Б.Буджаргал: Хандив гуйхаас залхаж байна

2020 оны 9 сарын 72020-09-07
Б.Буджаргал: Хандив гуйхаас залхаж байна

Хангамж сайтай хүчирхэг орны тамирчидтай энэ тэнцүү өрсөлдөж хамгийн залуу гэдгээрээ тодорч яваа олон өдрийн гүйлтийн тамирчин Б.Буджаргалтай онлайнаар холбогдож ярилцлаа. Тэрээр дэлхийн хэмжээний есөн тэмцээнд оролцож дөрөвт нь Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлсэн юм.

-Та өөрийнхөө тухай товчхон танилцуулахгүй юу?

-Намайг Б.Буджаргал гэдэг. Өмнөговь аймагт төрж, арван жилээ төгссөн. Бага байхаасаа л гүйлтийн спортоор хичээллэж, одоо 20 гаруй жил болж байна. Би гүйлт дотроо олон өдрийн гүйлтийн төрлөөр хичээллэдэг. Олон өдөр гэдэг нь шөнө өдөргүй гүйхийг хэлдэг. Миний голлож гүйдэг зай бол 6 хоног, 10 хоног. Олон өдрийн гүйлтээр 2014 оноос хойш хичээллэж байна.

- Хамгийн сүүлд оролцсон тэмцээндээ бас түрүүлсэн байх аа?

-Олон өдрийн гүйлтийн 9 тэмцээнд оролцсон. Эдгээрийн найм нь АНУ-д нэг нь БНХАУ-д болсон. Хамгийн сүүлийн тэмцээн гэвэл БНХАУ-ийн Шямин  хотод болсон зургаан хоногийн гүйлтийн ДАШТ байгаа. Түүхэндээ анх удаагаа Азид зохион байгуулагдсан. Энэхүү тэмцээнд нэгдүгээр байранд орсон. Нийтдээ 834 км гүйсэн.

-Одоо аль улсад байгаа вэ. Хамгийн ойрын тэмцээн ямар тэмцээн байна бэ?

-Би Тайландад байна. Энд 12 сард ирсэн. Хамгийн ойрын тэмцээн бол есдүгээр сарын 20-нд Тайландад зохиогдох 12 цагийн гүйлтийн тэмцээн байна. Энэхүү тэмцээн миний хувьд сорилго тэмцээн юм. Нээх их ач холбогдол өгөхгүй байгаа.

Хамгийн том тэмцээн гэвэл аравдугаар сарын 1-нд БНХАУ-д зохиогдох зургаан хоногийн гүйлтийн тэмцээн байгаа. Гэхдээ оролцох эсэхээ хэлж мэдэхгүй байна. Хорио цээр юу болох нь уу харж байна. Арваннэгдүгээр сарын 16-нд АНУ Флорида мужид зохион байгуулагдах зургаан хоногийн гүйлтийн тэмцээн бас байгаа. Энэ тэмцээнд баталгаатай очиж оролцоно.

-Дэлхийн дөрвөн удаагийн аварга болсон байна шүү дээ. Одоо ямар том зорилго өвөртөлж байна?

-Миний цаашдын зорилго гэвэл зургаа, арав, хорь хоногийн гүйлтийн дээд рекордыг эвдэх байгаа. Хорь хоногийн гүйлт африкт болдог. Энэхүү төрөлд орж амжилт үзүүлэхийг боддог. Нью-Йоркод 5000 км гүйлт гэж байгаа. Эдгээр гүйлтүүдэд дэлхийн рекордыг тогтоох зорилготой байгаа. Жишээлбэл, 5000км-т дэлхийн дээд рекорд 40 хоног гүйсэн байдаг. Энэ гүйлтийн рекордыг эвдэж 39 хоног болгодог ч юмуу. Есөн тэмцээнд оролцсоноос өнөөдрийн байдлаар дөрөвт нь түрүүлж, нэг удаа хоёр, нэг удаа гуравт орсон байгаа.

