Уншигч | Анна Каренина

1
2020 оны 9 сарын 112020-09-11
Уншигч | Анна Каренина

Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн “Анна Каренина" романыг бид энэ удаагийнхаа "Уншигч" буланд онцоллоо. Уг романыг монгол уншигчдад 1971 онд орчуулагч Ш.Очирбат гуай танилцуулж байсан бөгөөд ирэх сарын 1-нд  УДЭТ-ын тайзнаа анх удаа тавигдах гэж байгаа юм. 

--------------------------------------------------------

27.jpg
С.ЭНХСАНАА

Бүхэл бүтэн 800 гаруй хуудастай энэхүү зузаан номыг арван жилийн жижигхээн охин байхдаа уран зохиолын багш маань эмэгтэй хүний заавал унших ёстой номын жагсаалт ч билүү нэг тийм юм үзүүлсэн болохоор сургуулийнхаа номын санд эхний хэдэн хуудсыг нь уншчихаад уншигчийн картан дээрээ бичүүлээд аваад явчихаж билээ. Бараг хоёр сар гаран лав уншсан даг.

Одоо бол тэр үеийн Оросын нийгэм /19-р зуурын сүүл үеийн Орос/, анги давхаргын асуудал хөндсөн энэ нуршиж сунжирсан /Хөдөө аж ахуй, боловсролын шинэчлэл, хот ба хөдөөгийн амьдрал, ажилчдын эрх, сонгууль, шашин шүтлэг болон бусад олон сэдвүүдийг багтаасан/ романыг тэвчээр заан суугаад унших хүн ховор байх болов уу?

Мэдээж тэр үед уншаад төрсөн сэтгэгдэл одоо уншаад төрөх сэтгэгдэл хоёрын хооронд асар их ялгаа гарах байх. Уран зохиолын ном гэдэг үүндээ ч амттай юм болов уу?

Сүүлийн хуудсаа хаах мөчид бодогдож байсан зүйл гэвэл эх хүний нинжин сэтгэл үрээ гэх тэр их хайр хаана байнаа л гэж хамгийн түрүүнд халаглаж байсан санагдана. Хэдэн зууны турш л яригдсаар л байгаа эмэгтэйчүүдийн эрхийн асуудал энд яригдах байх.

Яагаад эмэгтэй хүн хүртэл эмэгтэй хүнээ ойлгож хайрлахгүй байна вэ? Би яагаад, бид яагаад өөрсдөө ч анзааралгүй бусдын харцан дор хөдөлж, дугарч байдаг вэ?  Хэдий өнөө ингэж ярих нь зохисгүй мэт боловч сонгох, хайрлаж дурлах, өөрийгөө илэрхийлэх зэрэг эрхээ бүрэн эдэлж чаддаггүй. Өөрөө өөрийнхөө хувь заяаг ч шийдэх эрхгүйгээр оршсоор л.

Нандин халуун мэдрэмжийг ханатлаа амсах гэж шунан тачаадсан гал халуун хүсэл нь үйлийн үр дагуулсан гэлтэй. Анна бол хүн байх эрхээ бүрэн эдэлж чадаагүй олон олон эмэгтэйчүүдийн л нэг юм. Гэвч хэнд ч сонголт байдаг гэдгийг харуулж чадсан. Айдастайгаа нүүр тулах хүчийг өгсөн. Утга зохиол шүүмжлэгчдийн зүгээс бүх цаг үеийн хамгийн шилдэг зохиолын нэг хэмээн үнэлэгдсэн байдаг бөгөөд дэлхий дахинаа жүжиг кино болж олонд түгсэн.

Ер нь эмэгтэйчүүдээс –чи нэг залууд ухаангүй дурлачихлаа гэж бодъё, тэгвэл түүнийгээ дагаад гэр орон үр хүүхэд хамаг юмаа хаяад явж чадах уу? Гэж асуумаар байна. Би бол чадахгүй.  Амьдралын утга учир яг юу юм бэ? Хариулт бус асуулт л үлдээсэн Анна Каренина. Эсвэл зүгээр л энэхүү адармаатай зохиолоос утга санааг нь бүрэн дүүрэн сугалан авахад уншиж мэдсэн, ухаж ойлгосон, үзэж туулсан маань жулдаж буй биз.

--------------------------------------------------------

28.jpg
Г.СҮРЭН

Анна - Тэр аз жаргалын төлөө бууж өгч тэмцсэн

“Гайхалтай”, ”эмзэглэлт”, “агуу” гэх үгсийг дурдахаа больё. “Заавал унших”, “шилдэг”, “зууны” гэх тодотголыг ч авч хаяцгаая. Хүн бүр уншсан болохоор нь бусдаас дутахгүй гэсэндээ, эмэгтэй хүний тухай хамгийн тод өгүүлэмж гэсэн сэтрээс энэхүү номыг чөлөөлцгөөе.

