Л.Наранхүү: Манай театр Монголын театрын урлагийн хөгжилд манлайлагч байхын төлөө ажилладаг

2
2020 оны 9 сарын 32020-09-03
Л.Наранхүү: Манай театр Монголын театрын урлагийн хөгжилд манлайлагч байхын төлөө ажилладаг

Театрын урлагийн шилдэгийг шалгаруулдаг “Гэгээн муза” олон улсын наадамд Дорнод аймгийн театр “Ярьдаг мод”, “Мангасуудын хаан” жүжгээрээ хоёр удаа дарааллан Гранпри шагнал авч, салбарынхан төдийгүй монголчуудын чихийг сортойлгов. Дорнод аймаг монголдоо хамгийн том, хөгжингүй гэж хэлж болох аймгуудын нэг. Гэхдээ л энэ театрын уран бүтээлүүд төвийн театруудтай өрсөлдөж, өндөрт үнэлэгдээд байгаагийн цаана баг хамт олны бүтээлч үйл ажиллагаа байгаа нь ойлгомжтой. Ганц хүүхдийн жүжиг ч биш орон нутагтаа дуурь, дуулалт жүжиг, драмын жүжиг гээд театрын урлагийн бүхий л төрлөөр мэргэжлийн бүтээлүүд туурвиж байгаа нь олны анхаарлыг татах бас нэгэн шалтгаан болж байна. Ингээд бид Дорнод аймгийн театрын залуухан дарга Л.Наранхүүтэй товч ярилцсанаа хүргэе.

--------------------------------------------------------

-Амьдралын замналаа гурван өгүүлбэрээр илэрхийл гэвэл та хэрхэн хариулах вэ?

-Би Дорнод аймгийн уугуул. Хэрлэн сумын Ерөнхий боловсролын наймдугаар сургуульд суралцаж төгсөөд ШУТИС-ийн Хүмүүнлэгийн Их сургуульд Соёл судлаач мэргэжил эзэмшсэн.

-Дорнодын театрт хэзээ томилогдож ирэв?

-Их сургуулиа төгсөөд 2006-2007 онд тухай үеийн Зам тээвэр аялал жуулчлалын яамны Тээврийн үйлчилгээний төвийн Дорнод дахь салбарын захирлын туслахаар ажлын гараагаа эхэлсэн. 2007-2008 онд Дорнод аймгийн Засаг даргын туслахаар ажилласан. Үргэлжлүүлээд 2010 он хүртэл аймгийн ЗДТГ-таа Боловсрол, соёл урлаг хариуцсан мэргэжилтнээр ажилласан. Тэгээд 2010 онд 26 настайдаа Дорнод аймгийн Хөгжимт Драмын театрын даргаар томилогдсон. Одоо 10 дахь жилдээ ажиллаж байна даа.

-2010 он гэхээр... Шинэ барилга баригдаж эхэлж байсан. Шинэ даргатай болсон. Бүх юм шинээр эхэлсэн байх нь дээ?

-Хуучин театр маань аймгийн төвөөсөө нэлээн зайтай байсан л даа. 1948 онд баригдсан театр учир төвийн шугам сүлжээнд холбогдоогүй, ажиллах орчин нөхцөл хүнд байсан. Харин шинэ театр 2009 онд баригдаж эхлээд, 2012 онд ашиглалтад орсон. Улсын төсвийн 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн компани барьж байгуулсан. Тухайн үед зураг төсөв нь батлагдаад баригдаж эхэлж байсан зарим барилгууд одоо ч ашиглалтанд ороогүй л байна. Харин манай аймаг маш богино хугацаанд зураг төслийнхөө дагуу, стандартын шаардлагад нийцсэн, уран бүтээлчдийн ажиллах орчин нөхцөл бүрдсэн, 600 хүний суудалтай, эргэдэг тайзтай, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан сайхан театртай болсон доо. Энэ бол орон нутгийн компанийн гавьяа.

