Энэ долоо хоногт “King Tug” WBC холбооны аваргын бүсийн төлөө дахин хүч үзэхийн тулд Кобиа Брийдиг ялах ёстой.
Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, МУГТ “King Tug” хочит Нямбаярын Төгсцогт энэ оны эхээр мэргэжлийн боксын рингэн дээр 12 дахь тулаанаа хийсэн билээ. Тэрээр WBC холбооны аварга Гари Расселлтай 12 раундын турш тулалдаж, мэргэжлийн бокс руу шилжсэн цагаасаа хойш анхны ялагдлаа хүлээсэн. Харин одоо энэ долоо хоногийн сүүлээр буюу 09-р сарын 20-нд АНУ-ын Конниктикет мужийн Анкасвилл хотын Мохегон Сан Казинод ээлжит тулаанаа хийх гэж байна. Хэрэв тэрээр энэхүү тулаандаа ялвал WBC холбооны аваргын бүсийн төлөө Гари Расселлтай дахин тулалдах эрхтэй болно.
Түүний энэ удаагийн өрсөлдөгчөөр Барбадос улсын тамирчин Кобиа Брийди байх болно. Одоогоор 28 настай тэрээр 2014 онд мэргэжлийн бокс руу шилжиж, нийт 15 тулаан хийснээс бүх тулаандаа ялалт байгуулсан. Тэр дундаа 5 өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан юм.
Анхны гарсан төлөвлөгөөний дагуу Н.Төгсцогттой Мексикийн боксчин Эдуардо Рамирес тулалдах байсан боловч, харамсалтай нь тэрээр тулаанаас 2 долоо хоногийн өмнө коронавирус тусч тулалдах боломжгүй болсон билээ.
09-р сарын 20-ны өдөр Улаанбаатарын цагаар 09:00 цагаас эхлэх энэхүү тулаан Монголд албан ёсны эрхтэйгээр гарах бөгөөд Юнивишний хэрэглэгчид 88-р сувгаар, ДДишийн хэрэглэгчид 900-р сувгаар, бусад кабелийн хэрэглэгчид LookTV аппликейшнээр хүлээн авч үзэх боломжтой юм. Тулааныг дээрх сувгуудаар үзэх үнэ 6000₮ байх ажээ.