Төрийн наадамд энэ жил үзүүрлэсэн бөх, улсын аварга Н.Батсууриас сэргээш илэрснийг тэрээр өөрөө өнөөдөр мэдээлж, олон түмнээс уучлал гуйлаа. Гурван зүйлийг онцолъё.
- Лабораторийн шинжилгээг үнэн, зөв гардаг гэж хэлэв. Өмнө нь сэргээш илэрсэн бөхчүүд “шээс солигдсон, булхай орсон, шинжилгээ худлаа гардаг” хэмээн Допингийн эсрэг үндэсний төв болон БНСУ-ын лаборатори руу буруугаа чихдэг байв. Харин Н.Батсуурь, “Лабораторийн шинжилгээ худлаа гардаггүй. Хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэв.
- А, В шинжилгээний дүн зөрөхгүй гэв. А сорьцоор сэргээш илэрсэн бөхчүүд заавал В сорьцоо шинжлүүлдэг. Н.Батсуурь аваргын хувьд, “А, В сорьцын дүн зөрсөн удаагүй. Би В сорьцоо шинжлүүлэхгүй. Олон түмнээ, бөхчүүдээ, холбоогоо хүндлээд хариуцлагаа хүлээхэд бэлэн” гэв. Энэ нь бусад бөх рүү хандсан уриалга байв.
- Шинжилгээгээ өөрөө мэдээлж, зурагтаар уучлал гуйв. Сэргээш илэрсэн бөхчүүд В сорьцын дүн гартал тас гүрийдэг, В сорьцоор сэргээш нь батлагдсан ч шүүхээр заргалддаг. Цаашлаад хүлээн зөвшөөрч уучлал гуйсан нь үгүй. Харин Н.Батсуурь өөрөө мэдээлж, олон нийтэд бөхийж уучлал гуйснаараа аваргын жудаг, үлгэр жишээг харууллаа гэж бөх сонирхогчид бичиж байна.
Н.Батсуурь нэгэнт сэргээш илэрснээ өөрөө хүлээн зөвшөөрсөн учраас Үндэсний баяр наадмын тухай хуулийн 14.3-т зааснаар энэ жил үзүүрлэж авсан “тод сонин” чимгээ хураалгаж, даваагаа хүчингүйд тооцуулна.
Харин 14.1.3-т заасан барилдах эрхийг нь хоёр жил хүртэлх хугацаагаар хасах эсэхэд маргаан гарч болзошгүй юм.
Тодруулбал, Үндэсний баяр наадмын тухай хуулийн 14.1-т, “Энэ хуульд заасан үүргийг зөрчсөн бөх, уяач, харваачид дараахь шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэжээ.
Бөхийн үүрэг гэж юу вэ?
Үндэсний баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “Баяр наадамд оролцож буй бөх үндэсний бөхийн барилдааны дүрэмд заасан үүргийг биелүүлж, цээрийг сахих үүрэг хүлээнэ” гэжээ.
Үндэсний бөхийн барилдааны дүрмийг 2018 онд Засгийн газрын тогтоолоор шинэчилсэн. Энэ дүрмийн 8.2-т “Бөхийн дараахь үүрэгтэй” гэсэн 19 заалт бий.
Эдгээр заалт нь бөхийн барилдааны явцад мөрдөх дүрмүүд бөгөөд барилдааны үеийн хориотой үйлдэл, мэх байна. Сэргээштэй холбоотой заалт байхгүй. Харин 15.1-т нь “тав болон түүнээс дээш давж шөвгөрсөн бөхчүүд заавал сэргээшийн шинжилгээнд орно” гэсэн үүрэгжүүлсэн заалт байна. Сэргээшийн шинжилгээнд орох үүргээ Н.Батсуурь биелүүлжээ, бас сэргээшийн дүнг хүлээн зөвшөөрч, ард түмнээс уучлал хүслээ.
Тэгэхээр Үндэсний бөхийн барилдааны дүрэм дэх “Бөхийн үүрэг” гэсэн хэсгийг зөрчөөгүй буюу Үндэсний баяр наадмын тухай хуулийн 14.1-т заасан зөрчил Н.Батсуурьт алга.