ШИРЭЭНИЙ НОМ | О.ЧИНБАЯР

2020 оны 9 сарын 142020-09-14
ШИРЭЭНИЙ НОМ | О.ЧИНБАЯР

Уншигчдын амралт, чөлөөт цагт зориулан бэлтгэдэг “Ширээний ном” буланд зохиолч, орчуулагч.О.Чинбаяр оролцлоо. /ӨМНӨХИЙГ ЭНДЭЭС/

----------------------------------------------------------

-Таны ширээний ном юу вэ? Ширээний номоо хоёр өгүүлбэрээр тодорхойлооч?

-Оюутан ахуй цагаасаа л толь бичгүүдтэй нөхөрлөж байна. Миний хувьд орчуулга хийж байх үед уншиж, судалж буй бүхий л ном тухайн үедээ ширээний минь ном байдаг. Ж.Жойсын “Үлисс” романыг би нэлээн олон жил судалсны эцэст хоёр жил тасралтгүй орчуулсан. Номоо орчуулсны дараа шинээр нэг хүүхэд мэндэлсэн юм шиг сайхан байсан. Хамгийн их зовж, цаг хугацаа зарцуулсан номдоо хүн хайртай байдаг юм билээ.

Заримдаа Далай багшийн ном, сургаалиас үе үе уншиж тайвширдаг. Олон цагаар ширээнийхээ ард, цуцашгүйгээр суухад минь тодорхой хэмжээнд нөлөөлсөн байх гэж боддог. Түүний айлдсан сургаалиудыг дотроо бодож, бясалгаж явдаг даа.

39.jpg

-Та ширээний номтойгоо анх хэдийд, хэрхэн учирсан бэ?

-М.Горькийн сургуульд сурч байхдаа ХХ-р зууны Гадаадын уран зохиолын лекц дээр С.Б.Жинбинов багшийнхаа амнаас Жойсын “Үлисс” романы тухай анх сонссон. Нэгэн цагт хэвлэгдэх нь хүртэл хориотой байсан энэ агуу зохиол Орост 1993 онд анх хэвлэгдэж билээ. Тухайн үедээ унших гэж барьж аваад ихээхэн хүнд бичлэгтэй, адармаатай зохиол юм байна даа гэх сэтгэгдэл төрсөн. Харин 2001 онд орчуулахаар барьж аваад таван хуудас явуулчихаад өөрийгөө “голоод” хаячихсан. Тамирчнаар бол бэлтгэлээ сайн базааж байж ард нь гарах зохиол юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон доо. Дараа нь Г.Г.Маркесын “Хурандаад хэн ч бичихгүй” тууж, Оскар Уайлдын “Дориан Грэйн хөрөг”, Франц Кафкагийн “Шүүх ажиллагаа” зэрэг романыг орчуулсан. Тэгээд л 2007 оны хавар эргэлт буцалтгүйгээр Жойсын “Үлисс” романыг орчуулахаар барьж авсан.

Би энэ романыг орчуулахын тулд нэлээн хугацаа орохыг тооцоолсон тул ахуй амьдралдаа санаа зовохгүй болчихоод суухгүй бол горьгүй юм байна гэдгийг ойлгосон. Улмаар аливаа ахуйн шинжтэй асуудалд санаа зовохооргүй болмогц, өдөрт 12-оос доошгүй цаг орчуулгынхаа ард суусан даа. 

-Ширээний ном танд яагаад чухал бас яагаад онцгой санагддаг вэ?

-Өдөр тутам орчуулга хийж буй тохиолдолд толь бичигнээс “будаа идэх” хэрэг бол байнга гарна. Түүн шиг туслагч гэж хаана байхав дээ. Миний бодлоор хүмүүс өөрийнх нь сэтгэхүйд онцгой гойд нөлөөлсөн, эсвэл ажил төрөлд нь тогтмол хэрэг болохуйц номыг өөртөө ойр байлгаж, үе үе сөхөж хардаг байх.

Зарим хүмүүс номыг зурж, тэмдэглэж уншдаг. Миний хувьд номон дээр зурах дургүй. Магадгүй энэ нь номыг хайрлах ёстой гэх багын хүмүүжилтэй минь холбоотой байх. Хэрэгтэй санаа, ишлэл сэлтийг би дэвтэр, цаасан дээр тэмдэглэдэг. 

