Ж.Баясах: Өвөрмонголчууд кирилл үсэг рүү шилжих гэж байсан түүх бий

4
2020 оны 9 сарын 32020-09-03
 Ж.Баясах: Өвөрмонголчууд кирилл үсэг рүү шилжих гэж байсан түүх бий

-Таван жилийн өмнө таньтай Байнга төвийг сахих бодлогын талаар ярилцахаар ирэхэд “Хаанаас явна, утасны дугаар хэд билээ” гээд монгол бичгээр тэмдэглэж байсан. Ярилцлагаа дуусгаад сонирхож асуухад та “Хурал чуулган, өдрийн тэмдэглэл гээд өдөр тутамдаа монгол бичгээ хэрэглэдэг” гэж байсныг мартаагүй. Та Оросод сурсан, бас хятад хэлтэй, түүхч, олон улс судлаач хүн. Хятадын төрийн шийдвэрээр өвөрмонголчууд монгол бичгээ хязгаарлуулж, гадаадад байгаа иргэд нь эсэргүүцлээ илэрхийлж байна. Монголчууд үүнд элэг нэгтний хувиар санаа зовж байгаа. Тийм учраас таныг зорьж, ярилцлага авахаар ирлээ.

-Миний аав Жамсран гэж шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн байсан. Түүхийн дээж сурах бичгийг бичигт Марксизм Ленинзм ашигласангүй гэдгээр  1980 онд Улс төрийн товчооны долдугаар тогтоолоор буруутсан. Хятадын талыг баримталсан түүхч гэдгээр гүтгээд 1990 онд цагаадсан. Миний аав намайг долоон настай байхад орос сургууль төгссөн хүн. Намайг бас орос сургуульд өгсөн. Тухайн үед орос хэл бол ертөнцийг харах цонх, бүх эрдэм номын ажлын 50 хувь нь орос хэл дээр бичигддэг байж. Хүүхдээ орос сургуульд өгсөн учраас монгол болгож хүмүүжүүлэх хэрэгтэй. Надад өөрөө дөрөвдүгээр ангиас маань монгол бичиг зааж эхэлсэн. Зургадугаар ангиас авахуулаад орос сонин, сэтгүүлд гарсан өгүүллүүдийг орчуулах даалгавар өгч, орчуулгаа би Пионерийн үнэн, Залуучуудын үнэнд тавьж, бичлэгийн мөнгө авдаг байлаа. Хүүхдүүд гадаад бөмбөг өшиглөж байхад би монгол бичиг хуулаад сууна. Гологдсон хүүхэн, Заан залуудай, Үүрийн туяа, Цаг төрийн үймээн, Тунгалаг тамир унш гэсэн даалгавартай. Их даалгавар үлдээлээ гэж аавдаа их гомддог байж. Орой ажлаас нь ирэхээр шалгуулна. “Хүн өөрийгөө тэвчээрийн баганад хүлж чадвар хүн болж чадна” гэж сургана. Үсэрсэн хойно нь бодоход намайг зөв хүмүүжүүлжээ гэж.

32.jpg

-Та Улсын багшийн их сургууль төгссөн, Ленинградад төгссөн, хятад, англи, орос хэлтэй. Монгол бичгээ өдийг хүртэл хэрэглэж яваа нь үлгэр жишээ юм.

-Кириллээр бичихээр оросууд “Энэ танай бичиг мөн ч юм уу, биш ч юм уу” гэж доромжилно. Тиймээс монгол бичгээрээ бичээд их бардам байж. Одоо миний үеийн улсууд монгол бичгээр уншдаг ч бичдэг нь ховор. Ш.Чоймаа эд нар намайг монгол бичгээ хэрэглэдэгт их тооно. Сүүлдээ миний бахархал, гангараа болж байгаа юм. Тэмдэглэлээ монголоор, дундуур нь хятад оруулаад таталчихна. Муугаар бодлоо гэхэд дурын хүн миний бичгийг гаргахгүй. Гаргахгүй учраас намайг оролдож чадахгүй. 1991, 1992 онд монголчууд монгол бичиг рүү нийтээрээ орохоо дөхсөн. Тэр үед хүчээр орчихсон бол зөв байж. Монгол бичиг явдалтай нь явдалтай. Дуудлага, бичлэг нь зөрнө. Эртний соёлтой бичиг ийм байдаг.

