Ж.Баянмөнх: Толинд хараад өөртөө таалагдахгүй байгаа бол юу идэж байгаадаа л анхаар

2020 оны 9 сарын 162020-09-16
Ж.Баянмөнх: Толинд хараад өөртөө таалагдахгүй байгаа бол юу идэж байгаадаа л анхаар

Мянга мянган хүмүүсийг хүссэн үр дүнд нь хүргэж, эрүүл монгол залуучуудын тоог нэгээр ахиулахад гар бие оролцон зүтгэж яваа дасгалжуулагч, багш Ж.Баянмөнхтэй ярилцлаа. Тэрээр сүүлийн гурван жилд фитнессийн багш дасгалжуулагч хийсэн төдийгүй өнөөдрийг хүртэлх хугацаанд хувийн 30 гаруй шавь, нийтдээ 3000 орчим хүнийг өөрчилж хүссэн үр дүнд нь хүргэжээ.

Ж.Баянмөнх: Хүн өдөрт 30 минутын эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй

- Таныг финтессийн хувийн дасгалжуулагч гэдгээр маш олон хүн мэддэг. Фитнессийн спортоор хэчнээн жил хичээллэсэн бэ?

-Намайг Жаргалсайхан овогтой Баянмөнх гэдэг. Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, олон улсын хэмжээний мастер, дэлхийн аваргын хошой мөнгө, хүрэл медальт тамирчин. Мэдээлэл зүй, Математикийн багш мэргэжилтэй. Нийтийн удирдлагын доктор. Монголын Тай чи холбоог үүсгэн байгуулагч залуу байна.

Нийт найман жил хичээллэсэн. Тэмцээн уралдаанд оролцож идэвхтэй байсан гэвэл сүүлийн дөрвөн жил. Харин дасгалжуулагчаар гурван жил ажиллаж байна.

-Гурван жил тасралтгүй дасгалжуулагч хийж, тэмцээн уралдаанд оролцсон байна. Энэ хугацаанд хэчнээн хүнийг хүссэн үр дүнд нь хүргэсэн бэ?

-Монголчуудын таргалалт маш дээгүүр байгаа. Тухайлбал, эмэгтэй хүн 30 хүрээд таргалж байна. Эрэгтэйчүүд маш их таргалалттай байгаа. Тиймээс олон хүнийг үр дүнд хүргэхийг хүссэн. Ихэвчлэн онлайнаар сургалт явуулдаг. Онлайнаар гэвэл мянга мянган хүнтэй дэлхийн өнцөг булан бүрээс холбогдож дасгалжуулалт хийж болно. Ганцаарчилсан гэх юм бол сард 1-2 хүнийг дасгалжуулдаг. Энэ хугацаанд 30-40 хүнд ганцаарчилсан байдлаар заасан байна. Харин онлайнаар 3000 орчим хүнийг дасгалжуулж эрүүл, сайхан бие галбиртай болгосон.

-Онлайнаар хичээллэхийн сул тал олон. Тухайлбал, дасгал хөдөлгөөн хийхгүй, хооллолтын дэглэмээ барихгүй байх гэх мэт. Таньд онлайн сургалтаар хүндрэлтэй асуудал юу тулгарч байв?

-Бүх зүйл цахимжиж байгаа энэ үед онлайнаар хичээллэх маш том давуу талтай. Дээр хэлсэнчлэн найман жил хичээллэсэн учир алдаа оноо, амжилт, фитнессээр хичээллэхийн давуу болон сул тал, таргалалт, өөхлөлт гээд бүх зүйлийг судалсан учраас тэрийгээ онлайнаар заах нээх их асуудал биш юм. Харин ч эсрэгээрээ давуу тал болдог. Миний шавь нар бүгдээрээ идэвхтэй байж, хичээлээсэй илүүг надаас асууж лавладаг. Үр дүнд гарах бүрийдээ зураг бичлэгээ явуулж талархлаа илэрхийлдэг.

Би өмнө нь TV5 телевизтэй хамтарч Баянмөнхийн влог нэртэй 30 минутын 12 цуврал нэвтрүүлэг хийж байсан. Хоолоо хэрхэн бэлдэх, тохирсон хүнсээ хэрхэн сонгох, яаж боловсруулахаас авхуулаад дасгалыг яаж хуваарьлаж хийх гээд бүхэл бүтэн төлөвлөгөө боловсруулж байсан.

Миний сургалтад суусан хүн болгон сэтгэл өөдрөг байдаг. Нэг ч хүн сэтгэл дундуур үлдэж байгаагүй. Мөн хүссэн үр дүндээ хүрч чаддаг.

