Д.Номундалай: ЮНЕСКО-д бүртгэгдсэн монгол бичгээ хамгаалах хэрэгтэй

2020 оны 9 сарын 142020-09-14
49.jpg

Өнөөдөр Монголын бурхан шашны сүм хийд, Сүсэгтний холбоо, лам нарын төлөөлөл ӨМӨЗО-ны монгол сургуулиудад хятад хэлээр сургалт явуулах шийдвэр нь БНХАУ-ын Үндсэн хуулийн 4 дүгээр зүйлд "Үндэстэн бүр өөрийн хэл, бичгээ ашиглан хөгжүүлж, ёс суртахуун, зан заншлаа хадгалж, өөрчлөх эрх чөлөөтэй" гэж заасныг зөрчиж байна хэмээн үзэж, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван  И-д өргөх бичиг хүргүүллээ.

Мөн тэд БНХАУ-ыг:

  • 1966 оны Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын факт,
  • 1966 оны Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын факт,
  • 1989 оны Хүүхдийн эрхийн тухай конвенц,
  • 948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглал,
  • 1992 оны Үндэсний болон угсаатны, шашны болон хэлний хувьд цөөнхөд харьяалагдах хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын тунхаглалын үндэсний цөөнхийн боловсролын эрхийн тухай заалтуудыг зөрчиж байна гэж үзэж байгаа аж.
48.jpg

Д.Номундалай: "Лам хуврагуудыг соёлын биет бус өвийг тээдэг гэж үздэг. Учир нь 15-16 зуунд гавж, гэвш, лам нарын бичсэн ном сургаалиуд монгол бичгээр байдаг. Тэдгээрийг бид орчин цагт хөрвүүлж, хэвтээ бичиг рүү хөрвүүлдэг. Нөгөөтэйгүүр, ЮНЕСКО 2013 онд монгол бичгийг яаралтай хамгаалах шаардлагатай биет бус соёлын өвийн дэлхийн жагсаалтад бүртгэж авсан. Бид ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын өвөө хамгаалахыг л сануулж өргөх бичиг хүргүүллээ. Түүнээс биш энэ хоёр улсын тэмцэл биш. Үндсэн хуульд заасан хүний эрхийг сануулж байгаа явдал юм” гэв.

Харин өргөх бичигт буй тэдний хүргүүлсэн шаардлагыг хэрхэн шийдвэрлэх талаар Гадаад сурталчилгаа соёлын харилцааны газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Сэрээжэв хариу мэдээлэл өглөө.

Тэрээр “Монгол Улс Хятадын “Нэг улс” бодлогыг хүндэтгэдэг. Тэр ч үүднээсээ бид уг асуудлыг анхааралтай ажиглаж байгаа. Хятадын Гадаад хэргийн сайд Монголд айлчлах үеэр хоёр улсын сайд улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, соёлын хамтын ажиллагааны талаар ярилцана. Яриа хэлэлцээрийнхээ энэ асуудлыг ярих учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Айлчлалын дараа Хятадын болон манай талаас энэ асуудалд яаж хандав, хоёр тал ямар яриа тохироонд хүрэв гэдгийг мэдэгдэнэ” гэсэн юм.

Энэ асуудлын талаар зөвхөн өнөөдөр л дуугарч байгаа юм биш. Түнляо хотын сургуулиудад монгол хэлээр хичээл орохыг хориглосон уг шийдвэрийг эргэж хараач ээ, үүссэн нөхцөл байдлыг зохицуулахдаа хүний эрхийг хүндэтгэж үзээч ээ хэмээн Өвөр монголчууд төдийгүй, монголчууд, Монголд ажиллаж амьдарч буй Өвөр монголчууд эсэргүүцэн жагссан бөгөөд өнөөдрийн байдлаар дөрвөн хүн амиа зольчхоод байгаа юм.

Одоог хүртэл тэдний тэмцэл үргэлжилж буй бөгөөд 30 хоногийн дотор 100 мянган хүн саналаа өгвөл Өвөр Монголд монгол хэлээр сургалт явуулахыг хориглосон Хятадын засаг захиргааны шийдвэрийг АНУ-ын Конгресс соёлын хоморголон устгал гэж авч хэлэлцэх гэж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар /15:42 цаг/ нийт 95604 хүн саналаа өгчээ.

Мөн Азийн утга зохиолын шагналт зохиолч Д.Урианхай гуай НҮБ-д хандан захиа бичсэн бол Тангадын Галсан, Готовын Аким тэргүүтэй мэргэд Си Жинпинд захидал хүргүүлсэн байна.

Тэд захидалдаа “Олон угсаатан үндэстэн оршин сууж,өвөр өврийн соёл иргэншлээр Хятад Улсын нийт соёлыг бүтээн баяжуулж байдаг Танай оронд ийм базаахгүй журам ёсон газар аван тогтвоос:

Нэгд, Өмнөд Монголын монгол хүүхэд эх хэлээрээ эрдэм ном сурах язгуур эрхээ алдаж хохирох,
Хоёрт, Танай орны хэл бичгийн соёлын нэгэн томоохон хэсэг-монгол хэл,монгол бичиг мөдхөн гарцаагүй устаж, Хятад улсын нийт соёлын хөмрөг санд нөхөж үл болох их гарз гарах,
Гуравт, Энэ нь хүмүүн төрөлхтний хэл-бичгийн соёл иргэншилд хохирол учруулж, дэлхий дахинаа Хятад Улсын нэр нүүрийг ч сэвтээх магад болъюу.
Ийн учирт, Хятад Улсын төрийн тэргүүн эрхэмсэг ноён Си Жинпин авгай Та бээр уршигт энэхүү хэрэг явдлыг мэргэн ухаандаа магадлан болгоож, даруй залруулж соёрхох ажааму” гэсэн байв. 

Энэ асуудлыг хэрхэн шийдэгдэх бол хэмээн зөвхөн монголчууд биш дэлхий чих тавин хүлээж байна.

Санал болгох

ШҮҮХ | Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт хилийн хориг тавьлаа

яллагдагч Н.Өнөрцэцэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнээд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

5 цагийн өмнө