-Та ШУА-ийн Олон улсын судалгааны хүрээлэнгийн захирлаар удаан ажилласан. Ярилцлагын эхэнд дурдсан өвөрмонголчуудын асуудалд та ямар дүгнэлттэй байна?

-Энэ оронд гол үндэстэн хэн бэ гэдгээ хятадууд харуулж байна. Энэтхэг олон үндэстэнтэй ч гол хэл нь хинди ба англи. Үүн шиг “зөвхөн хятад” гэдэг юм хийж байна. Хятад хэл өөрөө таван аялгуутай. Их цэвэр сайхан ярья гэвэл бээжин аялгуугаар ярих ёстой. Хятад улс бичиг, үсгээ одоочилчихсон. Их олон зурлагатай байснаа багасгасан, латин галиг хүртэл хийсэн. Ингээд төв аялгуунаас бусад олон аялгууг халж байна, үндсэндээ. Дуудахад өөр боловч, бичих нь нэг. Том төрийн бодлого явж байна гэсэн үг.

Хоёрдугаарт, Соёлын хувьсгалын үед дундад иргэнээ үлдээгээд бусад үндэстнээ нуга дарж, хүчээр уусгах бодлого явуулсан. БНХАУ-ын төрийн далбаанд таван таванхошуу бий. Хятадууд “Дундад иргэн улс бол таван үндэстний өлгий нутаг” гэж ярьдаг байсан. Өвөрмонгол, Шиньжян-Уйгур, Төвөд, Нинся-Хотон, Гуанси-Жуаны өөртөө засах орнууд гэж таванхошууг тайлбарлана. Одоо бол голынх нь Хятадын коммунист нам, тойрсон хэд нь ажилчин, тариачин, сэхээтэн гэнэ. Өөрөөр хэлбэл, нэгдмэл үндэстэн, нэг улс гэдэг рүүгээ явж байна. Монгол бичгийг халлаа гэдэг нь нийтээр нь Хан үндэстэн болгож байна гэсэн үг.

Гуравдугаарт, өвөрмонгол хүн номын мөр хөөе гэвэл хятадаар хамаг юмаа хамгаална, бичнэ. Албан тушаал авахгүй, анхан шатны боловсролтой байя гэвэл эх хэлтэйгээ үлдэж болно. Өвөрмонголын их сургуулийн Гэрэлтөв гэдэг химийн нөхөр бий. “Аугаа үндэстэн өөрийн бичиггүй боллоо” гэж их эмзэглэж байна. Гэтэл Өвөрмонголын их сургуулийн гол эрдэмтэн Чимэддорж нь “Бид хос бичигтэй болох төр, засгийн шийдвэр зөв байна” гэсэн утгаар зөөлрүүлчихлээ. Хөх хотод очихоор монголоор ярьдаг хүн ховор. Ёстой Эрээнд л монголоор ярьдаг нь их. Таксины жолооч нь хүртэл “пизда” гэж хараана. Баруун тийшээ Ордос орвол бидний яриаг бараг ойлгохгүй. Хэрэглэхгүй болохоор хэрэглээнээс гардаг.

Дөрөвдүгээрт, хятадууд “Бид ер нь Их гүрэн болж чадах уу” гэж асуудаг. “Дэлхийн хуурай газрын 14 хувь нь танайх, долоон хүний нэг нь танайх. Гэхдээ хятад хэлээр дэлхийн 50 хувь нь ярьдаг болсон цагт танайх Их гүрэн боллоо гэж хэлж болно. Тэр зэрэгт танайх хүрэхгүй” гэхээр их гомддог юм. Би “Танайд Менделеев,  Ломоносов, Чайковский шиг эрдэмтэн байхгүй” гэж шарыг нь малтахаар Күнзийн институц, философи байгаа гэдэг юм. Одоо тэгээд Күнз судлалын институц гаргаж ирээд дэлхийн 70 оронд байгуулж байна. Манайд бүр гурав ч байна. Зөөлөн хүчний бодлого.