-Фитнессээр хичээллэхээр хүмүүс үр дүн гарахгүй уддаг гэдэг шүү дээ. Ер нь хамгийн багадаа хэдэн сар тууштай явах ёстой байдаг вэ?

-Фитнессээр хичээллэж байгаа хүмүүсийн нэг дутагдалтай тал бий. Тэр нь азтаны сэтгэлгээ. Тухайлбал, маш өндөр жинтэй хүн байлаа гэж бодоход гялс тураад гоё болох гээд хоолоо сойгоод байдаг. Туранхай хүн хэтэрхий их иддэг ч юм уу. Тэгэхээр энэ дээр нэг л ойлголт байх ёстой. Үр дүнтэй хөдөлмөрлөх, шаргуу хөдөлмөрлөх хоёр өөр ухагдахуун юм. Фитнессээр хичээллэх гэж байгаа бол төлөвлөгөө хэрэгтэй. Та таргалах гээд байна уу, турах гээд байна уу. Эхлээд зорилго тодорхой байх ёстой. Тэрний дараа 70-80 хувь хооллолт чухал байдаг.

Бид бүхэн фитнессд яваад, маш гоё багштай байгаад дээрээс нь өөрөө маш их хичээсэн ч гэсэн хоолны ойлголт муу байх юм бол үр дүнд хүрэхгүй. Хэрвээ бүх зүйлд хичээл зүтгэл гаргаад, хооллолт дээрээ анхаарч чадах юм бол үр дүн хурдан гарна.

Ерөөсөө нэгдүгээрт зорилго, хоёрдугаарт зөв систем байх ёстой. Түүнээс шалтгаалж үр дүн гарна.

-Монголын фитнессийн хөгжил ямар шатанд явж байгаа вэ?

-Нэг үеэ бодвол монголын залуучууд фитнесс гэдгийг ойлгодог болчихсон байна. Намайг анх явдаг байхад л хөгжиж эхэлж байсан. Одоо бүр маш эрчимтэй хөгжиж байна. Ер нь өөртөө анхаардаггүй, фитнессээр хичээллэдэггүй хүмүүс маш ховор болсон. Фитнессийн спорт монголд маш эрчимтэй хөгжиж байгаа.

-Хооллолт дээр зөвлөгөө өгвөл?

-Фитнессийн хоол их энгийн. Та өмнө нь сард гурван зуун мянган төгрөгийн хүнс хэрэглэдэг байсан бол фитнессийн хоол хийснээр зуун мянган төгрөг зарцуулна. Нэгдүгээрт, санхүүд хэмнэлттэй. Хоёрдугаарт, эрүүл мэндэд тустай.

Хүмүүс фитнессээр хичээллэдэг гэхээр боломжтой завтай гэж ойлгодог. Энэ их буруу. Фитнесс нь өөрөө маш тооцоотой хүмүүсийн хийдэг зүйл юм.

-Фитнессийн хоолыг гэртээ хийхэд хүндрэлтэй юм шиг санагддаг. Та манай уншигчдад хамгийн энгийн бөгөөд хямд зардлаар хоол хийх аргыг хуваалцаач?

-Фитнессийн хоол гэдэг хамгийн энгийн. Мах, ногоогоо бэлдээд жигнээд 5-10 минутын дотор бэлэн болдог. Энэ талаар миний хийсэн влог байдаг. Баянмөнхийн влог гээд нэвтрүүлгийн эхний гурван дугаарыг үзэхэд л бүх зүйл тодорхой байх болно. Хийхэд ч амар, төсөвт ч хэмнэлттэй.

Миний нэг давуу тал байдаг. Тэр нь би өөрөө математик, мэдээлэлзүйн багш, дээрээс нь дасгалжуулагч. Фитнессийн спортод бүхэл бүтэн найман жилийг зарцуулсан. Хүн дэглэм барьж байхад юун дээр алдах вэ, шантарвал яах уу гээд бүх зүйлийг мэддэг болсон. Багш гэдэг хүн чинь сурагчдынхаа сэтгэлзүйг мэдэрч, шантарвал яах уу, яаж дэм өгөх үү гэж бодож мэдэрдэг учраас давуу болж байгаа юм. 30 өөр хүүхэдтэй харьцаж тус тусад нь зөвлөгөө өгөх болдог. Урьд нь багш мэргэжлээр сурч байхад юу ч сураад байна даа гэж боддог байсан. Гэхдээ одоо ингээд арай өөр чиглэлд ч гэсэн багшилж байгаадаа баяртай байдаг.