“Романы утга учир, үг өгүүлбэрүүдийг задлан тайлбарлаваас ижил хэмжээний өөр нэг роман эхлүүлэх хэрэг гарна” хэмээн Толстой хэлжээ. Тэгэхээр бид өөр өөрийн харахыг хүссэнээ эл романаас, ер нь уншсан бүхнээсээ олж үздэг биз ээ.

Энэ хөлгүй далайн өнцгөөс бидэнд хөвөөлөн ирсэн нэг асуулт: Анна эрх чөлөөтэй байсан бол тэр (тэд) жаргалтай амьдрах байсан уу?

Толстойн Аннаг бүтээсэн 1873 онд эмэгтэй хүн бие даан шийдвэр гаргаж, нийгэмдээ хүлээн зөвшөөрүүлж чаддаг байсан бол, өөрөө хүсээд л аз жаргалын төлөө тэмцчихдэгсэн бол, нийгмийн үнэлэмж тийм ч хүчтэй байгаагүй бол Анна үхэхгүй, аль хэдийн гэрлэлтээ цуцлуулан, Вронскитой, эсвэл ганцаараа хүүтэйгээ аз жаргалтай амьдрах байсан болов уу? Хамгийн эрх чөлөөт нийгэм бол хүний аз жаргал өөрөөс нь хамаарч болох нийгэм!

Тэр цагийн Оросын нийгмийн анги давхарга, эмэгтэйчүүдийн дутмаг эрх… Өөрсдөөсөө өөр болохоор, бусдын хэргийг хайхрахааргүй хангалттай аз жаргалтай биш болохоор нийгэм нь Аннаг үзэн ядна. Шахан хавчина. Үнэн байгаагийн төлөө, үнэнээс зугтаагүйн төлөө, зүрх сэтгэлээрээ хамгийн үнэн, шударга байсны төлөө хамгийн бузар нэгэнд тооцогдоно.

Ерөөс аливаа тэмдэг нэрсийг ашиглахдаа бид болгоомжтой байх хэрэгтэй мэт. Учир нь “ариун” гэвэл хэний хувьд вэ? “Бузар” гэвэл хэний хувьд, ямар нийгэмд вэ? гэдэгт давын өмнө хариулах ёстой болно. Бид Аннаг хайрласан шигээ үзэн ядаж, үзэн ядсан шигээ өрөвдөхөд хүрнэ.

Үнэндээ Аннагийн юу мэдэрснийг хэн ч хэлж чадахгүй. Номонд “Юу мэдэрч буйгаа бусдад ойлгуулж болно гэж үү?” хэмээсэн бий. Амьдралд бид өөрсдийн эрх чөлөөний төлөө нэг бол хэтэрхий амархан бууж өгдөг, эсхүл өөрчилж чадахгүй хууль жаягийнхаа эсрэг муйхарлан тэмцэлдсээр байдаг. Амархан бууж өгвөл, амьдралаа алдана. Муйхарлан тэмцвэл зовсоор байх болно. Анна харин бууж өгөн тэмцсэн.

Анна сайн сайхны төлөөлөл болсон баатарлаг дүр, бид бүхний бахархан хайрлаж, охид бүхний үлгэр авах нэгэн биш - тэр ердөө л хүн! Хууль эмэгтэйчүүдийн эсрэг, шашнаар гэр бүл салахыг хориглосон, охидыг эрт гэрлүүлэх хэвшмэл хандлага мэтийн нийгмийн хавчлагуудаас үл хамааран Анна өөрөө муу муухайг хийдэг. Тэр муу үр дагаварт хүрнэ гэдгийг нь тааж мэдээгүй дээ муу муухайг хийчихдэг. Левин Китти хоёр аз тохиолоор хамт үлдсэн бол Анна ердөө л азгүй байв. Гэвч тэр тийм хүчирхэг хайраар хайрласандаа азтай. Амьдралд зовсон бол заавал жаргадаг, жаргасан бол заавал төлөөс төлдөг зүй тогтол бус эмх замбараагүй үй олон учрал, хором мөчүүдийн цуглуулга гэмээр. Ердөө л амьдрал гэмээр...

--------------------------------------------------------

29.jpg
Т.БЯМБАСҮРЭН

“... "Анна Каренина”-г гэр бүлийн гэхээсээ илүү гүн ухааны, хайр сэтгэлийн гэхээсээ илүү сэтгэц задаргааны роман гэж дүгнэх санал дэвшүүлж байна!” хэмээн Францын нэрт философич Жак Лакан өгүүлжээ. Жирийн уншигчийн хувьд би тун өчүүхэн хэсгийг нь ойлгож чадсан эсэхдээ ч эргэлзэж байна.