Б.Буджаргал: Сайн бэлтгэл хийсний үр дүнд амжилт үзүүлдэг

-Бэлтгэл сургуулилтаа хэрхэн хийдэг вэ?

-Өдөр болгон тогтмол марафон гүйдэг. Эсвэл өглөө орой ч юмуу хоёр хувааж гүйдэг. Ерөнхийдөө өдөр болгон гүйж л бэлтгэлээ хийдэг.

Тэмцээн дээр яаж гүйх вэ, замдаа хоол хүнсээ яаж идэх үү гэх мэт яг тэмцээнд оролцож байгаа юм шиг бэлтгэл хийдэг. Бэлтгэл хийж байхад сэтгэлзүйч хэрэг болдог. Мөн бэлтгэлийн хажуугаар массаж хийлгэх шаардлагатай байдаг. Сайн бэлтгэл хийсний үр дүнд амжилт үзүүлдэг. Миний хувьд бэлтгэл сургуулилт хийх тал дээр жаахан хүндрэлтэй байгаа. Учир нь Тайландад хөл хориотой байгаа учраас сэтгэлд тултал бэлтгэл сургуулилтаа хийж чадахгүй байгаа. Тайландад ганцаараа байгаа учраас төсөв мөнгөний асуудлаас болж сэтгэл санаагаар унаж бэлтгэл сургуулилтаа хийхэд жаахан хүнд байгаа.

Б.Буджаргал: Гүйх л миний ажил юм

-Спортод амжилт үзүүлэхэд гэр бүл, төсөв санхүүгийн байдал нөлөөлдөг шүү дээ. Энэ хүртэл таныг дэмжсэн хүн хэн байв?

-Миний хувьд ганц бие. Одоо болтол хүнтэй суугаагүй. Төсөв санхүүгийн хувьд тэмцээнд орох болгонд мөнгө хэрэг болдог. Энэ бол хүндрэлтэй. Өдийд төсөв санхүүдээ санаа зовохгүй гүйгээд явж байсан бол илүү ч амжилт гаргачихсан байх байсан. Цаашид ч илүү амжилт гаргах гээд хичээж явна. Өөрийнхөө хэмжээнд амжилт гаргах гээд бор зүрхээрээ хичээж явж байгаа. Ер нь өдийг хүртэлх тэмцээнд  хүмүүсийн дэмжлэг тусламжтайгаар оролцсон. Надад өөрийн гэсэн тогтмол ажил гэж байхгүй. Гүйлт маань л миний ажил болчихсон. Тэмцээнд түрүүлсэн ч мөнгөн шагнал байдаггүй. Олимпийн төрөл биш гэдэг утгаар нь манай улс нээх дэмждэггүй. Харин тэмцээнд оролцох гээд явж байхад тухайн оронд байгаа монголчууд маань маш их дэмждэг. Тухайлбал, АНУ-д уралдах гээд очиход тэнд байгаа монголчууд дэмжсэн. Нутгийн усныхан, найз нөхдийнхөө буянаар тэмцээнүүддээ оролцож чаддаг.

Уг нь зүгээр ажил хийгээд өөрийгөө аваад явчихаж болно л доо. Гэхдээ зөвхөн амиа хоохойлох биш, Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргаад явах нь сайхан санагддаг. Хэн ч намайг гүй гээгүй. Гэхдээ би Монгол Улсын нэрийг дэлхийд гаргах, монгол хүний тэсвэр тэвчээрийг таниулах ажлыг хийж байна гэж ойлгож байгаа.

-Цаашид залуу үеээ бэлтгэх үү. Энэ спортод манай тамирчид амжилт үзүүлэх боломж хэр байгаа гэж харж байна?

