Манай улсад ФАТФ-ийн экспертүүд энэ сарын 28-нд ирж ажиллахаар болсон байна. Бидний авсан мэдээллээр Монголд ирэх дөрвөн эксперт тус тусын улсдаа 7-14 хоног тусгаарлагдсаны дараа тусгай үүргийн онгоцоор Улаанбаатарт ирнэ. Энд ирээд 3-7 хоног тусгаарлагдана.
Үүний дараа манай улсын мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй салбарын төлөөллүүдийг өөрсдийн сонголтоор ярилцлагад дуудаж, дээрх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайланг хамгаалуулах, мөн бодлогын түвшинд хэрэгжүүлж буй ажлын талаар ямар ойлголттой байгааг нь харилцан ярилцлагаар үнэлэх юм байна.
Гэвч манай зарим салбарын эрхэм энэ үйл явдлыг мөнөөх л эрх ямба эдлэх, тансаглах зорилгодоо гувчуулан ашиглах талаар Улсын онцгой комиссын Шуурхай штаб дээр ярьсан байна. Тухайлбал, ФАТФ-ын төлөөлөлтэй ярилцлагад орсныхоо дараа эдгээр эрхмүүд 21 хоног тусгаарлагдахдаа төсвийн мөнгөөр Шангрилла зэрэг тансаг зэрэглэлийн зочид буудалд байрлах асуудлаа ярьж эхлэсэн нь анхаарал татаж байна.
Тусгаарлагдах бүрэлдэхүүнд Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба, шүүх, прокурор, цагдаа, гааль, АТГ, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, тагнуул зэрэг байгууллагаас багтах магадлалтай.
Гадаадаас эх орондоо ирсэн монголчууд төлбөрөө өөрсдөө төлөөд тааруухан хоолтой зочид буудлуудад тусгаарлагдаж байгаа. Шуурхай штабынхан өдөр болгон шахуу, “Үхрийн махтай шөл нэхлээ, интэрнэт нэхлээ” гэж тусгаарлагдсан иргэдийг телевизээр ховлож, зэмлэдэг. Гэтэл Монголын дарга нар тусгаарлагдах болохоороо таван одтой Шангриллад татвар төлөгчдийн мөнгөөр 21 хононо гэдэг байж болох уу. Саяхан л нийслэлийн зарим газар, хэлтсийн дарга нарт нэг сая төгрөгийн урамшуулал олголоо гэсэн шүүмжлэл унтраагүй байтал төрийн албаныхан ийм өндөр үнээр тансаглал хүртэхээсээ ичихгүй юу.
Бид дарга нарын ийн эрх ямба эдлэх гэж байгааг шүүмжилж байгаа болохоос ФАТФ-ийн жагсаалттай холбоотой манай улсаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээг шүүмжлэх гэсэнгүй. Манай улс 2019 оны аравдугаар сард ФАТФ-ийн Стратегийн дутагдалтай орны жагсаалт буюу “саарал жагсаалт”-д орсон. Нийт дөрвөн зөвлөмж буюу шаардлага дээр зургаан ажлыг сайжруулж байж саарал жагсаалтаас гарах болзол нөхцөлийг олон улсын байгууллагаас тавьсан.
Эдгээрт Монгол Улсын мөнгө, санхүүгийн системийн хяналтыг сайжруулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, мөнгө угаах гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг идэвхжүүлэх, прокурорын төвшинд хэрэгжүүлэх үйл ажиллагааг сайжруулах, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдүүдэд ногдуулах хуулийн хариуцлагыг чангатгах, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх бэлэн мөнгөний урсгалд тавих хяналт, хариуцлагыг чангатгах зэрэг ажил багтсан юм.
Саарал жагсаалтаас гарах нь зөвхөн нэг байгууллагын ажил биш. Үүнд төр, хувийн хэвшил зэрэг олон байгууллагын хамтарсан хүчин чармайлт чухал ач холбогдолтой.
Өнгөрсөн нэгдүгээр сард Бээжин хотноо болсон олон улсын хуралдаанаар ФАТФ-аас зөвлөмж болгосон зургаан ажлын 50 хувь буюу гурвыг нь амжилттай биелүүлсэн гэх дүгнэлт гарсан. Хоёрдугаар сард Парист болсон хурлаар энэ мэдээллийг албан ёсоор баталгаажуулж Монгол Улсад хүргүүлсэн. Харин үлдсэн гурван ажлаа тавдугаар сарын 11-нд болсон хурлаар танилцуулж амжилттай биелүүлсэн гэсэн дүгнэлт ФАТФ-аас гаргаснаар манай улс тус олон улсын байгууллагын газар дээрх үнэлгээг хүлээн авах болзлыг хангасан.
Олон улсад хэдийгээр “COVID-19”-ийн нөхцөл байдал амаргүй байгаа хэдий ч мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажлыг бодлого, зохицуулалт, нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж буй Сангийн яам, Монгол банкны зүгээс гаргасан дипломат хүчин чармайлтын үр дүнд газар дээрх хяналт шалгалтыг хэрэгжүүлэх экспертүүд энэ 9 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсад ирж ажиллахаар болсон нь энэ юм.