Оросын алдарт зохиолч Л.Н.Толстой “Анна Каренина” романы эхний бүлэгтээ зохиолын ерөнхий агуулгыг хураангуйлсан ч юм шиг. Ноён Облонскийн гэр бүлээс гадуур үүсгэсэн харилцаа илчлэгдэж байгаагаар роман эхэлдэг. Облонский өөртөө: “...тиймээ эхнэр хүлцэхгүй, хүлцэхийн ч аргагүй юм болсон. Хамгийн балай нь эд бүгдийн буруутан нь би, буруутан нь би мөртлөө буруугүй билээ” гэж хэлнэ. Би буруугүй, зүгээр л “буруу гэгдэх” зүйл хийхээс аргагүй болсон, үүнийг минь харин тэд хүлцэн уучлахгүй! гэж байх шиг. Бас л ийм нэг буруутан дараагийн бүлгээс төрөх нь түүний дүү Анна Каренина. Гэтэл эхний бүлэгт ноён Левин: “Би нүгэлт замд орсон сайн сайхан эмэгтэй үзээгүй” гэж хэлдэг. Бодвол нүгэлт замд орсон ч сайн сайхан эрэгтэй байж болох нь! Энэ утгаараа олон уншигчдын хэлсэнчлэн гарцаагүй феминист зохиол. Цаашдаа ч феминизмийн асуудлыг олонтаа хөндөх билээ.

Харин романд аливаа хувь тавилангийн цохилт ёс юм шиг хоёрын хоёр хүнийг дайрна. Гэр бүлээс гадуурх харилцаа дээр дурдсан ах дүү хоёрт оногдож байхад хайр сэтгэлд орхигдон үгүйсгэгдэхийн шаналан ноён Левин болон залуу авхай Китид тулгарна. Гэтэл эелдэг найрсаг хандсаныхаа хариуд өөрөө ч мэдэлгүйгээр бусдын сэтгэлийг татахын, тэр нь өөр нэгэнд өсөрхөгдөхийн зовлон Кити авхай, Каренина хоёрыг дайрч байх. Үхэл хүртэл хоёр биенд ижилхэн тохиочих юм. Ингэж жишин бичигдсэн нь Левин, Каренина хоёр угтаа нэг л дүр гэх бодол төрүүлсэн билээ.

Хатагтай Каренина хиймэл ёсорхуу, үхмэл бурангуй, хүйтэн хөндий нийгмийн хүлээснээс хайр сэтгэлийн хүчээр гарахыг хичээдэг бол ноён Левин хоосон номлол, ихэрхэл, нуран унаж байгаа үжирсэн тогтолцооноос аж ахуйн шинэ дэвшилтэт хөдөлмөрийн хүчээр гарах гэж оролдоно. Тэдний хэн хэн нь үлдэхийг тэвчихгүй.

Хатагтай Каренинаг ноён Вронскийд сэтгэл алдарсныг мэдсэн нөхөр нь: “Би доорх зүйлсийг тайлбарлан хэлэх учиртай, нэгд олны хэл ам гээчийн болон биеэ олны нүдэнд намба төрхтэй авч явахын ач холбогдлыг хэлж өгөх, гэр бүлийн ач холбогдлыг шашин шүтлэгийн үүднээс тайлбарлах, гуравт хэрэгтэй байвал хүүд нь дайрч болох гай зовлонгийн тухай дурдах, дөрөвт өөрт нь учрах зовлонг хэлж өгөх” гэж өөртөө хэлдэг дээ. Олон нийтийн хэл ам, хэвшмэл хандлага, шашны хатуу чанд гэхээсээ илүү амьгүй хүйтэн дэг, үр хүүхэд өнчирч ирээдүй нь хохирох гэсэн ийм л хүлээсүүд байж. /Өнөөдөр ч өөрчлөгдсөн юм алга/ Энэ бүхэн албан тушаал, нийгмийн хүрээллийг тодорхойлох учраас нэр төрөө эрхэмлэгч ноён Каренин амьдралынхаа эцэс хүртэл хав дарж, бусдын өмнө жүжиглэж амьдрахыг илүүд үзлээ.

Харин Анна нөхрийнхөө тухай: “Тэр намайг юм уу, ноён Вронскийг хөнөөчихсөн байлаа гэхэд би түүнийг харин ч хүндэтгэн хайрлах сан” гэдэг. Мэдээж хөнөөгөөсэй гэж байгаа хэрэг биш, хайрлаж харамлаасай л гэж хүссэн хэрэг. Нэгэн эмэгтэйн хүсэл ийм энгийн.