Дөнгөж ашиглалтад орсон даруйд БСШУЯ, Монголын урлагийн ажилтны холбооны хамтран зохион байгуулсан 21 аймгийн 24 театр чуулгуудын оролцсон улсын уралдааны Зүүн бүсийн шалгаруулалт манай театрт болж Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн театрын уран бүтээлчид шинэхэн театрын маань тайзан дээр өрсөлдсөн.

Тус уралдааны зүүн бүсээс манай театрын уран бүтээл шилдгээр шалгарч улмаар бүс, бүсээс шалгарсан шилдэг театруудтай өрсөлдөж хамгийн анхны Гранпри шагналыг авч байсан. Ажилд орсноос хойш авсан хамгийн анхны хамгийн том шагнал байлаа.

Ер нь бол ажиллах орчин нөхцөл сайжрахын хэрээр уран бүтээлчдийн урам зориг, идэвх санаачлага нэмэгдээд ирсэн. Мөн шинэ театртаа орж үзэх юмсан гэсэн үзэгчдийн хүлээлт бий болсон. Шинэ театртай болсноос хойш тасралтгүй уран бүтээл хийж байна. Жилд багадаа гурван шинэ уран бүтээл тогтмол хийнэ. Хүүхдийн уран бүтээл жилд заавал нэгийг хийх болсон. Давхардсан тоогоор 17-21 мянган хүнд өөрсдийн уран бүтээлээр үйлчилчихнэ шүү.

-Жилд 17-21 мянган хүн үзэж байна гэдэг орон нутагт маш том үзүүлэлт. Үзэгчдийг татах зохион байгуулалтай ажлын үр дүн гэдэг нь ойлгомжтой...

-Үзэгчид жил ирэх тусам нэмэгдэж байх ёстой гэсэн зарчмыг л баримталж ажиллаж ирсэн. Ингэхийн тулд мэдээж чанартай уран бүтээл тавигдах ёстой. Чанартай уран бүтээл хийнэ гэдэг хөрөнгө мөнгө, орчин нөхцөл, уран бүтээлийн баг гээд олон хүчин зүйлээс шалтгаална. Одоо харж байхад манай театрын үзэгчид жил ирэх тусам л нэмэгдэж байна. Үүнийг би нэг санаа бодолтой, нэг зорилготой хамт олны маань гавьяа гэж боддог.

Ер нь бол театрууд чанаргүй муу уран бүтээл хийж огт болохгүй. Арай ядан олж авчирсан, зорьж ирсэн үзэгчдээ алдах эрсдэлтэй. Олон уран бүтээл хийх нь гол биш. Цөөхөн ч болов чанартай сайн уран бүтээл хийж харин хийсэн тэр бүтээлээ олон хүнд хүргэх нь хамгийн чухал байх. Ялангуяа орон нутгийн театр жижиг зах зээлтэй учир алдах эрх байхгүй.

21.jpg

-Томоохон найруулагчид тогтмол уригдаж байгаа нь анзаарагддаг л даа...

-Монголын театрын урлагт манлайлж байгаа шилдэг найруулагч нартай хамтран ажиллахыг хичээдэг. Үүний үр дүнд театрын урын сан, уран бүтээлийн өнгө аяс, уран бүтээлчдийн ур чадвар ч мэдэгдэхүйц илт сайжирдаг олон талын ач холбогдолтой. Сүүлийн жилүүдэд гэхэд УГЗ Ч.Найдандорж, МУСТА Н.Болд, О.Бат-Өлзий, УГЗ Н.Пүрэвдорж, монголдоо дуурийн ганц найруулагч гэж болох Г.Эрдэнэбаатар гээд олон шилдэг найруулагч нар манай театрын уран бүтээл дээр уригдан ирж ажиллаад байна. Дорнодын театрынхаа хүний нөөцийг Монголын хэмжээнд хардаг. Хаана ямар өндөр ур чадвартай мэргэжилтэн, уран бүтээлчид, авьяастнууд байна тэр бол тэр бол манай хүний нөөц гэж ойлгодог. 

