Улсын аварга Н.Батсуурийн “тод сонин” чимгийг хасна

2020 оны 9 сарын 142020-09-14
Улсын аварга Н.Батсуурийн “тод сонин” чимгийг хасна

 

Монгол Улсын аварга Н.Батсуурь Допингийн эсрэг үндэсний төвөөс энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан сэргээшийн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, уучлал гуйлаа.

Тэрээр, “Лабораторийн шинжилгээтэй маргах юм байхгүй. А, В сорьцын дүн зөрсөн түүх байхгүй. Савыг нь дахин ашиглах боломжгүй, шинжилгээ өгсөн бөхөөр лацдуулдаг учраас шээс солино гэж байхгүй. Судалж үзэхэд надаас илэрсэн бодис эмчийн жоргүй худалддаг, Монгол Улсын эмийн бүртгэлд байдаг, 400 төгрөгийн зүрхний эмэнд байдаг юм байна. Би худалдаж авч уугаагүй ч надаас шинжилгээгээр илэрсэн нь үнэн учраас бөхийн спортод хайртай ард түмнээ хүндэтгэж уучлал хүсч байна. Гурван үеэрээ бөхөд зүтгэсэн аварга хүний хувьд үлгэр дуурайл болж В сорьцоо шинжлүүлэхгүй, хариуцлагаа хүлээж, шинжилгээний дүнгээ өөрөө зарлаж, уучлал гуйж байна” гэлээ.

Үндэсний баяр наадмын тухай хуульд, “Шөвгийн 16-д үлдсэн бөхөөс авсан шинжилгээгээр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасна” гэж заажээ.

Засгийн газрын 178 тоот тогтоолоор Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийг 2018 онд шинэчлэн баталсан.

Дүрмийн 9.3.5-д “сэргээш хэрэглэсэн нь олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бол тухайн бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах, цол, чимэг авах даваанд уг бөхөд унасан бөхчүүдийг тухайн даваанд давснаар тооцож, зохих цол, чимгийг олгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.

9.3.6-д олон улсын эрх бүхий байгууллагаас гаргасан сэргээшийн жагсаалтад орсон  хориотой эм, бэлдмэл, бодис хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тохиолдолд Салбар хорооны шийдвэрээр Үндэсний их баяр наадмын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмын дагуу хариуцлага ногдуулна гэжээ.

Ингэснээр Баяр наадмыг зохион байгуулах комиссын Бөхийн салбарын хорооны шийдвэрээр энэ жилийн наадмаар найм даван үзүүрлэсэн амжилтаар хүртсэн “тод сонин” чимгээ Н.Батсуурь аварга хасуулах нь ээ.

Хэрэв Баяр наадмыг зохион байгуулах хороо хариуцлагыг давхардуулан олгоно гэж үзвэл Үндэсний баяр наадмын тухай хуульд заасанчлан баяр наадамд оролцох эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасах шийдвэр гаргаж болох юм. 

Н.Батсуурийн өвөө Ж.Гэлэг нь улсын начин, аав Г.Намсрайжав нь улсын харцага, авга ах химийн ухааны доктор, профессор, самбын ОУХМ Г.Даваасамбуу нь улсын начин, Г.Дансран нь аймгийн заан, Н.Баярмагнай нь чөлөөт бөхийн Ази тивийн аварга, улсын 5 удаагийн аварга, ОУХМ, аймгийн арслан цолтой. Мөн олимпийн хүрэл медальт, МУГТ, улсын начин Р.Даваадалай, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, МУГТ, улсын начин Ло.Энхбаяр, улсын начин Ло.Эрхбаяр нар ээжийнх нь хамаатан. Өөрөөр хэлбэл хоёр талдаа бөхийн удамтай юм.

 

 

Санал болгох

Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг Доха мастерсаас хүрэл медаль хүртлээ

Жин тус бүрийн дэлхийн чансааны эхний 32-т эрэмбэлэгддэг шилдгүүд чуулсан уг тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн байна.

7 өдрийн өмнө
Хакүхо М.Даваажаргал коронавирусийн халдвар авчээ

Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал COVID-19 халдвар авсныг NHK мэдээлжээ.

14 өдрийн өмнө
Хөлбөмбөгийн шилдгүүдийг цахимаар шалгаруулна

Монголын хөлбөмбөгийн холбоо 2015 оноос Монголын шилдэг хөл бөмбөгчдийг тодруулах "Алтан бөмбөг" ёслолын ажиллагааг эхлүүлсэн түүхтэй. Тэгвэл энэ жил цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан SPS телевизтэй хамтран Виртуал хэлбэрээр зохион байгуулахаар болжээ.

2 сарын өмнө
Нийслэлийн 381 жилийн ойд зориулсан барилдаанд  М.Бадарч түрүүллээ

Нийслэлийн өдөрт зориулсан уламжлал болгон зохион байгуулагддаг тус барилдаанд шинэ аварга П.Бүрэнтөгсөөр магнайлуулсан 256 бөх авхаалж самбаа, хурд хүчээ сорин барилдсанаас Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын шинэ заан М.Бадарч 8 даван түрүүлж, Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, Дүнжингарав дэвжээний бөх аймгийн хурц арслан Э.Ууганбаяр үзүүрлэв. Харин их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Ховд дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий, Хөвсгөл аймгийн Их –Уул сумын харьяат,  Хөвсгөлийн Хүчтэн дэвжээний бөх, улсын начин Б.Даваа-Очир нар шалгарлаа.

3 сарын өмнө