-Ер нь хэчнээн цагийг фитнессд зарцуулах ёстой байдаг вэ?

-Хүн ер нь багадаа 30 минутын эрчимтэй дасгал хөдөлгөөнийг хийх хэрэгтэй байдаг. Энэ нь заавал фитнессд байх албагүй. Дугуй жийх, ууланд алхах, хүрээлэнд гүйх, шатаар алхах, дээс тоглох зэрэг байж болно. Үүнийг хангалттай гэж үзнэ.

Зорилгоос шалтгаалж тамирчид өөр өөр бэлтгэл хийнэ. Биеэ хөгжүүлэх гэж байгаа бол долоо хоногт гурван хоног бэлтгэл хийнэ. Харин мэргэжлийн тамирчид арай өөр дасгал хийдэг.

Баянмөнх2.jpg

-Туранхай, таргалахыг хүссэн хүмүүст зөвлөгөө өгвөл?

-Хүмүүс ихэвчлэн туранхай хүмүүст хоол сайн ид гэж зөвлөдөг. Үнэхээр идсэн шигээ амархан таргалдаг байсан бол туранхай хүн гэж байхгүй байсан. Эсвэл хоолоо сойсноороо турдаг байсан бол тарган хүн гэж байхгүй байсан. Тэгэхээр зөв юм идэх ёстой. Яг бидэнтэй адилхан тахианы мах идэж, уураглаг бүтээгдэхүүн хэрэглэж нүүрс усаа авах ёстой байдаг.

Хүний биеийн бүтцийг гурав хуваадаг. Төрөлхийн тарган, туранхай, булчинлаг гурван төрлийн хүн байгаа. Энэхүү бүтцээс шалтгаалж авч байгаа нүүрс ус, өөх тос, уургийн хэмжээ өөр өөр байдаг. Үүнийг ойлгочих юм бол таргалах, турах маш энгийн.

Би анх 60 кг байсан. 115 кг болж үзсэн. Одоо миний хэвийн хэмжээ 95кг. Би 55кг-аар хэлбэлзэж үзсэн. Энэ бүгд ерөөсөө л хооллолттой холбоотой юм.

-Яг сайхан бэлтгэл хийж байхад ямар нэгэн арга хэмжээнээс шалтгаалж шоудах, үүнээс шалтгаалж фитнесс цалгардах тохиолдол байдаг шүү дээ. Магадгүй тууштай байдалд саад учирдаг. Залууст хандаж зөвлөгөө өгөөч?  

-Би өөрөө DJ хийдэг байсан. Түүнээс шалтгаалж уух шалтаг их гардаг байсан. Тэгэхдээ би үүнээс нэг зүйл ойлгосон. Хүн фитнессээр хичээллэх гэж байгаа бол том зорилго тавих ёстой байдаг юм билээ. Зүгээр нэг турах эсвэл таргалах, гоё биетэй болох гэсэн зорилго тавих хэрэггүй. Ер нь бол энэ миний ирээдүй, эрүүл мэнд гэж бодох хэрэгтэй.

Та биедээ анхаарал хандуулж байна гэдэг чинь эрүүл мэнддээ маш том хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг юм. Хэзээ нэгэн цагт мөрөөдөлдөө хүрч, том амжилтанд хүрэхэд эрүүл мэнд болоод бие хаа нь хүссэн үр дүнгээс тань холдсон байвал хэцүү шүү дээ. Эсвэл хайртай гэр бүл үр хүүхэдтэй болдог. Гэтэл бүх зүйлээ төлөвлөөд амжилтанд хүрсэн чинь миний бие өвдвөл яах вэ гэж бодож өөрийнхөө биед анхаарах хэрэгтэй.

Миний хувьд маш зальтай. Тэмцээн дээр ялагдаж байгаагаар төсөөлж бэлтгэл хийдэг. Өнөөдөр ганц өдөр больё гээд дэглэмээ болих, ганц печень юм чинь яадаг юм идчихье гээд бодох юм бол хүссэн үр дүндээ хүрч чадахгүй.

Хичээллэх гэж байгаа хүмүүст хэлье. Та турах тухай битгий бод. Ганцхан турахаас гадна таны эрүүл мэнд гэж бод. Магадгүй хамгийн хайртай хүмүүсийнхээ өмнө маш чухал алхам хийж байна гэж бод. Таны мөрөөдөл том байх тусмаа бага зүйлд сатаарахгүй. Хүмүүсийн идэж байгаа нэг бургер, пиво нээх сонин биш байна.