-Танай театр одоо хэчнээн уран бүтээлчтэй ажиллаж байна?

Манай театрт 64 уран бүтээлч ажиллаж байгаа. Үйлчилгээ, захиргааны ажилчидтайгаа нийлээд 81 хүний орон тоотой. Бусад орон нутгийн театраас ялгарах нэг онцлог нь 1978 онд байгуулагдсан сонгодог симфони найрал хөгжимтэй орон нутгийн цорын ганц театр. 

-Орон нутагт амьдардаг залуу хүн төв рүү л тэмүүлдэг нь үнэн. Ийм тэмүүллээс та эсрэг зүгт явж байна?

-Суманд байгаа хүмүүс аймгийн төв явахыг хүсдэг. Төвд байгаа хүмүүс нийслэл явахыг хүсдэг, Нийслэлээс гадаад гэсэн нийтлэг хандлага манай монголын залууст их ажиглагддаг. Гэхдээ яагаад Дорнодын театрт гадаадын орноос, нийслэл Улаанбаатар хотоос ирж ажиллахыг хүсдэг уран бүтээлчид байж болохгүй гэж. Манай театр Монголын театрын урлагийн хөгжилд манлайлагч болохын төлөө зорьж байгаа. Бид олон зүйлээр бусдыгаа манлайлж болно шүү дээ.

Хөдөө орон нутагт ашиглаж л чадвал олон давуу тал, олон боломж байна. Хувь хүний хувьд эхнэр, дөрвөн хүүхэдтэйгээ, нутаг орондоо сайхан л амьдарч байна. Аливаа юм учир шалтгаантай, цаг хугацаатай. Чухам хаана ч байсан бай одоо цагтаа л хийж чадах зүйлээ хийсэн шиг хийхийг л зорьдог.

118524356_2758574594427070_5316111775726716408_n.jpg

-Та сая боломж гэж ярилаа. Дорнод нутгийн залуучуудад ямар ямар боломж байна?

-Ний нуугүй ярихад хотыг бодох юм бол асар олон давуу тал байна. Наад тал нь замын түгжрэлгүй, эрүүл агаартай, стресс бухимдалгүй байна. Эндээс Улаанбаатар руу наймаас есөн цаг яваад л оччихож байна. Аймаг маань Орос, Хятадтай хил залгаа. 100 гаруй километр яваад л Хятадын хил даваад Хятадын бүх хотуудтай холбогдож болно. Цаашаа бүр Зүүн хойд Азитай холбогдож болж байна. Манай аймаг харьцангуй хотожсон, соёлжсон газар. Тийм учраас залуучууд бидэнд амьдрах орчин нөхцөл боломжтой сайхан байдаг.

Хот руу хэдхэн хоног томилолтоор явахад нутаг руугаа их яардаг. Замын түгжрэлээс болоод өдөрт ганц, хоёрхон ажил л амжуулдаг. Орон нутагт тийм зовлон байхгүй.

Улсын нийслэл Улаанбаатар хотоос манай театрт урилгаар, гэрээгээр ирж ажиллаад энэ нутагт суурьшин ажиллаж байгаа олон сайхан ойрын жишээ байна. Бид гэрээгээр ирж ажиллаж байгаа мэргэжилтнүүдээ орон сууцаар хангаж байна. Мөн авч байсан цалинг нь Төвийн байгууллагуудтай нь яг адилхан өгч байна даа.

Энэ ташрамд дуулгахад, манайд ирж ажиллахыг хүссэн авьяастнуудад театрын үүд хаалга хэзээд нээлттэй гэдгийг хэлэх байна.

-“Гэгээн муза-14” наадамд анх хүүхдийн жүжгээрээ гранпри шагнал авахад нутаг орныхон нь хэрхэн хүлээж авав?