-Ширээний номынхоо хамгийн дуртай хэсгээс эшлээч?

-Нобелийн шагналт зохиолч Хэрманн Хэссэгийн “Талын чоно” романыг би 2015 онд орчуулан гаргаж уншигчдадаа өргөн барьсан билээ. Энэхүү зохиолд хөрстөд өөрийнхөө орон зайг олж чадахгүй самгардаж, гагцхүү амиа егүүтгэх бодлоор амь зууж, амьдрал гэдэг түүний хувьд өдөр бүр зовлон мэт санагдах тийм л нэгэн билиг танхай авьяаслаг хүмүүний дүр цухалздаг. Ийм дүр өнөөдөр ч бидний дунд “амьдрах” гэж тарчилж байна. Өнөө цагт хүний мөс муудаж, бэртэгчингүүд хаа сайгүй болжээ. Монголын нийгэмд өрнөж буй амьдралын нэгээхэн хэсгийг ч мөн “Талын чоно” романаас төвөггүйхэн мэдэрч болно. Ёстой л нэг “доголонгийн газар доголон, сохрын газар сохор” гэгчээр, бэртэгчин маягийн амьдрал цаашид биднийг юунд хүргэж мэдэхийг ч бас уг зохиолоос мэдэрч болно. Тиймээс энэхүү зохиолын төгсгөлийн хэсгээс энд ишлэмээр байна.

“...Амьдралын энэ бүх зуу зуун мянган бод миний халаасанд хэвтэж, тоглоомынхоо утга учрыг би тун чиг гаргуун тааж буйгаа мэдсэн ч үүнийг дахин эхлэхэд бэлэн байснаас гадна түүний зовлонг шинээр мэдэрч, өмнө нь гаргасан тэнэг зангаасаа болж сэтгэл минь догдолж, чингээд зогсохгүй өөрийнхөө санаа сэтгэлийн тамаар орж гарахыг олонтаа хүснэм...”

-Энэ булан өртөөчлөн үргэлжлэх юм. Та дараагийн зочныг урина уу?

-Найруулагч Ж.Жамъянсүрэнг уримаар байна. Ном их уншдаг, мөн Монголын болон гадны томоохон зохиолчдын бүтээлийг судалж, кино зохиол бичдэг хүн. Маш сонирхолтой юм ярих байх гэж бодож байна.

Санал болгох

"Болор цом" наадмын тэргүүн шүлэг "Уучлалын шүлэг"

"Болор цом 41" яруу найргийн наадам өчигдөр (2023.11.26) СТӨ-нд болж, яруу найрагч С.Начин "Болор цомын эзэн"-ээр шалгарлаа

2 өдрийн өмнө
Жүжигчин, дуучин Жэйми Фокс бэлгийн дарамтын хэрэгт нэр холбогджээ

Оскарын шагналт жүжигчин, дуучин Жэйми Фокс бэлгийн хүчирхийллийн хэрэгт нэр холбогдож хуулийн байгууллагууд хэргийг шалгах үйл явц эхэлжээ

6 өдрийн өмнө
Реппер Пафф Дэдди хүчингийн хэрэгт нэр холбогджээ

Алдарт реппер Пафф Дэдди (Puff Daddy) буюу Шон Комбстой өмнө нь үерхэж байсан дуучин Кассандра Вентура Пафф Дэддиг бэлгийн боолчлол, хүчирхийлэл, хүчингийн гэмт хэрэг үйлдэж байсан гэж мэдэгдэж шүүхэд ханджаа.

12 өдрийн өмнө
Хонины ноосоор агаар цэвэршүүлэгч бүтээж, дэлхийн анхдагч технологийн эзэд болжээ

Монгол залуус хонины ноосоор агаар цэвэршүүлэгч зохион бүтээж зах зээлд нэвтрүүлсэн нь дэлхийд анхдагч технологи болоод байна, Энэ технологи нь өнгөрсөн сард болсон Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас зохион байгуулсан "Agripreneurship Challenge" тэмцээнд 100 гаруй багаас шалгарч нэгдүгээр байр эзэлсэн байна

12 өдрийн өмнө