-Фитнессд явж байгаа хүмүүс ер нь яг ямар уух зүйл хэрэглэж болох вэ?

-Шулуухан хэлэхэд би хуурай вино уучихдаг. Учир нь энэ нь эмчилгээ болоод явчихдаг. Ямар ч зүйлийг хэтрүүлэн хэрэглэвэл хор болдог шүү дээ. Тиймээс зохистой хэмжээнд нь хэрэглэх ёстой. Уух зүйлсээс хамгийн хэрэгцээгүй зүйл бол пиво юм. Хүн болгон мэднэ шүү дээ гүзээ суулгадаг гэдгийг. /Инээв/

-Тарган хүмүүс турах гэж нэлээн их энерги зарцуулдаг. Мөн шантрах тохиолдол их байдаг. Сэтгэл зүйн тал дээр зөвлөгөө өгөөч?

-Хүн таргалах тусам хоолны дур сонирхол нэмэгддэг. Тарган хүмүүст хэлэхэд битгий хоолоо сой. Хэрвээ та дасгал хөдөлгөөн хийх гэж байгаа бол багаас нь эхлэ. Эхний долоо хоног хоолоо битгий хас. Дуртай юмаа ид. Дараа нь сахар, гурилан бүтээгдэхүүнээ багасгачих. Тэгээд будаа ногоогоо ахиухан идчих. Энэ мэтээр бага багаар ахиулаад яв. Сарын дотор 10-20 кг хасна гэж битгий шуна. Энэ нь таны эрүүл мэндэд муу. Нөгөө талаар сэтгэлзүйд сөрөг талтай. Амархан шантрах магадлал өндөртэй юм. Сард ер нь 2-3кг хасна гэдэг нь эрүүл жин хасалт юм.

Ж.Баянмөнх: Ирээдүйн анагаах ухаан бол эрүүл зөв хооллолт

-Биеийн булгарааг гаргах ямар арга байдаг вэ?

-Ер нь бол булгарахгүй байх арга бол дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх. Ямар ч хүн анх эхэлж байхад эхний долоо хоног бие хөндүүр оргино. Хүйтэн усанд хэвтэх арга байгаа л даа. Гэхдээ хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга бол дасгал хийж хөндүүр орсон ч дахиад дасгал хийх юм. Хэтэрхий удаан битгий дасгал хөдөлгөөнөө хая. Яаж ч байсан бага багаар хийж байх хэрэгтэй.

-Тань дээр дэглэмтэй хүн ирж л байсан байх. Сүүлийн үед кето дэглэм гэж их ярих боллоо шүү дээ. Энэ ер нь хэр зөв зүйл вэ?

-Кето гэж онигоо байхгүй юу. Хэзээ ч тийм зүйл байхгүй. Өдөрт авах илчлэгийн 2 хувьд хүрэхгүй нүүрс-ус байх ёстой. Гэтэл кето нь 20 хувь хүртэл нүүрс ус авдаг байгаа юм. Тийм эрүүл хооллолт гэж байхгүй.

-Фитнессийг тодорхойлооч?

-Фитнесс гэдэг бол орчин үеийн залуучуудын соёл, эрүүл амьдрах үндэс юм. Хүн дархлаа, хөдөлгөөнөөр эрүүлждэг учраас фитнессийг эрүүл амьдрах үндэс л гэж хэлье даа.

-Хооллолтын түгээмэл алдаа юу вэ?

-Хүмүүсийн хамгийн том алдаа бол өглөөний цайгаа уухгүй гарах. Өдөр бас ажлаасаа болж болсон болоогүй юм идэж, орой гэнэт их идэх алдаа байгаа. Тэгэхээр өглөө өдөр идээд сурчих юм бол хүссэн хүсээгүй орой өлсөхөө больчихдог.

-Таны аз жаргалтай мөч юу вэ?

-Тамирчин хүний хувьд тайзан дээр нэрээ дуудуулах, аавынхаа нэрийг өмнөө дуудуулж шагналт байрт үлдэх хамгийн жаргалтай мөч шүү дээ.

-Фитнессийн спортоор хичээллэж байгаа хүн хөргөгчнөөсөө юуг авч хаях ёстой вэ?