-Уралдаан наадамд оролцох, ялангуяа олон улсын чанартай уралдаанд оролцоод, амжилт үзүүлээд ирэхэд нутаг орныхон маань маш сайхан хүлээж авдаг. Үүнийгээ дагаад театрын уран бүтээлчдийн уран бүтээлийн үнэлэмж өсдөг. Мөн хариуцлага нэмэгддэг. Үзэгчид илүү юм нэхээд эхэлнэ. Өнгөрсөн жил гэхэд Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсан Азийн 12 улсын 2000 гаруй ардын авъяастанууд өрсөлдсөн том наадамд манай театрын үндэсний хөгжмийн хамтлаг Азийн аварга болсон. Дэлхийн аваргад явах эрхийг нь аваад ирсэн. Тэр хамтлагийг аймгийнхан маань төв талбай дээрээ хүлээж авч байлаа.

22.jpg

-Хоёр жил тутам зохион байгуулагддаг “Гэгээн муза” олон улсын театрын наадмыг энэ жил ч бас танай театр өнгөллөө. Энэ бол бодит үзүүлэлт гэж бодож байна. Энэ амжилтыг бий болгож, бүтээхэд гар бие оролцсон хүмүүст талархал илэрхийлэх боломж олгоё?

-Бид монголын театрын урлагийн хөгжлийн манлайлагч байх алсын хараандаа хөглөгдөн, мөн Монголын хүүхдийн жүжигт шинэ өнгө төрх, шинэ өөрчлөлт, шинэ амжилтыг авчрах зорилго тавьж энэхүү “Мангасуудын хаан” хүүхдийн жүжгийг өнгөрсөн “Гэгээн муза-14” наадмаас хойш 2 жил гаруй хугацаанд бэлтгэсэн. Олон ч хүн хүч хөдөлмөр, хичээл зүтгэл, сэтгэл зүрх гаргаж ажиллаж, олон ч сая төгрөг зарцуулан бүтээсэн. Зорилго нь тодорхой байсан учраас үр дүн нь тодорхой байлаа. Юуны түрүүнд Дорнод Хөгжимт драмын театрынхаа уран бүтээлчид, арын албаныхан, хамт олонтоо баяр хүргэж талархал илэрхийлье. “Гэгээн муза-15” наадмын цом хүртсэн шилдэг уран бүтээлчдэдээ баяр хүргэе. Тэр дундаа онцгойлон жүжгийн зохиолч, найруулагч энэхүү хүүхдийн жүжгийн гол хөдөлгөгч хүч нь байсан Батаагийн Мөнх-Амьдралдаа баяр хүргэж талархал илэрхийлье. Мөн энэхүү наадмыг 15 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа МУАЖ С.Сарантуяа ерөнхийлөгчтэй “Гэгээн муза” академийнхан талархал илэрхийлье.
 

Санал болгох

“Дурсаж яваарай” киноны найруулагч Их Британийн кино наадмаас шагнал хүртлээ

"Дурсаж яваарай” киноны найруулагч Э.Ган-Очир шагнал хүртэв.

15 цагийн өмнө
“Хубилай хаан ба Монгол жанжид” үзэсгэлэнгийн нээлт боллоо

Чингис хаан түүний залгамжлагч алтан ургийн суут хаан Хубилай сэцэн хааны мэндэлсэний 805 жилийн ой энэ онд тохиож байна.

3 өдрийн өмнө
"Улаанбаатар фестиваль оркестр 2020" сонгодог урлагийн тоглолт болно

Монгол Улс дахь анхны баярын найрал хөгжим болох "UB Festival Orchestra"-ын эхний тоглолт 2020 оны есдүгээр сарын 27-ны өдөр 17:00 цагт Хүн театрт болно.

5 өдрийн өмнө
Monstar Production гар утсаар бүрэн хэмжээний дууны клип хийжээ

Энэрэл, Mrs M, FLA нар хамтран "Тансаг бүүвэй" нэртэй дууг дуулж, клипийг нь зургаан сарын турш хийсэн байна.

6 өдрийн өмнө