэлж, бидний догдлон хүлээдэг хичээлийн шинэ жил эхэллээ. Дүрэмт хувцсаа өмссөн сурагчид инээлдэн зөрөхөд яагаад ч юм цагаахан атаархал төрлөө. Есдүгээр сарын 1-ний урьд орой нүүрэндээ маск тавьж, нөмрөгөө индүүдэж өлгөчхөөд догдолсоор унтдаг сан. Өглөө нь сургуулиас хангинах ая, сургуулийн сүлд дуу одоо ч чихэнд минь сонсогдож байна. Арван жилд байхаасаа л хичээлийн шинэ жилийг догдолж угтдаг байсан учир энэ жилийн есдүгээр сарын 1 гунигтай байлаа, ангийнхныгаа сургуулиа их саналаа. Догдолж байх ёстой энэ л үедээ догдолж, найзуудтайгаа хөгжилтэй байж хэзээ ч мартагдахааргүй аз жаргал дурсамжийг тухайн цаг мөчид нь үргэлж бүтээж яваарай гэж үүнийг уншиж байгаа залуустаа хэлмээр байна.

 

Санал болгох

“Дурсаж яваарай” киноны найруулагч Их Британийн кино наадмаас шагнал хүртлээ

"Дурсаж яваарай” киноны найруулагч Э.Ган-Очир шагнал хүртэв.

16 цагийн өмнө
“Хубилай хаан ба Монгол жанжид” үзэсгэлэнгийн нээлт боллоо

Чингис хаан түүний залгамжлагч алтан ургийн суут хаан Хубилай сэцэн хааны мэндэлсэний 805 жилийн ой энэ онд тохиож байна.

3 өдрийн өмнө
"Улаанбаатар фестиваль оркестр 2020" сонгодог урлагийн тоглолт болно

Монгол Улс дахь анхны баярын найрал хөгжим болох "UB Festival Orchestra"-ын эхний тоглолт 2020 оны есдүгээр сарын 27-ны өдөр 17:00 цагт Хүн театрт болно.

5 өдрийн өмнө
Monstar Production гар утсаар бүрэн хэмжээний дууны клип хийжээ

Энэрэл, Mrs M, FLA нар хамтран "Тансаг бүүвэй" нэртэй дууг дуулж, клипийг нь зургаан сарын турш хийсэн байна.

6 өдрийн өмнө