29.jpg

Нэг үгээр хэлбэл, байгалийн давагдашгүй хүчин зүйл. Нэг үндэстэн хэрнээ соёл нь хоёр өөр урсгалаар явсан улсууд байна. Эх газрын хятад, Тайваны улс чинь бие биетэйгээ ойлголцохгүй, аялга нь өөр, бичиг нь адил. Хүссэн хүсээгүй холддог. Ар, өвөр монгол бас ийм. Монгол үндэстний ирээдүй бол Монгол Улс юм байна гэдгийг өвөрмонголчууд ойлгочихсон. Монгол тулгатны 100 эрхэм дээр Баасангийн ярьсныг сонссон биз дээ. Манай цаана бие даасан Монгол Улс байгаа гэдэгт бид бахархдаг, огшдог, баярладаг гэж. Өмөг түшиг тэнд байгаа гэж. Тэгэхээр бидэнд Соёлын хувьсгал хийх боломж нь байгаа гэсэн үг. Солонгосууд К-поп, олон ангит киногоо дэлхийгээр тархааж байгаа шиг. Монголд гарсан шинэ дууг өвөрмонголчууд хоёр долоо хоноход мэдчихсэн байдаг шиг. С.Жавхлан монгол туургатнууд нэг шүү гээд “Хамаг монгол” төсөл эхлүүлээд, дуучидтай хамтраад дуулахад мань эрийг Өвөрмонголд урихаа больчихож байгаа биз дээ. Агуулга, хэлбэр нь буруу юм.

-Босоо хөх монгол, Ч.Мөнхбаяр тэргүүтэй нөхөд өвөрмонголчуудтай хамтраад БНХАУ-ын Элчин сайдын яамны үүдэнд жагсаал хийлээ. Бас төр, засгийн удирдлагуудаас БНХАУ-ын талд монгол хэл, бичгийн асуудлаар хандах хэрэгтэй гэж байх шиг. Манайх бичиг сачиг явуулж, утас цохих, уулзаж ярилцах боломж байх уу?

-Манайх чадахгүй.

-Яагаад?

-Манай дуу хоолойг сонсохгүй шүү дээ.

-Улсын дотоод хэрэгт оролцлоо гээд үү?

-Тийм. Хятадууд бол манай дотоод хэрэгт оролцож байгаа. Далай ламыг урилаа, тэрнээс хойш Хятад хагас жил худалдаагаа зогсоосон. 2017 онд намайг Гадаад хэргийн яаманд байхад Азийн буддистуудын хурал хийнэ гээд Чойжамц хамба Далай ламыг урих асуудал ярихад нь би тас хориглосон. Би энэ асуудлыг хариуцаж байгаа хүн, “Хурлаа бол хий, Далай ламыг оруулахгүй” гэсэн.  Чойжамц хамба хоёр хувилгаантай Далай лам дээр очсон байгаа юм. Тэгэхэд ГХЯ-наас ноот бичиг ирүүлсэн.  Тэгэхэд Д.Цогтбаатар сайд надаас “Яах вэ” гэж асуусан. Энх тайваны таван зарчим бий, тэрийг ярь гэлээ. Өөрөөр хэлбэл, “манай дотоод асуудал” гэж хэлэхийг зөвлөсөн. Тэрийг хийгээгүй. Хуучин бол Бямбасүрэн, Жасрай гуай нар “Энэ бол манай дотоод асуудал. Шашин шүтлэг, хүний эрхийн асуудал” гээд хаадаг байсан. Тэгтэл Ц.Мөнх-Оргил сайд болоод “Уучлаарай, муухай юм боллоо. Бид дахиж тэгэхгүй” гэчихсэн. Ингээд монголчуудыг энүүгээр нь дарамталж болох юм байна гээд хятадууд ойлгочихсон.