Ямар ч нэр төрөө бодсон сануулгагүйгээр, ёсорхуу хиймэл харьцаагүйгээр хайрлах л хэрэгтэй байж. Харин ноён Вронский хайрыг илүүд үзнэ. Сэтгэлзүйн үүднээс бол өөрөө ч сул явдалт эмэгтэйн өөр эцэгтэйн хүүхдүүдийн нэг. Тэгэхээр ээжийнх нь тухай хов жив ч, түүний хүү болсон өөрийнхөө тухай эргэцүүлэл ч хүмүүжилд нь нөлөөлсөн биз. Мэдээж ээжийгээ ч, өөрийгөө ч үзэн ядахгүй тул тухайн баригдмал үзлийн эринд эмэгтэйчүүдийг ойлгож, хүлээн зөвшөөрөх хандлагыг илүү эзэмшсэн болов уу. Залгамжилсан өв хөрөнгийнхөө ихэнхийг ахдаа шилжүүлж, өөрөө багахан хэсгийг нь авах болчихоод: “Гэрлэх хүртэл энэ хангалттай. Би ер нь гэрлэх ч үгүй биз...” гэж байгаа нь ч түүний анхнаасаа юуг чухалчлан үздэгийг илтгэх биз. Каренины гэр бүл болон Вронский гүнгийн энэ харилцаа романы турш зогсолтгүй сэтгэлзүйн хувирал, сэтгэлийн зөрчилтэй өрнөнө. Зөвхөн хатагтай Каренинагийн хайр сэтгэлээ дагасан, түүнд тэмүүлсэн тэмцэл биш. Ноён Каренин ч хайр сэтгэл, хүлцэнгүй энэрэнгүйг олдог. Анна төрсний дараах халуундаа дэмийрэн үхэл амьдралын дэнсэн дээр байхад ноён Каренин ойлгож өөрийнхөө хамгийн боломжит нөхцлөөр хайрладаг. Үүнийх нь төлөө түүнийг цагаатгах хэрэгтэй.

Ийм сэтгэгдэл төрсөн болохоор миний хувьд “Анна Каренина” роман эмэгтэй хүний сэтгэлзүйн хүүрнэл мөн хэдий ч эмэгтэй хүнийг хайрласан зохиол яагаад ч биш!

Эцсийн мөчид хамгийн төстэй байж болох хөгшин хатагтай Вронскаяа ч тэр бусад эмэгтэйчүүд ч тэр өөрсдийн жүжигтээ үнэнч үлддэг. Гэмгүй сайхан ёс төртэй, үнэнч шударга, ариун дээд харагдах оо энгэсгэн дороосоо Аннаг зэвүүцэн харсаар хоцрох амьгүй хүйтэн царайнууд...

Романы өөр нэгэн чухал дүр ноён Левин. Хоёр ахынх нь нэг нь соён гэгээрэлд шүтсэн алдарт зохиолч бол нөгөөх нь эсрэгээрээ архинд орсон социал үзэлтэн байдаг. Хэн хэнийг нь өөртөө ойртуулан дотносохыг хүсэвч чаддаггүй. Чухамдаа энэ хоёр дүр Левиний сэтгэлийн дотоод зөрчил мэт санагддаг юм. Энэ бүхнийхээ тухай тэр “Нээрээ хүнийг цааш түлхэж, дургүй хүргэдэг нэг юм надад байна. Би хүнтэй хамт байж нийлэхгүй амьтан юм” гэж өөртөө шивнэдэг. Ноён Левиний үр ашигтай ажиллах аж ахуйн тухай эргэцүүлэл, тэмүүлэл, оролдлогууд нь угтаа Аннагийн хүсэл, тэмцэл, оршихуйн хөрвүүлсэн дүр мэт сэтгэгдэл төрүүлдэг билээ. Энэ романд миний хамгаас хайртай дүр Левин хэдий ч гүйцэд ухаараагүй зүйлээ ам мэдэн ярихаас эмээн энд төгсөе.

 

Санал болгох

Хачико 100 нас хүрлээ

Акитаинү үүлдрийн нэгэн бяцхан гөлгийг төрснөөс хэдхэн өдрийн дараа Токиогийн ойролцоо Шибүяа дүүрэгт орших шинэ эзнийд нь авчирсан байна.

3 өдрийн өмнө
Тамгагүй төр жүжиг "Өвөрмонголчуудад нөлөөлнө" гэж тоглолтыг цуцалжээ

БНХАУ-ын Өвөрмонголын Ордос хотын Эзэн хорооны театрт 19-21-ны өдрүүдэд 3 хоног туршид Тамгагүй төр жүжгийг тоглохоор бэлтгэж байв

5 өдрийн өмнө
“Гэгээн Муза-17” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулдаг “Гэгээн Муза-17” олон улсын театрын наадмыг Монголд зочлох жилийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор, V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа билээ

13 өдрийн өмнө