-Залуу үеэ бэлдэж болно. Гэхдээ дэлхийн жишгээр энэхүү тэмцээнд залуу хүн амжилт гаргадаггүй юм байна лээ. Яагаад гэвэл сэтгэл санааны хувьд тогтворгүй мөн залуу хүн тэвчээргүй байдаг юм байна лээ. Тэгэхээр 40 орчим настай хүмүүс том амжилт гаргадаг. Миний хувьд анх 2014 онд ороод 485 км гүйж байхад залуудаа орж байсан. 2017 онд аварга болж байхад хамгийн залуу аварга болж байсан. Энэ гүйлтийнхээ төрөлд би залуу үедээ ордог. 2014 оноос хойш хэд хэдэн монгол тамирчдадаа заавар зөвлөгөө өгч, тэмцээнд оруулсан.

-Ганцаараа зүтгэсээр энэ олон тэмцээнд амжилт үзүүлсэн байна. Спортын холбоод танд ямар нэгэн дэмжлэг үзүүлсэн үү?

-Миний амжилтын цаана маш олон хүн байгаа. Гэхдээ тэр нь нутаг ус, найз нөхөд, гэр бүлийнхэн маань л дэмжсэн. Спортын холбоодоос дэмжлэг ирж байгаагүй. Мэдээж бүгдэд нь хандаж байсан. Гэхдээ бүгд дэмжээгүй. Уг нь Монголд спортын маш олон холбоод байдаг. Өдийг хүртэл ямар ч цалингүй, хандив гуйж ирсэн болохоор одоо хамтарч ажилладаг компанитай болчихмоор байна. Ерөнхийдөө хандив гуйхаас залхаж байна.

 

Санал болгох

С.Бадрал: Технологийн салбарт монгол хэлийг хөгжүүлж, өвлүүлэхийг зорьсон

Хиймэл оюун ухаанаар яриаг бичвэр, бичвэрийг яриа болгох Монголын “Чимэгэ” технологийг үүсгэн байгуулагч С.Бадралтай ярилцлаа. Тэрээр 2008 оноос хойш судалгаа хийж, өнөөдөр ийнхүү дэлхийд танигдах технологийн салбарын шинэчлэлийг хийсэн юм. Өнөөдрийн байдлаар зөвхөн Монгол Улсад үйл ажиллагаагаа нээсэн бөгөөд алсдаа дэлхийд гаргах зорилготой юм. Та бүхний мэдэхээр болор толь, болор дуранг тэд санаачлан бүтээж байсан юм.

1 өдрийн өмнө
Н.Баярмаа: Баярмаа давтагдахгүй. Баярмаагийн бүтээсэн Анна ч давтагдахгүй

Монголын анхны Анна Каренина болох жүжигчин Нэргүйн Баярмаатай та бүхнийг уулзуулж байна.

2 өдрийн өмнө
А.Туяа: Эрчүүдийг хүлээх хэрэггүй, түрүүлж хайраа илчил

"Single ladies-4" уран сайхны кино хэдхэн хоногийн дараа нээлтээ хийнэ. Бид киноны гол дүрийн жүжигчин А.Туяатай цөөн хором ярилцлаа. Тэрээр 30 насны ганц бие эмэгтэйн дүрийг гаргаж байгаа бөгөөд энэ удаагийн цувралд эсрэг дүрд тоглосон байна. 

6 өдрийн өмнө
Жули: Гэр хороололд англи хэлний сургууль байгуулна

Улаанчулуутын хогийн цэгт амьдардаг хүүхдүүдийг сурган хүмүүжүүлж буй Вэлүү сангийн тэргүүн Жулитай ярилцлаа. Тэрээр Англи хэлний багш мэргэжилтэй, Канад улсын иргэн бөгөөд анх 2010 онд оюутолгойд ажилладаг нөхрөө даган Монголд ирж байжээ. Үүсгэн байгуулсан “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийнхээ санхүүжилтийг олохын тулд хамгийн урт морин аяллыг жил бүр зохион байгуулдаг. Энэ жил Коронавирусийн улмаас ганцаараа аялахаар болсон байна. Мөн Монгол хүүхдүүдээ бодон бодон иржээ. Монголд ирж тусгаарлалтаас гараад удаагүй байх үед нь бид ярилцсан юм.

7 өдрийн өмнө