-Хамгийн түрүүнд сахар л гэж хэлнэ. Яагаад гэхээр таргалалтад сахар маш их нөлөө үзүүлдэг. Тухайлбал, дэлхийд таргалалтаар тэргүүлдэг Англи улс нэг сард хэрэглэдэг сахрыг орчин үед жилд хэрэглэдэг болсон. Энэ нь таргалалтаас салгаж байгаа юм.

-Нүүрний фитнесс гэж байдаг уу?

-Хүн дэглэм бариад, дасгал хөдөлгөөн хийгээд зөвхөн биеээрээ турна гэсэн ойлголт байхгүй. Хүний өөхлөлттэй бүх хэсгээс хасдаг. Нүүрээрээ тарган бол нүүр хэсгээрээ тураад л явчихдаг. Хүн эрүүл хооллох юм бол нүүр, гар, хөл гээд бүх өөхлөлттэй хэсгээс турж эхэлдэг. Ихэнх хүмүүс биеийнхээ дээрээс доошоо турж эхэлдэг. Хөлөөрөө таргалалттай хүмүүс турах гэж жоохон уддаг. Харин биеийн дээгүүрээ таргалалттай хүмүүс хурдан турдаг.

-Одооноос эхлүүлэх гэж байгаа хүмүүст юу гэж хэлэх вэ?

-Аливаа зүйлийг хойш тавих нь амархан зүйлийг хэцүү болгодог. Хэрвээ та ямар нэгэн зүйлийг хийхээр төлөвлөж байгаа бол битгий хойш тавь.

Ирээдүйн анагаах ухаан бол эрүүл зөв хооллолт. Та үнэхээр л эрүүл зөв хооллож байгаа бол царай тань гэрэлтэйд залуухан байна. Мөн бие тань эрүүл чийрэг, цовоо сэргэлэн байна. Та бол идэж байгаа зүйлийнхээ бүтээгдэхүүн. Та өөрийгөө толинд хараад өөртөө таалагдахгүй байгаа бол юу идэж байгаагаа л анхаар.

 

 

 

 

Санал болгох

С.Бадрал: Технологийн салбарт монгол хэлийг хөгжүүлж, өвлүүлэхийг зорьсон

Хиймэл оюун ухаанаар яриаг бичвэр, бичвэрийг яриа болгох Монголын “Чимэгэ” технологийг үүсгэн байгуулагч С.Бадралтай ярилцлаа. Тэрээр 2008 оноос хойш судалгаа хийж, өнөөдөр ийнхүү дэлхийд танигдах технологийн салбарын шинэчлэлийг хийсэн юм. Өнөөдрийн байдлаар зөвхөн Монгол Улсад үйл ажиллагаагаа нээсэн бөгөөд алсдаа дэлхийд гаргах зорилготой юм. Та бүхний мэдэхээр болор толь, болор дуранг тэд санаачлан бүтээж байсан юм.

1 өдрийн өмнө
Н.Баярмаа: Баярмаа давтагдахгүй. Баярмаагийн бүтээсэн Анна ч давтагдахгүй

Монголын анхны Анна Каренина болох жүжигчин Нэргүйн Баярмаатай та бүхнийг уулзуулж байна.

2 өдрийн өмнө
А.Туяа: Эрчүүдийг хүлээх хэрэггүй, түрүүлж хайраа илчил

"Single ladies-4" уран сайхны кино хэдхэн хоногийн дараа нээлтээ хийнэ. Бид киноны гол дүрийн жүжигчин А.Туяатай цөөн хором ярилцлаа. Тэрээр 30 насны ганц бие эмэгтэйн дүрийг гаргаж байгаа бөгөөд энэ удаагийн цувралд эсрэг дүрд тоглосон байна. 

6 өдрийн өмнө
Жули: Гэр хороололд англи хэлний сургууль байгуулна

Улаанчулуутын хогийн цэгт амьдардаг хүүхдүүдийг сурган хүмүүжүүлж буй Вэлүү сангийн тэргүүн Жулитай ярилцлаа. Тэрээр Англи хэлний багш мэргэжилтэй, Канад улсын иргэн бөгөөд анх 2010 онд оюутолгойд ажилладаг нөхрөө даган Монголд ирж байжээ. Үүсгэн байгуулсан “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийнхээ санхүүжилтийг олохын тулд хамгийн урт морин аяллыг жил бүр зохион байгуулдаг. Энэ жил Коронавирусийн улмаас ганцаараа аялахаар болсон байна. Мөн Монгол хүүхдүүдээ бодон бодон иржээ. Монголд ирж тусгаарлалтаас гараад удаагүй байх үед нь бид ярилцсан юм.

7 өдрийн өмнө