31.jpg

-НҮБ, ЮНЕСКО бол БНХАУ-ын талд зөвлөмж хүргэж болох байх тийм үү?

-ЮНЕСКО болох л байх. Гэхдээ олон улсын байгууллагууд Хятадын л гарыг харж байгаа биз дээ. Монгол төр бол юм гаргаж чадахгүй. Ямар ч байсан Монголын төрийн байгуулалт, төрийн байгууллагаас болохгүй. Хэл зохиолын хүрээлэн, Их сургууль болохгүй. Ийм учраас уран бүтээлчид, эрдэмтэд, хэл соёлын улсууд хоорондоо нийлж, хөдөлгөөн маягаар байр сууриа илэрхийлж байгаа юм.

Сонин юм шүү. Манай улс 1945 оноос эхлээд крилл үсэгт шилжиж эхэлсэн. Өвөрмонголын Өөртөө Засах орон 1947 онд байгуулагдаад, 1950-иад оноос эхлээд манай араас крилл үсэгт орох гэж үзсэн байгаа юм. Тэгэхэд Б.Ринчен гуай Гоморав дарга, Мао дарга хоёрт захиа бичсэн. Захидалдаа “Манай үндэстэн олон мянган жилийн бичгээ халчихлаа. Крилл бичигтэй боллоо. Манай соёлыг авч үлдэх хэрэгтэй. Танайх эрх биш тэгэхгүй биз дээ” гэж. Тэгээд өвөрмонголчууд шинэ үсэгт орохоо больсон. Тийм сонин түүхтэй.

-Өвөрмонголоос гадаадад дүрвэсэн монголчууд нийгмийн сүлжээгээр идэвхтэй давалгаалж байна лээ. Сүүлд өвөрмонгол сэтгүүлчид нэгдлээ гэж дуулдсан.

-Эх хэл-амин сүнс гэсэн бичиг барьсан хүүхдүүд зогсоод байна лээ. Дотроосоо тэгж эсэргүүцэх хэцүү л дээ. Бид бол бичгээ алдчихсан ард түмэн. Уншиж, бичдэг нь цөөн. Харин Ерөнхийлөгчийн маань, монгол бичиг рүү шилжих байр суурь хэвээрээ байна уу, үгүй юу. Юу болсон бол. Хятад улс дэлхийн номер нэг улс болох зорилготой явж байна. Үүний тулд соёлоо түгээж байна. Күнзийн институц байгуулж байна. Хэл, бичгээрээ түрж байна. Харин бид монгол бичгийн хэрэглээгээ сэргээж байна уу.

Санал болгох

Д.Мөнх-Эрдэнэ: Зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон нь бизнес эрхлэгчдэд том дэмжлэг болсон

Бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийг нийслэлийн зүгээс хэрхэн дэмжиж, яаж хамтран ажиллаж буй талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа

22 өдрийн өмнө
Б.Мягмар: Их наядаар хэмжигдэх борлуулалт бүхий бизнесийн орчин бүрдэнэ

“Шинэ сэргэлт-Улаанбаатар” олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форумын үеэр НИТХ-ын төлөөлөгч, "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн захирал Б.Мягмартай ярилцлаа.

1 сарын өмнө
Д.БАТЖАРГАЛ: Муудаж боловсруулсан махыг дотоодын хэрэгцээнд ашиглахгүй

“Эмээлт” дэх  махны үйлдвэрүүд дахин асуудал дагуулж эхэллээ. Саяхан Үүлэнгөү ХХК-ийн үйлдвэрээс их хэмжээний муудаж хөгцөрсөн махыг бодисонд оруулж савлаж байсан тухай мэдээлэл цахим орчинд цацагдлаа.

1 сарын өмнө
С.Батбаатар: Шударга нийгмийг бий болгох гээд байгаа бол хэвлэлд улам нээлттэй болох ёстой

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг Сэтгүүлзүйн салбарынхан шагнал урамшуулал, эрхийн зөрчил зэрэг олон сэдэв, үйл явдал дунд өнгөрүүллээ

1 сарын өмнө